![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEj7Ry4APPwH2zQaxehQZ6g8mSpkx7GceS4qrCjVKHEqrPXsc9e_kv5FxJ0G3wj549NZezHWZq5YapDyFM9lrMnKBGJJoX25Vfqz6FpVErly-RS40okOxgrWIslEsQMs43EEHBRj6uF-V_59/s320/IMG_3277.jpg)
Ганган цоохор эрвээхэй
Дэнж тойрон ниснэ
Гэр болсон цэцэг ногоогоо
Дэндүү ихээр хүснэ
Гэвч тэр хүсэл
Зөвхөн түүнээс хамаарахгүй
Гэнэн түүний нислэг
Зөөлөн салхинд ч захирагдана
Арчаагүй авгалдай байхдаа
Тэр юу хүсэж мөрөөдсөн бол
Амьдрах орчноо голон чамлаж
Тэнгэр өөд тэмүүлсэн биз
Мөрөөдөл нь тэгээд биелсэн биз
Харин тэнд юу угтсан бол
Мөхөхийн өмнө бадамласан зул шиг
Хөөрхөн хэдий ч нас нь богино
Жаргал ихтэй ч аюул нь илүү
Цэцэг олонтой ч нөхөд цөөхөн
Жалга нөмөр, ус чийг бараадсан
Цөлийн гүрвэл шиг гуниа болов уу
Энэ бүхнийг ухаарахдаа
Далавч юугаа хумин хатааж
Эргээд хүр авгалдай болон хувираад
Дассан газраа мөлхөх гээ юм болов уу
Бурхан нэг сайхныг өгөхдөө
Нөгөө сайхныг нь хурааж
Буцаж эргэх замгүйгээр
Наймаа хийлцдэгийг тэр мэдээгүй юм болов уу
Ганц муу эрвээхэй ч биш
Хорвоогийн ухаант хүн хүртэл
Голж чамласан хүүхэд ахуйгаа
Хожмоо заавал хүсэн үгүйлдэг юм
Ганган цоохор эрвээхэй
Дэнж тойрон ниснэ
Гэр болсон цэцэг ногоогоо
Дэндүү ихээр хүснэ ...
Улаанбаатар, 2010.03.16 Өглөө сэрэхэд төрсөн шүлэг
Бүрэн эхээр нь...