Wednesday, July 22, 2009

ЗУРАГ

Айлчлал хариуцаж явав
Австралиуд ирсэн байгаа юм
Музей үзэхээр нь дагалдлаа
Мундаг тайлбарлахыг хичээлээ

Нэг газар очоод гацлаа даа
Нэгхэн зурагны өмнө шүү дээ
Аав минь дүүтэйгээ байна
Ах, дүү хоёр баатар гээд

Энэ миний аав гэж хэлбэл
Элэглээд намайг шоолох биз
Тоосыг нь хуруудан арчаад
Толгой мэхийн ёслоод өнгөрөв

Сайхан инээлдсэн зураг байна
Сайхан явсан улс, угаасаа
Ах минь одоо байхгүй ээ
Аав минь ч удахааргүй болсон

Дуурайж би ажиллаж үзээгүй
Дурсаж харин бахархаж явна
Миний бие алга болсон ч
Музейд тэр зураг байсаар байна ...

Улаанбаатар, 2009.07.23
Бүрэн эхээр нь...