Friday, July 17, 2009

ААДАР

Аадар бороо орж байна
Аянга цахилж, тэнгэр дуугараад
Мөндөр зөндөр хаялаад
Мөн чиг сүртэй байна

Ойрд үзээгүй азарган бороо
Орж байна даа, Улаанбаатарт
Модод найгаад байшин доргиод
Машин замаар гол урсаад

Үер ч буулаа даа янз нь
Үймүүлж баахан сүйдлэнэ дээ
Буруу газар буусан айлууд
Бөөнөөрөө урсаж балрана даа

Улаанбаатар, 2009.07.17 16.00
Бүрэн эхээр нь...

Thursday, July 16, 2009

ХҮН

Хүн хэзээ үүссэнийг мэдэхгүй
Хэзээ устахыг бүр мэдэхгүй
Хүн гэдгээрээ урт түүх, удаан настай
Хүний амьдрал харин өөрөө богино

Амьдрал, амьдралын үргэлжлэл
Агуу хийгээд тасрашгүй
Хүсэл, хүслийн нийлбэр
Хүний хөгжлийн түлхүүр

Улаанбаатар, 2009.07.17 Бүрэн эхээр нь...

ЮУ БА ЮМ

Юу вэ гэхээр
Юм гэж хариулж болох
Аль аль нь бүрхэг үг ч
Асуулт, хариулт байж чадаад байх ...

Улаанбаатар, 2009.07.17 Бүрэн эхээр нь...

МЭДЭХГҮЙ ЭЭ

Нэг хүн ярьж байна
Намайг уг нь сайн мэддэг юм
Чиний учрыг олохгүй юм гэнэ
Чи битгий хэл би олдоггүй юм гэв

Нээрээ би өөрийгөө мэддэггүй
Нэрнээс цаашгүй, оньсого байдаг
Хаанаас, яах гэж ирснээ
Хаашаа, юу хийх гэж буцахаа би мэдэхгүй ээ ...

Улаанбаатар, 2009.07.17 Бүрэн эхээр нь...

ГЭХ ЮМ

Гэмгүй аашинд нь дасах гэх юм
Гоо үзэсгэлэнд нь шунах гэх юм
Хайр сэтгэлийг нь эзэмдэх гэх юм
Хар хүн бүхнээс харамлах гэх юм ...

Улаанбаатар, ... Бүрэн эхээр нь...

Wednesday, July 15, 2009

ХҮДЭР НУТАГ

Өтгөн ногоон ой
Өвдөг хүрсэн өвс
Өнгө өнгийн цэцэгс
Өвөөлж, хөхөөн дуу

Гурын хахир чимээ
Голын эргийн намаг
Уулын тунгалаг булаг
Усны шувуудын ганганаа

Энгэрт хивсэлсэн гүзээлзгэнэ
Эрэг дагасан булга
Солонготой орсон бороо
Сонин содон уулс

Буутай хилийн харуул
Бууж, хөөрөх манан
Эхгүй өсөх бамбарууш
Элбэг баян хангай

Үерлэн урсах Хүдэр гол
Үзэсгэлэнт Сүхээ гол
Бужигнан үргэх жараахай
Бултаж зугтаасан чоно

Ай даа, сэтгэлээс гарахгүй нь дээ
Алаг дэлхийн нэгэн диваажин
Хүдэрийн сайхан нутагт
Хүрээд дахин очихсон доо

Улаанбаатар, 2009.07.16
Бүрэн эхээр нь...

Tuesday, July 14, 2009

МАЗААХАЙ

Хүдэрт найзындаа очлоо
Хаанаас ч олсон нь мэдэгдэхгүй
Нэг бамбарууш байх юм
Нэр мэртэй бас, Мазаахай гээд

Өөрийгөө нохой гээд бодчихсон
Өхөөрдөм амьтан байх юм
Ноход даган гүйх мөртөө
Нэг мэдэхнээ л модонд гарчихна

Холтос дуугарган бууж ирээд
Хүн дагаад майга майга алхана
Эхийгээ санадаг юм уу даа
Эрхий хуруугаа хөхөөд архирна

Сарвууных нь хумсны уртыг яана
Сав л хийвэл хүнээс зуурч зогсоно
Хоёр хөл дээрээ босоод ирэхээр
Хөвчийн хүрэн мөнөөс мөн дөө

Сүүн шүд нь унаад дууссан болохоор
Сүрхий чанга хазаж чадахгүй
Байсгээд л хазаж ноолох гэнэ
Барилдаж бүр тонгорч унагаах гэнэ

Хүүхэд шиг эрхлүүлэн тоглох гэвч
Хурц хумс нь айдас төрүүлнэ
Хүний идэж байгааг иднэ
Хүнээс илүү цэцэг ногоо зулгаана

Томрох тусмаа аюул дагуулах
Томоогүй бамбарууш өссөөр байна
Манайхан дотносон дуудахдаа
Мазаахай биш Батсайхан болгоод ирсэнсэн

Ийм нэг амьтан тэнд үлдлээ
Ирээдүй нь харин дэндүү бүрхэг
Хүн ч биш, баавгай ч биш хүмүүжиж
Хөвчийн амьдралаасаа тасарсаар байна

Хүн гээд итгэчихвэл нэг өдөр аашлаад
Хүн амины хэрэгт орох нь тодорхой
Баавгай гээд хөөгөөд явуулбал
Буу барьсан нэгэн рүү гүйж очно доо

Хөвчийнхээ эзэн болоод
Хөндлөн алхах заяа байхгүй биз
Аса циркт авчирч өгөөд
Ах нар шиг нь Батсайханыгаа эргэхсэн

Сэлэнгэ, Хүдэр сум, 2009.07.13
Бүрэн эхээр нь...

Monday, July 13, 2009

ЗАЛУУ НАС

Барилдлаа, дуртай юм болохоор
Барилдах нь барилдаад байна
Гурван сайхан эртэй амралгүй
Гурав гурав цувруулаад ноцолдлоо

Сурсан юм хойно даваад байна
"Сайдын ам"-ны аварга болчихлоо
Удалгүй дахин босгож ирээд
"Уячдын наадмаа" хийлээ

Босоо үлдээд байх юм
Бодолд харин гуниг нэмэгдээд
Амьсгаа ихтэй болсныгоо анзаарлаа
Атгалт сулраад ирэхийг мэдэрлээ

Маргааш нь бие булрахыг үзлээ
Миний барилдах одоо худлаа болж дээ
Сум, аймагт ч ноцолдож яваагүй ч
Сугаа ханзалж, өмдөө урж явах дуртайсан

Ай хөөрхий, залуу нас минь
Ард үлдэн хоцорч эхэлжээ дээ
Хамт цаашаа удаан явахгүй гэдгээ
Хэлж сая ойлгуулах шиг боллоо

Сэлэнгэ, Хүдэр сум, Сайдын ам, 2009.07.13
Бүрэн эхээр нь...