Friday, December 31, 2010

МЭНД МЭДСҮЙ

Цаг тооллын нэгэн хэрчээс
Царайн дээрх нэгэн үрчлээс
Амьд яваа цагтаа санаж явна аа
Арван он чамайг ...

Дараагийн арван онд би байхгүй
Дараагийн хүн харин байна
Намайг байсныг тэд санахгүй
Надад тэр нь бас хамаагүй

Оны дараа он ирнэ
Одсоны дараа тэд ирнэ
Хамт байж бид чадахгүй
Хорвоо ийм л хатуу

Энэхэн цагт
Энэ шүлгийг уншиж буй бол
Та бид нэгэн цагийн хүмүүс
Танд ирж буй жилийн мэнд хүргэе, чин сэтгэлээсээ ...

2010.12.31 Вашингтон хот
Бүрэн эхээр нь...

Monday, November 1, 2010

УУЧЛААРАЙ

Зуу татах уу гэнэ
За яшиг доо гэчихлээ
Тамхи татах уу гэнэ
Татчихсоон гэчихлээ

Одоо тэгээд яах вэ гэнэ
Одоо юу, яваад л байна даа
Очих газар хол байна
Овоондоо л нэг зогсоно шүү гэв

Яасан муухай ааштай
Ямар хөгийн болоо вэ гэж байна
Би юу, би яасан юм
Бодлоо л хэлж байна гэчихлээ

Гомдож байна аа
Гомдоод бүр дуугүй болчихлоо
Эргэж хараад аргадах юм боллоо
Эргэж харж чадаагүй байтал сэрчихлээ ...

Нэг сайн найз маань
Намайг санахдаа зүүдэнд минь ирэхэд
Тоолгүй өнгөрөөчихлөө дөө, янз нь
Тоогүй юм боллоо доо, боллоо

Хэн байсныг нь ч анзааралгүй
Хэнхэглээд явсан байна, би
Зуу, янжуур надад санал болгоод
Загнуулж зүүдэлсэн хүн байна уу

Уучлаарай, найз аа гэх гэсийм ...

Вашингтон хот, 2010.11.01
Бүрэн эхээр нь...

БОДЛЫН ҮЗҮҮРТ

Бодлын үзүүрт нэгэн зүйл байна
Бодох тусам улам цаашлах мэт
Тоохгүй байхын аргагүй мөртөө
Тогтож надад баригдахгүй янзтай

Бодлын үзүүрт нэгэн зүйл байна
Бодох замд түмэн зүйл байна

Вашингтон хот, 2010.11.01 Бүрэн эхээр нь...

Friday, October 22, 2010

БОДОЛ

Зүрхний угт
Зүүдний эхэнд
Инээмсэглэсээр явах
Ижилгүй хүн байх

Амьд явах жаргал гэж
Аргагүй үнэн юм даа
Хүний хүсэл барагдах биш
Хүссээр л дуусна даа

Хар залуугаас эхэлтэй
Хайр чамайг би эс хүндэлбэл
Хорвоогийн шороо хөдөлгөсөн
Хувь тавилан минь гундах биз ээ

Вашингтон хот, 2010.10.22
Бүрэн эхээр нь...

Wednesday, October 20, 2010

ХҮСЭЛ

Газар хөлдөсхийгээд
Гахай өөхлөсхийгээд
Сайхан болж байгаа даа
Сэрүүн намраа эргэхийнсэн дээ

Олны хөлөөс дайжисхийгээд
Ойн гүн рүү оросхийгээд
Агаарын цэвэрт согтосхийгээд
Амьтны хөдөлгөөн анзаарсхийхсэн дээ

Санаа нийлсэн нөхөдтэйгээ
Сархад хундагалан тухласхийгээд
Янжуур нэгийг зуусхийгээд
Янз бүрийн юм хуучлахсан даа ...

Вашингтон хот, 2010.10.20 Бүрэн эхээр нь...

Sunday, October 10, 2010

АРД ТҮМЭН

Ард түмэн гэх
Агуу хийгээд энгийн юм
Хамтад нь нэрлэвэл хоёр үгэнд багтах ч
Хүн хүнээр нь салгавал учраа алдах мэт ...

Нялх ба настан
Намхан ба өндөр
Эм ба эр
Эргүү ба ухаантай

Тусч ба усч
Томоотой ба сахилгагүй
Бүтэн ба тахир
Бүдүүн ба туранхай

Худалч ба үнэнч
Хулгайч ба манаач
Баян ба ядуу
Буянтан ба нүгэлтэн

Сахилгүй ба ламтан
Сургагч ба сурагч
Мэргэн ба мунхаг
Малчин ба махчин

Бүтээгч ба сүйтгэгч
Буцалж буй ба бүрэлж буй
Баруун ба солгой
Босоо ба суугаа

Хилчин ба "нинжа"
Хүнлэг ба араатан
Цайлган ба хорчин
Цайчин ба архичин ...

Гэх мэтээр задласнаас
Ганц ард түмэн гэчихсэн нь
Амар ч юм уу, товч ч юм уу
Аль альдаа цэвэрхэн юм уу

Бид хэн бэ гэхээр
Бид үү, ард түмээн гэчихээд
Толгой өвдөх юмгүй
Тохой нийлүүлэн алхаж явах уу даа ...

Ногоон малгайтай яргачин явсан нэгэн
Нэг их мядаль зүүчихсэн алхаж л яваа даа
Зоригийг захиалсан хийгээд алсан нөхөд
Зангиа зүүчихсэн пээдэлзэж л яваа даа

Төрийн нэрээр түмнийг хоосолсон нэгэн
Тэр үйлдээ амтшаад зүтгэж л яваа даа
Авилга гээчийг бойжуулчихсан нэгэн
Албан тушаалд өсөж л яваа даа

Хүний юмыг булааж авсан нэгэн
Хуурамчхан гэмшчихээд жаргаж л яваа даа
Бусдын амийг егүүтгэсэн нэгэн
Бултан дайжиж амьдарч л яваа даа ...

Ном дагасан эрдэмтэн нэгэн
Орох оронгүй гундуухан явахад
Нам дагасан эрдэмгүй нэгэн
Орд харшид тухлаж яваа даа

Олонд үнэлэгдсэн дуучин нэгэн
Орц гудамжинд дуулж явахад
Оронд үнэлэгдсэн өөр нэгэн
Одон тэмдэгэнд дарагдаж яваа даа

Ядуу айлын хүү нэгэн
Эх орноо манаж явахад
Янчаантай айлын хүү нэгэн
Эмс охидыг сольж яваа даа ...

За ингээд зогсоё доо
Заавал бүгдийг нь тоочих ёсгүй
Бүгдээрээ нийлээд ард түмэн болохоор
Би энд уймраад яах вэ

Сайн нь муугаасаа их гэдэгт
Саруул ухаанаар итгээд явж байя
Тиймгүйсэн бол энэ нийгэм
Тэр энэ гэлтгүй сүйрэх байсан биз

Вашингтон хот, 2010.10.10
Бүрэн эхээр нь...

ГЭХ ҮҮ

Цагаан цаас шиг
Цайлган явлаа гэх үү
Хүний болон өөрийн эрхээр
Хар эрээн болж байна гэх үү ...

Арлингтон хот, 2010.10.10 Бүрэн эхээр нь...

Friday, October 1, 2010

АЙМААР

Тэнгэр баганадсан барилгууд
Тээршаамаар олон хүн
Тоолж барамгүй шар такси
Толгой эргэм чимээ шуугиан

Аймаар
Айж зугтаамаар
Аймаар
Ахин ирж үзмээр ...

Нью Йорк хот, 2010.09.19-24 Бүрэн эхээр нь...

Monday, September 13, 2010

ХОРЛОНО

Нүдний өмнө жирэлзэх
Өвөрмөц орчинд дасах гэвч
Нүүдэлчин ахуйгаа "өмөөрч"
Өөрийгөө би хорлоно ...

Вашингтон хот, 2010.09.13 Бүрэн эхээр нь...

ЯАХ ВЭ

Босож суухад бодогдох юм
Бодол чамайг би яах вэ
Аниж нээхэд харагдах юм
Алаг нүдээ би яах вэ ...

Вашингтон хот, 2010.09.13 Бүрэн эхээр нь...

Monday, August 30, 2010

АЙ ДАА

Сэрүү унасан намрын өглөө
Сэмхэн хөөрөх хэсэгхэн манан
Хяруунд норсон гутлын хоншоор
Холоос дэргэд мэт дуулдах чимээ ...

Ай даа, нутгаа санаж эхэлж байна уу даа

Вашингтон хот, 2010.08.30 Бүрэн эхээр нь...

ЯЛГАА

Хэрэм гүйж явна
Хэнэг ч үгүй идэж явна
Хотоор дүүрэн хэрэм
Хорлож тэднийг хэн ч оролдохгүй

Хэрэмний арьс авна гэж
Хэн хүнгүй орилон зарлах
Монгол орны хууль
Монгол хэрэмний тавилан энд огт палгүй ...

Хар хүүхэд алхана
Хацар хонхойлгон инээнэ
Гудмаар дүүрэн хар
Голж тэднийг ад үзэхгүй

Хөдөлмөрлөөд хөдөлмөрлөөд
Хөлс нь амьдралд хүрэлцэхгүй
Монгол нийгэм
Монгол хүүхдийн тавилан энд огт ижилгүй

Вашингтон хот, 2010.08.30
Бүрэн эхээр нь...

ИРЖ БАЙГААРАЙ

Хааяа нэг зүүдэнд ирж
Хамт байж байгаад буцах юм, Та
Буруу зөв хийхийг минь хараад
Бодолд шивнэн зэмлэмээр санагддаг биз

Хоног хугацаа өнгөрөх тутам
Хэлсэн үг бүр тань үнэтэй болоод
Эргээд хэзээ ч уулзахгүй гэхээр
Элэг зүрх эмтрээд явчих юм

Эрхийг биш бэрхийг зааж
Эр хүний төрхтэй болгох
Хайрыг биш халыг үзүүлж
Хат суулгах гэж явж дээ, Та

Хэлэх сургааль тань дуусаагүй
Хэлснийг тань бүрэн сураагүй гэвэл
Ижийг дагуулаад, зүүдэнд минь
Ирж байгаарай, аав минь ...

Вашингтон, 2010.08.27
Аав минь бурхан болоод нэг жил өнгөрчээ ...
Бүрэн эхээр нь...

Thursday, August 26, 2010

ТЭМДЭГЛЭЛ

Халуу шатсан зун
Хөл татарсан үдэш
Дотно улсын төлөөлөл
Дотор нуугдсан нулимс

Аяллын VIP заал
Аялгууны Pepsi-plane*
Улаанбаатарын гэрэл
Урт нислэгийн эхлэл ...

Сөүлийн онгоцны буудал
Сандал мэт ор
Таван цагийн хүлээлт
Танхимаар тэнэсэн өглөө

Өнөө л Pepsi-plane
Өрнөдийг чиглэсэн нислэг
Арван хоёр цаг
Амралгүй үзсэн кинонууд

Америкийн төрийн далбаа
Амьсгал бүгчимдэм агаар
Хар арьст хүмүүс
Хилийн шалган нэвтрүүлэх ...

Одоо ч нүдэнд үзэгдэх шиг
Орчлонд нэг л өдөр өнгөрсөн мэт
Нэг мэдэхнээ сар болох гэж байна
Нэг тэмдэглэж үлдээе дээ, энд

Цагийн зөрүүнд дэмийрээд
Цагаан ордонд ангайгаад
Гудамж замд нь төөрөөд
Гул Аранжин болжээ, уучлаарай

Анх ирсэн болоод тэр үү
Америк кинонд орсон мэт санагдаж
Нарнаас бусад нь анги харагдах
Нэгдсэн улсад дасах гэж явна

Тоосгон барилга ихтэй
Түм түжигнэж, бум бужигнасан гудамжинд
Төрийн далбаандаа залбиран
Тэрүүхэндээ бас тохижих гэж явна

Өнгө өнгийн арьстай хүмүүсийг
Өөрийн мэдэлгүй эргэж харчихна
Олон газраар явсан ч гэлээ
Онцгой зүйл энд олныг анзаарав

Тэр бүгдийг нэг нэгээр нь
Тэрлэж би шүлэг бичнэ ээ
Энэ тэмдэглэлд багтаана гэвэл
Ээ дээ, худлаа юм шиг байна

Вашингтон хот, 2010.08.26

* Миний бага охин Аялгуун Korean Air-ын онгоцыг
Pepsi-plane гээд байхаар нь харсан чинь нээрээ
эмблем нь төстэй байсан байна лээ.
Бүрэн эхээр нь...

Monday, August 2, 2010

I AM BACK

Хэд хэдэн шалтгаанаар
Хоёр сар сураг алдрав, би
Адал явдал тасралгүй үргэлжилсээр
АНУ-д ирээд нэг амьсгаа аван сууна

Вашингтон хот, 2010.08.02 Бүрэн эхээр нь...

Wednesday, June 2, 2010

ХҮҮХДИЙН БАЯР

Хүүхдийн баяраар
Хүүхдийн парк үгүйлэгдэнэ
Хөх боржин талбайд шавсан хүүхдүүд
Хогон дунд баярлах гэж хичээнэ

Улаанбаатар, 2010.06.01 Бүрэн эхээр нь...

Tuesday, May 25, 2010

ХҮЛЦЭЛ ӨЧЬЕ

Олны хүслийг даган
Ой моддыг тань нэгжсэндээ
Амгалан тайвныг эвдэн айлгаж
Айхтар чангаар буу тавин аархсандаа

Гур, зүрийг тань алмайруулж
Гэрэл тусган ойртсондоо
Хангайн эзэд Та нараас
Хүлцэл өчин өршөөл эрье

Төв аймаг, Баяндэлгэр
Тэрэлж, Зүүн Баян, 2010.05.22-23 Бүрэн эхээр нь...

ЗУНЫГ ХҮЛЭЭСЭЭР

Зуны эхэн сар гэлтэй ч
Зурам цагаанаараа жирийлгэнэ
Зуныг хүлээсээр хаврыг үл тоовч
Зуны өнгө тодрохыг үл яарна

Азарган борооны чимээ нь
Айлгаж намайг хэзээ сэргээх бол
Шар цэцгэн хээтэй ногоон хивс нь
Шүлгэнд минь хэзээ ирэх бол ...

Улаанбаатар, 2010.05.26 Бүрэн эхээр нь...

Monday, May 24, 2010

БАЯРЛАХ БАЙСАН ДАА

Кэзэ яванч тэгээд
Кэзэ ирхэвч
Удахкү явахым болжийно уу, нам
Улаанбаатараас нисэх үү, галт тэргээр гарах уу

Сайд нь кэн байдаг болохов
Сайн күн үү, муу күн үү
Олон күн ажилладагымжиг үү
Орон байр нь олдоно уу ...

Аав минь амьд байсан бол
Асуух асуулт нь энэ байсан байх
Одоо ингэж асуухгүй
Орой дээрээс чимээгүй ажиж суугаа

Энэ жил яв гэнэ ээ, аав аа
Энэ удаад АНУ явах юм байна
Очиж үзээгүй газар, аав аа
Очих л ёстой байж гэж хэлэхээр

Баярлах байсан даа
Буурал аав минь
Мэдэн будилж дахин асуугаад
Мэдэгдэлгүй залбирах байсан даа ...

Улаанбаатар, 2010.05.25
Бүрэн эхээр нь...

Wednesday, May 12, 2010

ХАВРЫН САЛХИ

Хаврын салхи аа гэж
Хацар майжих мэт "ширхэгтэй" аж

Улаанбаатар, 2010.05.13 Бүрэн эхээр нь...

Saturday, May 8, 2010

УЙЛАВ, БИ

Ямар зүйл мэдэрснээ санах атлаа
Яг юу гэж бичихээ мэдэхгүй байна
Хорин жилийн өмнө яг л ийм байдалтай
Хоёр нүдэндээ нулимстай алхаж байлаа ...

Юу болов гэж асуух хүн гарах биз
Юу болох вэ дээ, уулзалтад яваад ирлээ
Арван жил цуг төгссөн гурван анги уулзаж
А үсэг, ангийн багш, анги танхим гэж яваад ирлээ

Тэртэй хорин хаврын өмнө
Тал тал тийшээ таран одсон нөхөд
Хүчээр биш хүсэл сэтгэлийн дуудлагаар цуглан
Хүний амьдралын нэгэн хоногийг хамтдаа өнгөрөөв

Төсөөлж байсан би, сайхан болно гэж
Төлөвлөлцсөн юм, урилцсансан юм
Салахдаа харин уйлчихна гэж бодоогүй
Санаснаас минь бүр сайхан болчихлоо, энэ уулзалт

Хүүхэд насанд эргээд очсон мэт болж
Хүн хүнд баяртай гэхдээ уйтгарлаж байх юм
Гэрийн гадаа ирсэн хойноо ч тэр
Гэгэлзээд нэг л юманд хорогдоостой ...

Хорин жилийн өмнө яг л ийм байдалтай
Хоёр нүдэндээ нулимстай алхаж байлаа ...

1990 онд Налайхын 2 дугаар 10 жилийн дунд сургуулийн 10А, 10Б, 10В ангийг төгссөн сурагчдын 20 жилийн дараах "УЧРАЛЫН ХАВАР" уулзалтад оролцсоны дараа бичив.

Улаанбаатар, 2010.05.08
Бүрэн эхээр нь...

Tuesday, May 4, 2010

БИ

Талын цэцгэнд дуртай ч
Тасдаж авчраад гэртээ үнэрлэхгүй
Гандаж хатаад өнгөө алдахад нь
Голж түүнийг муулан ярихгүй

Улаанбаатар, 2010.05.05 Бүрэн эхээр нь...

Monday, May 3, 2010

АЙ, ХӨӨРХИЙ

Халуун зунаар шахуу
Ханиад хүрдэг яасан бүтэхгүй гар вэ
Эсэргүүцэл гэж нооль
Энэ тэр гээд хүн шүүмжилж суулаа, хөөрхий

Тэгсэн байдаггүй, байдаггүй
Тэр хүнээсээ долоон дор юм сууж байна
Нус, цэр, хахаа цацаатай
Нулимс, хорсолт, хөндүүр цээжтэй ... ай, хөөрхий гэж

Улаанбаатар, 2010.05.04 Бүрэн эхээр нь...

ӨӨРИЙГӨӨ ХАЙРЛА

Өөрийгөө хайрлана гэдэг
Өчүүхэн санаа мэт боловч
Хүн бүрийн хийх учиртай
Хамгийн чухал ажил энэ санж

Өөрийгөө хайрлана гэдэг
Өөрийг чинь хайрлах хүмүүст
Чиний өгөх хайр
Чиний барих бэлэг аж

Бусдыг хайрлана гэхээсээ
Бусдын төлөө өөрийгөө хайрла
Чи өөрийгөө хайрлахгүй бол
Чамайг мянга хайрлаад тус үгүй

Хайрлаж, гамнаж, анагааж яв
Хор бүхнээс хол явж чад
Чамд хэрэггүй мэт санагдах үе тааравч
Чамайг харан яваа бүхний төлөө өөрийгөө хайрла

Улаанбаатар, 2010.05.04
Бүрэн эхээр нь...

БИ АМТГҮЙ БОЛСОН

Архийг би биш
Архи намайг уудаг байсан
Архи одоо надаас гарсан
Архинд би амтгүй болсон

Улаанбаатар, 2010.05.04 Бүрэн эхээр нь...

Tuesday, April 13, 2010

НЭГ ОЙ

Миний муу блог нэг ой хүрчээ
Мөлхөж явсаар хөлд орох дөхжээ ...

Улаанбаатар, 2010.04.13 Бүрэн эхээр нь...

Monday, April 12, 2010

ААВЫН ҮГ

Арван хэдтэй байхад
Аавын минь дандаа зөв байлаа
Аавын үгийг дагахад
Алдана гэж байдаггүй байлаа

Айл толгойлох насанд
Аавд жаахан буруу өгдөг байлаа
Аавын үгэнд өө олж
Ах дүү шиг хэлэлцдэг байлаа

Аавыг ная гарсан үед
Аавын үгнээс авах юм үгүй байлаа
Айлгаж үглэхээс нь дайжин
Ар, урдуур нь явдаг байлаа

Аав үгүй болсноос хойш
Аавын үг сонсогдохоо байлаа
Алдаа оноотой ч гэлээ
Аавын үг хэрэгтэй байжээ

Ахмад хүнийг залуу хүн
Тэнэг гэж боддог
Ахмад хүн харин залуу хүнийг
Тэнэг гэж мэддэг гэдгийг

Аавгүй, аавын үггүй болсон үед
Амьдрал надад сануулж явна
Аавын үгийг бүгд дагавал
Алдах хүн энэ хорвоог гарахгүй биз

Аавын насанд хүрээд
Аавын үгийг хэлж суухад
Ай даа, намайг ч бас тоохгүй биз
Амьдрал үнэхээр тоглоомч юм ...

Улаанбаатар, 2010.04.13
Бүрэн эхээр нь...

ХАВАР ХААЧИВ ГЭНЭ ҮҮ

Мөнх тэнгэрийн дор мянга мянган хавар
Монголын сайхан оронд жил жил дэлгэр
Энх улирал ханхлахад хүний сэтгэл тэнэгэр
Өвсний соёо ногоороход морь мал ханагар ... Д.Нацагдорж


Хавар хаачив
Хавар хаачив гэж асууж байна
Хавар хаачив л гэж дээ
Хавар хажууд чинь амьсгалж л байна

Хаврыг харин бид яаж угтав
Хаварт бид юу бэлтгэв
Хавар гэдэг сайхан улирал
Хаана залрах юм бэ гэж асууя

Ургах модыг нь цөөрүүлээд
Урсах голыг нь ширгээгээд
Хөндий талыг нь сэглээд
Хөрс шороог нь эргүүлээд

Уул овоог нь гомдоогоод
Усны шувуудыг нь өвчлүүлээд
Чулуу бүхнийг нь хөдөлгөчихөөр
Чи бидний мэддэг хавар хаана, яаж ирэх юм

Ирсэн байгаа урийг нь ч амтлалгүй
Илүү дутуу ярьж тэмцэл жагсаал гээд
Сэтгэлдээ ч хавар ирүүлж чадахгүй
Сүг шиг хүмүүс болж байна уу даа, бид

Улаанбаатар, 2010.04.13
Бүрэн эхээр нь...

ТАТГАЛЗЛАА

Сая, сая таван зууг
Санаанаасаа зохион амлаад
Өрөнд орсон "Эрхэм" гишүүдээ
Өмөөрмөөр ч юм шиг, чичмээр ч юм шиг

Дал, наяаар нь тараахад л
Дийлэхгүй төсөвтэйг мэдсээр байж
Нэхээд суугаа нөхдийг
Наачихмаар ч юм шиг, илчихмээр ч юм шиг

Би лав татгалзлаа
Бусад нь яахаа өөрсдөө мэдэг
Нийлүүлээд нэг юм барьчихъя
Нээрээ тийм мөнгө босвол шүү дээ ...

Улаанбаатар, 2010.04.13 Бүрэн эхээр нь...

ЗАХИАС

Ээлж ээлжээрээ урвахыг нь
Ээж хараагүй нь яамай
Хувь хувиа хичээсэн ч гэлээ
Хүн шиг явахыг л захья даа

Улаанбаатар, 2010.04.13 Бүрэн эхээр нь...

Friday, April 9, 2010

БИ

Хөдөөний барагтайхан айлд ч хэвтэр голдоггүй мөртөө
Хотын хээнцэр айлд харин хөл тавих зай олдоггүй

Ааш муутай нэгэнтэй үзэхдээ тэвчээр дутаадаггүй мөртөө
Аар саархан юмаар ч хүн гомдоочихвол эмзэг багадаадаггүй

Улаанбаатар, 2010.04.09 Бүрэн эхээр нь...

Tuesday, March 30, 2010

БАРУУН БАЙДЛАГ

Баруун Байдлагийн аманд
Түмэн мал хорогджээ
Баруун Байдлагийн аманд
Түмэн төл гарч байна

Баруун Байдлаг байрандаа л байна
Баруун Байдлаг малтайгаа л байна

2010.03.27 Бүрэн эхээр нь...

Monday, March 29, 2010

ХОМООЛ

Хомоол хэвтэж байна
Хаа сайгүй байдаг эд, уг нь
Бодолд оруулаад байхааргүй
Баас шүү дээ, адууны

Яагаад ч юм, жаал харж зогсов
Ямар бодол төрснөө бичих үү
Хөхө, хомоол хараад л юм бичдэг гэж
Хүн амьтан шоолох вий

Ажаад байхад удсан байртай хомоол байна
Айхтар их биш ч нэг жил лав болж
Хар биш хөх өнгөтэй болохоор нь
Хэлж тааж байгаа юм би ингэж

Тарж сүйд болоогүй байгааг үзвэл
Тэр хавиар хөл хөдөлгөөн бага
Адуу, гөрөөс л идээшилдэг
Алс бөглүү тагийн энгэр газар бололтой

Шинэ, хуучин хомоол, хорголыг
Шинэжиж би ингэж бурж байгаа юм
Үнэг, мануул, өмхий хүрэн ч
Үүрэндээ мэт зугаалдаг л биз

Саарал атаманыг энд дурсахгүй бол
Сарыг дэлхийгээс салгахтай ижил биз
Байсан байна, тэр нөхөр
Байх байхдаа бааж тухалсан байна

Адуу байгаа газар тэр байхгүй бол
Аз хийморио шалгаагүй бол
Боохойн хөвүүн тэр биш болох биз
Бодлын үзүүр тэгээд тасрах байсан биз

Эргээд хомоолдоо оръё
Эзэн нь хаана яваа бол гэж
Хаа нэгтээ унгас алдаад идэж яваа болов уу
Хатсан баасаа үлдээгээд тэнгэрт хальчихсан болов уу

Эд нь мөнх эзэн нь хэврэг гэдэг
Энэ хомоол юу сануулан энд хэвтэнэ вэ
Газраас ургаагүй, тэнгэрээс унаагүй ч
Газар дээр хэвтэж байх юм, зайлуул

Хомоолын эзэн чонын хоол болоод
Хомоолныхоо дэргэд чонын баас болон ханьсаа болов уу
Хэдэн сараар ингэж хэвтэх бол
Хэн ч мэдэхгүй, хэн ч анзаарахгүй дээ ...

Бөөрөн хэлбэртэй хар, хөх хомоолууд
Байгаль дэлхийн энэхэн суганд
Бөөн бөөнөөрөө хаягдсан харагдана
Бодвол зөндөө л бодол төрөхөөр юм байна ...

Төв аймаг, Баяндэлгэр сум, Нэвсээгийн ам
2010.03.27
Бүрэн эхээр нь...

ГАВЛЫН ЯС

Арваад жилийн өмнө
Айлын гадаа үнээ нь тугаллажээ
Хүүхэд, хөгшидгүй хөөрцөг болж
Хувин саваа бэлдэж харагдана

Хар халзан эр тугал
Хамраараа дуугарсан болно
Эхэсээ унжуулсан эх нь
Энд тэндээс нь долооно

Арайхийн босоод ирэхэд нь
Ардаас нь долоогоод унагана
Тэгэж тэгэж нэг дуусахад нь
Тэр тугал дөрвөн хөллөн босно

Тэнтэр тунтар алхалж байснаа
Тэнд эндгүй үсэрч үзнэ
Эргэлдсэн алаг нүд нь
Энэ орчлонг гайхаж байгаа гэмээр

Сүүнээс өөр ундгүй мэт явснаа
Сүү уухгүйгээр цадаж болдогийг мэднэ
Бяруу болсон цагтаа
Бөөсөг юунаасаа салж, тайган болоод

Ачаа тэргэнд орж дадаад
Арын албанд уйгагүй зүтгэнэ
Тарга хүч сайтай үедээ
Трактортай ч өөрийгөө зүйрлэн бодно

Сүргийн сүүл барин хээвнэг алхаж
Сүр бараа нэмэн захлан хэвтэнэ
Хэвж хэвтэх зуураа урт амьсгаа авах нь
Хаанаас ч сонсдож мэдэхээр дуутай мэт

Цаг явсаар нас нэмсээр
Цалин аваагүй ч тэтгэвэр бодож явтал
Намрын нэгэн өглөө сүргээс нь авч хоцров
Нарийн сураар ногтлон хөтлөж явав ...

Сүүгий нь ч ууна
Сүх ч далайна гэдгийг
Тэрэг чирч явахдаа ч
Тэр үхэр мэдээгүй явсан биз

Амьсгал агаарт царцам тэр өглөө
Айлын гадаа үхэр гаргажээ
Хүүхэд, хөгшидгүй хөөрцөг болж
Хувин саваа бэлдэж харагдана ...

Тэр намраас хойш
Тэр сайхан амьтан үзэгдэхээ байж
Гурван намар өнгөрчээ, зайлуул
Гурван жил шүү дээ

Данагар эвэртэй гавлын яс нь
Дарайтал хатаж цайраад
Хавар хаврын шар усанд
Ханатал нэг норон жалганд хэвтэх аж ...

Төв аймаг, Баяндэлгэр сум, Модон давааны өвөрт,
Үхрийн гавлын яс хараад төрсөн бодол
2010.03.27
Бүрэн эхээр нь...

ХУРГА

Хөлдөөд, өлдөөд үхсэн хонины тоог
Хөөрхөн хурганууд нөхөн мэндэлжээ
Жилбэ муутай эхийгээ даган гүйлдэх нь
Жаргалтай ч юм шиг, зовлонтой ч юм шиг

Цас ханзармагц цухуйсан өвсхөнийг идэж
Цагийн бэрхэд төрсөн хургаа тэжээх гэх эх
Зүгээр л зогсож байгаад хөхүүлчихгүй
Зүг зүгт шогших эхийгээ үл ойлгох хурга хоёр

Амь амиа бодоод ч байгаа юм шиг
Амьдралын төлөө хамтдаа тэмцээд ч байгаа юм шиг
Алсаас ажих миний дотор уужраад ч байгаа юм шиг
Аль, алиныг нь бид иднэ гэхээр уйлмаар ч юм шиг

Төв аймаг, Баяндэлгэр, Цагаан давааны өвөрт
2010.03.27
Бүрэн эхээр нь...

БОТГО

Бөхгүй шахуу ганц ингэ
Бөөрөндөө нэг юм дагуулчихаж
Дөхөж очоод харахнээ
Дөнгөж төрсөн бололтой цагаан ботго байна

Тулаад яваад очмогц
Тэгэг тэгэг гээд зугтаахчаан болно
Эх нь хаашаа ботго тийшээ
Эргэж харахад нь бас л эргэж харна

Заг хэмээх мод голдуу ургасан
Захгүй их говийн эзэн болох амьтан
Хангай газрын ойн захад харагдах нь
Хаанаас нь ч харсан сүр муутай юм шиг

Үүнийг энэ муу ботго юугаа мэдэх вэ
Үе үеэрээ хангайд идээшилсэн тэмээний төл биз
Агь, таанаа үгүйлнэ гэж байхгүй биз
Амтыг нь аав, ээж нь ч мэдэхгүй биз

Тэртээ нэгэн цагийн хэцүүд
Тив дамнан ачаа зөөн жин тээсэн
Тэнгэрт тулсан сайхан атдын удам гэдгээ
Тэнэгхэн энэ амьтан яг мэдэж харагдана даа

Цас хэмээх сонин эд хайлсан энгэрт
Царай муутай ээжээс нь өөр танилгүй хорвоод
Бөгтийсөн ганц цагаан ботго зогсоно
Бүр өрөвдөөд нулимс гоожих янзтай

Тээр доор бэлчих хориод тэмээнд
Тэшиж хүрдэг болтол өдий байна доо
Сүр ихтэй ат болон томроод
Сүргийн манлайд алхлах хол байна доо, хол байна

Төв аймаг, Байндэлгэр сум, Баруун Байдлаг, Нүүрсэн даваа
2010.03.27
Бүрэн эхээр нь...

Sunday, March 28, 2010

ТУГАЛ

Нимгэн ч гэлээ нэмнээтэй
Нялх тугал хэвтэнэ
Хоншоор амаа еэтэгнүүлэн
Хальт бас зүйрмэглэнэ

Эх нь бэлчээрт явсан хойгуур
Энэ тугал өөр юу ч хийх билээ
Өнгийж нэг боссон болоод
Өвс үнэрлээд долоох аядана

Ойрын жилүүдэд болоогүй
Онцгой хүйтэн өвлийн эцэст
Түм түмээрээ мал хорогдсон
Там шиг хахир зудын дараа

Алдсан малыг нь нөхөх гэж
Айдсыг нь мартуулах гэж
Хотыг нь дүүргэх гэж
Хар цайг нь сүүлэх гэж төрснөө

Энэ тугал зайлуул
Эргэцүүлж ухаарах биш ямар
Хаана юу болоод төрснөө ч анзаарахгүй
Хамраа үрчийлгэн эхээ хүлээн хэвтэнэ

Нэг л мэдэхэд өвс, усанд орж
Ногоо гарахаар бэлчээрт гарч
Бяруу, бух болоод ирэхийг цагтаа
Баруун Байдлагаа дүүргэн алхлах биз ээ

Төв аймаг, Баяндэлгэр сум, Цагаан давааны өвөрт
2010.03.27
Бүрэн эхээр нь...

Monday, March 15, 2010

ЭРВЭЭХЭЙ















Ганган цоохор эрвээхэй
Дэнж тойрон ниснэ
Гэр болсон цэцэг ногоогоо
Дэндүү ихээр хүснэ

Гэвч тэр хүсэл
Зөвхөн түүнээс хамаарахгүй
Гэнэн түүний нислэг
Зөөлөн салхинд ч захирагдана

Арчаагүй авгалдай байхдаа
Тэр юу хүсэж мөрөөдсөн бол
Амьдрах орчноо голон чамлаж
Тэнгэр өөд тэмүүлсэн биз

Мөрөөдөл нь тэгээд биелсэн биз
Харин тэнд юу угтсан бол
Мөхөхийн өмнө бадамласан зул шиг
Хөөрхөн хэдий ч нас нь богино

Жаргал ихтэй ч аюул нь илүү
Цэцэг олонтой ч нөхөд цөөхөн
Жалга нөмөр, ус чийг бараадсан
Цөлийн гүрвэл шиг гуниа болов уу

Энэ бүхнийг ухаарахдаа
Далавч юугаа хумин хатааж
Эргээд хүр авгалдай болон хувираад
Дассан газраа мөлхөх гээ юм болов уу

Бурхан нэг сайхныг өгөхдөө
Нөгөө сайхныг нь хурааж
Буцаж эргэх замгүйгээр
Наймаа хийлцдэгийг тэр мэдээгүй юм болов уу

Ганц муу эрвээхэй ч биш
Хорвоогийн ухаант хүн хүртэл
Голж чамласан хүүхэд ахуйгаа
Хожмоо заавал хүсэн үгүйлдэг юм

Ганган цоохор эрвээхэй
Дэнж тойрон ниснэ
Гэр болсон цэцэг ногоогоо
Дэндүү ихээр хүснэ ...

Улаанбаатар, 2010.03.16 Өглөө сэрэхэд төрсөн шүлэг

Бүрэн эхээр нь...

ОДОО БИ МЭДНЭ

Зүрхээр хатгалаа гэхээр нь
Зүрх яаж хатгадаг юм гэж
Зүггүйхэн асуудаг байлаа хөөрхий
Зүрхээр яаж хатгадгийг одоо би өөрөө мэднэ ...

Улаанбаатар, 2010.03.15 Бүрэн эхээр нь...

Sunday, March 14, 2010

ГУТААР

Хэрлэнгийн мөсийг өрөмдөн
Хэнэг ч үгүй инээн зогсоно
Алд гаран гүн мөс
Арав илүү хоромд цоорох аж

Даралтанд байсан болоод тэр үү
Давж халиад бөөн ус олгойдов
Жараахай өлгөсөн дэгээгээ
Жаргалтай нь аргагүй цооног руу хийв

Тоглуулаад дохиж буй дэгээнд
Тохой хэрийн гутаар оржээ
Мөсөн дээр мурилзан тонгочих түүнд
Мань мэт ямар аймшигтай харагдаа бол

Яах ийхийн зуургүй ил галд шарах нь
Ямар энэрэлгүй санагдаа бол ...

Хэрлэн гол, 2010.03.13
Бүрэн эхээр нь...

Tuesday, March 2, 2010

ХӨӨ

Зүйрмэглэж байлаа хөө
Зүрхэнд уяраад хэвтэж байлаа хөө
Амьсгалд ханаад томоотой байлаа хөө
Агаарт цохиулаад мансуурсан байлаа хөө

Улаанбаатар, 2010.03.02 Бүрэн эхээр нь...

Sunday, February 28, 2010

САЙХАН АМЬДАР

Үнэнийг мэдрэхийн тулд эхлээд худлыг сонс
Үерхлийг үнэлэхийн тулд эхлээд урвагчтай учир
Үнэнч хайрыг танихын тулд эхлээд хүлээ
Үхлийг үзэхийн тулд эхлээд сайхан амьдар

Улаанбаатар, 2010.03.01 Бүрэн эхээр нь...

Wednesday, February 24, 2010

ЭНЭ ЧИ

Авлигатай тэмцэх газрын амьдаадаа зориулав

Ардын төлөөх ард
Амины төлөөх амь
Хүний төлөөх хүн
Хүслийн төлөөх хүсэл

Энэ чи ...

Улаанбаатар, 2010.02.24 Бүрэн эхээр нь...

Monday, February 22, 2010

ЗАМ БА ЗҮЛЭГ

Алхаж байна, би
Асфальтан зам дээгүүр
Голын зүлэг байсан газарт
Ганган хороолол бий болжээ

Хороолол байхад мэдээж
Хар зам байх нь зайлшгүй ч
Түмэн зүйлийн ургамал, шавьжийг
Тэр дор булшилсан байгаа даа

Өвөл нь унтаад хавар цухуйдаг
Өнгө өнгийн цэцэгсийн үндэс
Нар, агаар хайн тарчилж байснаа
Нам тэгээд үхэж байгаа даа

Зуун зуун жилийн тэртээгээс
Зуны өнгө болон Туул голоо чимсэн
Зүлгэн хивс зам болон замхарч
Зүг зүгийн машин дээгүүр нь зорчих аж

Алхаж байна, би
Асфальтан зам дээгүүр...

Улаанбаатар, 2010.02.23 Бүрэн эхээр нь...

САНАА БА УЦААР

Сайхан санаа төрөх үед
Сэтгэлд нар гийх мэт болох
Тэмдэглэж түүнийг бичиж эс амжваас
Тэрүүхэндээ бухимдан уцаарлах аж

Үргээлгэний сууринд муу буудвал
Үглэж уурлаад байдаггүй хэрнээ
Бодолд орсон шүлгийн мөрийг мартвал
Боож үхмээр ч болдог нь сонин ...

Улаанбаатар, 2010.02.23 Бүрэн эхээр нь...

Sunday, February 21, 2010

ХАВАР ЦАГ АЙСУЙ

Хаврын өнгө тодросхийгээд
Хаврын салхи сэвэлзэсхийгээд
Хаврын урь мэдрэгдэсхийгээд
Хаврын бадаг төрөсхийгээд

Хавар цаг айсуй ...

Улаанбаатар, 2010.02.22 Бүрэн эхээр нь...

Tuesday, February 16, 2010

ААВЫН ҮГҮЙД

Аавын таяг ганцаардсан харагдаад
Аавын суудал эзнээ үгүйлээд
Аавын нохой золбоогүй хэвтэсхийгээд
Аавын гэр зочингүй хоосон оргиод

Аавын үгүйд угтсан
Анхны Цагаан сар утгагүй санагдаад ...

Налайх, 2010.02.15 Бүрэн эхээр нь...

Thursday, February 4, 2010

ПАМЯТИ ВИКТОРА ЦОЯ

Виктор Цойгийн дурсгалд зориулсан Игорь Тальковын дууг чадан ядан орчуулав. Хоёулаа л миний оюутан цагийн шүтээн байлаа. Хоёулаа одоо хорвоод байхгүй. Гэхдээ тэд мартагдахгүй ...

Найрагчид тохиолдлоор төрдөггүй юм
Нарт ертөнцөд алсаас нисэн ирдэг юм
Тойрог төөрөг нь нууцлаг хэдий ч
Тэд үнэндээ нээлттэй бас энгийн

Бурхадын тийм элчдийн нүд
Бусдаас уйтгартай, мөрөөдөлдөө үнэнч
Харанхуйд төөрсөн бүхнийг гэрэлтүүлж
Хамаг асуудлыг мартуулж явдаг

Даалгавраа гүйцэтгээд тэд буцдаг
Дээд Тэнгэрүүд нь дуудчихдаг
Ойлгож бид мэдэх биш дээ
Огторгуйн тоглоомын дүрмийг

Жүжигчин, хөгжимчин, найрагчид
Жирийн биднийг сэтгэлийг сэргээгчид ...
Бадагаа гүйцээлгүй тэд буцдаг
Бараг хөгжим нь эгшиглэж байхад шүү

Ойд шувууд тэдний дууг үргэлжлүүлдэг
Орчлонд тэднийг дурсан цэцэгс найгадаг
Алсын алсад одсон ч, тэд
Амьдарсаар байдаг юм, дуу, шүлэгэндээ

Магадгүй, өнөөдөр ч, маргааш ч
Миний бие ч нууцлагхан яваад өгнө
Найрагч, хөгжмийн зохиолч Виктор Цойгийн араас
Нисээд гэнэтхэн яваад өгнө

Улаанбаатар, 2010.02.05
Бүрэн эхээр нь...

Wednesday, February 3, 2010

САНАСАН БАЙНА

Үүр цайж наран гарав
Үүрэг эхэлж ажилдаа ирэв
Шинэ долоо хоног эхлэв
Ширээ сандлаа санасан байна

Улаанбаатар, 2010.02.08 Бүрэн эхээр нь...

Tuesday, January 26, 2010

ЯАМААР Ч ЮМ БЭ ДЭЭ

Монголд цас оров
Мөн их гай яа
"Үзэгдээгүй юм" үзэгдэж
Үнэндээ балрав гэнэ ээ

Өрөм гэхээр сүү
Өвөл гэхээр цас бодогддог баймаар
Гайгүй биз дээ гээд
Гараа хумхиад сууж байж дээ, янз нь

Тэгээд одоо яахав дээ
Тэвдээд сүйд болж байна
Хандив, өргөл хайсан
Хачин хөдөлгөөн моодонд оров

Уриалга нэртэй юм гаргаад
Улс амьтныг шахаж байна
Өнгө өнгийн юм ярьж байгаад
Өдрийн цалин салгах янзтай

Яамаар ч юм бэ дээ ...

Дэмжихгүй барихгүй гэхээр
Дээлтэй монгол малгүй хоцорч
Дэлхийд шившиг болцгоож
Дэлдэн чих олшрох вий дээ

Дэмжинэ ээ, хөө
Дэлгэр зунаар харин
Захын малчин айлд очоод
Зааж байгаад ганц ямаа авна гэчихвэл

Дээрэм, хулгайд сэрдэгдээд
Дэмий юм болох юм болов уу
Яая даа байз
Яамаар ч юм бэ дээ

Төрийн хамгаалалттай
Түмэн ардын баялаг гэж бодохоор
Өмссөн хүрмээрээ нэмнээ хийгээд
Өвс, будаанд нь ч бас нэмэр болчихмоор

Зун намартаа айраг, наадам хэсээд
Зусаг, борлонгоо үнэ хүргээд
Миний мал миний өмч гэдгийг нь санахаар
Малчид аа, горьд гээд гэдийчихмээр

Эвгүй шалаанд орлоо шүү
Эвтэйхэн гарах арга байна уу, таминь ээ
Яая даа байз
Яамаар ч юм бэ дээ

Өвгөндөө нэг хонь өгчих
Өвөл мөнгийг нь аваарай гээд
Намар нэг багийн даргад хандсан бол
Нармайгаа нээлгэх байсан биз

Өвөл гэж өвлийг хэлдгийг мартсан
Өнөө цагийн зарим малчдыг яая даа байз
Айл бүхнийг хариуцаад явах учиртай
Аймаг, сум, багийн дарга нарыг яая даа байз

Хандивласан мөнгө эзэддээ
Хивэг, өвс болоод очдог бол өөр хэрэг
Шат шат дамжин цөөрөөд
Шахааны бараа болоод хотонд очих биз

Төрийн албан хаагч гэхээрээ
Түмнээсээ ямар тасарсан байх биш
Хөдөөд ах дүү, хамаатангүй хэн байх билээ
Хүн хүн л дотроо шаналж яваа шүү дээ

Цалингаас хэдэн юм илүүчлээд
Цай, хивэгхэн болгоод
Хөдөө байдаг найздаа өгөх гэсэн юмсан
Хотод суугаа хэдийн тархины зуданд өгөх нь дээ

Яамаар ч юм бэ дээ ...

Улаанбаатар, 2010.01.26
Бүрэн эхээр нь...

Monday, January 25, 2010

СЭГСГЭРЭЭС

Миний төрсөн өдөрт зориулж Сэгсгэр андаас бичсэн шүлэг. Эхний үсэгнүүдээс нь миний нэр бүтэх юм байна. Гэхдээ Ччууллууууннххүүүү гээд жаахан уучихсан маягтай л сонсогдох байх.

Чухам ийм л өдөр, өвлийг гийгүүлэгч нар өлчиржихөд
Чулуун дээгүүр хүмүүс дааран, халууцан алхахад
Урдах зам хаа хүргэхийг хэн нь ч эс төсөөлөн зөнгөөрөө туулахад
Уй хүсэлт цаг хугацаа халааснаас гээгдэн нөгчихөд

Лааны царцмаг лаврин үдшээр дурсгал болон үлдэхэд
Лавтайяа би энэ орчлонд зуур хоносноо санахад
Учрал баяр, ирэх өдрүүд бийрийн үзүүрээс мэндлэхэд
Учраа олохгүй өөрийгөө танихгүй ч харцаа өргөж угтахад

Угаагдсан хүслээ намрын салхинд зоргоор хийсгэн өндийхөд
Унтаа нойрмог цээжний аглагт хүмүүс дуу алдан зөрөхөд
Нас зүсээ огоорон танил ахуйд уусан шингээд гэмэрхэхэд
Намайг танихгүй ертөнц дээр өрөөсөн хөл дээрээ зогсоход

Хүмүүн бусын аялгуут мэдрэмж хаанаас ч юм бэ дуурсахад
Хүч чадал сэм хуралдаад ирсэн зүг рүүгээ буцмаар санагдахад
Үүрийн шөнөөр ээжээ дуудаж өөртөө ирлээ гэж зүүдлэгдэхэд
Үрийнхээ хайрыг элгэндээ бөмбөрүүлж алгандаа атгаад босоход

Үйл заяаны нүцгэн харгуйд нүдээ мартан зоримог шуударахад
Үдийн наран тэнгэрт зүүгдчихээд тэндэхийн баяраар сэтгэл илбэлээ

Сэгсгэр, Улаанбаатар, 2010.01.25
Бүрэн эхээр нь...

Sunday, January 24, 2010

ТӨРСӨН ӨДӨР

Газар дэлхийн хэвлийд
Гучин долоон жил жирийлгэжээ, би

Улаанбаатар
2010.01.24 Бүрэн эхээр нь...

Thursday, January 21, 2010

ЯЛГАА ЮУ БАЙНА

Жинстэй ноёд
Жийптэй дарга хоёрын ялгаа юу байна
Жин тээсэн ард
Жижиг ганзагачин хоёрын ялгаа юу байна

Хүрээний гамин
Хүрз барьсан хужаа хоёрын ялгаа юу байна
Луухааны гуанз
"Лянь Хэ" ресторан хоёрын ялгаа юу байна

Ямар ч ялгаагүй
Яг л адил шив дээ
Зуун жил өнгөрсөн ч
Зурсан зураг шиг хэвээрээ шив дээ ...

Улаанбаатар, 2010.01.22
Бүрэн эхээр нь...

Wednesday, January 20, 2010

ЁР

Зуун грамм, ширхэг янжуур ч
Зул, зураг ёрлоно ...

Улаанбаатар, 2010.01.21 Бүрэн эхээр нь...

Tuesday, January 12, 2010

ЭЛЭГ ЭМТРЭХ АЖ

Ургаа мод нь цөөрсөөр
Урсгал гол нь татарсаар
Ногоон нуга нь цөлжсөөр
Нуур цөөрөм нь ширгэсээр

Ан амьтан нь үгүйрсээр
Агаар мандал нь бохирдсоор
Эрдэс баялаг нь цөмлөгдсөөр
Эргэх тэнхлэг нь хазайсаар

Онгон байгаль нь сүйдсээр
Онгичуулсан нүх нь нэмэгдсээр
Мөсөн уул нь хайлсаар
Мөнх мэт давтамж нь алдагдсаар

Ай, зайлуул
Алаг дэлхий нүдэн дээр өөрчлөгдөж байна
Эргээд хэзээ ч хуучиндаа орохгүй гэхээр
Элэг эмтрэх аж

Улаанбаатар, 2010.01.13
Бүрэн эхээр нь...

НАР ЦАГ ЗӨРӨХҮЙ

Ой дундуур алхав
Ойр хавьд амьтан үгүй мэт
Өчигдөрхөн шуурсан цасанд харин
Өчнөөн мөр үлдсэн үзэгдэнэ

Хэвтээд боссон гөрөөс
Холхиж эргэлдсэн үнэг
Яарамгүй шогшсон чоно гээд
Янз бүрийн амьтны мөр дурайна

Амьтан хайх миний бие
Арилаад өгсөн тэд нар
Нар цаг зөрөхүй дор
Нэг газар л яваад байх юм даа

Тэрэлж, Туул-Тэрэлжийн бэлчир
2010.01.01
Бүрэн эхээр нь...

Thursday, January 7, 2010

ШИД

Эмэгтэй хүн айхтар
Эр хүнийг гаргаахгүй
Зөв ч юм хийлгэнэ
Золигийн ч юм хийлгэнэ

Улаанбаатар, 2010.01.08 Бүрэн эхээр нь...

Wednesday, January 6, 2010

ӨВЛИЙН БОРОО

Бодолд бороо оров
Бодол тэнэгэрдээд явчив
Хөхөө өвлийн улиралд
Хөшигөн бороо асгарав

Сэтгэл нэг л амгалан
Сэлэнгийн урсгал шиг намуухан
Ай даа, сайхан бороо
Амьдралд дурлуулсан мэдрэмж ...

Улаанбаатар, 2010.01.07 Бүрэн эхээр нь...

Monday, January 4, 2010

ГЭНЭН БАЙНА ДАА

Нэг сарын нэгэнд
Нар голлох үдэд
Зам хөндлөн чоно гүйв
Зайлуул даа, бага амьтан байна

Ижил хийморь гэхээсээ
Ижлээсээ шөнө салаад
Гүйдэг цагаасаа хоцорсон
Гөлөгөн чоныг би өрөвдөв

Эх нь эрс дагуулж шогшуулаад
Энэ жилийн бэлтрэг төлөвлөж яваа биз
Бие даах амьдралаа
Болчимгүй эхэлж байна даа, тэр чонохон

Буутай машин таарвал яана
Буу пад, тэр пүд шүү дээ
Гэнэн байна, тэнэг байна
Гөрөөнд шөнө явж байгаасай билээ

Улаанбаатараас Налайх орох замд
2010.01.01 12.30
Бүрэн эхээр нь...

ЗҮРХ МИНЬ ДЭЭ

Гадаах хасах дөчийн жаварт
Гарт нэмэх гучин долоотой цус гүйлгэх гэж
Цээжний гүнд зүрх хичээнгүйлэн цохилно
Цэвэр агаар хүсэмжлэн уушиг түүнийг дэмжинэ ...

Улаанбаатар, 2010.01.05 Бүрэн эхээр нь...

ХӨӨРХИЙ

Монголын төр байгуулагдсаны 803 гэх
Монгол Улс тусгаар тогтносны 85 гэх
Манжаас чөлөөлөгдсөний 98 гэх
Миний толгой бүр эргэж дууслаа, хөөрхий

Ямар ч байсан 2010 он гарчихлаа
Ядаж байхад удахгүй хуучнаар жил солигдоно
Хэзээ баярлахаа сайн мэдэхгүйгээс
Хэнд ч баяр хүргэж чадалгүй өнгөрөв өө, хөөрхий

Улаанбаатар, 2010.01.05 Бүрэн эхээр нь...