Monday, June 15, 2009

ХӨӨРХӨН

Хөөрхөн за, чи
Хүний өмнө байгаагаараа
Хүнээрээ байж чадсан
Хөөрхөн за, чи

Хөөрхөн гэдэг ганц
Хүнд харагдах царайгаар биш
Хорвоог харсан ухаанаар мэдэгддэг
Харагдаж, бас танигддаг юм

Айхгүй нь энэ гэж арзаагаагүй
Айлгүй нь дэндэж нялуураагүй
Бодсоноо нүүрэндээ наагаад
Бор зүрхээрээ явах хөөрхөн

Буруу, зөв нь сонин биш
Бусдыг дагаж хошуураагүй
Хэлэх юмаа эгц, бас шулуун хэлэх
Хөөрхөнөөс хөөрхөн

Алдъя гэж алдаагүй алдаанаасаа
Амьдралд суралцах мөртөө
Алдаагаа давтахаас бас айхгүй нь
Аргагүй хөөрхөн зан

Хүний хорвоод амьдрахдаа
Хүний төлөө л явж
Өөрийнхөө хүслийг биелүүлэх гэж яараагүй
Өрөвч сэтгэл бас хөөрхөн

Хэзээ үхэхээ мэдэхгүй ч
Хайр, дурлалд шатаж
Хэд хоногоор ч хүлээдэг
Хөөрхөн зан бас бий

Загнуулахдаа нүд цавчихгүй ч
Загас наадуулахдаа нүдээ аньж
Хайр, халамжийг мэдэрдэг
Хөөрхөн, чи хөөрхөн

Хэцүү бүхний өмнө
Хад мэт зогсох мөртөө
Ханийн дэргэд өвдөг чичрэх
Хөөрхөн, чи хөөрхөн ...

Улаанбаатар, 2009.06.15
Бүрэн эхээр нь...