Thursday, April 16, 2009

ЭМГЭНЭЛИЙН ҮГ

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат уурхайчин, авга ах Жигмидийн Отгонцагааны гэгээн дурсгалд зориулав:

Гаадаа гэж хүндэтгэн дууддаг
Газар дээрх ганц авга ах минь ээ
Аавын нэртэй хамт овог минь болсон
Алдар цуут баатар ах минь ээ

Хүүхэд наснаас эрхэлсэн түшиг минь ээ
Хүний дээд, эрийн сор явсан ах минь ээ
Мөнхөд байх юм санаад хэнэггүйхэн явтал
Мөнх бусыг үзүүлээд орхин одлоо, Та

Өвөр дээр тань тоглож өсчихөөд
Өвчтэй үед тань олон эргэж ирээгүйг минь уучлаарай
Эрт цагийн торгууд баатрын үр удам
Энгүй хөдөлмөрч, тэвчээртэй хүн явлаа, Та

Үеийн үед, үр хүүхэддээ домог болгон ярьж явна аа, Таныг
Үнэнч шударгаар ажиллаж, амьдарч явна аа, Тан шиг
Ах минь Алтан өлгийдөө амар тайван нойрсоорой
Ахиад хүн болоод бидэндээ заавал эргэж ирээрэй

Ум ма ни бад ми хум
Улаанбаатар, 2009.01.30
Бүрэн эхээр нь...

Wednesday, April 15, 2009

ОЙМСООР НЬ ХҮНИЙГ ТАНЬДАГ ГЭВ ҮҮ

Сонин уншаад сууж байтал оймсоор нь хүнийг таньдаг тухай нийтлэл гарсан байна. Тэгээд дараахийг бичив:

Оймс олон янз байна аа
Одтой, сартай, бүр нартай
Улаан, цагаан гээд олон өнгөтэй
Урт, богино гээд олон хэлбэртэй



Өлгөөтэй, эсвэл хадгалаатай шинэ
Өсгий нь элэгдсэн, эсвэл цоорсон
Шуу нь унжсан, эсвэл барьсан
Шивэрт согтсон, эсвэл согтоогүй

Угаалгаж өнгө орсон, эсвэл нимгэрсэн
Угаалгагүй хатан боссон, эсвэл хаягдан хэвтсэн
Эзэндээ ээлжгүй, эсвэл ээлжтэй
Эмэгтэй, эрэгтэй, бас хүүхдийнх

Арьсан, эсвэл даавуун
Аль болох бүхнээр хийсэн гээд
Орчлонд дэлхийд тарсан
Оймс олон янз байна аа

***

Оймс олон янз байвч
Оройл үүрэг нь адил юм
Толгойд эсвэл гарт углагдахгүй
Том, жижиг ялгаагүй хөлд л очно

Индүүдлээ гээд урт наслахгүй
Илүү, ээлжтэй өмслөө гэхэд хагас жил
Тэвэрч биш өмсөж гүйвэл
Тэр өдөртөө хаясан ч болно

Оймсгүй гутал холгох
"Оймсон" гутал цоорох аюултай
Эмэгтэйчүүд оймсгүй явж болох боловч
Эрчүүд харин тэгэж явбал тэсэхгүй

Удаан өмслөө гээд баатар болгохгүй
Уутанд хийж, эсвэл тэр чигээр нь хаячихна
Суут хүмүүсийн оймс гээд музейд байдаг ч
Сургуульд анх өмссөнөө хүмүүс хадгалахгүй

***

Оймс хэрэв ярьдаг бол
Олон юм бас ярина аа
Хэлтэй байсан бол тэр гайхал
Хэдэн ч гэр бүлийг бусниулаа бол

Эзэн нь хаана хоносныг
Эрүүл, эсвэл согтуу явсныг
Хэнэг ч үгүй бурж
Хэрэг тарьдаг бол яана

Оронд, эсвэл орцонд
Оройд, эсвэл өглөөд
Юу гээч болсныг
Юу ч бодохгүй хэлдэг бол яана

Оймсоороо танигдах нь юу ч биш
Олон янзын оймс байвч
Одоо хүртэл хэл заагаагүй нь
Оймс хийсэн, өмссөн хүн бүрийн гавьяа шүү, харин

Улаанбаатар, 2008.05.20

Бүрэн эхээр нь...

ЕСӨН ЭРДЭНЭ

Миний том охин Ч.Эгшиглэн намайг Есөн эрдэнэ гэсэн шүлэг бичиж өгөөч гэхээр нь доорхийг бичсэн юм. Манай гэрээр дүүрэн инээдэм болов:


Хөдөөд ядрашгүй ган эрдэнэ
Хулхи үедээ зэс эрдэнэ
Ядрахаар зовхи нь оюу эрдэнэ
Нам унтахдаа ногоороод номин эрдэнэ
Архидахаар хамар нь шүр эрдэнэ
Арьс нь энэ тэндээ сувд эрдэнэ
Угаасан шүд нь тана эрдэнэ
Гэр бүлдээ мөнгө эрдэнэ
Охин наддаа алт эрдэнэ

Миний аав 9 эрдэнийн билээ

Улаанбаатар, 2009.01.20
Бүрэн эхээр нь...

МИНИЙ ЭХ ОРНЫ ДӨРВӨН УЛИРАЛ САЙХАНСАН

Баруун Байдлагийн хэдэн зурайндаа
Байтаг Богдын хилчид шиг цувран хэвтэх сайхансан
Буун дуунаас өмнө амжиж
Бор гөрөөсний хөлийн чимээг чагнах сайхансан

Ногоохон дошнуудаар толботон гангарсан уулыг
Нар ургахаас шингэх хүртэл "сахих" сайхансан
Наана чинь нэг цаана чинь нэг гээд
Найз нөхөдтэйгээ тарвагачилж явах сайхансан

Янзага эхээсээ ялгархааргуй болтлоо өссөн цагт
Язганасан олон зээр дээр буух сайхансан
Янцагласан бүдүүн хөх ооныг тасдан хөөж
Ямаан махыг нь амтлан идэх сайхансан

Амьсгал агаарт царцам өвлийн шөнө
Адуу тойрон гэрэлтүүлж явах сайхансан
Амьтны нүдэнд оч асаачихаад
Аль бүхнээ мартан хөөж явах сайхансан

Аделайд, Өмнөд Австрали, 2005.03.09
Бүрэн эхээр нь...

ХАЙРТАЙ

Хайртай, би

Хангай нутагтаа хайртай
Харахаараа хөөдөг ч ан амьтаддаа хайртай
Ах дүү, төрөл төрөгсөддөө хайртай
Амьдралын утга учир гэр бүлдээ хайртай

Тоотойхон хэдэн нөхөддээ хайртай
Тоонот гэрт монгол ахуйдаа хайртай
Буцсан ч дэргэд мэт санагддаг ээждээ хайртай
Буурал муу аавдаа хайртай

***


Загнуулж байлаа, би

Тугал унаад загнуулж байлаа
Туул руу яваад загнуулж байлаа
Шувуу шоглоод загнуулж байлаа
Шугам мэрээд загнуулж байлаа

Царцаа сүвлээд загнуулж байлаа
Цас хүлхээд загнуулж байлаа
Хулгана чавхдаад загнуулж байлаа
Хадлангаа норгоод загнуулж байлаа

***

Хүсдэг байлаа, би

Алсад одох замын төгсгөлийг харахыг хүсдэг байлаа
Ардын цэрэгт мордож хил манахыг хүсдэг байлаа
Авд мордож хийморио сэргээхийг хүсдэг байлаа
Аавыгаа дуурайж уурхайчин болохыг хүсдэг байлаа

***

Дурсана аа, би хүүхэд насаа
Дуутай шуутай нь дурсана
Үгүйлнэ ээ, би ээжийгээ
Үсээ цайсан ч үгүйлнэ
Зүүдлэнэ ээ, би эх орноо
Зүрхээ зогсон зогстол зүүдлэнэ
Хайрлана аа, би охидоо
Харах нүд шигээ хайрлана
Хүснэ ээ, би ханиа
Хойд насандаа ч хүснэ

***

ХҮҮХЭД НАС

Би хүүхэд насаа хардаг

Хэнэггүй авахуулсан хар цагаан зурагнуудаасаа хардаг
Хээтэн урсах Туулын урсгалаас хардаг
Борооны дараах солонгоноос хардаг
Бага Чука гэгддэг бяцхан үрсээсээ хардаг

***

Би хүүхэд насаа үнэртдэг

Аяганы маарлаас үнэртдэг
Аргалын утаанаас үнэртдэг
Малын бууцнаас үнэртдэг
Майхан уулнаас үнэртдэг

***

Би хүүхэд насаа сонсдог

Маамуу нааш ир-ээс сонсдог
МИГ онгоцны нисэлтээс сонсдог
Нас тоолдог гэх хөхөөн дуунаас сонсдог
Намар буцах шувуудын ганганаанаас сонсдог

Улаанбаатар, 2004.11.03
Бүрэн эхээр нь...

САНАА ЗОВОЖ ЯВНА

Уусан архиныхаа өмнөөс
Уухаас аргагүйдэх архины өмнөөс
Бурж чалчсаныхаа төлөө
Бултаж чаддаггүй тийм мөчийн өмнөөс

Болоод өнгөрсөн явдлын араас
Болох учрах бүгдийн төлөө
Сайхан нөхдийнхөө төлөө
Саар бусдаас болоод

Дуусаагүй наймааны төлөө
Дуусашгүй хэрэгцээнийхээ төлөө
Алдсан алдааныхаа өмнөөс
Ахиад үйлдэх нүгэлийн өмнөөс

Нялх үрсийнхээ төлөө
Ная гарсан эцгийнхээ төлөө
Намайг түшсэн ханийхаа төлөө
Надад итгэсэн бүхний төлөө

Мөнх бус амьдралыг бодон
Мөдхөн дуусах залуу насандаа харамсан
Үнэнээсээ олон худлыг жигшин
Үй түмэн шуналтныг үзэн ядаад

Тайраад дууссан моддоо өрөвдөөд
Тарвага ч үгүй болсон нутагтаа харамсаад
Ухуулж төнхүүлсэн газраа хараад
Уруудаж яваа төрөө бодоод

Санаа зовож явна
Санан санан ухаажихсан гэж явна

Улаанбаатар, 2008.06.30
Бүрэн эхээр нь...

НАЙЗ НАРТАА ИЛГЭЭСЭН МЭНДЧИЛГЭЭ

Найман зууны тэртээ Төрт улсаа байгуулсан гэдэг
Наян таван жилийн өмнө туургаа дахин тусгаарласан гэдэг
Надаас өмнөхийг нь би ямар харсан биш дээ
Наадамд эрийн гурваар нь ямар хүч үзэх биш дээ

Гэвч,
Сүүгээр амлуулсан ээжээсээ төрж
Сүлдэндээ залбирсан эцэгтээ түшиглэн
Эх нутагийн шороог үмхэн хөлд орж
Эрх чөлөөг хэрээрээ амсан өссөнөө санаж байна

Төрөх орон, төрүүлэх ээж ааваа би сонгоогүй ч
Түмнийхээ буяныг даах эсэх нь надаас хамаардаг
Төөрөг тавилангаа өөрөө би таан удирдахгүй ч
Төрсөн ах дүү мэт нөхөдтэй явах нь надаас бас хамаардаг

Түүх хэдий агуу ч
Тэмдэглэх нөхөдгүй бол утга юун
Эх орон хэдий сайхан ч
Эргэн санах нөхөдгүй бол утга юун

Бодол хэдий хурдан ч
Бодогдох нөхөдгүй бол утга юун
Хүсэл хэдий хязгааргүй ч
Хүндлэх нөхөдгүй бол утга юун

Аз болоход,
Даарах үедээ нөмөрт нь наалдан дулаацаж
Халууцах үедээ салхинд нь алхаж сэрүүцэх
Дарвих үедээ дарвин туслах үедээ туслаж
Хүний орчлонд хөл нийлүүлэн алхах нөхөдтэй, би

Төрт улс, тусгаар улсынхаа түүхтэй харьцуулбал
Төрсөн бие, төөрүүлсэн хоног минь юухан билээ
Таньсан нөхөд та бүхэнтэй харьцуулахад
Түүхэн дэх баатар, жанжингууд хэнсэн билээ, надад

Өөрсдөдөө бид зориулж, өөрсдөө бид хичээхгүй бол
Өвөг дээдсийн цагаан туг өөрөө ямар цэнгэх биш
Цагийг эзэлсэн Та бүхэндээ л баяр хүргэхгvй бол
Надаас өмнө амьдарсан хэн гуайд ч мэнд дамжуулаад хүрэх биш

Ингээд бодохоор энэ их баяр наадам
Илүү ч үгүй дутуу ч үгүй бидний л баяр юм
Молхи ч гэсэн хэдэн үг холбож Та нартаа баяр хүргэх
Миний бас нэг боломж юм уу даа

Танд болон танай гэр бүлд цаашид ч эрүүл энх байж, улам их аз жаргалтай явахыг чин сэтгэлээсээ хүсэн ерөөж, мэндчилж байна. Хүлээн авна уу.

Гүнээ хүндэтгэсэн,

Аделайд, Өмнөд Австрали, 2006.07.11
Бүрэн эхээр нь...

ГРАНАТ

Өнөөдөр сонины 2006.06.02-ны дугаарт сэтгүүлч Б.Долзодмаагийн бичсэнээр “Жаал хүү гранат бариад гүйж явсан ноцтой явдал болж. Сvхбаатар дvvргийн ХIY хорооны нутаг Долоон буудлын автобусны буудлын ар талд уг гранат байсан бөгөөд цагдаагийнхан эргэн тойрныг хамгаалалтад авч. Автобусны буудлын ар талд болохоор тэр хавиар хvн ихтэй байсан нь тvгшvvр төрvvлэм байж. Цэнэгтэй
vгvйг нь гаднаас нь хараад тогтоох боломжгvй аж. Хэрэв дэлбэрвэл хааш хаашаа 50 метрийн хvрээг хамрах учраас аюултай нь тодорхой. Хамгийн анх энэ гранат тэр хавийн нэгэн айлын хашаанаас олдож. Хашаанд нь ус дvvрч газар ухах vеэр гранат гарч ирснийг бяцхан хvv нь гартаа атгачихсан явж. Vvнийг харсан гэрийн эзэн яаран сандран хорооны цагдаагийн хэсэгт гранатыг хvлээлгэж өгч. Цагдаагийнхан ч гранатыг хараад бас сандралдаж. Хvнээс зайдуу аюул багатай хэмээн хогийн савны хажууд тавьж. Онцгой байдлын ерөнхий газраас мэргэжлийн хvмvvс ирж гар гранат гэдгийг нь тогтоож. Дэлбэрч болзошгvй гэж vзээд Налайхад байрладаг мэргэжлийн байгууллага буюу мини тэсэрч дэлбэрэх аюулыг таслан зогсоодог хvмvvс ирэх хэрэгтэйг зөвлөөд буцаж. Дугаар шилжих мөчид гранат Долоон буудлын автобусны буудлын ар талд хогийн савны хажууд байж л байж. Учир нь Налайхаас мэргэжлийн хvмvvс ирээгvй байж. Юутай ч цагдаагийнхан эргэн тойронд хvн мал ойртуулахгvй байх арга хэмжээг vргэлжлvvлсэн хэвээр байгаа аж” гэнэ.

Өнөөдөр сонины маргаашийнх нь дугаарт сэтгүүлч Б.Одмаа “дэлбэрч болзошгvй гранат олон хvний хөлийн газарт хамгаалалтын бvсэд байгаа тухай өмнө нь мэдээлсэн. Тэр гранат цэнэгтэй, дэлбэрсэн гэсэн сэрдхийм мэдээлэл дуулдлаа. Жаахан хvv бариад гvйж байсан уг гранатыг Зэвсэгт хvчний жанжин штабын зэвсэглэлийн мэргэжилтнvvд газар дээр нь буюу Долоон буудлын автобусны буудлын ар талд дэлбэлжээ. Газрын гvн рvv 30 см ухалт хийж дуу чимээ болон дэлбэрэх хvчийг нь сааруулсан байна. Уг гар гранат нь 200-300 метрийн зайд хөнөөх чадалтай байлдааны хориглолтын Ф-1 гэдгийг мэргэжлийн хvмvvс тогтоосон. Нэгэнт цэнэгтэй гранат байсан тул тэр хавийн газрыг металл хайгчаар шалгасан аж. Сvхбаатар дvvргийн цагдаагийн хэлтсийн жижvvрийн алба, Онцгой байдлын ерөнхий газрын шуурхай алба, Зэвсэгт хvчний жанжин штабын ажилтнууд газар дээр нь шуурхай ажиллаж хvн аминд учирч болзошгvй эрсдлийг таслан зогсоожээ. Гранат олдсон айлын гэрийн эзэд 1996 оноос хойш энэ газартаа суурьшиж байгаа гэнэ. Өмнө нь байсан айл төмрийн хог хаягдал цуглуулдаг байснаас уг гранат газрын хөрсний дор орсон байж болзошгvй гэсэн таамаг байна” гэж мэдээлсэн байлаа.



Ийм мэдээ уншаад хөөрхий муу гранат хэл мэддэг бол юу гэх байсан бол, хэн гэдэд нөхөр барьж яваад хаяасан бол гэж дотроо ургуулан бодоод уран фантаз төрөөд доорхийг бичив:

ГРАНАТЫН СҮНС ИНГЭЖ ХЭЛЖ БАЙНА:

Зуун дамжин “амьдарсан” би
Зүв зүгээр хэвтэж байснаа
Зүггүй баньдийн гарт баригдаж
“Зууны аюул” болох шахлаа

Сэсээр улсад төрөөд
Склад дамжин талд нутагт ирсэн юм
Үймээний үед хэрэг болно гэж
Yнэндээ намайг “урьсан” юм

Ганцаараа би ирээгvй
Гангар гунгар гээд олуулаа ирснийг
Гарт баригдсанаас нь аваад
Газар тэнгэрийг нийлүүлэн шидэлсэн юм

Самуурайг ч алж явлаа
Санаархсаныг нь ч айлгаж явлаа
Амийг нь аварч дайсныг нь хөнөөхөөр
Алтнаас илүү үнэд хүрч явлаа

Тэгсэн байдаггүй
Тэвэрч явсан цэрэг намайг “гээчихсэн”
Энэ гэх бүртгэлгvй би
Эргээд хэнд ч хэрэггүй хог болсон

Хаягдсан хүүхэд траншейнд орчихдог
Хөлгүй би хаачих вэ дээ
Гараас хөл, хөлөөс гарт дамжин
Газарт нэг өдөр булуулсан даа

Коммунизм байгуулах гээд будилж явахад нь
Координатаа алдаад тэмцэж явахад нь
Хэрэг болж юуны магад гээд
Хэнэггүй би хүлээгээд хэвтэж л байсан

Нисдэггүй онгоцнуудаа зэвсэгтээ
Нисдэг бууддаг гээд тоолоод байхаар нь
Булаатай ч гэсэн би бас
Байлдааны зэвсэг гэж өөрийгөө тоож байлаа

Мянган өдөр тэжээж нэг өдөр ашиглана гэж
Мундир-тай дарга нар зөндөөг байлгадаг шиг
Хэрэг нь болохоор ухаж авах нь гэж найдаад
Хэрэндээ би “бэлэн” байсаар байсан юм

Зэвхий төмөр би буруу бодож байж
Зээлгүй баян улсад хэрэггүй новш байж
Оргодол хулгайч барьсан мэт
Олноос онцолж мануулдаг байгаа

Алах чадамж нь байна гээд
Арчаад нөөцөндөө авах нь гэж горьдоод
Наранд дулаацаад маадгар хэвтэж байсан чинь
Наргиагүй шууд буцаагаад булдаг байна ш дээ

Энэ улс зэвсэгээ ингэж хадгалдаг гэж
Эртнээс итгэсэн би
Цаг нь болоогүй юм байна гээд
Цааргалалгvй булуулсан юм

Гэтэл харин худал байж
Гар гранат гэж цоллуулж байгаад
Цаас ч шатааж чадалгүй
Цааш харчихдаг байна ш дээ

“Хөгжилтэй” оронд харин
Хөл гранат гэж доромжлуулалгуй
Төөрөг жамаараа
Тэгсгээд зайлсан нь ч зөв байж уу

Ямар ч байсан
Яс амарч сүнс саллаа
Ганцхан хүсэл байна
Гацаалгүй цааш нь дамжуулж өгөөч

Над шиг нуугдсан гранатууд зөндөө байгаа
Намар хавраа тоолоод хэвтэж л байгаа
Ашиглагдана гэж бүү горьд
Алив хурдан гарч ирээд далд орцгоо гээрэй

Айлын хүүхэд харагдвал харин
Аль болох нуугд гээрэй
Алх бариад нүдээд унавал
Амархан дэлбэрч гай тарив гээрэй

Булаатай хэд нь бушуухан
Байлдааны чадвараа алд гээрэй
Наранд байгаа хэд нь
Налайх руу эртхэн дөхөж бай гээрэй

Гавъяа байгуулахаасаа өнгөрсөн тул
Гай тарихаасаа өмнө “баригд” гээрэй
Хогийн сав, цагдаа болоод явчихвал
Хойноос минь ирэх нь гэдгийг нуулгүй хэлчихээрэй

Над шиг бөөн юм бодож баярлаад булуулахдаа
Нарыг сүүлийн удаа харж байгаагаа мэдэхгvй өнгөрчих вий
Хогноос доор хог болсон гэдгийг нь
Хэлж байгаад тэслээрэй

Аан нэг юм мартах шахаж
Алах хүний үгийг сонс гэдэг бил үү
Анх хэрэгтэй гэж явсан шигээ
Арчиж өнгөлж байгаад замд нь үднэ биз

Энд ирсэн чинь
Элдэв олон гранатын сүнстэй таарч
Царай муутай намайг
Цааш гэхээс нааш гэх юм алга байна

Ардын хувьсгалыг чинь бэхжүүлэх гэж
Амь амьдралыг чинь хамгаалах гэж
Атаатан дайсанд чинь бэлдсэн “бэлэг” байсан юм шүү
Алдар гавъяатай ахмад дайчин шиг “оршуулаарай”

Эрэлхэг цэргийн ташаанд явсан юм
Эх орны манаанд жагссан юм гэж үзээд
Элдэвлэж гоочлолгуй хүндэтгэлтэйгээр
Эвтэйхэн цэвэрлээд нааш нь явуулж байгаарай

Үг ихдэж үхэр холдлоо гэдэг бил үү хүмүүс
Үнс ихдэж дайсан зугтаалаа гэж гранатууд ярьдаг юм
Үүгээр би дуусгая даа
Үхэхэд минь хажууд байсан хогийн савыг нэг будчихаарай

***

АХМАД ДАЙЧИН БОДОХ НЬ:

Дайнд явсан цэрэг болгон үхдэггvй юм
Дайзтай сумаа бас дуустал нь бууддаггуй юм
Баригдахаа хүрвэл ганц нэгтэй нь хамт үхье гэж
Баараггүй дэлбэрэх ганц гранат ядаж үлдээдэг юм

Цаг цэвүүн байсныг хэлэх үү
Цаашдаа хэрэг болох ч байж мэднэ гээд
“Фак-1” гэдэг ганц гранат
Фронтоос авчирсан юмсан

Дандар баатраа хүртэл хэлмэгдүүлж явсан улс
Дагжин цэрэг намайг яаж ч мэднэ гээд
Энхийн цагт барилгачин болохдоо ч
Энгэртээ нөгөө гранатаа хадгалаастай явсан юм

Нас явж тэтгэвэрт гараад
Намайг одоо хэн тоохов дээ гэж тайтгараад
Талисман шиг зүүж явсан нөгөө гранатаа
Талд аваачаад булчихсан юм

Амьгүй гэлээ ч амийг минь хамгаалж явсан юм гээд
Арван сардаа нэг очиж арчаад далд хийдэг байлаа
Анх байсан шигээ гялалзаад
Ахиад ирээрэй гэсэн шиг үлддэгсэн

Хот өргөжсөөр нэг өдөр харин
Хашаа дугуйлагдаад гранат тэнд орчихдог байгаа
Миний юм гээд айлын хашаанд газар сийчээд уналтай биш
Медалиа унжуулаад хааяа очиж шагайдаг байлаа

Дайны гал дунд хичнээн сайхан найз нар минь үрэгдлээ
Дайсны тархинд хичнээн гранат дэлбэрлээ
Амьтай, амьгүй хоёр зэвсэг
Аль аль нь зөндөө үрэгдсэн дээ

Нас яваад гэрээс гарах чадваргүй болж
Надтай чацуу гранатаа эргэж чадахаа больсонсон
Гай газар доороос гахай модон дотроос гэдэг шиг
Гайтай энэ өдөр гранат газраас цухуйчихаж

Наадах чинь миний юм
Надтай хамт тулалдаж явсан “нөхөр” минь юм
Та нарт хэрэггүй бол ахдаа өгчих
Тахиж шүтэж яваад буурал ах нь өнгөрье

Шидээгvй балбаагуй байхад тэсэрдэггүй юм
Шийтгэлгүйгээр түүнийг бүү хороо гэж хэлэх гэвч
Гэрээс гарч чадахгуй би энд хэвтсээр
Гранат тэнд “алуулдаг” байна ш дээ

Тал нутаг руу минь дайсан өнгөлзсөн
Тэр нэгэн аймшигт он жилүүдийн дурсамжтайгаа
Тэнгэрт халихдаа газарт булуулж уулзана даа гэж бодсонсон
Тэгэх хувьгүй байж дээ

Захих нэг зүйл байна
Замбуулингийн жамаар өвгөн ах нь бурхан болоход
Зангиатай биш, гранаттайгаар хөрөгийг минь зураарай
Зангыг нь мултлаагуй бүтэн хэвээр нь зүүлгээрэй

Байлдаж явсан юм гээд
Бишгvй олон медаль зүүлээ
Байлдаанд медаль биш гранат нөхөр болж явсныг тооцоод
Баруун ташаанд минь зүүлттэйгээр зураарай

Хэлгvй болохоос ярих юм цаадаханд чинь зөндөө байсан
Хөгшин надаас ч илүү одон авах гавъяатай байсан
Бидний төлөө дэлбэрч явсан нөхдийг нь бодоод
Баримал хөшөөгөө больё, зураганд минь ядаж үлдээгээрэй

ЗОХИОГЧООС ӨВГӨН БАЙЛДАГЧИД ХЭЛЭХ ҮГ:

Таны булсан гранат тэр биш байх
Тэр гранат өөрийгээ гээгдсэн гэж өчсөн шүү
Санаагаар бүү уна
Санаж явсан бүхэн тань бүтэх болно

Гэхдээ булуулсан, гээгдсэн ялгаагүй
Гранат бол гранат шүү дээ
Бүгдэд нь зориулаад нэг шүлэг бичнэ ээ
Буурал ах минь та итгэж болно

Долоон буудлын тэнд золбин нохой шиг хашуулаад
Дотор тамираа таслуулсан тэр гранатыг
Дорнодын Халх голд дайсныг хашаад
Доторхыг нь гадагш нь гаргасан гранат гэж дурсая

Таны булсан гранатыг олоод
Ташаанд тань зүүлгэж оршуулна гэж хуураад яах вэ
Зураг хөрөгөнд тань харин оруулж
Зулын ард мөнхжүүлэх болно

ГРАНАТЫН СҮНС ДАХИН ДУУГАРАВ:

Өвөртөө унтаж явсан
Өвгөн байлдагч амьд байсан юм уу
Эргэж ирэхгvй арван жил болохоор тань
"Энгэрээ" зэвэртэл уйлж хэвтсэн юм

Зун болоод байгаа юм уу даа, бороо ороод
Зулайгаасаа эхлээд газраас цухуйчихсан
Тэгэж тэгэж тэсэлгvй "нүдээ" гаргаад харсан чинь
Тойруулаад хашаа барьчихсан байдаг байгаа

Надад зориулаад модоор хүрээ татчихаж
Насны эцэст хүндлүүлсэн байна гэж баярлаад
Мөндөл шиг нүхнээсээ гарч ирээд
Маадгар хэвтэж байгаад "чихдүүлчихсэн" дээ

Хаанаас гараад ирсэн гай вэ
Хэний хэн бэ гэхээр нь
Ямар чиний нэрийг хэлэлтэй биш
Яаж булсныг чинь ярилтай биш

Олны газар аймшиг авчирч булсан байна гээд
Овог нэрээр чинь хайгаад, үхсэн бол
Онгодыг чинь бусниулах вий, амьд бол
Одонг чинь хурааж "хээрийн шүүх"-ээр оруулчих вий гэж айсан

Гээгдсэн, хаягдсан гэж гүрийсээр
Генерал мөрөөдөлтэй явсан чиний нэрийг өөртөө аваад
Гэдсээ хүү татуулж хөрсөнд цацаад
Гранат гэдэг нэрнээсээ салсан

Хамаг амьтны хараал идэж, нүд болоод
Харуул манаатай хэвтэж байхдаа
Хамар даваанд намайг тэгэхэд шидчихгүй дээ
Халуун ширэм дайсанд шигтгээд баатарлаг үхэх байж гэж бодсон

Засаатай эр бүхэн хүчин хийдэггvй
Замагтай буу өөрөө хүн алдаггүй шиг
Гранат нэрнээс минь тэгтлээ айх хэрэггүй байсан юм
Гарнаас гар дамжаад явахад би лав тэсрэхгvй байсан

За даа, тэгээд одоо өнгөрсөн
Заяа төөрөг нь тийм байж
Бут үсэрсэн биеэ наана чинь орхиод
"Бурханы" оронд залраад байна даа

Заар ханхлуулсан залуу явахад чинь
Зелёный өнгөтэй би ч бас шинэхэн явсан
Тасгийн сувилагч бүсгүйд харц чулуудаж явахад чинь
Ташаанд чинь зүүгдчихээд би чимэг нэмэж явсан би

Надаас түрүүлээд хөгшрөөд ирэхэд чинь
Намайг бүтээсэн төмрөнд уурлаж явлаа
Хамтдаа өвгөрч муудаад
Хадан гэрт цуг хэвтэхийг хүсдэг байлаа

Зэв даасан ч залуугаараа үлдсэндээ гутарч
Зэс медальдаа дийлдэн бөхийх чамайг өрөвдөж байлаа
Уулзахгуй удахаар чинь өнгөрч гээд
Уйлж байсан, харин тэгсэн би түрүүлчихжээ

Энд ирсэн хойноо интернет энэ тэрээр орж үзээд
Элдэвийн юм сараачин гомдоллож суутал
Байлдагч чи намайг дурсан юм бичжээ
Баруун ташаандаа зуруулаад мөнхрөхийг хүсчээ

Муу амьд явахаар сайн үх гэж хүмүүс ярьдаг
Манаад сууж байсан цагдаа намайг ташаандаа зүүгээд
Манийгаа баярлуулж, өөрийгөө хамгаалж алхахгүйгээс хойш
Миний байх газар энэ мөнөөс мөн байна

Марталгуй санаж явсан чамд баярлалаа
Маргаашийн нэг өдөр хөрөг зураганд чинь уулзая даа
Болдог бол өөрийгөө залуу цэрэг байснаар зур гэж захиарай
Бор шенельтэй гурвуулаа мөнхөд залуу үлдэе дээ.

Аделайд, Өмнөд Австрали, 2006.06.06
Бүрэн эхээр нь...

ЧОНЫН ӨЧИЛ

“Говь-Алтай аймгийн Тонхил суманд галзуурсан байж болзошгүй чоно хүн рүү дайрч, нутгийн иргэд сэжигтэй чоныг устгасан. Үхсэн чонын цуснаас дээж авч шинжилгээнд явуулсан. Шинжилгээний хариу удахгүй гарах юм байна” гэсэн нэг хуурай мэдээг нетээс олж уншив. Тэр чоно гэдэг амьтан хэлтэйсэн бол юу гэх байсан бол гэсэн бодол толгойд орж ирээд дараахийг бичив.

… … …

Чонын сүнс тэнгэрт халив. Бурхадын өмнө очоод диваажин, тамын алинд илгээхийг нь шийдэх үед ийн өчиж байна гэнэ:

“Замаар явсан зантгар толгой
Зайдсанд хууртсан мангуу толгой” гэдэг шиг
Хөвчөөр явсан хөх “нохой” би
Хүмүүст “пойлдуулаад” амиа алдлаа

Газар өшиглөн гүйж явах хувь дуусч
Гандуухан саарал арьсаа хуулуулан
Буруу зөвөө шийдүүлэхээр
Бурхадын өмнө зогсож байна, би

Урт түүх өчье, гэвч
Урьдаар нэг л юм тохирьё
Галзуу гэдэг нь худлаа
Гансарсан байсан нь үнэн гээд

Бусдыг нь та нар өөрсдөө сонсоод
Буруу зөвийг нь шүүгээрэй
Эхийн хэвлийд бий болсноос хойш
Энд иртэл юу болсныг галзуу биш эрүүл ярьсуу, би

Долоон жилийн өмнөсөн
Долоон ес дундаа явахад
Алтайн уулсын хүйтэн суганд
Аав, ээж хоёр намайг “хийсэн” гэдэг

Аав чоно, ээж согоо байсан бол
Ар Монголд хаан суух байлаа
Аз дутаж хоёулаа чоно байсан учир
Адгийн би бэлтрэгээр амьдралаа эхэлсэн

Хаврын дунд сард нүд “битүү” амьтан
Хатан ээжээ зовоон байж
Ганцаараа ч биш, тавуулаа
Газар нүхэнд төрсөн гэдэг

Нүд нээж, явахчаан аядах үед
Нүхний үзүүрт гэрэл харагдсан
Эхийн сүү цагаан байсныг
Энэ хорвоо өнгөтэй юм гэдгийг мэдсэн

Алтан нар хэнийг ч ялгадаггүй
Айхтар шударга хорвоод төрж гээд
Амаа олохгүй идэнгээ
Алингаа мартаад тоглох гэтэл биш байж

Авдранд хураасан хүнсгүй
Алаад идэх малгүй
Аль бүхнээс булаан байж амь зуух
Араатны зулзага болон төрсөн байж

Бид тавын бие өсөх гэж хурдан
Бэлтрэг “угжих” эхийн эцэх бүр ч хурдан
Бор гэдэс цадахгүй хонох өдөр олон
Буурал аавын минь дайсан бүр ч олон

Цагаан сүүний “сав” хоосорч
Цагийн эрхээр мах гэгчид орлоо
Сүү элбэг хэвээрээ байсан бол
Сүүлд аминд хүрэх маханд юунд орох билээ, би

Авчирсныг нь иддэг байлаа
Авчрахгүй бол өлсдөг байлаа
Араа шүд ургаж, бяр мэдрэгдэвч
Алгын чинээ хулгана ч барьж чаддаггүй

Анд төгс сургана гэж байсан аав минь
Арван долоон хоногтой дээр минь
Айхтар их цус гоожуулж ирээд
Алаг цэцгэнд хэвтээд босоогүй юм

Аргалийн мах идүүлнэ гэж гарсан аав минь
Аргаа барахдаа айлын хонь руу дөхөж яваад
Хурдан буутай малчинд нь “баригдсан” гэдгийг
Холоос харсан чоно ах хожмоо надад хэлсэн юм

Хэдэн зулзагадаа тарвага дандаа өгөхөөр
Хааяа ч гэсэн шинэ юм амсуулъя гэж
Хайр, хяслан хоёрыг уралдуулж аз туршсан
Хангайн амьтан тэгээд дууссан юм

Ингээд бид тавуулаа ижийгээс өөр түшиггүй
Илүү гэхээсээ дутуу юм ихтэйгээр
Эхний цастайгаа учирч
Өвөл гээчид бэлтгэсэн юм

***

Үхсний араас үхэлгүй, өлсгөлөн ч амьд яв
Үхсэн “мах” идэхгүй, өөрөө л “гаргаж” ав
Бэлэн гээд бэлчээрт буй мал руу гэтэв
Бэрх ч гэсэн уулнаасаа хоолоо ол гэж

Зайтайхан гөрөөлөхөөр бол
Заавал шөнөөр яваад
Ургах нарнаас өмнө буцаж
Ууландаа л унтаж байгаарай гэж

Ульсан болгон нөхөр биш
Улай болгон хүнс биш
“Боссон” болгон овоо биш
Бодолгүй бүү ойрт гэж

Зуудаг шүдэндээ биш
Зугтах хөлөндөө итгэж бай
Хүн гэдэг “чоно”-оос хол яв
Хүй нэгдлээс хойш бид өстэй юм гэж

Амиа эхлээд аргалж сур
Алдалгүй гишгэж сур
Арга мэх чинь хүрвэл
Алаг үрсээ хорвоод үлдээ гэж

Хүйтэн ч гэсэн өвөл “болзож”
Хүчтэй нь хүчтэйтэйгээ нөхцөж
Чоно шиг амьдарч чад
Чоно шиг бас үхэж чад гэж

Баруун шагайндаа хавхны сорвитой
Барагийн “эр”-ээс дутахгүй золбоотой
Хашир нь дэндсэн ижий минь
Хайрт бэлтрэг бидэндээ байнга сануулна

***

Намар нартайгаа буцаж
Нагай мөндөлтэйгээ ичлээ
Буутай “чоно” үзэгдэх нь ихсээд
Буга согоо ч дайжаад явчихлаа

Хувийн өмчгүй бид
Хурга ишиг алсаас харж шүлсээ гоожуулна
Хурц гэрэлтэй машинууд холхиод
Харанхуйд ч тийшээ ойртох аргагүй

Төлөх долларгүй бидэнд
Тэх, угалз уулнаас унагах зүүд
Барьцаанд тавих юмгүй хойно
Баруун айлаас хонь зээлэх мөрөөдөл

Арван хоног өлөн явахаар
Араанаас шүлс гарахаа больдог юм билээ
Бусдаас булааж идэхгүй юм бол
Бурхан руу эрт явчих гээд байдаг юм билээ

Аавын мөртэй уулнаасаа буугаад
Айлын хороо эргүүлдэж анх үзлээ
Хамаатан саднаа эрт мартсан
Халтар ноход нь идчих гээд хэцүү

Ээжийн үнэтэй үгнээс зөрөөд
Энгэрт бэлчих хонинд гэтэж үзлээ
Хон хэрээ дээгүүр нисэж “ховлоод”
Хоншоор хуулуулчих гээд үнэн хэцүү

Хашдаггүй юм байна гээд
Халтар азаргатай адуу “манаж” үзлээ
Мань мэтэд нь ахадмаар ажил аж
Маань уншчих гээд бүр хэцүү

***

Давааны цаана зэм байна гэхээр нь
Даруулгагүй нэг чоныг дагаад навсганалаа
Хүрээд тойрч амжаагүй байхад
Хапп гээд хавх буучихлаа

Дагуулж ирсэн дааган чоно
“Дах”-аа сэгсийлгээд уул даван одов
Айсан бид ар араасаа цуваад
Арын мод руу яаран зугтав

Тавуул яваад дөрвүүл эргэж ирснийг
Тархигүй зан гаргаж, хавх “эргэснийг”
Ухаант ээждээ хэлэлгүй гүрийлээ
Ульж ульж ээж минь мэгширлээ

Үүр цайгаад удаагүй байхад
Урд зүгт буун дуу хадсан юм
Бусдаасаа том гэгддэг тэр минь
Бурханы оронд одсон юм

Хэрэг хийсэн бидний нүд
Хүнийх шиг ойртон бүлтгэнэж
Энэ хорвоо хатуу байна уу гэх
Эхийн асуултад толгой дохилоо

Талийгаачийн хэвтэр хоосорч
Тэр талаас хүйт даах шиг болж
Элэг бүтэн л байвал
Энэ бие өлсөх юу ч бишийг ойлгож билээ

***

Өвөл дундаа орсон цагсан
Өмссөн “дээл” гангарсан үесэн
Уулнаас буудаг замаараа буугаад
Ууланд ирдэг замаараа ирж явлаа

Эх минь зогтуслаа
Энэ нэг л бишээ гээд алсыг ширтлээ
Унаганы мах дүүртлээ чихсэн бид
Улаан нүдлэчихээд урд нь гарч байж зогслоо

Буун дуу ямар чангыг
Бурхан та мэдэх үү
Бутны цаанаас гарсан тэр чимээ
Бут үсэрсэн бидэн дээр ирсэн юм

Газрын өөд зугтаж явахад
Гайтай тэр чимээ дахиад гарсан юм
Улаан суган дундуур минь гараад
Урдах хаданд туссан юм

Ухаан жолоогүй амьтан
Уулын амаар давж амжлаа
Бодсоныг бодвол харин гайгүй
Бүгд тэгэхэд мэнд ирсэн юм

Нүүж ирсэн айлын улаан дээлт залуу
Нуугдаж байгаад муу буудсан нь тэр аж
Дахиж тэр замаар заяа нь буу яваарай гэж
Далаа долоон ээж минь үүрэгдэв

***

Болдогсон бол бор халзан хонь үржүүлээд
Болзоонд явахдаа л “гэр”-ээс гарч байхсан
Айлын юм хулгайлж ад үзэгдэлгүй
Аминд аюулгүй амьдрахсан гэж бодогддогсон

Тийм хувь заяасан билүү, Бурхан та
Тэнцүүхэн идэж бай гэж хэлсэн үү, хүмүүст та
Булаахаа хүрвэл хүн биднээс шуналтай
Булзахаа хүрвэл бүр их зальтай

Нийгмийн мал идчихээрээ
Нийлүүлээд надад тохно
Өлдүүлж, турааж үхүүлчихээрээ ч
Өлөн над руу чихнэ

Өөрийн юмаа харамлах мөртөө
Өрөөлийн юмыг минийх л гэнэ
Арьс үс, аль бүхнийг минь авах гэж
Араатай машин унаад хөөнө

Тээр жил биднийг төрүүлснээс жил хагасын дараа
Төрсөн уулаа “тэвэрч” явсан ээжийг минь
Ар үргээсэн анчид арьснаас нь салгаад
Арван мянгаар арилжсан гэдэг

Бидний дөрвөн бэлтрэг чонын зэрэгт хүрээд
Бие биенээ түшин амьдарч эхлэх үед
Хэрэгт дуртай нэгэнд минь “гэрэл гайхуулж” байгаад
Хэрээстэй “дуран” духанд нь тааруулсан юм

Ховор хийцтэй шагай нь чимэгхэн болоод
Холестрин багатай мах нь хуушуур болоод
Аман хүзүү нь айлын хашаанд
Арьс нь дэлгүүрт өлгөгдөөд дууссан даа

***

Шороотой, гантай зун боллоо
Шог шог гэх тарвага алга боллоо
Айлын малнаас өөр амьд амьтан
Алтай нутагт үгүй боллоо

Үс ноос гэж өрвийсөн гурав
Үнэг шиг арчаагүй царайллаа
“Дархан бэр” ээжийнхээ таван эр үрээс
Даруй хоёр нь үгүй болжээ

Өөрсдийгөө яая гэж байж
Өрөөлд ажил удаж “хүүхэд хийх” гэсэнгүй
Бүсээ чангалаад бөлдгөө хумиад
Бүрзийсэн гурав шогших боллоо

Царцаа идэж ходоодоо дүүргэн
Цаашид яах нь бүрхэг амьдарлаа
Бүлэглэж байгаад ганц хурга хулгайлбал
Бүтэн долоо хоног ууланд ногоорно

Сүүлтэй чоно биднээс биш
Сүүлгүй “чоно” сайн эрсээсээ харамлаад
Машинаа унаад адуугаа манах
Малаа дагаад мал болох шахсан даа

Дахиад л нэг намар, өвөл ирлээ
“Дах” гангарах цаг болсон байтал
Шар ноосноосоо салж өгдөггүй
Шаргын говь шиг өнгөтэй юм гүйлдэж байлаа

Шар ноостой хатах юу ч биш
Шалдан ч гэсэн эрүүл байх сайхан аж
Хажуу уулын хоёр чоно
Хамуураад халуураад хэрэг алга

Цан дуугаргаж үргээгээд тэр үү
Цатгалдаж эрт таргалаад тэр үү
Эрдэм сураагүй бид юу мэдэх вэ
“Элгээ тэврээд” хөлдөөд үхснийг нь сайн мэдэж байна

***

Од түгсэн тэр шөнө
Орчлон ямар үзэсгэлэнтэй байв аа
Буу агссан тэр хүмүүсийн
Бодол ямар муухай байж вэ

Гурайтаагүй ч цатгалдаагүй гурав
Гуу дагаад шогшиж явлаа
Алсад үнэртэх “адууны мах”
Арааны шүлс үйлдвэрлэх аж

“Бор хацарт” урд гарчихсан
“Болдоггүй саарал” ард дагачихсан
Нүд худал хамар үнэн гээд
Нүүдлийн шувуу шиг цувж явлаа

Гуу тэгшрээд талтай золгуулав
Гурван том чоно “ил гарав”
Алсад моторын чимээ гарч
Амь хутганы ишин дээр ирлээ

Харанхуй шөнө биднийг хэн харах вэ
Харгана таарвал нуугдаад хэвтье гэлээ
Бодсоноороо нуугдах гэтэл
Бор халтар туулай өврөөс босоод гүйв

Бариад идчихье гэвч
Барааны газраас гялалзах гэрэл үнэн аймаар
Туулайнаас болж амиа өгөхгүй гэж
Тулгамдсан шуналыг дор нь дарав

Тэр харин алдаа байсан байна лээ
Тэр дор нь тас татаад идчих байсан байна лээ
Нөгөө муу дэлдэн чинь машинд баригдаад
“Нуувчинд” суусан бидэн рүү чиглээд зугтаав

Ар өврөөс нь гэрэл тусгасан
Аймаар дуутай хоёр тэрэг бидэнд тулав
Туулай хөөж явсан тэдний өмнөөс
Тугал шиг гурван волк босоод ирэв

Бид айв, тэд цочив
Бут үсрэв, хааз нэмэгдэв
Арханд үлдсэн уул
Арга барагдахад дэндүү хол

Бид дөрвөн хөлтэй, тэд таван араатай
Буун дуу тас няс, салхи шуугина
Тарцгаая, ядаж нэг нь амьд үлдье
Тал руу биш уулаа л тэмцэнэ шүү гэх

Санаа уул даваад алга боловч
Салтаанд нь гэрэл туссан бие эндээ
Азгүй юм, би гэдэг боохой
Араас нэг машин нь дагачихаж

Бултаад ард гарлаа, бул чулууны ард хэвтэж үзлээ
Буудуулсан болж унаад зогсоход нь хурдалж үзлээ
Арын уул уг нь энүүхэнд байдаг
Аймшиг харин бүр ойрхон байдаг

Аахилж явахдаа аавыгаа бодсон гэвэл үнэмших үү
Архирч давхихдаа ээжийгээ “харсан” гэвэл итгэх үү
Үхэх байсан бол тэд үхээд шийдчих байсан юм
Үр би үхэж бол болохгүй шүү гэж гүрийнэ

Хашгирах хараах хүмүүсийн дуу холдоод явчихлаа
Харайлгах миний бие “ганцаардаад” явчихлаа
Улам хурд нэмэгдэв
Ухаа даваад алга болов

Чих дүнгэнэнэ, цус гоожно
Чигээ өөрчлөөд ууландаа ирэв
Дорой муу анчидтай таарч
Дробинкны гурван тугалга “аваад” үлдсэн нь тэр

Гэхдээ надад тугалга өгөөд
Гэмгүйхэн явсан нэгийг маань
АК-гаар шүршиж унагаад
Ачаад явсан юм билээ

Бүтэн ирсэн “Бор хацарт” бид хоёр
Бүтэн сар тэр уулнаас буугаагүй юм
Азарган чоно болоод тэр маань яваад өгсөн
Азгүй би нэг чих дүлийрээд үлдсэн

Үрээ үлдээсэн жилдээ, тэр минь
Үдийн хэрд үргээлгэнд ороод
Амьсгал хураасан бие нь бүтнээрээ
Алтайн цаагуур урагшаа хил давсан

Түүнийг хятад хуушуур болж байхад
Тонхилын ойролцоо би болзож явлаа
Үхсний араас үхэхгүй гээд
Үр удмаа үлдээж явлаа

Даанч гай газар дороос
Говь-Алтайнхан модон дотроос гэгч болж
Үүрийг минь ухаад
Үрсийг минь суйлчихсан

Хань минь хариугаа авах гэж яваад
Хамаг биеэ шүүрэн шанага болтол буудуулж
Чоно нэртэй ч хүн шиг явсан намайг
Чогчигоноос өөр нөхөргүй үлдээсэн дээ

Халуун зуныг хэвтэж өнгөрөөлөө
Хамар доорх мөндлийг ч тоолгүй
Галуу буцтал турж хэвтсээр
Гансарч, гасалсан даа

Ерөөсөө ингэж хээрээр гэр хийж явахаар
Ердийн нохой шиг тэжээвэр явъя гээд
Сумын төвөөр орлоо доо
Судалж жаахан шогшлоо доо

Боргон хуцах ноход цатгалан боловч
Бодож байсан шиг минь харин эрх чөлөөгүй аж
Хүний эрхээр жаргахаар чонын эрхээр зовъё гээд
Хөвч рүүгээ хөнгөхөн алхлаа

Тэгсэн байдаггүй ээ
Тэгнээд нэг нөхөр мод бариад ирлээ
Холд гээд тэр ойлгох биш
Хохь чинь шүү гээд архирлаа

Буун дуу тас
Бурханы өмнө би зогсож байна
Галзуу бол байгаагүй юм шүү
Гансарсан гэвэл харин үнэн шүү

Богинохон энэ амьдралын минь
Буруу зөвийг шийдэж аль
Диваажинд аваачна уу, тамд илгээнэ үү өөрөө мэд
Дэлхийд харин буцаавал чоно л болгож хайрла

Аделайд, Өмнөд Австрали, 2006.11.04
Бүрэн эхээр нь...

БАРИГДСАН ШОНХОРЫН ҮГ

Хавар, зун, намар, өвөл ээлжилсэн
Халхын сайхан нутагт төрсөнсөн
Хаяа нь үл үзэгдэх уудам орчинд
Хөх тэнгэртээ дураараа дүүлэн ниссэнсэн

Том гэж тасыг шүтээгүй
Тоож бас бүргэдийг дээдлээгүй юм
Шувуу шувууны дотроос
Шонхор намайг шүтэн дээдэлсэн юм, монгол хаад

Тэртээ Тайландад төөрсөн тасын "зулзагыг"
Төрсөн нутагт нь авчрана гэж дүвчигнэх атлаа
Эх орныхоо тэнгэрийг чимэн ниссэн намайг
Элдэв үггүй алсад зарав, энэ цагийн ноёд

Үр дэгдээхэйгээ тэжээх гэж
Үүрнээсээ өнөөдөр гарсансан
Хөсрийн тагтаа хөөж хууртаад
Хөл дөнгөтэй, нүд тагтай болов

Амьсгалахад бэрх агаартай
Алсын Араб руу ачигдах нь дээ
Амаа ангайн үлдсэн үрс минь яах бол
Амьнаас үнэтэй эрх чөлөө ингээд дууслаа

Гантай байна гээд
Гадагш бид нисээгүй
Зудтай байна гээд
Зугтааж та нараас холдоогүй юм

Олон жил хүлээсэн дэлгэр зунаар
Ондоо улсад намайг цөлж яах нь вэ
Санана шүү дээ, би эх нутагаа
Санана шүү дээ, эх нутаг шонхороо

Цэнгэг агаарт хөх тэнгэртээ
Цэнгэнхэн дэвэнхэн нисэж явахсан
Өвөг дээдсийн жигүүр дэвсэн тал нутагт
Өд сөдөө унатал амьдрахсан

Мөрөөдөл юугаа энэдээ үлдээгээд
Мөнгөтний мөрөөдлийн биелэл болоод одлоо
Эх орны минь эзэд түргэн баяжаад
Эл мэт хувь заяа бүү давтагдааасай

Туганд нь мөнхөрч явсан шувуу билээ би
Туугдаж явах ямар ичмээр юм бэ
Нүдний минь боолтыг нэг тайлаад аль
Нүүдэлчний цэнхэр нутагаа сүүлийн удаа харъя


Ээ, чааваас эд нар чинь монгол хэлгүй юм байна
Энэ чигээрээ явах нь дээ

Манан татсан уулс минь баяртай
Мантааж өдөлсөн үрс минь баяртай
Хязгааргүй мэт тал нутаг минь баяртай
Хүсэл, мөрөөдөл минь үүрд баяртай

Баяртай,
Хавар, зун, намар, өвөл ээлжилсэн
Халхын сайхан нутаг минь
Сайн байна уу,
Шувуу битгий хэл гүрвэл тэсэмгүй
Шунал ихт, халуу шатсан Араб нутаг

Улаанбаатар, 2008 оны зун

Бүрэн эхээр нь...

ГУНИГ

Намар сургууль орох дөхсөн цагсан
Нар шингээд бүрий болсон үесэн
Зуслангийн олон айл нүүгээд
Зургаахан гэр зайтайхан торойгоод үлдсэн байлаа

Ээжийн бие гэнэт чилээрхэж хэвтээд
Эмч ч байхгүй, домч ч байхгүй
Аав Налайх, ах, дүү нар хот явцгаачихсан
Арван настай би л ээждээ хань болж байлаа

Зууханд аргал нэмэнгээ гарч орон
Зунжин хамт шуугисан найз нараа үгүйлэн
Хоосон бууринууд цайрч харагдаад
Хоёр нүдэнд нулимс дүүрсэн байлаа

Ээж минь дахиж босохгүй
Эргэх хорвоо ингээд зогсвол яана гэж бодогдоод
Уртаар санаа алдан зогсох агшинд
Урд зүгт ганц тогорууны дуу гарав

Тогоруу ойртсоор дуу нь тодорсоор
Төдөлгүй газар шүргэх шахам ниссээр
Зүүн талаар минь яарамгүй гараад
Зүүн хойд зүгт дуугарсаар нисэн одов

Амьдралдаа би тийм гунигийн дуу
Аргаа барсан шувууны “үгийг” сонсоогүй байсан
Ай даа тэр дуу намайг бүр гунигтуулж
Айлгаж бүр сүрдүүлж орхисон юм

Тогорууг дуурайн дуугардаг
Томоогүй жаал байсан
Намар буцах шувуудын ганганаа
Надад угаас танил байсан

Гэвч тэр тогоруун дуу бусдаас өөр байсан
Гэнэхэн надад түгшүүр байсан
Уйлж байна уу даа гэмээр
Уртаас урт гашуудал сонсогдсон

Хамт ирсэн ч буцахад нь байхгүй
Ханиа тэр үгүйлсэн юм болов уу
Өдөлж гүйцсэн ч нисэх болоогүй
Өрөвгөр дэгдээхийгээ хайсан юм болов уу

Хос тогорууны нэгийг
Хорлож нэг нь хөнөөсөн байсан болов уу
Тонгос хийн нуугдах үрсийг нь
Тоглож нэг нь бас үгүй хийсэн байсан болов уу

Ямартаа ч тэр ганцаар
Явах зүгийнхээ эсрэг нисэж явсан
Хошууран нисэх сүрэгээсээ салаад
Хар шөнөөр газар нэгжиж явсан

Ээж минь үгүй бол
Энэ амьдрал утгагүй гэж боддог байсан шиг
Ижил нь үгүй бол
Их Гималайг даван нисэх түүнд бас утгагүй байсан биз

Ганц тогоруу надад гуниг нэмсэн шиг
Гэрийн гадна харуйд зогссон би түүнд гуниг нэмчихээгүй байгаа

2009.03.24
Улаанбаатар хот
Бүрэн эхээр нь...

Tuesday, April 14, 2009

ЯЛАА

Хаврын салхи хавирга нэвт гэдэг ч
Ханш нээгдэж урь орсных уу
Ногоон ялаа гарчихсан нисэж явна
Наранд ээнхэн хаданд хоргодон байна

Сууринд суусан миний дэргэд
Суун босон дуугарч явна
Хэд хоног амьдрах бол доо, зайлуул
Хасах руу ороход л гялтаана даа

Аав, ээж нь арай л эрт хийчихэж дээ
Ах, дүүс хэдүүлээ төрсөн бол
Цагаас арай л эрт үүрнээс нисчээ
Цагаан идээ амсаж чадах болов уу даа

Үргээлэг дуусаж намайг босоход
Үргэсэн ялаа дүнгэнэн одов
Ямартаа ч нэг ялаа нисэж явна
Янзын сэргэлэн гялалзаж явна

Энэ ялаа үрээ үлдээлгүй үхэвч
Эх орон минь ялаагаар дутах биш дээ
Орчлонгийн шалгуурын өмнө
Олуулаа байх гэдэг үнэхээр хэрэгтэй аж

2009.04.04, Хэнтий, Цэнхэрмандал сум
Бүрэн эхээр нь...