Thursday, August 26, 2010

ТЭМДЭГЛЭЛ

Халуу шатсан зун
Хөл татарсан үдэш
Дотно улсын төлөөлөл
Дотор нуугдсан нулимс

Аяллын VIP заал
Аялгууны Pepsi-plane*
Улаанбаатарын гэрэл
Урт нислэгийн эхлэл ...

Сөүлийн онгоцны буудал
Сандал мэт ор
Таван цагийн хүлээлт
Танхимаар тэнэсэн өглөө

Өнөө л Pepsi-plane
Өрнөдийг чиглэсэн нислэг
Арван хоёр цаг
Амралгүй үзсэн кинонууд

Америкийн төрийн далбаа
Амьсгал бүгчимдэм агаар
Хар арьст хүмүүс
Хилийн шалган нэвтрүүлэх ...

Одоо ч нүдэнд үзэгдэх шиг
Орчлонд нэг л өдөр өнгөрсөн мэт
Нэг мэдэхнээ сар болох гэж байна
Нэг тэмдэглэж үлдээе дээ, энд

Цагийн зөрүүнд дэмийрээд
Цагаан ордонд ангайгаад
Гудамж замд нь төөрөөд
Гул Аранжин болжээ, уучлаарай

Анх ирсэн болоод тэр үү
Америк кинонд орсон мэт санагдаж
Нарнаас бусад нь анги харагдах
Нэгдсэн улсад дасах гэж явна

Тоосгон барилга ихтэй
Түм түжигнэж, бум бужигнасан гудамжинд
Төрийн далбаандаа залбиран
Тэрүүхэндээ бас тохижих гэж явна

Өнгө өнгийн арьстай хүмүүсийг
Өөрийн мэдэлгүй эргэж харчихна
Олон газраар явсан ч гэлээ
Онцгой зүйл энд олныг анзаарав

Тэр бүгдийг нэг нэгээр нь
Тэрлэж би шүлэг бичнэ ээ
Энэ тэмдэглэлд багтаана гэвэл
Ээ дээ, худлаа юм шиг байна

Вашингтон хот, 2010.08.26

* Миний бага охин Аялгуун Korean Air-ын онгоцыг
Pepsi-plane гээд байхаар нь харсан чинь нээрээ
эмблем нь төстэй байсан байна лээ.
Бүрэн эхээр нь...