Wednesday, December 2, 2009

ЭХ ХҮНИЙ ТУХАЙ

Эх хүний тухай
Ээжийн тухай бага бичжээ, би
Бурхан болсон ээжийгээ дурсахаар
Бичих биш, уйлахыг л сайн хийсэн байна

Арван хүүхэдтэй эхийг хүүхэдгүй эх
Арав үхнэ дээ, чи гэж ёжолсон тухай
Ээж минь хааяа ярьдаг байлаа
Ээжийгээ бага зовоо л доо гэсэн үг байсан биз

Нээрээ, хүүхдийнхээ тоогоор
Нэг биш хэд хэд үхэж, амьдардаг
Ээж хүн гэдэг агуу агуу
Энэ хорвоогийн дээдийн дээд юм даа

Өөрийн амьдрал, жаргалаа
Өрвийсөн хүүхдүүддээ харамгүй зориулж
Ерөөсөө л тэдний төлөө амьсгалж
Ертөнцийн хоног өдрийг өнгөрөөдөг

Алдаж, эндэхэд нь хамт шаналж
Аятай, эвтэй явахад нь нууцхан баярлаж
Дээлний зах, хормой мушгин байж
Даатгаж, бурханаас гуйн залбирдаг

Амь бүхний эх булаг
Амьдрал бүхний утга учир
Эх, ээж хүн Таны тухай
Энэ удаад ч бүрэн бичиж чадахгүй юм байна

Улаанбаатар, 2009.12.03
Бүрэн эхээр нь...

Tuesday, December 1, 2009

ЗҮҮД

Үнэхээр сайхан зүүдлэхдээ
Үүлэн дээгүүр ч нисэж буйгаар зүүдэлдэг
Хөгийн муухай зүүдлэхдээ
Хөл минь мэдрэлгүй болсноор зүүдэлдэг ...

Улаанбаатар, 2009.12.02 Бүрэн эхээр нь...

ГОЁ ЮМ ОО

Найз минь дуудаж байна
Надад хэлэх юм байх шиг
Бакаалтай болчихлоо гэнэ
Бандитай боллоо гэсэн үг байж

Өмнөөс нь баярладаг байна ш дээ
Өөрийн эрхгүй огшдог байна ш дээ
Хүүтэй болно гэдэг
Хүн, тэр дундаа эр хүний хүсэл мэт

Охид дутахгүй, дутаахгүй л дээ
Орчлонд тэдэн шиг эрдэнэ хаана байна
Гэхдээ бандитай болох гэдэг
Гоё юм оо, гоё юм ...

Улаанбаатар, 2009.12.02
Бүрэн эхээр нь...

ТҮҮХ БА ТҮҮХ

Цогт Тайжийн тухай
Цогтой киног үзэж сууна
Түүх өгүүлэх гэсэн нь
Түүх болчихжээ өөрөө, одоо

Цогтыг дурсахаас илүү
Цагааны Цэгмидийг дурсмаар
Арслан тайжийг санахаас илүү
"Алтан үе"-ийг санагалзмаар ...

Хөндий дүүрсэн малаас нь
Хөх ишиг ч амьд үлдээгүй
Агссан зэвсэг, унасан морьд нь
Ассан түймэр, амны тос болсон гэж бодохоор

Ай даа
Амьдрал гэж сонин юм даа
Өчигдөрхөн шахуу байсан юмс
Өнөөдөр оргүй алга болжээ дээ ...

Хүний хорвоо эргэлдсээр
Хуучныг мартан шинэд дассаар
Гээж, олж, гээсээр
Гэрэл, харанхуй ээлжилсээр ...

Улаанбаатар, 2009.12.01
Бүрэн эхээр нь...

Monday, November 30, 2009

БИЗ

... Эрдэнэ хvvгийнхээ толгойг энхрийлэн илээд Долгорт хандаж «Явуулын хvний ганцыг авсныг бодоход дvv минь ядарч дээ. Морины учир ч ийм байжээ, харин...» гээд vгээ тасалж бодол болов ... ("Тунгалаг Тамир" романаас)

Засагт ханы Цахиур Төмөр
Зугтан тэвдэж яваад
Таарсан унааг "авахдаа"
Тэр энэ гэж ялгаагүй биз

Төрсөн ах Эрдэнийхээ
Тэрэгний ганцыг гэж
Мэдсэн бол ядаж
Мэнд мэдээд явах байсан биз

Аргагүй тэр ядраад
Аль болох нуугдаа биз
Хөөн ирэх аюулаас
Холдон дутаж амжаа биз

Эр хүн дордон сэхдэгийг
Эрдэнэ угаас ойлгоо биз
Ядрах гэж юу байдгийг
Яриулалтгүй угаас санаа биз

Үнэхээр аргагүйдэх түүх
Үүгээр төгсгөл болоогүй биз
Алдах, аргагүйдэх үе
Амьдралд угаасаа зөндөө биз

Харин Эрдэнэ шиг
Хүн эрдэнэ таарвал
Хайрыг нь дааж
Хожуу ч гэсэн баярлуулах хэрэгтэй юм шүү

Улаанбаатар, 2009.12.01
Бүрэн эхээр нь...