Monday, May 25, 2009

ЗУСЛАН

Зун цаг ирж байна
Зуслан санаанд орж байна ...

Одоо надад ямар зуслан байх вэ дээ
Олдох ч үгүй биз, газар энэ тэр нь
Дураараа буудаг зуслантай байснаа л
Дурсаж өөрийгөө баясгах юм даа

Үүр цайж, үхэр босох үед
Үглүүлсээр аав, ээжээрээ сэрээлэгдэгсэн
Босож нүүрээ угаасан болчихоод
Боорцог дэвтээнхэн цайгаа уудагсан

Хэвтэж хоносон манан
Хээв нэг өндийж байдагсан
Нар хэдий мандаж буй ч
Наана нь битүү манан

Яг хаана байгааг нь
Ялгаж харах амар биш
Манангийн чийг бүрт ойсон туяа нь
Мандсан нарны чигийг будилуулдагсан

Чөдөрлөж хоносон морьдоо авахаар
Чөрийсөн банди нар цугладагсан
Авахын тулд эхлээд олох хэрэгтэй
Алс, эсвэл ойрд хайх хэрэгтэй

Худалч хүний яриагаар бол
Хамт яваа хүн харагдахгүй мананд
Орой энд харагдсан
Ойрдоо тэнд байгаад буй гэж таамагладагсан

Хазаараа хяруунд норгохгүй гэж дээр барьсан мөртлөө
Ханзарсан, ханзраагүй гутлаа харин үл тоон алхдагсан
Зарим нь хөл нүцгэн гүйж
Зальтай, ухаантайгаа гайхуулдагсан

Таамагаар баахан алхаж байснаа
Таг чимээгүй болоод чих тавьдагсан
Хөөрөх манангийн доогуур шагайн
Хөглөж зарим нь инээд авдагсан

Хулгайд алдчихгүй гэсэндээ
Хөлд нь зүүсэн төмөр тушааны чимээ
Ширдэг мэт ургасан өвс ногоог
Шир шир хазлан тургих морьдын анир ...

Ай даа, мөн ч сайхан байдагсан даа ...

Зун цаг ирж байна
Зуслантай байсан нас минь дурсагдаж байна ...

Улаанбаатар, 2009.05.26
Бүрэн эхээр нь...

ЯЛАЛТЫН ЧИМЭЭ

Бөөн чимээ дуулдана
Бөмбөр нүдээд байна уу
Дуу дуулаад байна уу
Дуут дохио хадаад байна уу

Аан,
Ард олон цугласан байна
Ардчилсан Ерөнхийлөгчөө тойрсон байна
Ам мэдэн уухайлсан байна ...

Улаанбаатар, 2009.05.25 Бүрэн эхээр нь...

Sunday, May 24, 2009

АНТИРЕКОРД

Амьдралдаа нэг ч сонгууль өгөөгүй
Антирекорд нэмэгдсээр байна даа ...

Ерөн хоёр онд Москвад оюутан
Ерөн зургаан онд амжиж төгсөөгүй
Ерөн долоон онд гол дээр загасчин байлаа

Хоёр мянган онд Hague-д оюутан
Хоёр мянга нэг онд Түркт консул
Хоёр мянга дөрвөн онд хөдөө согтуу байлаа

Хоёр мянга таван онд Australia-д оюутан
Хоёр мянга найман онд үнэмлэхгүй салан
Харин энэ жил илүүдээд хасагдсан байлаа

Хачин идэвхгүй иргэн байна уу, би ...

Улаанбаатар, 2009.05.25
Бүрэн эхээр нь...

ИЛҮҮДСЭН ИДЭВХ

Сонгууль ч товлосноороо боллоо
Санал өгч үздэг баатар боллоо
Зориод тэнд нь очлоо доо
Зогсож дугаарлаад орлоо доо

Орлоо доо ч гэж дээ
Оруулсангүй дээ, намайг
Хорооны бүртгэл дээр бол байна
Харин сонгогчийнх дээр алга гэнэ

Хүн явж хаалгыг чинь нүдсэн
Хүнгүй байж таарсан биз
Тэгэхээр хасдаг юм
Тэнэг юм уу хаашаа юм гэж загнуулав

Улсын бүртгэлд нэр нь хаягтайгаа байвч
Урьдчилаад шалгахад нь олдоогүй гэнэ, бид
Эхнэр бид хоёр ингээд буцав
Эрх мэрхээ ч эдэлж чадсангүй

Амьдралдаа сонгууль өгч үзээгүй
Антирекорд бүр нэмэгдээд явчихлаа
Ингэж хасагдсанаа мэдсэн бол
Илүүдсэн идэвх гаргадаггүй байж дээ

Улаанбаатар, 2009.05.24
Бүрэн эхээр нь...