Thursday, May 14, 2009

ТҮЙМЭР

Түймэр асаж байгаа бололтой
Түймрийн бололтой утаа үзэгдэж байна
Богд уул харагдахгүй байна
Богд ууланд гарсан бололтой

Чийг бороо унасан энэ цагт
Чи муу түймэр яагаад гарав
Хаанаас чи эхлэв
Хэн чамайг асаав

Тамхины цогноос уу
Тракторны яндангаас уу
Унтраагүй түүдэгнээс үү
Улс төрийн халуунаас уу

Тавин жил ургасан модыг
Таван минутад үнс болгож
Ар чимсэн сайхан ойг
Арчаад өнгөрөх нь үү, чи

Их хурлын гишүүдээс
Илүү хэрэгтэй модсон доо
Ассан болоод унтрах
Авъяас чамд байна уу

Тэгэж нэг буян болооч
Тэрүүхэндээ уураа дараач
Хөл нугалан сөгдөн гуйя
Хүүхдүүдэд минь наад ойгоо үлдээгээч ...

Улаанбаатар, 2009.05.15
Бүрэн эхээр нь...

АЖИЛ ТАРААД ОЧИХСОН

Миний том хүргэн ах, хүний хайлан, эрийн жудаг, Сумын заан, ховорхон тээвэрчин Авирмэдийн Довчинсэнгээгийн гэгээн дурсгалд зориулав:


Ажил тараад очихсон
Архины үнэтэйг бариад
Тамхины сайныг хармаалаад
Таныг зориод очихсон

Үүдээр тань оронгуутаа
Үнсүүлж золгон дагаад
Том өрөөнд тань тухалж
Том том яриа дэлгээд

Ажил төрөл сайн
Авгай хүүхэд дажгүй
Ан гөрөөндөө явсаар гэж
Ам бардам тайлагнаад

Бие биендээ хундагалаад
Байс байсхийж тулгаад
Нэг юмны ард гарч
Нэг юманд дүү нараас явуулаад

Тамхийг муулангаа
Татаж утаа суунаглуулаад
Мах ихтэй хоол идэж
Магтаж биесээ хөөргөөд

Сайн машинтайгаа гайхуулаад
Сайхан унасангүй гэж зэмлүүлээд
Хүүхэд насны онигоогоо дэлгүүлээд
Хүн болсноо магтуулаад

Бага насыг нь дурсуулаад
Бөх болсныг нь яриулаад
Гэнэт босч хав золгоод
Гэр дүүрэн ноцолдоод

Нараа эгчид зэмлүүлээд
Нам дороо сууцгаагаад
Ирсэн архийг задлаад
Илүү дутуу чалчаад

Сумог тойрон ярилцаад
Сумын наадмыг нь хуучлуулаад
Ама-г магтан шүүмжлээд
Аса-г шүүмжлэн магтаад

Мөнгөн арсланг яаж хутгасныг
Мотор хэзээ боож сурсныг
Сар яаж уургалах гэснийг тань
Сайхан нэг яриулаад

Шөнө болтол суухсан
Шүлэгнээсээ уншиж халуурахсан
Машин болохоо байсан
Маргааш засаад өг гэхсэн

Авд хамт мордоё
Ах Та жолооч хийх үү
Дүүгээ жолооч болсныг хараад
Даргын суудалд суух уу

Ямартаа ч ойрхон хөдөө явъя
Яргуйнд гөрөөс цадсан байна
Танай говьд байхгүй
Тураг гөрөөс харуулъя

Хорин хэдэн аймгаар хэссэн
Хал, туршлагаа заа л даа
Ховд хамт явна гэсэн яалаа
Худлаа яриагүй биз дээ

Зуны эхэн сард явъя
Зам заагаад аль
Гэрэлээ ахыг авъя
Ганзага заавал нийлнэ

Одоо хүүхдүүд тань том болжээ
Олон юманд санаа зоволгүй
Ерөөсөө энэ зун явъя
Ертөнцийн сайхныг хамтдаа мэдэрье

Энхээ яг Тан шиг болжээ
Энхбаяр сайхан гар яачихав
Улаанаа удахгүй төгслөө
Ууган охин тань ажилдаа сайн гэнэ

Цэлмэг нээрээ хүнд гар
Цэлмүүн том болж байна
Гэх мэтээр ярилцахсан
Гэмгүй тэгээд согтохсон

За, харьлаа гэхсэн
За, чи хоноод яв гэгүүлэхсэн
Би зүгээр ээ гээд
Баахан гуйлгаж байгаад хонохсон

Ажил тараад очихсон
Архины үнэтэйг бариад
Тамхины сайныг хармаалаад
Таныг зориод очихсон ...

Улаанбаатар, 2009.05.15
Бүрэн эхээр нь...

ӨНӨӨДРӨӨРӨӨ ...

Удахгүй сонгууль болох юм гэнэ
Уруудах, сэхэхээ шийдэх юм гэнэ
Яг ш дээ, тээ
Ямар ч өөрчлөлт гарахгүй, за

Хууль тогтоох, гүйцэтгэх засаглал нь
Ховхорч, өөрчлөгдөөгүй байхад
Бэлэгдлийн чанартай Ерөнхийлөгч
Баярлуулж юу өөрчлөх юм бэ, аан

Баруун, солгойгүй мөнгө цацсан
Баатар, хулгайчаараа дуудалцсан
Хөгийн бөгөөд уйтгартай сурталчилгаа
Хаа сайгүй гарч, үзэгдэж байна даа

За даа, маньд ямар хамаа байна
Замаараа хармаандаа гараа хийгээд алхая
Харин хүмүүс хаашаа яараад байна
Хачин ажилтай улс л гүйлдэх юм

Маргаашийн нэг нь үхэл
Маргашгүй энэ бол үнэн
Өнөөдрөөрөө амьдраач дээ
Өмнөх сайхнаа мэдрээ ч дээ, хүмүүс минь ...

Улаанбаатар, 2009.05.14
Бүрэн эхээр нь...

Wednesday, May 13, 2009

ГӨЛӨГ

Гудамжинд нэг гөлөг шогшино
Гутарсан шинжгүй сүүл өргөн шогшино
Нэг бүсгүйг дагаж явснаа гүйцсэнгүй
Нөгөө нэгийг нь дагаад буцаад шогшлоо

Туфлийн өсгийд духдуулж аваад
Тун удалгүй нэг хүүхэд дагаад шогшлоо
Хэнийг дагаад хаашаа явахаа мэдэхгүй ч
Хэн нэгнийг дагах учиртайг мэдсэн мэт

Зайлуул даа, энэ нялх гөлөг
Зам дээр хэр удаан шогших бол
Эм сүвтэй болохоор нь
Эзэн нь түүнийг төөрүүлж дээ, янз нь

Бор хоолонд оронгуут нь
Бондойтол нэг цатгаж өгөөд
Хотын төв, хоолны хаягдал бараадуулж
Хөсөр хаясан нь энэ биз ээ

Хүйсээ олж төрөөгүй гөлөг
Хүний нохой болох худлаа
Эм гөлөг гэдэг гологдсон нэртэй
Энэ хотын амьд хог болж дээ

Эр болж төрсөнсөн бол ядаж
Элдэв хоолны үлдэгдэл, угаадас идээд
Өөрийн гэсэн нэртэй болоод
Өөрт нь ахадсан гинж зүүчихсэн байгаа даа

Эмгүйгээр амьтан төрөхгүй ч
Эрийг нь дээдлэх гэх монгол "ухаан"
Төрөлөө олох гэж нааш цааш шогших
Түмний хөлд дарагдсан монгол гөлөг

Өнөө цатгалан ч үдэш өлсөнө дөө
Өөрийн гэх юм түүнд юу ч байхгүй
Хүйтэн зэвүүн цагт бол
Хөлдөөд тэр дороо үхэх байсан биз

Аз болоход урь орчихож
Амьтан лав хөлдөж үхэхээргүй цаг
Гэхдээ тэр удахгүй байх
Гэнэдээд мөдхөн энэдэх биз ээ

Өлбөрч үхэж мэднэ
Өшиглүүлж бас үхэж мэднэ
Машинд дайруулж мэднэ
Маргааш энэ гөлөгөнд үнэхээр бүрхэг

Гудамжинд нэг гөлөг шогшино
Гутарсан шинжгүй сүүл өргөн шогшино ...

Улаанбаатар, 2009.05.14
Бүрэн эхээр нь...

АМЖИХ ЮМСАН

Мөнх тэнгэрийн дор мянга мянган хавар
Монголын сайхан оронд жил жил дэлгэрдэг ...


Мянга мянган хаврыг ямар үзэх биш дээ
Мянга биш гэхэд зуу ч надад ахдах биз
Гучин зургаатай надад одоо дахиад
Гучин зургаа байхад л хаваасаг доо

Хүсэх гучин зургаан хаврын нэг
Хүрч ирээд дуусч байна, гадаа
Анзааралгүй өнгөрөөчих вий дээ
Амжиж түүнээс амтыг нь мэдрэе дээ ...

Улаанбаатар, 2009.05.14 Бүрэн эхээр нь...

НОЙР

Нойрыг сэрж бардаг гэдэг
Нойртойсон бил үү би, ингэхэд
Барж ядсан нойр ойрд лав байгаагүй
Босъё гэсэндээ л босож байсан

Яагаад ч юм хоёр өдөр дараалан
Яарамгүй, унтаад баймаар байлаа
Ханд нь таарсан гөрөөсний цус
Хамаг эрхтэнг амраагаа юу даа ...

Улаанбаатар, 2009.05.14 Бүрэн эхээр нь...

ЧАДАХГҮЙ

Үзэсгэлэн гоогийн өмнө бардам байж чадахгүй
Үлэмжийн сайхан сэтгэлийн өмнө цэцэн байж чадахгүй
Үнэнхүү ухаантны өмнө түшмэл байж чадахгүй
Үүрдийн бус хүний хорвоод хүлцэнгүй байж бас чадахгүй

Анкара, 2001.05.05 Бүрэн эхээр нь...

БУЛХАЙТАЙ ЧОНО

Өчигдөр явна гэснээрээ анд явлаа
"Өрлүүлсэн" бярууныхаа өшөөг авахаар
Дуншиж дуншиж ес гээд хотоос хөдлөв
Дугуй хагарч нөхүүлсээр сартай уралдаад очив

Сартай уралдана гэдэг нь өдийд
Сайхан оройтоод очиж байна гэсэн үг
Нар оронгуут чоно зэмээ эргэдгийг мэдсээр байж
Навсайтал хоцроод очиж байна гэсэн үг

Уг нь бол чоно зэмээ мэрээд байж байдаг
Урьд шөнийн чоно булхайдсан байна лээ
Олуулаа ч явсан бололтой дог
Ор сураггүй чирээд явсан байна лээ

Сэвсийг нь эвтэйхэн асгаад
Сэг гэх юм үлдээлгүй "үүрээд" явсан байна лээ
Тэр хавиар нь гэрэлтүүлээд
Тэмдэгтэй сэжигтэй юм олж харсангүй

Зориод очсоных гэрэл тавьж байгаад
Зүр унагаж цусыг нь ууцгаав
Үүр цайхаар зэмтэй газраа дахин нэгжив
Үнэндээ юу болсныг харцгаав

Нэг биш хэд хэдэн чоно байсан нь тодорхой
Нэг ч чөмөг үлдээлгүй ташиж сороод
Гавлын яс, туламласан арьс үлдээгээд
Ганган бааж, шээж авцгаагаад хөдөлсөн байна

Уул өөд жалга өгсүүлж чирээд
Урьд шөнө нь биднээс нуугдсан байж
Наадуул чинь надаас ухаантай гэж
Найз Мангиа минь ярьж байна лээ

Нээрээ ч шүд, толгой сайтай ноход байжээ
Нэг "үхрийг" минь залгиж орхичихоод
Болзсон зэмэн дээрээ уулзалгүй
Булхайдаж новширсон байна лээ

Төв, Баяндэлгэр, Цагаан Даваа
2009.05.13
Бүрэн эхээр нь...

Monday, May 11, 2009

БЯРУУ

Манайх угаасаа малчин айл биш
Малчин биш ч бас малтай айл
Хот суурингийн айлд зөвшөөрсөн
Хувийн хэдэн малтай байсан айл

Малынхаа тоогоор биш таргаар
Малынхаа сүүгээр биш сүрээр гайхагдсан
Жил алдалгүй тугалладаг хоёр үнээ
Жин алдалгүй онд ордог хэдэн эр үхэр

Тоо нь цөөн болохоор
Тугалаа гэртээ бойжуулдаг
Бяруу цагаас нь элэхтэн унаж
Булчин шөрмөс, ааш занг нь засдаг

Өвсний сайнаар тэжээн онд оруулж
Өөриймсөг сэтгэлээр адгуулдаг байлаа
Аль хөгшнөөс нь тогоо тосдоод
Аман хүзүүг нь шатааж хүлцэл өчдөг байлаа

Ээж минь бурхан болж
Эцэг минь нас өндөрт гараад
Өнөө хэдийг маллах хүн байдаггүй
Өлөн нүдтэй сүүлгүй боохойнд алдаж эхлэв

Аргаа барахдаа хөдөө гаргаж
Айлын малд тоо нэмэв ээ, гураваар
Нутаг сэлгэнгүүт хөгшин үнээ үхэв
Намар нь нэг охин бяруу боохойд идүүлэв

Охины минь алаг гунж тугаллав
Орчлонд манайх гэх үхэр хоёр үлдэв
Ноднин дахин эр тугал гаргав
Намар, өвөл гээд хавартай золгов

Таргалсан өвчүүгээ газар чирэх мэт
Тааваараа ирдэг байсан эр үхрүүдийн минь удам
Аав, ээжийн малын буян гэж өхөөрдөн
Авд очихдоо харж зогсдог эр бяруу байлаа

Байлаа гэдэг нь байхгүй гэсэн үг шүү
Боохой түүнийг өнөө өглөө нухсан байна
Газар дээр хоёр эм үхэр үлдээгээд
Газарт зэмээ орхиод явсан байна

Ажил тараад би мордлоо
Авчин яваагийн учир юу билээ
Шинэхэн зэмээ эргэхээр чоно гуай ирж л таараа
Шилэнд нь сум зоохгүй бол юуны анчин билээ, би ...

Улаанбаатар, 2009.05.12
Бүрэн эхээр нь...

ХАТАН ТУУЛ МИНЬ

Хатан Туул өргөн бөгөөд гүнзгий
Хөндлөн гарахад сал хэрэглэдэг
Тэрэлжийн тэндээс урсгасан модод
Тээглэлгүй явсаар Улаанбаатарт ирдэг

Бургас мод нь өндөр бөгөөд шигүү
Тул загас нь том бөгөөд олон
Буртаг, булингар багатай
Тунгалаг гэдэг нь дэндүү ... байлаа

Хүүхэд байхад үүнийг сонсчихоод
Худал юм шиг шахуу бодож байлаа
Түүнээс хойш хорь гаран жил өнгөрч
Тэр ярианд одоо үнэмших хүн олдохгүй биз

Өргөндөө өргөн, гүнзгийдээ гүнзгий ч гарах гарамтай
Өтгөн биш ч бут бургастай
Тул цөөхөн ч зэвэг, хадрантай
Тунгалаг бөгөөд урсгалтай сайхан гол байсан

Бороо орсон хуртай жил
Булан тохой бүр нь дүүрэн
Байгаль хийгээд нийслэлээ чимсэн
Барагдашгүй мэт арвин устай гол байсан ...

Ингэж би одоо ярьвал
Инээж зарим нь шоолох биз дээ
Үнэн л юм чинь яадгийн
Үхэн үхтэл тэр гол миний зүрхэнд урсах болно

Улаанбаатар, 2009.05.12
Бүрэн эхээр нь...

ТАРВАГА













Нүдний үзүүрт юм хөдлөх шиг болов
Нүдний үзүүр рүү сайн харав
Тарвага паацагнаад гүйж явна
Томдоо орохоор гурван нөхөр нүхэндээ орж харагдана

Хөөрхий дөө, энэ гурав
Хөнжлийн ажил хийж яваа даа
Тал дүүргэхгүй ч гэлээ
Тарвагатай байлгах гээд хичээж яваа даа

Чи цаашаа гэхээр олон тарвагатай нутагсан
Чи хаана байна гэхээр цөөрч дээ, эд нар
Тугалын хашаа тойроод л хошгирдогсон
Тунаж одоо хэдхээн үлдэж дээ

Хүн амьтнаас даажаад
Хадтай, бартаатай уулын таг бараадан
Чоно шиг санаатай, туулай шиг хурдан
Чи бидний мэдэхгүй шахам амьтан болж дээ

Махны амт, арьсны сорлогоосоо болж
Монгол оронд тэр чигээрээ цөөрсөн дөө
Газар жирэлзүүлж байсан энэ амьтан
Ганц нэг л үзэгдэх болжээ, одоо ...

Сахьсан нүх болгоноосоо
Сайрхсан яриа бүхнээсээ
Намнасан тарвага бүхний өмнө
Наминчлан залбирч уучлал хүсье, би ...

Төв аймаг, Баяндэлгэр
2009.05.11
Бүрэн эхээр нь...

БАЯРЛАН СУУВ

Анд яваад үргээлэг хийхэд
Амьтан гарч ирэхгүй бол гутардаг байлаа

Харин сая тэгэж гутсангүй
Хөөгдөж ирсэн ганц гөрөөс хурган зугтав

Өмнөөс нь баярлан суув
Өрөвдөөд бас инээж суув

Ой модоо чимэж яваарай
Олуулаа болоод харайж яваарай, ганц гөрөөс минь ...

Баяндэлгэр, Овоот,
2009.05.11
Бүрэн эхээр нь...

ҮҮЛС

Малгайныхаа саравчийг дух руугаа даран нарны шууд тусгалаас нүдээ нуун хөх тэнгэрт хөвөх хөвөн цагаан үүлсийн хөдөлгөөн, дүрсийг ажин хэвтэхэд тэнгэр улам гүн хөх болж харагдаад ч буй мэт, үүлс нь улам цав цагаан болоод ч буй мэт ...

Аварга том аалз
Архайсан эвэртэй аргаль
Сунайж буй эр хүн
Сууж буй таягтай эмгэн

Шатрын морь
Шуламын унадаг шүүр
Давхиж буй унага
Давхаралдсан хос

Мөлхөж буй хүүхэд
Монголын газрын зураг
Дэвэж буй шувуу
Дэнлүүний эрвээхий ...

Энэ бүгдийг цагаан үүлс хөх тэнгэрт зурж, арилгаж наадах аж ...

Төв аймаг, Баяндэлгэр сум, Баруун Байдлагийн Дээвэрт хэмээх ар,
2009.05.11
Бүрэн эхээр нь...

Sunday, May 10, 2009

ХОЁР УЛИРАЛ

Цас, бороо холилдсон орой
Царай баргар замд гарав
Маргааш нь дахиад ийм байх вий
Машин тэрэг эвдрэх вий л гэж тэр

Хоног солигдохын өмнөхөн
Хар үүл ханзарч бүтэн сар цухуйв
Агаар нь тасарчихаж
Амьсгалахад үнэхээр таатай

Маргааш нь нар ээгээд янзын
Маргаангүй зуных мэт өдөр байлаа
Хөх тэнгэрээ ширтэнхэн
Хэвтэн байж сууринд суулаа

Ууландаа машин суухаар цастай ч
Уулнаас буухаар нов ногоон зүлэг
Хоёр улирлын хооронд
Холхиж яваад ирлээ дээ ...

Улаанбаатар, 2009.05.11
Бүрэн эхээр нь...