Saturday, May 8, 2010

УЙЛАВ, БИ

Ямар зүйл мэдэрснээ санах атлаа
Яг юу гэж бичихээ мэдэхгүй байна
Хорин жилийн өмнө яг л ийм байдалтай
Хоёр нүдэндээ нулимстай алхаж байлаа ...

Юу болов гэж асуух хүн гарах биз
Юу болох вэ дээ, уулзалтад яваад ирлээ
Арван жил цуг төгссөн гурван анги уулзаж
А үсэг, ангийн багш, анги танхим гэж яваад ирлээ

Тэртэй хорин хаврын өмнө
Тал тал тийшээ таран одсон нөхөд
Хүчээр биш хүсэл сэтгэлийн дуудлагаар цуглан
Хүний амьдралын нэгэн хоногийг хамтдаа өнгөрөөв

Төсөөлж байсан би, сайхан болно гэж
Төлөвлөлцсөн юм, урилцсансан юм
Салахдаа харин уйлчихна гэж бодоогүй
Санаснаас минь бүр сайхан болчихлоо, энэ уулзалт

Хүүхэд насанд эргээд очсон мэт болж
Хүн хүнд баяртай гэхдээ уйтгарлаж байх юм
Гэрийн гадаа ирсэн хойноо ч тэр
Гэгэлзээд нэг л юманд хорогдоостой ...

Хорин жилийн өмнө яг л ийм байдалтай
Хоёр нүдэндээ нулимстай алхаж байлаа ...

1990 онд Налайхын 2 дугаар 10 жилийн дунд сургуулийн 10А, 10Б, 10В ангийг төгссөн сурагчдын 20 жилийн дараах "УЧРАЛЫН ХАВАР" уулзалтад оролцсоны дараа бичив.

Улаанбаатар, 2010.05.08
Бүрэн эхээр нь...

Tuesday, May 4, 2010

БИ

Талын цэцгэнд дуртай ч
Тасдаж авчраад гэртээ үнэрлэхгүй
Гандаж хатаад өнгөө алдахад нь
Голж түүнийг муулан ярихгүй

Улаанбаатар, 2010.05.05 Бүрэн эхээр нь...

Monday, May 3, 2010

АЙ, ХӨӨРХИЙ

Халуун зунаар шахуу
Ханиад хүрдэг яасан бүтэхгүй гар вэ
Эсэргүүцэл гэж нооль
Энэ тэр гээд хүн шүүмжилж суулаа, хөөрхий

Тэгсэн байдаггүй, байдаггүй
Тэр хүнээсээ долоон дор юм сууж байна
Нус, цэр, хахаа цацаатай
Нулимс, хорсолт, хөндүүр цээжтэй ... ай, хөөрхий гэж

Улаанбаатар, 2010.05.04 Бүрэн эхээр нь...

ӨӨРИЙГӨӨ ХАЙРЛА

Өөрийгөө хайрлана гэдэг
Өчүүхэн санаа мэт боловч
Хүн бүрийн хийх учиртай
Хамгийн чухал ажил энэ санж

Өөрийгөө хайрлана гэдэг
Өөрийг чинь хайрлах хүмүүст
Чиний өгөх хайр
Чиний барих бэлэг аж

Бусдыг хайрлана гэхээсээ
Бусдын төлөө өөрийгөө хайрла
Чи өөрийгөө хайрлахгүй бол
Чамайг мянга хайрлаад тус үгүй

Хайрлаж, гамнаж, анагааж яв
Хор бүхнээс хол явж чад
Чамд хэрэггүй мэт санагдах үе тааравч
Чамайг харан яваа бүхний төлөө өөрийгөө хайрла

Улаанбаатар, 2010.05.04
Бүрэн эхээр нь...

БИ АМТГҮЙ БОЛСОН

Архийг би биш
Архи намайг уудаг байсан
Архи одоо надаас гарсан
Архинд би амтгүй болсон

Улаанбаатар, 2010.05.04 Бүрэн эхээр нь...