Monday, May 18, 2009

ИЛҮҮ ХӨДӨЛГӨӨН














Дэнгийн гэрэлд харсан чинь
Дэгжин маягийн хүүхэн байна
Дэргэд нь очоод харсан чинь
Дээрээ ч шүдгүй, доороо ч шүдгүй чавганц байна гэдэг шиг


Урд нэг бүсгүй алхана
Улаан даашинз намируулан
Тааз юугаа ганхуулаад
Так так хийн алхана

Үс гэзэг нь буржийгаад
Үнэртэй ус ханхлуулаад
Бодол санаа замхруулаад
Бүсгүй хүн ихэмсэг алхана

Урд нь ороод эргэж хармаар
Уруул хөмсөгийг нь ажмаар
Царай зүсийг нь сонирхмоор
Цагаахан сонирхол төрлөө дөө

Гүйцлээ дээ
Гүйлгээд нэг харлаа даа
Шал дэмий урд нь гарчихжээ
Шавар арслан алхаж байжээ

Зөрсөн хүмүүс нь
Зөнгөөрөө эргэж харахгүй байсан
Ийм л учиртай байж
Илүү хөдлөлгүй ард нь л явдаг байж ...

Улаанбаатар, 2009.05.19
Бүрэн эхээр нь...

НУЛИМС

Нулимс чи
Нуугдаж нуугдаж гарч ирэв үү
Сэтгэл зүрхийг тандаж байгаад
Сэмхэн гараад ирэв үү, чи

Яасан байна, би
Ярвайгаад гутарсан байна уу
Ярзайгаад инээсэн байна уу
Яагаад чи гараад ирэв

Баярлахаар л гараад ирдэг
Бухимдахаар л гараад ирдэг
Хамтдаа цэнгэх гээ юу
Хань болж халамжлах гээ юу, чи

Эр хүн уйлдаггүй гэдэг юм
Эм болгож ичээх гээ юу, чи
Алаг нүд бүрэлзүүлээд
Арчуулж шараа болгох гээ юу, чи ...

За, за, тоглосон юм
Завтай бол гараад ир ээ, хөө
Дотрыг минь салхилуулж
Доголон ч хамаагүй гараад ир

Ээжийнхээ хайрыг санасан
Энхрий үрсээ харан баяссан
Элэг зүрхтэй төрсөн
Эр хүн ч бас уйлах эрхтэй

Нулимстай байна гэдэг
Нинжин сэтгэлтэйн илрэл
Хайр, баяр, гунигийг
Хамтдаа туулж байя, нулимс аа ...

Улаанбаатар, 2009.05.19
Бүрэн эхээр нь...

БИ БОЛ ...

Миний том охин Ч.Эгшиглэн надаас "миний тухай шүлэг бичиж өг" гэхээр нь бичсэн шүлэг.

БИ БОЛ

Тоонот ахуйн эзэн
Торгууд омогийн үргэлжлэл

Айлын ууган охин
Алтай нутгийн ач, бас зээ

Хөгжим дууны эгшиг
Хөх толботой хүмүүн

Амьдралын нэгэн хэлхээ
Аав, ээжийн хайртай эрдэнэ

Улаанбаатар, 2009.01.05
Бүрэн эхээр нь...

ХАРИЙН БЭР

http://www.mglclub.com/forum8/1527236
http://www.mglclub.com/?document_srl=690664&mid=forum7&sort_index=readed_count&order_type=desc
http://www.unuudur.mn/niigem/2287-gadniihantai-gerlegsediin-95-huviig-emegteichuud-ezlej-baina.pdf
http://www.orloo.info/readfull/life/4584-corecontentnewsactionviewviewviewid43483-
http://www.cekc.mn/family/22558

Энэ мэт мэдээллийг уншин суухад шоолмоор ч юм шиг, шүүмжилмээр ч юм шиг, өрөвдмөөр ч юм шиг, өмөөрмөөр ч юм шиг болох юм.


ХАРИЙН БЭР

Харьд бэрээр одсон бүсгүй
Халх нутгаа санан дуулж байна гэнэ
Суугаа орноосоо уйдаагүй ч
Сайхан эх орноо мартаагүй гэнэ

Мөнх хөх тэнгэрийн доорх
Монгол хэмээх ахуйгаа
Дөрвөн улирал ээлжлэх
Дэлхийн энэхэн хавтгайгаа

Санаж байна
Санаа алдан дурсаж байна
Дурсахдаа дуулж байна
Дуулахдаа уйлж байна гэнэ

Идэх, өмсөх элбэг дэлбэг ч
Ижий нь үгүйлэгдээд
Алт, зүүлт гар хөлд орооцолдовч
Аав нь бодогдоод байна гэнэ ...

Бага насны дурсамж
Баяр, хүсэл, мөрөөдөл
Арван жилийн сургууль
Анхны хайр, үнсэлт

Бүтээгүй дурлал
Бүсгүйн тавилан
Хүсээгүй согтолт
Хүний жаргал

Алдаагүй алдаа
Алдсан оноо
Эргэж ирэхгүй нас
Эргэх хүний хорвоо

Сайхан амьдрах хүсэл
Согтож уулзах эрс
Зугтаж холдмоор нийгэм
Зөв замын эрэл

Гоо үзэсгэлэн
Гадаад хар хүн
Олзолсон шөнө
Олзлогдсон ирээдүй ...

Энэ бүхнээ
Эргэн дурсаж байна гэнэ
Энгэр норгон уйлавч
Эрдээ үзүүлэхгүй байна гэнэ

Хацар гоо явахад
Хатан болгоод авах
Хасар мэт эр хүн
Халх Монголд таараагүй

Санаа нийлэх нэгэн байвч
Сарын цалин нь бага
Хамтарч зүтгээд ч
Хармаа өрөөнд эргэлдэнэ

Улс төр байвч
Урсгал хөгжил үгүй
Баялаг эрдэс байвч
Баячуудад хүрээд дуусна

Сургууль ном байвч
Сурах бололцоо үгүй
Аав, ээжийг холгох хэцүү
Алд биеэ үнэлэх бүр хэцүү

Биеийн амрыг биш
Бодлын амрыг хайж
Хүний зоргоор мөртөө
Хүслийн дуудлагаар

Харьд бэр буусан
Хань минь монгол биш
Хүсэл минь өөр болсон
Хүүхэд минь хөх толбогүй

Сүүдэр ший шиг амьдрал
Сүндэрлэсэн сайхан барилгууд
МакДоналдс, метро, машин зам
Монголд байхгүй тансаглал

Яах гээд байгаа нь мэдэгдэхгүй
Ямар ч байсан мөнгөтэй хадмууд
Харамладаг, харддаг, хандардаг
Хань болсон харь залуу ...

Дутах юмгүй мэт
Диваажин энэ байна
Мөрөөдөл минь энэ харин
Мөн гэж үү ... биш

Ар гэртээ илүүчлэн явуулах хэдэн ногоон
Арван жилийн мөрөөдөл минь биш
Харь хүнийг жаргаан явах энэ тавилан
Хайр дурлалын биелэл минь бас биш

Дабл шүүгартай цай, кофе нь
Давстай, сүүтэй дугуй булант минь биш
Тэсти мэсти бииф мииф нь
Талын монголын тарган мах минь биш

Идэж буй бургер, сэндвич нь
Илүү дутуугүй талх, масло минь биш
Ууж буй ус, ундаа нь
Урсгал голын рашаан минь биш

Оройд зугаалах парк, цэцэрлэг нь
Онгон зэлүүд ой мод минь биш
Торонд хийсэн ганган тоть нь
Тоостой ч сэргэлэн болжмор минь биш

Бүрэн дүүрэн мэт энэ амьдрал
Бүлээн дулаан уур амьсгал биш
Намайг өнөөдөр эзэмдэх энэ залуу
Насны эцэст цай хуваах өвгөн минь биш ...

Эргээд ингээд бодохоор
Эл амьдрал минь хуурамч аж
Үзсэн зовлонгийн жаргал байвч
Үзээгүй жаргалын зовлон байна

Цагаан зээр, бүсгүй хоёр нутаггүй гэдэг ч
Цагаан зээр Монголдоо л байна
Хөх толбогүй ч монгол эхтэй үрээ тэврээд
Хоосон ч гэлээ эх нутгаа тэмцэе

Аав, ээж, ах дүү минь уучил
Анхны хайр, араас минь явсан эр хүн бүхэн уучил
Түүх, баатарлаг өвөг дээдэс минь уучил
Төөрч явсан бүсгүй намайгаа хүлээн аваач ...

Улаанбаатар, 2009.05.19

Бүрэн эхээр нь...

Sunday, May 17, 2009

ХҮСЭЛ

Гар утас юугаа нам унтраагаад
Гараад энэ хотоос явах юмсан
Шатахуун юугаа дүүргэж аваад
Шарвууланхан хааз нэмэхсэн

Нармайгаа дүүртэл амьсгалаад
Нялх ногооны үнэрт согтохсон
Голын урсгал ширтээд
Ганц биеэр бодолд автан зогсохсон

Уул хадаар хэсэн тэнэж
Ургамал модыг бишрэхсэн
Тунгалаг горхиноос цангаа тайлан
Тухлаад тэндээ хэсэг зүйрмэглэхсэн ...

Улаанбаатар, 2009.05.18 Бүрэн эхээр нь...

ХИЙХ ЮМ ЗӨНДӨӨ

Москвагаас галт тэргээр буцахад
Монгол хүртэл тав хонодог байхад
Архи уусан ах нар харин
Арай цөөн хоноод ирдэг гэдэг байлаа

Галт тэрэг хурдлуулна аа гээд
Галзуу мэт уудаг байж билээ
Нааж тасраад нэмээд сэрэхэд нь
Наушки ирчихсэн байдаг гэдэг

Хоёр хоноод хил дээр ирлээ
Хол газар биш шүү гэдэгсэн
Архи ер нь шидтэй эд л дээ
Амьдралыг ч бас богиносгоно

Уухаа болиод ирэхээр
Ухаан санаа эрүүлжээд
Хийх юм зөндөө
Хэрэгтэй хугацаа ч хангалттай ...

Улаанбаатар, 2009.05.18
Бүрэн эхээр нь...