Wednesday, December 9, 2009

ХАРЬТ

Үүрээр бослоо
Үхрийн хаа эвдэх байсан юм
Мал, амьтны мах зөндөө эвддэг ч
Мэлмэрүүлээд уйлж үзээгүй юмсан

Сураагүй биш дээ ямар
Суун босон янзлаад дуусах дөхлөө
Харьт, богц нугалах л үлдтэл
Хайрт аав, ээж минь бодогддог байгаа ...

Бага байхад ээж минь нэг удаа
Богийн хаа урд тавиад
За, миний хүү наадахаа эвдчихвэл
Загасанд явахыг чинь зөвшөөрнө шүү

Хугалж, хөрөөдөлгүй
Хуруугаа бас огтолчилгүй янзал гээд
Боорцог хайраад суучихав
Би ч ханцуй шамлаад орлоо доо

Аав, ээж гулууз мах эвдэхийг
Ажиглахаараа нэг болсон юм чинь
Энэ муу хаа одоо юу юм гэсэн
Эрдсэн бодол төрж байсан санагдана

Хавирга юуг нь хадаад
Хүзүү, сээрийг салгаад
Дал юуг нь эргүүлээд
Даналзаж байлаа, хөөрхий

Харин тэгсэн байдаггүй ээ
Харьт, богцын залгаан дээр очоод
Хачин болдог байна ш дээ
Хамаг аргаа хэрэглээд дийлдэггүй дээ

Анзаараагүй юм шиг байсан аав тэндээс
Алив наашаа аваад ир гэж байна
Байж бай, би өөрөө гээд
Барилдаж өглөө дөө, нөгөөхтэй ...

Ижий минь инээж ирээд л
Илж, бас үнэрлэн үнсэв
Намайг шалгаж туршингаа
Нэг юм зааж өгөх гэсэн аж

Хүргэн орохоор ирсэн нэгнээр
Харьт салгуулж шинждэг байсан юм
Хэзээ нэгэн цагт айлд очихдоо
Хүнд битгий адлагдаарай, одоо гэв

Дээхэн үед гэнэ лээ
Дэгжин маягийн нэг залууг
Хадам болох хүн нь шалгаж
Харьт, богц салгуулах болж дээ

Хүргэн яахав, том том яриад
Хуга, нуга дараад өгөхөөр болж
Хутганы том, булчингийн хүчээр
Хэсэг ноцолдоод байдаггүй гэнэ

Алингаа алдаад байж байтал
Амраг болох бүсгүй нь
"Харьтыг хавирганаас нь" гэдгийг
Хэлц үгээр ярин хэлээд өгч гэнэ

Сэргэлэн залуу байж таараад
Самбай гаргаж ойлгоод
Харьт, богцыг салгаад
Хадамдаа нэг юм тоогдож дээ

Нэг ийм домог ч юм шиг
Нээрээ болсон явдал ч юм шиг түүхийг
Аав надад ярьж өгөв, ээж инээв
Амархан ойлгоод авав, би

Хавирга талд нь ганцхан огтлоод
Хажуу тийш нь дарчих юмыг
Үеэр нь тойруулж баахан огтлоод
Үгээ хэлтэл дэмий ноцолдсон аж

Тэр цагаас хойш
Тоогүй олон харьт салгаж дээ
Өнөө өглөө ч гэсэн тэр
Өндөг хагалахын дайтай л юм болов

Яагаад харин уйлчихав гэж үү:

Нэг эрдэмд сургахдаа
Нэг домог ярьж суусан
Ухаант буурлуудаа үгүйлэн санаж
Уулзаж дахин чадахгүйдээ харамсаад уйлав

Яриан дундаа амраг бүсгүй нь
Яг юу гэсэн хэлц үг хэлснийг
Аавынхаа хэлснээр цээжилж үлдээгүй
Арчаагүй юм даа, би гэж бодон уйлав ...

Харьт нугалах эрдмийг нь
Хэзээ нэгэн цагт хүүдээ заахдаа
Яг тэр домогийг аавынхаараа ярьж суувал
Ямар сайхан байх байсан бол ...

Улаанбаатар, 2009.12.10
Бүрэн эхээр нь...

ЧОНЫН ӨЧИЛ















Аль эрт бичиж байсан шүлгийг маань нэг хүн архиваас ухаж үзсэн байна. Таалагдсан гэнэ. Ухаж үзээгүй хүмүүст зориулан дахин тавив. Сэтгэгдлээ хуваалцана биз ээ.


Говь-Алтайн Тонхил суманд
Галзуурсан байж болзошгүй чоно
Хүн рүү дайраад нухуулсан байна гэсэн
Хуурай мэдээ сониноос уншив ...

Чонын сүнс тэнгэрт хальж
Чичлүүлж байна гэнэ, бурхадад
Диваажин, тамыг нь шийдэх үед
Даруухнаар тэр ийн өчжээ:

“Замаар явсан зантгар толгой
Зайдсанд хууртсан мангуу толгой” гэдэг шиг
Хөвчөөр явсан хөх “нохой” би
Хүмүүст “пойлдуулаад” амиа алдлаа

Газар өшиглөн гүйж явах хувь дуусч
Гандуухан саарал арьсаа хуулуулан
Буруу зөвөө шийдүүлэхээр
Бурхадын өмнө зогсож байна, би

Урт түүх өчье, гэвч
Урьдаар нэг л юм тохирьё
Галзуу гэдэг нь худлаа
Гансарсан байсан нь үнэн гээд

Бусдыг нь та нар өөрсдөө сонсоод
Буруу зөвийг нь шүүгээрэй
Эхийн хэвлийд бий болсноос хойш
Энд иртэл юу болсныг галзуу биш эрүүл ярьсуу, би

Долоон жилийн өмнөсөн
Долоон ес дундаа явахад
Алтайн уулсын хүйтэн суганд
Аав, ээж хоёр намайг “хийсэн” гэдэг

Аав чоно, ээж согоо байсан бол
Ар Монголд хаан суух байлаа
Аз дутаж хоёулаа чоно байсан учир
Адгийн би бэлтрэгээр амьдралаа эхэлсэн

Хаврын дунд сард нүд “битүү” амьтан
Хатан ээжээ зовоон байж
Ганцаараа ч биш, тавуулаа
Газар нүхэнд төрсөн гэдэг

Нүд нээж, явахчаан аядах үед
Нүхний үзүүрт гэрэл харагдсан
Эхийн сүү цагаан байсныг
Энэ хорвоо өнгөтэй юм гэдгийг мэдсэн

Алтан нар хэнийг ч ялгадаггүй
Айхтар шударга хорвоод төрж гээд
Амаа олохгүй идэнгээ
Алингаа мартаад тоглох гэтэл биш байж

Авдранд хураасан хүнсгүй
Алаад идэх малгүй
Аль бүхнээс булаан байж амь зуух
Араатны зулзага болон төрсөн байж

Бид тавын бие өсөх гэж хурдан
Бэлтрэг “угжих” эхийн эцэх бүр ч хурдан
Бор гэдэс цадахгүй хонох өдөр олон
Буурал аавын минь дайсан бүр ч олон

Цагаан сүүний “сав” хоосорч
Цагийн эрхээр мах гэгчид орлоо
Сүү элбэг хэвээрээ байсан бол
Сүүлд аминд хүрэх маханд юунд орох билээ, би

Авчирсныг нь иддэг байлаа
Авчрахгүй бол өлсдөг байлаа
Араа шүд ургаж, бяр мэдрэгдэвч
Алгын чинээ хулгана ч барьж чаддаггүй

Анд төгс сургана гэж байсан аав минь
Арван долоон хоногтой дээр минь
Айхтар их цус гоожуулж ирээд
Алаг цэцгэнд хэвтээд босоогүй юм

Аргалийн мах идүүлнэ гэж гарсан аав минь
Аргаа барахдаа айлын хонь руу дөхөж яваад
Хурдан буутай малчинд нь “баригдсан” гэдгийг
Холоос харсан чоно ах хожмоо надад хэлсэн юм

Хэдэн зулзагадаа тарвага дандаа өгөхөөр
Хааяа ч гэсэн шинэ юм амсуулъя гэж
Хайр, хяслан хоёрыг уралдуулж аз туршсан
Хангайн амьтан тэгээд дууссан юм

Ингээд бид тавуулаа ижийгээс өөр түшиггүй
Илүү гэхээсээ дутуу юм ихтэйгээр
Эхний цастайгаа учирч
Өвөл гээчид бэлтгэсэн юм

***

Үхсний араас үхэлгүй, өлсгөлөн ч амьд яв
Үхсэн “мах” идэхгүй, өөрөө л “гаргаж” ав
Бэлэн гээд бэлчээрт буй мал руу гэтэв
Бэрх ч гэсэн уулнаасаа хоолоо ол гэж

Зайтайхан гөрөөлөхөөр бол
Заавал шөнөөр яваад
Ургах нарнаас өмнө буцаж
Ууландаа л унтаж байгаарай гэж

Ульсан болгон нөхөр биш
Улай болгон хүнс биш
“Боссон” болгон овоо биш
Бодолгүй бүү ойрт гэж

Зуудаг шүдэндээ биш
Зугтах хөлөндөө итгэж бай
Хүн гэдэг “чоно”-оос хол яв
Хүй нэгдлээс хойш бид өстэй юм гэж

Амиа эхлээд аргалж сур
Алдалгүй гишгэж сур
Арга мэх чинь хүрвэл
Алаг үрсээ хорвоод үлдээ гэж

Хүйтэн ч гэсэн өвөл “болзож”
Хүчтэй нь хүчтэйтэйгээ нөхцөж
Чоно шиг амьдарч чад
Чоно шиг бас үхэж чад гэж

Баруун шагайндаа хавхны сорвитой
Барагийн “эр”-ээс дутахгүй золбоотой
Хашир нь дэндсэн ижий минь
Хайрт бэлтрэг бидэндээ байнга сануулна

***

Намар нартайгаа буцаж
Нагай мөндөлтэйгээ ичлээ
Буутай “чоно” үзэгдэх нь ихсээд
Буга согоо ч дайжаад явчихлаа

Хувийн өмчгүй бид
Хурга ишиг алсаас харж шүлсээ гоожуулна
Хурц гэрэлтэй машинууд холхиод
Харанхуйд ч тийшээ ойртох аргагүй

Төлөх долларгүй бидэнд
Тэх, угалз уулнаас унагах зүүд
Барьцаанд тавих юмгүй хойно
Баруун айлаас хонь зээлэх мөрөөдөл

Арван хоног өлөн явахаар
Араанаас шүлс гарахаа больдог юм билээ
Бусдаас булааж идэхгүй юм бол
Бурхан руу эрт явчих гээд байдаг юм билээ

Аавын мөртэй уулнаасаа буугаад
Айлын хороо эргүүлдэж анх үзлээ
Хамаатан саднаа эрт мартсан
Халтар ноход нь идчих гээд хэцүү

Ээжийн үнэтэй үгнээс зөрөөд
Энгэрт бэлчих хонинд гэтэж үзлээ
Хон хэрээ дээгүүр нисэж “ховлоод”
Хоншоор хуулуулчих гээд үнэн хэцүү

Хашдаггүй юм байна гээд
Халтар азаргатай адуу “манаж” үзлээ
Мань мэтэд нь ахадмаар ажил аж
Маань уншчих гээд бүр хэцүү

***

Давааны цаана зэм байна гэхээр нь
Даруулгагүй нэг чоныг дагаад навсганалаа
Хүрээд тойрч амжаагүй байхад
Хапп гээд хавх буучихлаа

Дагуулж ирсэн дааган чоно
“Дах”-аа сэгсийлгээд уул даван одов
Айсан бид ар араасаа цуваад
Арын мод руу яаран зугтав

Тавуул яваад дөрвүүл эргэж ирснийг
Тархигүй зан гаргаж, хавх “эргэснийг”
Ухаант ээждээ хэлэлгүй гүрийлээ
Ульж ульж ээж минь мэгширлээ

Үүр цайгаад удаагүй байхад
Урд зүгт буун дуу хадсан юм
Бусдаасаа том гэгддэг тэр минь
Бурханы оронд одсон юм

Хэрэг хийсэн бидний нүд
Хүнийх шиг ойртон бүлтгэнэж
Энэ хорвоо хатуу байна уу гэх
Эхийн асуултад толгой дохилоо

Талийгаачийн хэвтэр хоосорч
Тэр талаас хүйт даах шиг болж
Элэг бүтэн л байвал
Энэ бие өлсөх юу ч бишийг ойлгож билээ

***

Өвөл дундаа орсон цагсан
Өмссөн “дээл” гангарсан үесэн
Уулнаас буудаг замаараа буугаад
Ууланд ирдэг замаараа ирж явлаа

Эх минь зогтуслаа
Энэ нэг л бишээ гээд алсыг ширтлээ
Унаганы мах дүүртлээ чихсэн бид
Улаан нүдлэчихээд урд нь гарч байж зогслоо

Буун дуу ямар чангыг
Бурхан та мэдэх үү
Бутны цаанаас гарсан тэр чимээ
Бут үсэрсэн бидэн дээр ирсэн юм

Газрын өөд зугтаж явахад
Гайтай тэр чимээ дахиад гарсан юм
Улаан суган дундуур минь гараад
Урдах хаданд туссан юм

Ухаан жолоогүй амьтан
Уулын амаар давж амжлаа
Бодсоныг бодвол харин гайгүй
Бүгд тэгэхэд мэнд ирсэн юм

Нүүж ирсэн айлын улаан дээлт залуу
Нуугдаж байгаад муу буудсан нь тэр аж
Дахиж тэр замаар заяа нь буу яваарай гэж
Далаа долоон ээж минь үүрэгдэв

***

Болдогсон бол бор халзан хонь үржүүлээд
Болзоонд явахдаа л “гэр”-ээс гарч байхсан
Айлын юм хулгайлж ад үзэгдэлгүй
Аминд аюулгүй амьдрахсан гэж бодогддогсон

Тийм хувь заяасан билүү, Бурхан та
Тэнцүүхэн идэж бай гэж хэлсэн үү, хүмүүст та
Булаахаа хүрвэл хүн биднээс шуналтай
Булзахаа хүрвэл бүр их зальтай

Нийгмийн мал идчихээрээ
Нийлүүлээд надад тохно
Өлдүүлж, турааж үхүүлчихээрээ ч
Өлөн над руу чихнэ

Өөрийн юмаа харамлах мөртөө
Өрөөлийн юмыг минийх л гэнэ
Арьс үс, аль бүхнийг минь авах гэж
Араатай машин унаад хөөнө

Тээр жил биднийг төрүүлснээс жил хагасын дараа
Төрсөн уулаа “тэвэрч” явсан ээжийг минь
Ар үргээсэн анчид арьснаас нь салгаад
Арван мянгаар арилжсан гэдэг

Бидний дөрвөн бэлтрэг чонын зэрэгт хүрээд
Бие биенээ түшин амьдарч эхлэх үед
Хэрэгт дуртай нэгэнд минь “гэрэл гайхуулж” байгаад
Хэрээстэй “дуран” духанд нь тааруулсан юм

Ховор хийцтэй шагай нь чимэгхэн болоод
Холестрин багатай мах нь хуушуур болоод
Аман хүзүү нь айлын хашаанд
Арьс нь дэлгүүрт өлгөгдөөд дууссан даа

***

Шороотой, гантай зун боллоо
Шог шог гэх тарвага алга боллоо
Айлын малнаас өөр амьд амьтан
Алтай нутагт үгүй боллоо

Үс ноос гэж өрвийсөн гурав
Үнэг шиг арчаагүй царайллаа
“Дархан бэр” ээжийнхээ таван эр үрээс
Даруй хоёр нь үгүй болжээ

Өөрсдийгөө яая гэж байж
Өрөөлд ажил удаж “хүүхэд хийх” гэсэнгүй
Бүсээ чангалаад бөлдгөө хумиад
Бүрзийсэн гурав шогших боллоо

Царцаа идэж ходоодоо дүүргэн
Цаашид яах нь бүрхэг амьдарлаа
Бүлэглэж байгаад ганц хурга хулгайлбал
Бүтэн долоо хоног ууланд ногоорно

Сүүлтэй чоно биднээс биш
Сүүлгүй “чоно” сайн эрсээсээ харамлаад
Машинаа унаад адуугаа манах
Малаа дагаад мал болох шахсан даа

Дахиад л нэг намар, өвөл ирлээ
“Дах” гангарах цаг болсон байтал
Шар ноосноосоо салж өгдөггүй
Шаргын говь шиг өнгөтэй юм гүйлдэж байлаа

Шар ноостой хатах юу ч биш
Шалдан ч гэсэн эрүүл байх сайхан аж
Хажуу уулын хоёр чоно
Хамуураад халуураад хэрэг алга

Цан дуугаргаж үргээгээд тэр үү
Цатгалдаж эрт таргалаад тэр үү
Эрдэм сураагүй бид юу мэдэх вэ
“Элгээ тэврээд” хөлдөөд үхснийг нь сайн мэдэж байна

***

Од түгсэн тэр шөнө
Орчлон ямар үзэсгэлэнтэй байв аа
Буу агссан тэр хүмүүсийн
Бодол ямар муухай байж вэ

Гурайтаагүй ч цатгалдаагүй гурав
Гуу дагаад шогшиж явлаа
Алсад үнэртэх “адууны мах”
Арааны шүлс үйлдвэрлэх аж

“Бор хацарт” урд гарчихсан
“Болдоггүй саарал” ард дагачихсан
Нүд худал хамар үнэн гээд
Нүүдлийн шувуу шиг цувж явлаа

Гуу тэгшрээд талтай золгуулав
Гурван том чоно “ил гарав”
Алсад моторын чимээ гарч
Амь хутганы ишин дээр ирлээ

Харанхуй шөнө биднийг хэн харах вэ
Харгана таарвал нуугдаад хэвтье гэлээ
Бодсоноороо нуугдах гэтэл
Бор халтар туулай өврөөс босоод гүйв

Бариад идчихье гэвч
Барааны газраас гялалзах гэрэл үнэн аймаар
Туулайнаас болж амиа өгөхгүй гэж
Тулгамдсан шуналыг дор нь дарав

Тэр харин алдаа байсан байна лээ
Тэр дор нь тас татаад идчих байсан байна лээ
Нөгөө муу дэлдэн чинь машинд баригдаад
“Нуувчинд” суусан бидэн рүү чиглээд зугтаав

Ар өврөөс нь гэрэл тусгасан
Аймаар дуутай хоёр тэрэг бидэнд тулав
Туулай хөөж явсан тэдний өмнөөс
Тугал шиг гурван волк босоод ирэв

Бид айв, тэд цочив
Бут үсрэв, хааз нэмэгдэв
Арханд үлдсэн уул
Арга барагдахад дэндүү хол

Бид дөрвөн хөлтэй, тэд таван араатай
Буун дуу тас няс, салхи шуугина
Тарцгаая, ядаж нэг нь амьд үлдье
Тал руу биш уулаа л тэмцэнэ шүү гэх

Санаа уул даваад алга боловч
Салтаанд нь гэрэл туссан бие эндээ
Азгүй юм, би гэдэг боохой
Араас нэг машин нь дагачихаж

Бултаад ард гарлаа, бул чулууны ард хэвтэж үзлээ
Буудуулсан болж унаад зогсоход нь хурдалж үзлээ
Арын уул уг нь энүүхэнд байдаг
Аймшиг харин бүр ойрхон байдаг

Аахилж явахдаа аавыгаа бодсон гэвэл үнэмших үү
Архирч давхихдаа ээжийгээ “харсан” гэвэл итгэх үү
Үхэх байсан бол тэд үхээд шийдчих байсан юм
Үр би үхэж бол болохгүй шүү гэж гүрийнэ

Хашгирах хараах хүмүүсийн дуу холдоод явчихлаа
Харайлгах миний бие “ганцаардаад” явчихлаа
Улам хурд нэмэгдэв
Ухаа даваад алга болов

Чих дүнгэнэнэ, цус гоожно
Чигээ өөрчлөөд ууландаа ирэв
Дорой муу анчидтай таарч
Дробинкны гурван тугалга “аваад” үлдсэн нь тэр

Гэхдээ надад тугалга өгөөд
Гэмгүйхэн явсан нэгийг маань
АК-гаар шүршиж унагаад
Ачаад явсан юм билээ

Бүтэн ирсэн “Бор хацарт” бид хоёр
Бүтэн сар тэр уулнаас буугаагүй юм
Азарган чоно болоод тэр маань яваад өгсөн
Азгүй би нэг чих дүлийрээд үлдсэн

Үрээ үлдээсэн жилдээ, тэр минь
Үдийн хэрд үргээлгэнд ороод
Амьсгал хураасан бие нь бүтнээрээ
Алтайн цаагуур урагшаа хил давсан

Түүнийг хятад хуушуур болж байхад
Тонхилын ойролцоо би болзож явлаа
Үхсний араас үхэхгүй гээд
Үр удмаа үлдээж явлаа

Даанч гай газар дороос
Говь-Алтайнхан модон дотроос гэгч болж
Үүрийг минь ухаад
Үрсийг минь суйлчихсан

Хань минь хариугаа авах гэж яваад
Хамаг биеэ шүүрэн шанага болтол буудуулж
Чоно нэртэй ч хүн шиг явсан намайг
Чогчигоноос өөр нөхөргүй үлдээсэн дээ

Халуун зуныг хэвтэж өнгөрөөлөө
Хамар доорх мөндлийг ч тоолгүй
Галуу буцтал турж хэвтсээр
Гансарч, гасалсан даа

Ерөөсөө ингэж хээрээр гэр хийж явахаар
Ердийн нохой шиг тэжээвэр явъя гээд
Сумын төвөөр орлоо доо
Судалж жаахан шогшлоо доо

Боргон хуцах ноход цатгалан боловч
Бодож байсан шиг минь харин эрх чөлөөгүй аж
Хүний эрхээр жаргахаар чонын эрхээр зовъё гээд
Хөвч рүүгээ хөнгөхөн алхлаа

Тэгсэн байдаггүй ээ
Тэгнээд нэг нөхөр мод бариад ирлээ
Холд гээд тэр ойлгох биш
Хохь чинь шүү гээд архирлаа

Буун дуу тас
Бурханы өмнө би зогсож байна
Галзуу бол байгаагүй юм шүү
Гансарсан гэвэл харин үнэн шүү

Богинохон энэ амьдралын минь
Буруу зөвийг шийдэж аль
Диваажинд аваачна уу, тамд илгээнэ үү өөрөө мэд
Дэлхийд харин буцаавал чоно л болгож хайрла

Аделайд, Өмнөд Австрали, 2006.11.04
Бүрэн эхээр нь...

Tuesday, December 8, 2009

УТАА БА БИ

Угаасаа би
Утаанаас айдаг хүүхэд байсан
Гэрийн яндангийн утаа битгий хэл
Гэнэт гарсан том үүлнээс ч айдаг байсан

Яагаад гэдгээ мэдэхгүй
Ямар мэргэч төлөгч биш
Урд амьдрал гэж байдаг байгаад
Утаа, үүлнээс болоод юу яасан ч юм бил үү

Одоо харин гайгүй болчихож
Орчлонгийн амьдралд дасаж дээ
Утаанбаатар нийслэлийн хүн болчихоод
Уйлж унжаад айж сүрдээд байлтай биш

Утаанбаатар, 2009.12.09
Бүрэн эхээр нь...

ДАЙСАН

Өөрт минь дайсан олон ч
Өст дайсан ганцхан байдаг
Энэ бол би өөрөө
Энэнийг би таньж чадлаа

Хийсэн бүтээснийг минь
Хийсгэж, үгүй хийж чадах
Бодол, хүслийг минь
Боогдуулж, төөрүүлж явах

Хань ижлийг минь
Хар усаар гомдоож мэдэх
Хүний итгэлийг хөсөрдүүлж
Хөгийн нэр зүүлгэж магадгүй

Дайсны муу дайсан
Дандаа хамт амьсгалж явжээ
Чамайг би яаж дийлэхээ мэднэ
Чадлаар би чамаас хамаагүй илүү за

Улаанбаатар, 2009.12.09
Бүрэн эхээр нь...

ДӨЧ Л ХҮРЧ БАЙЖ ...

Дөч хүрч ухаан суудаг гэхээр
Дөч хүрэлгүй ухаан суучихсан мэт
Санаж явжээ, сагсуурч явжээ
Сэтгэхдээ уг нь онцгой байсан юм

Алдалгүй оноод байсан биз бодвол
Алдсаны дараа онож чадсаныг харин
Ухаан суусан гэдэг бололтой юм
Ухаарч одоо л амьдарч эхлэх хэрэгтэй аж

Давахгүй гэсэн даваагаар долоо давж
Давтахгүй гэсэн алдаагаа долоо давтсаар
Дөч гэдэг насыг дөхөөд ирсэн байна
Дөч л хүрч байж ухаан суух юм байна даа

Улаанбаатар, 2009.12.09
Бүрэн эхээр нь...

ТЭРСЛҮҮ ЗӨВЛӨГӨӨ

Ном дагалгүй
Нам дага
Үнэнийг хэлэлгүй
Үггүй долигно

Би чадаагүй юм аа
Бусад нь харин бүү алдаг

Улаанбаатар, 2009.12.09 Бүрэн эхээр нь...

БАГА НАСНЫ МИНЬ ДӨРВӨН УЛИРАЛ

Цагаан сар
Цэнхэр яргуй
Түрүүчийн шувууд
Төлийн цангинаан

Хөх ногоо
Хөхөөн дуу
Мөөгөн хүрээ
Мойлын тохой

Гуулин боодог
Ганган байгаль
Айрагийн амт
Айлын нүүдэл

Алсын чимээ
Амьтадын мөр
Хайрах жавар
Харзалсан гол

Улаанбаатар, 2009.12.09
Бүрэн эхээр нь...

ДЭЭД

Хүний дээд ээж
Хайрын дээд хань
Хурдны дээд бодол
Хурын дээд бороо

Улаанбаатар, 2009.12.08 Бүрэн эхээр нь...

Monday, December 7, 2009

ТЭНЭГ, ЦЭЦНИЙ ЯЛГАА БУЮУ ...

Тэнэг, цэцэн байхын ялгааг
Тэр бүр мэдэрдэггүй явжээ
Хүн бүрийг л адил мэт төсөөлж
Хааяа л нэг гайхдаг байжээ

Энгийн юм ойлгохгүй, сэтгэхгүй
Энэ ямар сонин хүн бэ гээд
За, яахав, нэг удаа, хоёр удаа гээд
Завсар, ялгааг нь мэдрэлгүй амьдарчээ

Харин одоо сайн анзаарч эхэллээ
Хальт өөрөө тэнэг болж байж
Тамхи, архиар тархи юугаа хордуулж
Тэмцэж явсан бүхнээ умартан байж шүү дээ

Донгиодуу болоод ирэх үед
Донгиодуу санагддаг байсан хүн хүртэл
Гайхмаар сэтгэж, ярьж буй мэт болдог аж
Голж өөрийгөө өрөвддөг юм байна

Зэврээд ирэхийн цагт
Зэвэрсэн харагддаг байсан нөхөр хүртэл
Сайхнаас сайхан амьдарч буй мэт атаархагддаг аж
Санаагаар унадаг юм байна

За, үүнээс доош унах түвшин
Замбуулинд байхгүй юм байна
Бодож сэтгэх ялгаатайг мэдэрсэн хойно
Босох цаг нэгэнт болжээ

Хэт их оройтоогүй дээрээ
Хэн байх ёстой вэ гэдгээ санаж
Тэнэгүүдийг доороос биш дээрээс харж
Тэр цэцнүүдтэй нь харин уралдаж явъя даа

Улаанбаатар, 2009.12.08

Бүрэн эхээр нь...

ЧОНО БУЮУ ШҮДНИЙ ӨВЧИН













Шүд өвдөөд хэрэг алга
Шөнө ч бүтэн нойргүй
Хориод жил ийм юм үзээгүй
Хогийн шаналал байна шүү

Нэг шүд өвдөж байснаа
Нэг хэсэг нь дагаж янгинаад
Энүүхэн урд өвдөж байснаа
Эрүү тэр чигээрээ хүндүүрлээд

Эмчид гүйгээд очихоор
Эхлээд өвчнийг нь намдаа
Тэгэж байгаад эмчлэнэ гэх юм
Тэр үед нь очиж яг харагдаач

Зайлах уусмал өгөөд
За, их өвдвөл энийг уугаарай гэж
Антибиотек нэгийн зэргийг бичээд
Аргалаад намайг гаргадаг байна шүү

Болдогсон, чаддагсан бол
Бахиар өөрөө суга татчих юмсан
Шөнө, өдөргүй ёолж явснаас
Шүгэлдэж ярьдаг болсон нь дээр ч юм шиг ...

Чоно хөөж яваад
Чанга гэгч донслуулаад
Үүдэн шүдээ булгалах шахсан
Үйлийн үр энэ буй заа

Улаанбаатар, 2009.12.08
Бүрэн эхээр нь...