Tuesday, January 26, 2010

ЯАМААР Ч ЮМ БЭ ДЭЭ

Монголд цас оров
Мөн их гай яа
"Үзэгдээгүй юм" үзэгдэж
Үнэндээ балрав гэнэ ээ

Өрөм гэхээр сүү
Өвөл гэхээр цас бодогддог баймаар
Гайгүй биз дээ гээд
Гараа хумхиад сууж байж дээ, янз нь

Тэгээд одоо яахав дээ
Тэвдээд сүйд болж байна
Хандив, өргөл хайсан
Хачин хөдөлгөөн моодонд оров

Уриалга нэртэй юм гаргаад
Улс амьтныг шахаж байна
Өнгө өнгийн юм ярьж байгаад
Өдрийн цалин салгах янзтай

Яамаар ч юм бэ дээ ...

Дэмжихгүй барихгүй гэхээр
Дээлтэй монгол малгүй хоцорч
Дэлхийд шившиг болцгоож
Дэлдэн чих олшрох вий дээ

Дэмжинэ ээ, хөө
Дэлгэр зунаар харин
Захын малчин айлд очоод
Зааж байгаад ганц ямаа авна гэчихвэл

Дээрэм, хулгайд сэрдэгдээд
Дэмий юм болох юм болов уу
Яая даа байз
Яамаар ч юм бэ дээ

Төрийн хамгаалалттай
Түмэн ардын баялаг гэж бодохоор
Өмссөн хүрмээрээ нэмнээ хийгээд
Өвс, будаанд нь ч бас нэмэр болчихмоор

Зун намартаа айраг, наадам хэсээд
Зусаг, борлонгоо үнэ хүргээд
Миний мал миний өмч гэдгийг нь санахаар
Малчид аа, горьд гээд гэдийчихмээр

Эвгүй шалаанд орлоо шүү
Эвтэйхэн гарах арга байна уу, таминь ээ
Яая даа байз
Яамаар ч юм бэ дээ

Өвгөндөө нэг хонь өгчих
Өвөл мөнгийг нь аваарай гээд
Намар нэг багийн даргад хандсан бол
Нармайгаа нээлгэх байсан биз

Өвөл гэж өвлийг хэлдгийг мартсан
Өнөө цагийн зарим малчдыг яая даа байз
Айл бүхнийг хариуцаад явах учиртай
Аймаг, сум, багийн дарга нарыг яая даа байз

Хандивласан мөнгө эзэддээ
Хивэг, өвс болоод очдог бол өөр хэрэг
Шат шат дамжин цөөрөөд
Шахааны бараа болоод хотонд очих биз

Төрийн албан хаагч гэхээрээ
Түмнээсээ ямар тасарсан байх биш
Хөдөөд ах дүү, хамаатангүй хэн байх билээ
Хүн хүн л дотроо шаналж яваа шүү дээ

Цалингаас хэдэн юм илүүчлээд
Цай, хивэгхэн болгоод
Хөдөө байдаг найздаа өгөх гэсэн юмсан
Хотод суугаа хэдийн тархины зуданд өгөх нь дээ

Яамаар ч юм бэ дээ ...

Улаанбаатар, 2010.01.26
Бүрэн эхээр нь...

Monday, January 25, 2010

СЭГСГЭРЭЭС

Миний төрсөн өдөрт зориулж Сэгсгэр андаас бичсэн шүлэг. Эхний үсэгнүүдээс нь миний нэр бүтэх юм байна. Гэхдээ Ччууллууууннххүүүү гээд жаахан уучихсан маягтай л сонсогдох байх.

Чухам ийм л өдөр, өвлийг гийгүүлэгч нар өлчиржихөд
Чулуун дээгүүр хүмүүс дааран, халууцан алхахад
Урдах зам хаа хүргэхийг хэн нь ч эс төсөөлөн зөнгөөрөө туулахад
Уй хүсэлт цаг хугацаа халааснаас гээгдэн нөгчихөд

Лааны царцмаг лаврин үдшээр дурсгал болон үлдэхэд
Лавтайяа би энэ орчлонд зуур хоносноо санахад
Учрал баяр, ирэх өдрүүд бийрийн үзүүрээс мэндлэхэд
Учраа олохгүй өөрийгөө танихгүй ч харцаа өргөж угтахад

Угаагдсан хүслээ намрын салхинд зоргоор хийсгэн өндийхөд
Унтаа нойрмог цээжний аглагт хүмүүс дуу алдан зөрөхөд
Нас зүсээ огоорон танил ахуйд уусан шингээд гэмэрхэхэд
Намайг танихгүй ертөнц дээр өрөөсөн хөл дээрээ зогсоход

Хүмүүн бусын аялгуут мэдрэмж хаанаас ч юм бэ дуурсахад
Хүч чадал сэм хуралдаад ирсэн зүг рүүгээ буцмаар санагдахад
Үүрийн шөнөөр ээжээ дуудаж өөртөө ирлээ гэж зүүдлэгдэхэд
Үрийнхээ хайрыг элгэндээ бөмбөрүүлж алгандаа атгаад босоход

Үйл заяаны нүцгэн харгуйд нүдээ мартан зоримог шуударахад
Үдийн наран тэнгэрт зүүгдчихээд тэндэхийн баяраар сэтгэл илбэлээ

Сэгсгэр, Улаанбаатар, 2010.01.25
Бүрэн эхээр нь...

Sunday, January 24, 2010

ТӨРСӨН ӨДӨР

Газар дэлхийн хэвлийд
Гучин долоон жил жирийлгэжээ, би

Улаанбаатар
2010.01.24 Бүрэн эхээр нь...