Wednesday, December 11, 2013

СОДОН ГУР БА БУРХАН УХААН

Өехий цагаан гөрөөс
Өнгөт орчлонгоос дутавч
Амнаас ам дамжин
Анчдын хууч ярианд цахилна ...

Ховор содон гураа
Харамлалгүй илгээхдээ
Баян Хангайгаа хайрлах
Бурхан ухаан дайжээ ...

Төв аймаг, Эрдэнэ сум, Баруун Баян,
 2013.12.01 Бүрэн эхээр нь...

ХӨЛНИЙ ЕРӨӨЛ

Хүүхэд хийгээд адуунд хөнгөн
Хүүхэн хийгээд ширээнд тэгш
Настан хийгээд бөхөд суурьтай
Надад хийгээд чамд мөртэй байг

Улаанбаатар,
2013.11.27 Бүрэн эхээр нь...

УУРЛАХ ШАХУУ ХЭЛСЭН СЭТГЭЛИЙН ҮГ

Өөрийн бодсоноо ганц үнэн гэж
Өрөөлийг хэн дүгнэж гомдоов
Хорвоогийн амьдралд унаж, боссон ухааныг минь шүүмжилж
Хаа байсан, наймдугаар ангийн хүүхэд шиг бай гэж хэн зандрав

Инээгээд сууж байхдаа уйлж байдгийг минь мэдэхгүй байж
Ингэлээ, тэглээ гэж хэн гомдол мэдүүлэн тунив
Буруу ч бай, зөв ч бай, энэ миний амьдрал
Бусдын үгээр биш өөрийн тэмцлээр босгосон юм

Энэ биеийг ээж, аав минь төрүүлсэн
Эргээд бас дэмжиж түшиж явдаг гэдэг
Тэр гээд нэрлэж чадахгүй ч
Тэнгэрээс бас бурхад хэлж явааг би мэднэ

Дэмжлэг их байлаа гээд
Дээшилж дэвжихээ би зүгээр харж суугаагүй
Айлын хүүхдүүд унтаж, тоглож, цэнгэж байхад
Айлгаж өөрийгөө шамдуулж, зовоож, хичээж суусан юм

Эзэн хичээвэл л заяа хичээдэг гэдгийг
Энэ биеэрээ би туулаад ирсэн юм
Сайн, сайхан явах санааных ч гэлээ
Санаж, мэрийж, сэтгэж явахгүй бол яах билээ

Дардан замаар давхиад ирсэн гэж бүү сана
Доошоо дээшээ савлуулаад уйлж дуулж ирсэн юм би
Өлсөж цангаж, өвдөж бараг үхэж үзсэн юм
Өөрийнхөөрөө байсан тулдаа өвдөг нугараагүй юм

Сайдын хүү сайд биш би за
Сархад ууж өсөөгүй юм бүр
Хайртай нутаг орноо аргагүй эрхэнд орхиж
Хүний нутагт нүүрс ухсан хүмүүсийн хүүхэд

Уйлж буйгаа нууж чаддаг
Ухаант хүмүүсийн удам за
Намайг бүү гоочил
Намайг бас бүү хайрла

Үхэх амьдрахаас амархан ч
Үхээд шийдчихээгүй юм миний аав, ээж
Хүний сайныг дуурайж
Хүн шиг хүн явах гэж хичээсэн нэгэн би байна

Хоёр идээгүй хоосон хоноогүй нь үнэн
Хөдөлмөр хийсэн хүний ам тостой байдаг юм
Цагаан цамцыг тээршаасан ч
Цагаан сүлднийхээ ёсыг бодож өмсдөгөөс

Уурхайчны тостой хувцас өмссөн хүн
Уухайлаад миний дотор явж байдаг юм
Захирал болсон гээд зангаа хувиргах хэврэг эр би биш
Захирлаас цаадахыг нь хийсэн ч уурхайчин сэтгэлтэй явна, би

Үгэн дотор үг үхэр дотор тугал явж байдаг юм
Үнэн гээч үгүй энэ хорвоод худалд би тал засахгүй
Бодсоноо хэлнэ, хэлснээ бодно
Богинохон ч гэсэн энэхэн амьдралаа өөрийнхөөрөө элээнэ

Надад бүү заа, надад зүгээр үзүүл
Надаас бүү асуу, намайг зүгээр хар
Хэвлээд аваад хадгалахгүй юу
Хэнд ч хэлээгүй үг сэтгэл минь урсаж байна

Аав, ээжийгээ санадаггүй тэнэг гэж санаа юу
Алт эрдэнэс гэсэн сагсуу гэж бодоо юу
Цагаан сарын шинийн нэгэнд
Цайлган сэтгэлт аав, ээжээ дурсаагүй гэж андуураа юу

Орох газар, ойчих аягагүй хүн шиг
Орчлонгоос хэн нэгнийг хайн явсаан би шинийн нэгэнд
Уйлаад би алсыг харан зогсохдоо
Уйлж л харагдахгүй юм шүү гэж өөрөөсөө нуусан юм

Булааж, шүүрэх, булж дарах гэсэн нийгэмд
Бор зүрхээрээ өдийг хүрлээ
Сайн сайхан яваа бол
Санаа зовж, шаналж, ухаарч, тэмцсэний минь охь

Наймдугаар ангийн хүүхдийг надаас бүү нэх
Насаа дагаад би өөрөө эвдэрсэн, хөгжсөн
Хэлэх, хэлэхгүй үгээр намайг бүү байцаа
Хүнийх биш миний төөрөг юм

Үг ихдэж үхэр холдлоо гэдэг
Үг үнэхээр ихдэж үдийн цай дууссан байна
Өлсөж цангах юу ч биш
Өөрийг минь хүлээж буй охин руугаа явлаа

Аав нь хүүхдээ хүргэж өгч чадаж байвал
Ам хоосон гэдэс өлсгөлөн байх юу ч биш за
Ийм л байна даа хонгор минь
Илүү дутуу донгоссон бол уучлана биз

Хэлэх гэсэн үгээ хэлхэж гаргахаар амар байдаг юм аа
Хэрүүл хийхдээ ч шүлэглэж томорлоо гэж намайг бүү шүү
Хэвлээд хадгалж ав
Хэн нэгэнд хэлж намайг ойлгуул гэсэн үг харин биш шүү

Дуулахдаа уйлж суудаг        
Дурлахдаа айж суудаг хүний үр чамд үгээ хэлэв
За гаръя даа
Зам ойрхон ч хөдөлгөөн их

Хүүхдээ хоцроож ичээснээс
Хэлэх үгээ дутуу орхиод босъё доо
Надад бүү заа, надад зүгээр үзүүл
Надаас бүү асуу, намайг зүгээр хар !

Улаанбаатар,
2013 он
(Наймдугаар ангийнх шигээ бай гэж хэд хэд зандарсан нэгэнд хэлэв)
Бүрэн эхээр нь...