Tuesday, July 7, 2009

ХӨХ ГАРИГ

Google Earth-өөр оролдож сууна
Гишгэж яваа газар дэлхийгээ
Гарын аясаар буруу зөв эргүүлэн
Гэнэт зогсоон нэгжиж, судалж сууна

Австрали, Шинэ Зеландын хотууд
Анкара, Гаагийн гудамжууд
Сингапур, Көөлний барилгууд
Сөүл, Москвагийн замууд

Сэлэнгэ, Сүхээ голууд
Сүүж, Хайртхаан амралтууд
Баяндэлгэр, Хустайн зурайнууд
Батширээт, Хүдэрийн хөвчүүд

Алган дээр мэт харагдах аж
Аялж, амьдарч явсан мөчүүд
Сэтгэлд тодхон дурсагдаж
Сормуус норгох гэх юм ...

Буруу зөв эргүүлэхээ болье
Бурханыхаар нь зөөлөн эргүүлье
Хүндлэн хайрлахаас аргагүй
Хөх гаригийн минь хөрөг юм даа

Улаанбаатар, 2009.07.07
Бүрэн эхээр нь...

Monday, July 6, 2009

НААДАМ

Наадам аа гэж
Надад сонирхолтой байдаггүй
Цэнгэлдэхэд нэг л орсон
Цэхлэж дахиад зүглээгүй

Найраа хийсэн хэдэн бөх
Нэвт гэрэлтэх халтар хуушуур
Мориноос хямдхан хүүхэд
Мөрий багатай сур харваа

Цэнгэлдэх тойрсон хэрүүл
Цэцэгтэй барьцсан хаягдал цаас
Зам тавьдаггүй жолооч нар
Заяагүй баахан хармааны хулгайч

Малгайгаар уралдсан дарга нар
Машинаар уралдсан баячууд
Хожоотой нь цээж дүүрэн хэнхэг
Хулхидуулсан нь ам дүүрэн хараал

Хорвоод ховорхон наадам гэх
Хотлоороо тэгээд цэнгэсэн гэх
Биенээ барьж идээгүй салвал
Бусад нь хамаа байж уу гэмээр цуглаан ...

Хүний хөлөөс дайжин
Холхон явж амрая байз
Байгалийн сайханд зугаалж
Бахаа хангаад ирье байз

Улаанбаатар, 2009.07.08
Бүрэн эхээр нь...

ЗҮҮД

Зүүд ээ гэж
Зэрэглээрхүү хоосон ч юм шиг
Зөв совингийн эхлэл ч юм шиг
Зүгээр нэг бодол ч юм шиг

Тэр энэ гэсэн онол явдаг ч
Тэгсгээд мухардсан байдаг
Яг энэнээс болдог гэсэн
Яс тайлбар би олж уншаагүй ээ

Шувуу мэт дэвэн нисэж
Шуламтай тааран зугтааж
Атаат дайсантай гардан байлдаж
Араатантай тулан тэмцэлдэж

Хүүхэд насандаа эргэн очиж
Хүйтэнд дааран чичирч
Адуу мал эргүүлэн тэнэж
Ам цанган халуу шатаж

Охид бүсгүй эргүүлж
Ойд төөрөн будилж
Тансаг оронд тэнүүчилж
Талийгчтай уулзан ярилцаж

Алсын замд тэрэг барьж
Аадар бороонд норон гүйж
Сүрэг гахай алдан буудаж
Саарал гайхлыг хөөн унагаж

Бөх барилдан цэвэр дарж
Бүтэлгүйтэн хүнд зэмлүүлж
Гол мөрөнд загасчлан зугаалж
Ганга эрэгнээс зүүгдэн бачимдаж

Хайрлаж, хайрлуулж
Халамжилж, халамжлуулж
Айж ичин ганцаардаж
Алж талан зовоож зүүдэлсээр иржээ, би ...

Унтаж байхдаа "амьдарсан"
Уран сайхны олон кино
Урд, хойд настай минь
Учир зүйн холбоотой болов уу, үгүй юм болов уу

Зүүд ээ гэж
Зэрэглээрхүү хоосон ч юм шиг
Зөв совингийн эхлэл ч юм шиг
Зүгээр нэг бодол ч юм шиг ...

Улаанбаатар, 2009.07.07




Бүрэн эхээр нь...