Tuesday, March 30, 2010

БАРУУН БАЙДЛАГ

Баруун Байдлагийн аманд
Түмэн мал хорогджээ
Баруун Байдлагийн аманд
Түмэн төл гарч байна

Баруун Байдлаг байрандаа л байна
Баруун Байдлаг малтайгаа л байна

2010.03.27 Бүрэн эхээр нь...

Monday, March 29, 2010

ХОМООЛ

Хомоол хэвтэж байна
Хаа сайгүй байдаг эд, уг нь
Бодолд оруулаад байхааргүй
Баас шүү дээ, адууны

Яагаад ч юм, жаал харж зогсов
Ямар бодол төрснөө бичих үү
Хөхө, хомоол хараад л юм бичдэг гэж
Хүн амьтан шоолох вий

Ажаад байхад удсан байртай хомоол байна
Айхтар их биш ч нэг жил лав болж
Хар биш хөх өнгөтэй болохоор нь
Хэлж тааж байгаа юм би ингэж

Тарж сүйд болоогүй байгааг үзвэл
Тэр хавиар хөл хөдөлгөөн бага
Адуу, гөрөөс л идээшилдэг
Алс бөглүү тагийн энгэр газар бололтой

Шинэ, хуучин хомоол, хорголыг
Шинэжиж би ингэж бурж байгаа юм
Үнэг, мануул, өмхий хүрэн ч
Үүрэндээ мэт зугаалдаг л биз

Саарал атаманыг энд дурсахгүй бол
Сарыг дэлхийгээс салгахтай ижил биз
Байсан байна, тэр нөхөр
Байх байхдаа бааж тухалсан байна

Адуу байгаа газар тэр байхгүй бол
Аз хийморио шалгаагүй бол
Боохойн хөвүүн тэр биш болох биз
Бодлын үзүүр тэгээд тасрах байсан биз

Эргээд хомоолдоо оръё
Эзэн нь хаана яваа бол гэж
Хаа нэгтээ унгас алдаад идэж яваа болов уу
Хатсан баасаа үлдээгээд тэнгэрт хальчихсан болов уу

Эд нь мөнх эзэн нь хэврэг гэдэг
Энэ хомоол юу сануулан энд хэвтэнэ вэ
Газраас ургаагүй, тэнгэрээс унаагүй ч
Газар дээр хэвтэж байх юм, зайлуул

Хомоолын эзэн чонын хоол болоод
Хомоолныхоо дэргэд чонын баас болон ханьсаа болов уу
Хэдэн сараар ингэж хэвтэх бол
Хэн ч мэдэхгүй, хэн ч анзаарахгүй дээ ...

Бөөрөн хэлбэртэй хар, хөх хомоолууд
Байгаль дэлхийн энэхэн суганд
Бөөн бөөнөөрөө хаягдсан харагдана
Бодвол зөндөө л бодол төрөхөөр юм байна ...

Төв аймаг, Баяндэлгэр сум, Нэвсээгийн ам
2010.03.27
Бүрэн эхээр нь...

ГАВЛЫН ЯС

Арваад жилийн өмнө
Айлын гадаа үнээ нь тугаллажээ
Хүүхэд, хөгшидгүй хөөрцөг болж
Хувин саваа бэлдэж харагдана

Хар халзан эр тугал
Хамраараа дуугарсан болно
Эхэсээ унжуулсан эх нь
Энд тэндээс нь долооно

Арайхийн босоод ирэхэд нь
Ардаас нь долоогоод унагана
Тэгэж тэгэж нэг дуусахад нь
Тэр тугал дөрвөн хөллөн босно

Тэнтэр тунтар алхалж байснаа
Тэнд эндгүй үсэрч үзнэ
Эргэлдсэн алаг нүд нь
Энэ орчлонг гайхаж байгаа гэмээр

Сүүнээс өөр ундгүй мэт явснаа
Сүү уухгүйгээр цадаж болдогийг мэднэ
Бяруу болсон цагтаа
Бөөсөг юунаасаа салж, тайган болоод

Ачаа тэргэнд орж дадаад
Арын албанд уйгагүй зүтгэнэ
Тарга хүч сайтай үедээ
Трактортай ч өөрийгөө зүйрлэн бодно

Сүргийн сүүл барин хээвнэг алхаж
Сүр бараа нэмэн захлан хэвтэнэ
Хэвж хэвтэх зуураа урт амьсгаа авах нь
Хаанаас ч сонсдож мэдэхээр дуутай мэт

Цаг явсаар нас нэмсээр
Цалин аваагүй ч тэтгэвэр бодож явтал
Намрын нэгэн өглөө сүргээс нь авч хоцров
Нарийн сураар ногтлон хөтлөж явав ...

Сүүгий нь ч ууна
Сүх ч далайна гэдгийг
Тэрэг чирч явахдаа ч
Тэр үхэр мэдээгүй явсан биз

Амьсгал агаарт царцам тэр өглөө
Айлын гадаа үхэр гаргажээ
Хүүхэд, хөгшидгүй хөөрцөг болж
Хувин саваа бэлдэж харагдана ...

Тэр намраас хойш
Тэр сайхан амьтан үзэгдэхээ байж
Гурван намар өнгөрчээ, зайлуул
Гурван жил шүү дээ

Данагар эвэртэй гавлын яс нь
Дарайтал хатаж цайраад
Хавар хаврын шар усанд
Ханатал нэг норон жалганд хэвтэх аж ...

Төв аймаг, Баяндэлгэр сум, Модон давааны өвөрт,
Үхрийн гавлын яс хараад төрсөн бодол
2010.03.27
Бүрэн эхээр нь...

ХУРГА

Хөлдөөд, өлдөөд үхсэн хонины тоог
Хөөрхөн хурганууд нөхөн мэндэлжээ
Жилбэ муутай эхийгээ даган гүйлдэх нь
Жаргалтай ч юм шиг, зовлонтой ч юм шиг

Цас ханзармагц цухуйсан өвсхөнийг идэж
Цагийн бэрхэд төрсөн хургаа тэжээх гэх эх
Зүгээр л зогсож байгаад хөхүүлчихгүй
Зүг зүгт шогших эхийгээ үл ойлгох хурга хоёр

Амь амиа бодоод ч байгаа юм шиг
Амьдралын төлөө хамтдаа тэмцээд ч байгаа юм шиг
Алсаас ажих миний дотор уужраад ч байгаа юм шиг
Аль, алиныг нь бид иднэ гэхээр уйлмаар ч юм шиг

Төв аймаг, Баяндэлгэр, Цагаан давааны өвөрт
2010.03.27
Бүрэн эхээр нь...

БОТГО

Бөхгүй шахуу ганц ингэ
Бөөрөндөө нэг юм дагуулчихаж
Дөхөж очоод харахнээ
Дөнгөж төрсөн бололтой цагаан ботго байна

Тулаад яваад очмогц
Тэгэг тэгэг гээд зугтаахчаан болно
Эх нь хаашаа ботго тийшээ
Эргэж харахад нь бас л эргэж харна

Заг хэмээх мод голдуу ургасан
Захгүй их говийн эзэн болох амьтан
Хангай газрын ойн захад харагдах нь
Хаанаас нь ч харсан сүр муутай юм шиг

Үүнийг энэ муу ботго юугаа мэдэх вэ
Үе үеэрээ хангайд идээшилсэн тэмээний төл биз
Агь, таанаа үгүйлнэ гэж байхгүй биз
Амтыг нь аав, ээж нь ч мэдэхгүй биз

Тэртээ нэгэн цагийн хэцүүд
Тив дамнан ачаа зөөн жин тээсэн
Тэнгэрт тулсан сайхан атдын удам гэдгээ
Тэнэгхэн энэ амьтан яг мэдэж харагдана даа

Цас хэмээх сонин эд хайлсан энгэрт
Царай муутай ээжээс нь өөр танилгүй хорвоод
Бөгтийсөн ганц цагаан ботго зогсоно
Бүр өрөвдөөд нулимс гоожих янзтай

Тээр доор бэлчих хориод тэмээнд
Тэшиж хүрдэг болтол өдий байна доо
Сүр ихтэй ат болон томроод
Сүргийн манлайд алхлах хол байна доо, хол байна

Төв аймаг, Байндэлгэр сум, Баруун Байдлаг, Нүүрсэн даваа
2010.03.27
Бүрэн эхээр нь...

Sunday, March 28, 2010

ТУГАЛ

Нимгэн ч гэлээ нэмнээтэй
Нялх тугал хэвтэнэ
Хоншоор амаа еэтэгнүүлэн
Хальт бас зүйрмэглэнэ

Эх нь бэлчээрт явсан хойгуур
Энэ тугал өөр юу ч хийх билээ
Өнгийж нэг боссон болоод
Өвс үнэрлээд долоох аядана

Ойрын жилүүдэд болоогүй
Онцгой хүйтэн өвлийн эцэст
Түм түмээрээ мал хорогдсон
Там шиг хахир зудын дараа

Алдсан малыг нь нөхөх гэж
Айдсыг нь мартуулах гэж
Хотыг нь дүүргэх гэж
Хар цайг нь сүүлэх гэж төрснөө

Энэ тугал зайлуул
Эргэцүүлж ухаарах биш ямар
Хаана юу болоод төрснөө ч анзаарахгүй
Хамраа үрчийлгэн эхээ хүлээн хэвтэнэ

Нэг л мэдэхэд өвс, усанд орж
Ногоо гарахаар бэлчээрт гарч
Бяруу, бух болоод ирэхийг цагтаа
Баруун Байдлагаа дүүргэн алхлах биз ээ

Төв аймаг, Баяндэлгэр сум, Цагаан давааны өвөрт
2010.03.27
Бүрэн эхээр нь...