Tuesday, October 27, 2009

ГАХАЙ ГЭЖ















"Гахай их балиар
Гадуур их тэнэдэг" гэдэг бил үү
Жинхэнэдээ гахай гоё, за
Жирээ нь тасархай, за

Улаанбаатар, 2009.10.28 Бүрэн эхээр нь...

Monday, October 26, 2009

ЗЭМ















Зам дээр
Зэм хэвтэнэ
Түүн дээр
Тас овоорно ...

Дөхөөд очлоо
Дөрвөн шийр, шир л үлдсэн байна
Сайхан зүстэй нэг унага
Сарваа болж чадалгүй үхсэн байна

Үхсэн ч гэж дээ
Үмхүүлсэн биз
Тасанд ямар буруу байхав
Танхай муу саарал л эхлээ биз ...

Хаврын тэр нэгэн өдөр
Хөл дээрээ босоо мэндэлсэн биз
Зэлэнд уягдан унтахдаа
Зэгсэн хүлэг боллоо гэж зүүдэлсэн биз

Эхийн сүүнд бүрэн цадаагүй
Эл хорвоог таниагүй цагтаа
Сүргийн захад үүрмэглээд
Сүүлтэй боохойд нүдлэгдээ биз

Цочоо биз зайлуул
Цовхчин зугтах аядаа биз
Багалзуурдуулан унаж тийчлээд
Бурханы адуу болоо биз ... бодвол ...

Зам дээр
Зэм хэвтэнэ
Түүн дээр
Тас овоорно ...

Төв аймаг, Баянцогт сум, 2008 оны өвөл

Бүрэн эхээр нь...

ЯАВАЛ ДЭЭР Ч ЮМ БЭ ДЭЭ















Даруухан томоотой явахаар
Дарга болох юм гэнэ лээ гэж цуураад
Балгачихаад халамцуу үзэгдэхээр
Бараагүй юм гэнэ лээ гэж муулаад

Мөрөөрөө явж ч болдоггүй
Мөнгөөрөө ууж ч болдоггүй
Яасан хэцүү хүмүүс вэ
Яавал дээр ч юм бэ дээ ...

Улаанбаатар, 2009.10.27 Бүрэн эхээр нь...

ХҮН ШИГ Л ХҮН БАЙХЫГ БИ ХҮСНЭ














Дурсах хүүхэд настай
Дурлалын сонин түүхтэй
Хайрлах үр хүүхэдтэй
Халамжлах хань ижилтэй

Үерхэх найз нөхөдтэй
Үржүүлэх мал хөрөнгөтэй
Унах сайн тэрэгтэй
Уулзах төрөл, төрөгсөдтэй

Үүрэх цэцэн буутай
Үнэлэгдэх төр, засагтай
Хэлэлцэх өндөр боловсролтой
Хэтийн түмэн мөрөөдөлтэй явсаар

Дурсагдах нэр төртэй
Даруухан шарилын хөшөөтэй
Хорвоогоос буцан оддог
Хүн шиг л хүн байхыг би хүснэ

Улаанбаатар, 2009.10.27
Бүрэн эхээр нь...