Monday, December 21, 2009

ӨВӨЛ

Ган төмөр ч хөлдмөөр
Ганган хүйтэн болж байна
Муу муухай бүхэн хөлддөг
Миний дуртай өвлийн улирал аа гэж

Улаанбаатар, 2009.12.22 Бүрэн эхээр нь...

ХАРАМСАХ АЖ

Ноороглож болохгүй хүний амьдрал
Нэг л заяагдаад жирэлзэн оддог аж
Өөртөө зөв гэснээр шийдэн явавч
Өдөр хоног өнгөрөхөд эргэлзэн харамсах аж ...

Улаанбаатар, 2009.12.22 Бүрэн эхээр нь...

Wednesday, December 9, 2009

ХАРЬТ

Үүрээр бослоо
Үхрийн хаа эвдэх байсан юм
Мал, амьтны мах зөндөө эвддэг ч
Мэлмэрүүлээд уйлж үзээгүй юмсан

Сураагүй биш дээ ямар
Суун босон янзлаад дуусах дөхлөө
Харьт, богц нугалах л үлдтэл
Хайрт аав, ээж минь бодогддог байгаа ...

Бага байхад ээж минь нэг удаа
Богийн хаа урд тавиад
За, миний хүү наадахаа эвдчихвэл
Загасанд явахыг чинь зөвшөөрнө шүү

Хугалж, хөрөөдөлгүй
Хуруугаа бас огтолчилгүй янзал гээд
Боорцог хайраад суучихав
Би ч ханцуй шамлаад орлоо доо

Аав, ээж гулууз мах эвдэхийг
Ажиглахаараа нэг болсон юм чинь
Энэ муу хаа одоо юу юм гэсэн
Эрдсэн бодол төрж байсан санагдана

Хавирга юуг нь хадаад
Хүзүү, сээрийг салгаад
Дал юуг нь эргүүлээд
Даналзаж байлаа, хөөрхий

Харин тэгсэн байдаггүй ээ
Харьт, богцын залгаан дээр очоод
Хачин болдог байна ш дээ
Хамаг аргаа хэрэглээд дийлдэггүй дээ

Анзаараагүй юм шиг байсан аав тэндээс
Алив наашаа аваад ир гэж байна
Байж бай, би өөрөө гээд
Барилдаж өглөө дөө, нөгөөхтэй ...

Ижий минь инээж ирээд л
Илж, бас үнэрлэн үнсэв
Намайг шалгаж туршингаа
Нэг юм зааж өгөх гэсэн аж

Хүргэн орохоор ирсэн нэгнээр
Харьт салгуулж шинждэг байсан юм
Хэзээ нэгэн цагт айлд очихдоо
Хүнд битгий адлагдаарай, одоо гэв

Дээхэн үед гэнэ лээ
Дэгжин маягийн нэг залууг
Хадам болох хүн нь шалгаж
Харьт, богц салгуулах болж дээ

Хүргэн яахав, том том яриад
Хуга, нуга дараад өгөхөөр болж
Хутганы том, булчингийн хүчээр
Хэсэг ноцолдоод байдаггүй гэнэ

Алингаа алдаад байж байтал
Амраг болох бүсгүй нь
"Харьтыг хавирганаас нь" гэдгийг
Хэлц үгээр ярин хэлээд өгч гэнэ

Сэргэлэн залуу байж таараад
Самбай гаргаж ойлгоод
Харьт, богцыг салгаад
Хадамдаа нэг юм тоогдож дээ

Нэг ийм домог ч юм шиг
Нээрээ болсон явдал ч юм шиг түүхийг
Аав надад ярьж өгөв, ээж инээв
Амархан ойлгоод авав, би

Хавирга талд нь ганцхан огтлоод
Хажуу тийш нь дарчих юмыг
Үеэр нь тойруулж баахан огтлоод
Үгээ хэлтэл дэмий ноцолдсон аж

Тэр цагаас хойш
Тоогүй олон харьт салгаж дээ
Өнөө өглөө ч гэсэн тэр
Өндөг хагалахын дайтай л юм болов

Яагаад харин уйлчихав гэж үү:

Нэг эрдэмд сургахдаа
Нэг домог ярьж суусан
Ухаант буурлуудаа үгүйлэн санаж
Уулзаж дахин чадахгүйдээ харамсаад уйлав

Яриан дундаа амраг бүсгүй нь
Яг юу гэсэн хэлц үг хэлснийг
Аавынхаа хэлснээр цээжилж үлдээгүй
Арчаагүй юм даа, би гэж бодон уйлав ...

Харьт нугалах эрдмийг нь
Хэзээ нэгэн цагт хүүдээ заахдаа
Яг тэр домогийг аавынхаараа ярьж суувал
Ямар сайхан байх байсан бол ...

Улаанбаатар, 2009.12.10
Бүрэн эхээр нь...

ЧОНЫН ӨЧИЛ















Аль эрт бичиж байсан шүлгийг маань нэг хүн архиваас ухаж үзсэн байна. Таалагдсан гэнэ. Ухаж үзээгүй хүмүүст зориулан дахин тавив. Сэтгэгдлээ хуваалцана биз ээ.


Говь-Алтайн Тонхил суманд
Галзуурсан байж болзошгүй чоно
Хүн рүү дайраад нухуулсан байна гэсэн
Хуурай мэдээ сониноос уншив ...

Чонын сүнс тэнгэрт хальж
Чичлүүлж байна гэнэ, бурхадад
Диваажин, тамыг нь шийдэх үед
Даруухнаар тэр ийн өчжээ:

“Замаар явсан зантгар толгой
Зайдсанд хууртсан мангуу толгой” гэдэг шиг
Хөвчөөр явсан хөх “нохой” би
Хүмүүст “пойлдуулаад” амиа алдлаа

Газар өшиглөн гүйж явах хувь дуусч
Гандуухан саарал арьсаа хуулуулан
Буруу зөвөө шийдүүлэхээр
Бурхадын өмнө зогсож байна, би

Урт түүх өчье, гэвч
Урьдаар нэг л юм тохирьё
Галзуу гэдэг нь худлаа
Гансарсан байсан нь үнэн гээд

Бусдыг нь та нар өөрсдөө сонсоод
Буруу зөвийг нь шүүгээрэй
Эхийн хэвлийд бий болсноос хойш
Энд иртэл юу болсныг галзуу биш эрүүл ярьсуу, би

Долоон жилийн өмнөсөн
Долоон ес дундаа явахад
Алтайн уулсын хүйтэн суганд
Аав, ээж хоёр намайг “хийсэн” гэдэг

Аав чоно, ээж согоо байсан бол
Ар Монголд хаан суух байлаа
Аз дутаж хоёулаа чоно байсан учир
Адгийн би бэлтрэгээр амьдралаа эхэлсэн

Хаврын дунд сард нүд “битүү” амьтан
Хатан ээжээ зовоон байж
Ганцаараа ч биш, тавуулаа
Газар нүхэнд төрсөн гэдэг

Нүд нээж, явахчаан аядах үед
Нүхний үзүүрт гэрэл харагдсан
Эхийн сүү цагаан байсныг
Энэ хорвоо өнгөтэй юм гэдгийг мэдсэн

Алтан нар хэнийг ч ялгадаггүй
Айхтар шударга хорвоод төрж гээд
Амаа олохгүй идэнгээ
Алингаа мартаад тоглох гэтэл биш байж

Авдранд хураасан хүнсгүй
Алаад идэх малгүй
Аль бүхнээс булаан байж амь зуух
Араатны зулзага болон төрсөн байж

Бид тавын бие өсөх гэж хурдан
Бэлтрэг “угжих” эхийн эцэх бүр ч хурдан
Бор гэдэс цадахгүй хонох өдөр олон
Буурал аавын минь дайсан бүр ч олон

Цагаан сүүний “сав” хоосорч
Цагийн эрхээр мах гэгчид орлоо
Сүү элбэг хэвээрээ байсан бол
Сүүлд аминд хүрэх маханд юунд орох билээ, би

Авчирсныг нь иддэг байлаа
Авчрахгүй бол өлсдөг байлаа
Араа шүд ургаж, бяр мэдрэгдэвч
Алгын чинээ хулгана ч барьж чаддаггүй

Анд төгс сургана гэж байсан аав минь
Арван долоон хоногтой дээр минь
Айхтар их цус гоожуулж ирээд
Алаг цэцгэнд хэвтээд босоогүй юм

Аргалийн мах идүүлнэ гэж гарсан аав минь
Аргаа барахдаа айлын хонь руу дөхөж яваад
Хурдан буутай малчинд нь “баригдсан” гэдгийг
Холоос харсан чоно ах хожмоо надад хэлсэн юм

Хэдэн зулзагадаа тарвага дандаа өгөхөөр
Хааяа ч гэсэн шинэ юм амсуулъя гэж
Хайр, хяслан хоёрыг уралдуулж аз туршсан
Хангайн амьтан тэгээд дууссан юм

Ингээд бид тавуулаа ижийгээс өөр түшиггүй
Илүү гэхээсээ дутуу юм ихтэйгээр
Эхний цастайгаа учирч
Өвөл гээчид бэлтгэсэн юм

***

Үхсний араас үхэлгүй, өлсгөлөн ч амьд яв
Үхсэн “мах” идэхгүй, өөрөө л “гаргаж” ав
Бэлэн гээд бэлчээрт буй мал руу гэтэв
Бэрх ч гэсэн уулнаасаа хоолоо ол гэж

Зайтайхан гөрөөлөхөөр бол
Заавал шөнөөр яваад
Ургах нарнаас өмнө буцаж
Ууландаа л унтаж байгаарай гэж

Ульсан болгон нөхөр биш
Улай болгон хүнс биш
“Боссон” болгон овоо биш
Бодолгүй бүү ойрт гэж

Зуудаг шүдэндээ биш
Зугтах хөлөндөө итгэж бай
Хүн гэдэг “чоно”-оос хол яв
Хүй нэгдлээс хойш бид өстэй юм гэж

Амиа эхлээд аргалж сур
Алдалгүй гишгэж сур
Арга мэх чинь хүрвэл
Алаг үрсээ хорвоод үлдээ гэж

Хүйтэн ч гэсэн өвөл “болзож”
Хүчтэй нь хүчтэйтэйгээ нөхцөж
Чоно шиг амьдарч чад
Чоно шиг бас үхэж чад гэж

Баруун шагайндаа хавхны сорвитой
Барагийн “эр”-ээс дутахгүй золбоотой
Хашир нь дэндсэн ижий минь
Хайрт бэлтрэг бидэндээ байнга сануулна

***

Намар нартайгаа буцаж
Нагай мөндөлтэйгээ ичлээ
Буутай “чоно” үзэгдэх нь ихсээд
Буга согоо ч дайжаад явчихлаа

Хувийн өмчгүй бид
Хурга ишиг алсаас харж шүлсээ гоожуулна
Хурц гэрэлтэй машинууд холхиод
Харанхуйд ч тийшээ ойртох аргагүй

Төлөх долларгүй бидэнд
Тэх, угалз уулнаас унагах зүүд
Барьцаанд тавих юмгүй хойно
Баруун айлаас хонь зээлэх мөрөөдөл

Арван хоног өлөн явахаар
Араанаас шүлс гарахаа больдог юм билээ
Бусдаас булааж идэхгүй юм бол
Бурхан руу эрт явчих гээд байдаг юм билээ

Аавын мөртэй уулнаасаа буугаад
Айлын хороо эргүүлдэж анх үзлээ
Хамаатан саднаа эрт мартсан
Халтар ноход нь идчих гээд хэцүү

Ээжийн үнэтэй үгнээс зөрөөд
Энгэрт бэлчих хонинд гэтэж үзлээ
Хон хэрээ дээгүүр нисэж “ховлоод”
Хоншоор хуулуулчих гээд үнэн хэцүү

Хашдаггүй юм байна гээд
Халтар азаргатай адуу “манаж” үзлээ
Мань мэтэд нь ахадмаар ажил аж
Маань уншчих гээд бүр хэцүү

***

Давааны цаана зэм байна гэхээр нь
Даруулгагүй нэг чоныг дагаад навсганалаа
Хүрээд тойрч амжаагүй байхад
Хапп гээд хавх буучихлаа

Дагуулж ирсэн дааган чоно
“Дах”-аа сэгсийлгээд уул даван одов
Айсан бид ар араасаа цуваад
Арын мод руу яаран зугтав

Тавуул яваад дөрвүүл эргэж ирснийг
Тархигүй зан гаргаж, хавх “эргэснийг”
Ухаант ээждээ хэлэлгүй гүрийлээ
Ульж ульж ээж минь мэгширлээ

Үүр цайгаад удаагүй байхад
Урд зүгт буун дуу хадсан юм
Бусдаасаа том гэгддэг тэр минь
Бурханы оронд одсон юм

Хэрэг хийсэн бидний нүд
Хүнийх шиг ойртон бүлтгэнэж
Энэ хорвоо хатуу байна уу гэх
Эхийн асуултад толгой дохилоо

Талийгаачийн хэвтэр хоосорч
Тэр талаас хүйт даах шиг болж
Элэг бүтэн л байвал
Энэ бие өлсөх юу ч бишийг ойлгож билээ

***

Өвөл дундаа орсон цагсан
Өмссөн “дээл” гангарсан үесэн
Уулнаас буудаг замаараа буугаад
Ууланд ирдэг замаараа ирж явлаа

Эх минь зогтуслаа
Энэ нэг л бишээ гээд алсыг ширтлээ
Унаганы мах дүүртлээ чихсэн бид
Улаан нүдлэчихээд урд нь гарч байж зогслоо

Буун дуу ямар чангыг
Бурхан та мэдэх үү
Бутны цаанаас гарсан тэр чимээ
Бут үсэрсэн бидэн дээр ирсэн юм

Газрын өөд зугтаж явахад
Гайтай тэр чимээ дахиад гарсан юм
Улаан суган дундуур минь гараад
Урдах хаданд туссан юм

Ухаан жолоогүй амьтан
Уулын амаар давж амжлаа
Бодсоныг бодвол харин гайгүй
Бүгд тэгэхэд мэнд ирсэн юм

Нүүж ирсэн айлын улаан дээлт залуу
Нуугдаж байгаад муу буудсан нь тэр аж
Дахиж тэр замаар заяа нь буу яваарай гэж
Далаа долоон ээж минь үүрэгдэв

***

Болдогсон бол бор халзан хонь үржүүлээд
Болзоонд явахдаа л “гэр”-ээс гарч байхсан
Айлын юм хулгайлж ад үзэгдэлгүй
Аминд аюулгүй амьдрахсан гэж бодогддогсон

Тийм хувь заяасан билүү, Бурхан та
Тэнцүүхэн идэж бай гэж хэлсэн үү, хүмүүст та
Булаахаа хүрвэл хүн биднээс шуналтай
Булзахаа хүрвэл бүр их зальтай

Нийгмийн мал идчихээрээ
Нийлүүлээд надад тохно
Өлдүүлж, турааж үхүүлчихээрээ ч
Өлөн над руу чихнэ

Өөрийн юмаа харамлах мөртөө
Өрөөлийн юмыг минийх л гэнэ
Арьс үс, аль бүхнийг минь авах гэж
Араатай машин унаад хөөнө

Тээр жил биднийг төрүүлснээс жил хагасын дараа
Төрсөн уулаа “тэвэрч” явсан ээжийг минь
Ар үргээсэн анчид арьснаас нь салгаад
Арван мянгаар арилжсан гэдэг

Бидний дөрвөн бэлтрэг чонын зэрэгт хүрээд
Бие биенээ түшин амьдарч эхлэх үед
Хэрэгт дуртай нэгэнд минь “гэрэл гайхуулж” байгаад
Хэрээстэй “дуран” духанд нь тааруулсан юм

Ховор хийцтэй шагай нь чимэгхэн болоод
Холестрин багатай мах нь хуушуур болоод
Аман хүзүү нь айлын хашаанд
Арьс нь дэлгүүрт өлгөгдөөд дууссан даа

***

Шороотой, гантай зун боллоо
Шог шог гэх тарвага алга боллоо
Айлын малнаас өөр амьд амьтан
Алтай нутагт үгүй боллоо

Үс ноос гэж өрвийсөн гурав
Үнэг шиг арчаагүй царайллаа
“Дархан бэр” ээжийнхээ таван эр үрээс
Даруй хоёр нь үгүй болжээ

Өөрсдийгөө яая гэж байж
Өрөөлд ажил удаж “хүүхэд хийх” гэсэнгүй
Бүсээ чангалаад бөлдгөө хумиад
Бүрзийсэн гурав шогших боллоо

Царцаа идэж ходоодоо дүүргэн
Цаашид яах нь бүрхэг амьдарлаа
Бүлэглэж байгаад ганц хурга хулгайлбал
Бүтэн долоо хоног ууланд ногоорно

Сүүлтэй чоно биднээс биш
Сүүлгүй “чоно” сайн эрсээсээ харамлаад
Машинаа унаад адуугаа манах
Малаа дагаад мал болох шахсан даа

Дахиад л нэг намар, өвөл ирлээ
“Дах” гангарах цаг болсон байтал
Шар ноосноосоо салж өгдөггүй
Шаргын говь шиг өнгөтэй юм гүйлдэж байлаа

Шар ноостой хатах юу ч биш
Шалдан ч гэсэн эрүүл байх сайхан аж
Хажуу уулын хоёр чоно
Хамуураад халуураад хэрэг алга

Цан дуугаргаж үргээгээд тэр үү
Цатгалдаж эрт таргалаад тэр үү
Эрдэм сураагүй бид юу мэдэх вэ
“Элгээ тэврээд” хөлдөөд үхснийг нь сайн мэдэж байна

***

Од түгсэн тэр шөнө
Орчлон ямар үзэсгэлэнтэй байв аа
Буу агссан тэр хүмүүсийн
Бодол ямар муухай байж вэ

Гурайтаагүй ч цатгалдаагүй гурав
Гуу дагаад шогшиж явлаа
Алсад үнэртэх “адууны мах”
Арааны шүлс үйлдвэрлэх аж

“Бор хацарт” урд гарчихсан
“Болдоггүй саарал” ард дагачихсан
Нүд худал хамар үнэн гээд
Нүүдлийн шувуу шиг цувж явлаа

Гуу тэгшрээд талтай золгуулав
Гурван том чоно “ил гарав”
Алсад моторын чимээ гарч
Амь хутганы ишин дээр ирлээ

Харанхуй шөнө биднийг хэн харах вэ
Харгана таарвал нуугдаад хэвтье гэлээ
Бодсоноороо нуугдах гэтэл
Бор халтар туулай өврөөс босоод гүйв

Бариад идчихье гэвч
Барааны газраас гялалзах гэрэл үнэн аймаар
Туулайнаас болж амиа өгөхгүй гэж
Тулгамдсан шуналыг дор нь дарав

Тэр харин алдаа байсан байна лээ
Тэр дор нь тас татаад идчих байсан байна лээ
Нөгөө муу дэлдэн чинь машинд баригдаад
“Нуувчинд” суусан бидэн рүү чиглээд зугтаав

Ар өврөөс нь гэрэл тусгасан
Аймаар дуутай хоёр тэрэг бидэнд тулав
Туулай хөөж явсан тэдний өмнөөс
Тугал шиг гурван волк босоод ирэв

Бид айв, тэд цочив
Бут үсрэв, хааз нэмэгдэв
Арханд үлдсэн уул
Арга барагдахад дэндүү хол

Бид дөрвөн хөлтэй, тэд таван араатай
Буун дуу тас няс, салхи шуугина
Тарцгаая, ядаж нэг нь амьд үлдье
Тал руу биш уулаа л тэмцэнэ шүү гэх

Санаа уул даваад алга боловч
Салтаанд нь гэрэл туссан бие эндээ
Азгүй юм, би гэдэг боохой
Араас нэг машин нь дагачихаж

Бултаад ард гарлаа, бул чулууны ард хэвтэж үзлээ
Буудуулсан болж унаад зогсоход нь хурдалж үзлээ
Арын уул уг нь энүүхэнд байдаг
Аймшиг харин бүр ойрхон байдаг

Аахилж явахдаа аавыгаа бодсон гэвэл үнэмших үү
Архирч давхихдаа ээжийгээ “харсан” гэвэл итгэх үү
Үхэх байсан бол тэд үхээд шийдчих байсан юм
Үр би үхэж бол болохгүй шүү гэж гүрийнэ

Хашгирах хараах хүмүүсийн дуу холдоод явчихлаа
Харайлгах миний бие “ганцаардаад” явчихлаа
Улам хурд нэмэгдэв
Ухаа даваад алга болов

Чих дүнгэнэнэ, цус гоожно
Чигээ өөрчлөөд ууландаа ирэв
Дорой муу анчидтай таарч
Дробинкны гурван тугалга “аваад” үлдсэн нь тэр

Гэхдээ надад тугалга өгөөд
Гэмгүйхэн явсан нэгийг маань
АК-гаар шүршиж унагаад
Ачаад явсан юм билээ

Бүтэн ирсэн “Бор хацарт” бид хоёр
Бүтэн сар тэр уулнаас буугаагүй юм
Азарган чоно болоод тэр маань яваад өгсөн
Азгүй би нэг чих дүлийрээд үлдсэн

Үрээ үлдээсэн жилдээ, тэр минь
Үдийн хэрд үргээлгэнд ороод
Амьсгал хураасан бие нь бүтнээрээ
Алтайн цаагуур урагшаа хил давсан

Түүнийг хятад хуушуур болж байхад
Тонхилын ойролцоо би болзож явлаа
Үхсний араас үхэхгүй гээд
Үр удмаа үлдээж явлаа

Даанч гай газар дороос
Говь-Алтайнхан модон дотроос гэгч болж
Үүрийг минь ухаад
Үрсийг минь суйлчихсан

Хань минь хариугаа авах гэж яваад
Хамаг биеэ шүүрэн шанага болтол буудуулж
Чоно нэртэй ч хүн шиг явсан намайг
Чогчигоноос өөр нөхөргүй үлдээсэн дээ

Халуун зуныг хэвтэж өнгөрөөлөө
Хамар доорх мөндлийг ч тоолгүй
Галуу буцтал турж хэвтсээр
Гансарч, гасалсан даа

Ерөөсөө ингэж хээрээр гэр хийж явахаар
Ердийн нохой шиг тэжээвэр явъя гээд
Сумын төвөөр орлоо доо
Судалж жаахан шогшлоо доо

Боргон хуцах ноход цатгалан боловч
Бодож байсан шиг минь харин эрх чөлөөгүй аж
Хүний эрхээр жаргахаар чонын эрхээр зовъё гээд
Хөвч рүүгээ хөнгөхөн алхлаа

Тэгсэн байдаггүй ээ
Тэгнээд нэг нөхөр мод бариад ирлээ
Холд гээд тэр ойлгох биш
Хохь чинь шүү гээд архирлаа

Буун дуу тас
Бурханы өмнө би зогсож байна
Галзуу бол байгаагүй юм шүү
Гансарсан гэвэл харин үнэн шүү

Богинохон энэ амьдралын минь
Буруу зөвийг шийдэж аль
Диваажинд аваачна уу, тамд илгээнэ үү өөрөө мэд
Дэлхийд харин буцаавал чоно л болгож хайрла

Аделайд, Өмнөд Австрали, 2006.11.04
Бүрэн эхээр нь...

Tuesday, December 8, 2009

УТАА БА БИ

Угаасаа би
Утаанаас айдаг хүүхэд байсан
Гэрийн яндангийн утаа битгий хэл
Гэнэт гарсан том үүлнээс ч айдаг байсан

Яагаад гэдгээ мэдэхгүй
Ямар мэргэч төлөгч биш
Урд амьдрал гэж байдаг байгаад
Утаа, үүлнээс болоод юу яасан ч юм бил үү

Одоо харин гайгүй болчихож
Орчлонгийн амьдралд дасаж дээ
Утаанбаатар нийслэлийн хүн болчихоод
Уйлж унжаад айж сүрдээд байлтай биш

Утаанбаатар, 2009.12.09
Бүрэн эхээр нь...

ДАЙСАН

Өөрт минь дайсан олон ч
Өст дайсан ганцхан байдаг
Энэ бол би өөрөө
Энэнийг би таньж чадлаа

Хийсэн бүтээснийг минь
Хийсгэж, үгүй хийж чадах
Бодол, хүслийг минь
Боогдуулж, төөрүүлж явах

Хань ижлийг минь
Хар усаар гомдоож мэдэх
Хүний итгэлийг хөсөрдүүлж
Хөгийн нэр зүүлгэж магадгүй

Дайсны муу дайсан
Дандаа хамт амьсгалж явжээ
Чамайг би яаж дийлэхээ мэднэ
Чадлаар би чамаас хамаагүй илүү за

Улаанбаатар, 2009.12.09
Бүрэн эхээр нь...

ДӨЧ Л ХҮРЧ БАЙЖ ...

Дөч хүрч ухаан суудаг гэхээр
Дөч хүрэлгүй ухаан суучихсан мэт
Санаж явжээ, сагсуурч явжээ
Сэтгэхдээ уг нь онцгой байсан юм

Алдалгүй оноод байсан биз бодвол
Алдсаны дараа онож чадсаныг харин
Ухаан суусан гэдэг бололтой юм
Ухаарч одоо л амьдарч эхлэх хэрэгтэй аж

Давахгүй гэсэн даваагаар долоо давж
Давтахгүй гэсэн алдаагаа долоо давтсаар
Дөч гэдэг насыг дөхөөд ирсэн байна
Дөч л хүрч байж ухаан суух юм байна даа

Улаанбаатар, 2009.12.09
Бүрэн эхээр нь...

ТЭРСЛҮҮ ЗӨВЛӨГӨӨ

Ном дагалгүй
Нам дага
Үнэнийг хэлэлгүй
Үггүй долигно

Би чадаагүй юм аа
Бусад нь харин бүү алдаг

Улаанбаатар, 2009.12.09 Бүрэн эхээр нь...

БАГА НАСНЫ МИНЬ ДӨРВӨН УЛИРАЛ

Цагаан сар
Цэнхэр яргуй
Түрүүчийн шувууд
Төлийн цангинаан

Хөх ногоо
Хөхөөн дуу
Мөөгөн хүрээ
Мойлын тохой

Гуулин боодог
Ганган байгаль
Айрагийн амт
Айлын нүүдэл

Алсын чимээ
Амьтадын мөр
Хайрах жавар
Харзалсан гол

Улаанбаатар, 2009.12.09
Бүрэн эхээр нь...

ДЭЭД

Хүний дээд ээж
Хайрын дээд хань
Хурдны дээд бодол
Хурын дээд бороо

Улаанбаатар, 2009.12.08 Бүрэн эхээр нь...

Monday, December 7, 2009

ТЭНЭГ, ЦЭЦНИЙ ЯЛГАА БУЮУ ...

Тэнэг, цэцэн байхын ялгааг
Тэр бүр мэдэрдэггүй явжээ
Хүн бүрийг л адил мэт төсөөлж
Хааяа л нэг гайхдаг байжээ

Энгийн юм ойлгохгүй, сэтгэхгүй
Энэ ямар сонин хүн бэ гээд
За, яахав, нэг удаа, хоёр удаа гээд
Завсар, ялгааг нь мэдрэлгүй амьдарчээ

Харин одоо сайн анзаарч эхэллээ
Хальт өөрөө тэнэг болж байж
Тамхи, архиар тархи юугаа хордуулж
Тэмцэж явсан бүхнээ умартан байж шүү дээ

Донгиодуу болоод ирэх үед
Донгиодуу санагддаг байсан хүн хүртэл
Гайхмаар сэтгэж, ярьж буй мэт болдог аж
Голж өөрийгөө өрөвддөг юм байна

Зэврээд ирэхийн цагт
Зэвэрсэн харагддаг байсан нөхөр хүртэл
Сайхнаас сайхан амьдарч буй мэт атаархагддаг аж
Санаагаар унадаг юм байна

За, үүнээс доош унах түвшин
Замбуулинд байхгүй юм байна
Бодож сэтгэх ялгаатайг мэдэрсэн хойно
Босох цаг нэгэнт болжээ

Хэт их оройтоогүй дээрээ
Хэн байх ёстой вэ гэдгээ санаж
Тэнэгүүдийг доороос биш дээрээс харж
Тэр цэцнүүдтэй нь харин уралдаж явъя даа

Улаанбаатар, 2009.12.08

Бүрэн эхээр нь...

ЧОНО БУЮУ ШҮДНИЙ ӨВЧИН













Шүд өвдөөд хэрэг алга
Шөнө ч бүтэн нойргүй
Хориод жил ийм юм үзээгүй
Хогийн шаналал байна шүү

Нэг шүд өвдөж байснаа
Нэг хэсэг нь дагаж янгинаад
Энүүхэн урд өвдөж байснаа
Эрүү тэр чигээрээ хүндүүрлээд

Эмчид гүйгээд очихоор
Эхлээд өвчнийг нь намдаа
Тэгэж байгаад эмчлэнэ гэх юм
Тэр үед нь очиж яг харагдаач

Зайлах уусмал өгөөд
За, их өвдвөл энийг уугаарай гэж
Антибиотек нэгийн зэргийг бичээд
Аргалаад намайг гаргадаг байна шүү

Болдогсон, чаддагсан бол
Бахиар өөрөө суга татчих юмсан
Шөнө, өдөргүй ёолж явснаас
Шүгэлдэж ярьдаг болсон нь дээр ч юм шиг ...

Чоно хөөж яваад
Чанга гэгч донслуулаад
Үүдэн шүдээ булгалах шахсан
Үйлийн үр энэ буй заа

Улаанбаатар, 2009.12.08
Бүрэн эхээр нь...

Wednesday, December 2, 2009

ЭХ ХҮНИЙ ТУХАЙ

Эх хүний тухай
Ээжийн тухай бага бичжээ, би
Бурхан болсон ээжийгээ дурсахаар
Бичих биш, уйлахыг л сайн хийсэн байна

Арван хүүхэдтэй эхийг хүүхэдгүй эх
Арав үхнэ дээ, чи гэж ёжолсон тухай
Ээж минь хааяа ярьдаг байлаа
Ээжийгээ бага зовоо л доо гэсэн үг байсан биз

Нээрээ, хүүхдийнхээ тоогоор
Нэг биш хэд хэд үхэж, амьдардаг
Ээж хүн гэдэг агуу агуу
Энэ хорвоогийн дээдийн дээд юм даа

Өөрийн амьдрал, жаргалаа
Өрвийсөн хүүхдүүддээ харамгүй зориулж
Ерөөсөө л тэдний төлөө амьсгалж
Ертөнцийн хоног өдрийг өнгөрөөдөг

Алдаж, эндэхэд нь хамт шаналж
Аятай, эвтэй явахад нь нууцхан баярлаж
Дээлний зах, хормой мушгин байж
Даатгаж, бурханаас гуйн залбирдаг

Амь бүхний эх булаг
Амьдрал бүхний утга учир
Эх, ээж хүн Таны тухай
Энэ удаад ч бүрэн бичиж чадахгүй юм байна

Улаанбаатар, 2009.12.03
Бүрэн эхээр нь...

Tuesday, December 1, 2009

ЗҮҮД

Үнэхээр сайхан зүүдлэхдээ
Үүлэн дээгүүр ч нисэж буйгаар зүүдэлдэг
Хөгийн муухай зүүдлэхдээ
Хөл минь мэдрэлгүй болсноор зүүдэлдэг ...

Улаанбаатар, 2009.12.02 Бүрэн эхээр нь...

ГОЁ ЮМ ОО

Найз минь дуудаж байна
Надад хэлэх юм байх шиг
Бакаалтай болчихлоо гэнэ
Бандитай боллоо гэсэн үг байж

Өмнөөс нь баярладаг байна ш дээ
Өөрийн эрхгүй огшдог байна ш дээ
Хүүтэй болно гэдэг
Хүн, тэр дундаа эр хүний хүсэл мэт

Охид дутахгүй, дутаахгүй л дээ
Орчлонд тэдэн шиг эрдэнэ хаана байна
Гэхдээ бандитай болох гэдэг
Гоё юм оо, гоё юм ...

Улаанбаатар, 2009.12.02
Бүрэн эхээр нь...

ТҮҮХ БА ТҮҮХ

Цогт Тайжийн тухай
Цогтой киног үзэж сууна
Түүх өгүүлэх гэсэн нь
Түүх болчихжээ өөрөө, одоо

Цогтыг дурсахаас илүү
Цагааны Цэгмидийг дурсмаар
Арслан тайжийг санахаас илүү
"Алтан үе"-ийг санагалзмаар ...

Хөндий дүүрсэн малаас нь
Хөх ишиг ч амьд үлдээгүй
Агссан зэвсэг, унасан морьд нь
Ассан түймэр, амны тос болсон гэж бодохоор

Ай даа
Амьдрал гэж сонин юм даа
Өчигдөрхөн шахуу байсан юмс
Өнөөдөр оргүй алга болжээ дээ ...

Хүний хорвоо эргэлдсээр
Хуучныг мартан шинэд дассаар
Гээж, олж, гээсээр
Гэрэл, харанхуй ээлжилсээр ...

Улаанбаатар, 2009.12.01
Бүрэн эхээр нь...

Monday, November 30, 2009

БИЗ

... Эрдэнэ хvvгийнхээ толгойг энхрийлэн илээд Долгорт хандаж «Явуулын хvний ганцыг авсныг бодоход дvv минь ядарч дээ. Морины учир ч ийм байжээ, харин...» гээд vгээ тасалж бодол болов ... ("Тунгалаг Тамир" романаас)

Засагт ханы Цахиур Төмөр
Зугтан тэвдэж яваад
Таарсан унааг "авахдаа"
Тэр энэ гэж ялгаагүй биз

Төрсөн ах Эрдэнийхээ
Тэрэгний ганцыг гэж
Мэдсэн бол ядаж
Мэнд мэдээд явах байсан биз

Аргагүй тэр ядраад
Аль болох нуугдаа биз
Хөөн ирэх аюулаас
Холдон дутаж амжаа биз

Эр хүн дордон сэхдэгийг
Эрдэнэ угаас ойлгоо биз
Ядрах гэж юу байдгийг
Яриулалтгүй угаас санаа биз

Үнэхээр аргагүйдэх түүх
Үүгээр төгсгөл болоогүй биз
Алдах, аргагүйдэх үе
Амьдралд угаасаа зөндөө биз

Харин Эрдэнэ шиг
Хүн эрдэнэ таарвал
Хайрыг нь дааж
Хожуу ч гэсэн баярлуулах хэрэгтэй юм шүү

Улаанбаатар, 2009.12.01
Бүрэн эхээр нь...

Thursday, November 26, 2009

АЛСААС ӨӨРИЙГӨӨ АЖИХАД

Модод цанатан цайж
Мөнгөн өнгийг олжээ
Гол харзлан урсаж
Ганган төрхийг бүтээжээ ...

Зэгзгэр хээр азаргатай
Зэвсэг үүрсэн нэг этгээд
Мордон буун газар шагайж
Мөр мөр шинжин явна ...

Тэрэлж, Туул-Тэрэлжийн нийлбэр
2009.11.26 Бүрэн эхээр нь...

ХООСОН

Анд яваад ганзага хоосон
Ангийн хутгаа гээгээд хуй хоосон
Архи уугаад тархи хоосон
Авгай уурлаад өвөр хоосон

Цай уугаагүй гэдэс хоосон
Цалин буугаагүй карт хоосон
Бодож чадахгүй блог хоосон
Бүх юм хов хоосон байлаа, өнөөдөр ...

Тэгэхэд чи ядаж нэг номтой болчих юм даа ...

(Төрсөн өдрөө тэмдэглэж буй П.Б-т зориулав)

Улаанбаатар, 2009.11.23
Бүрэн эхээр нь...

Thursday, November 12, 2009

МУНДАГ МОНГОЛ

Манайхан мундаг шүү
Мөнөөх томууг нээсэн байна
Нээх нээхдээ бүр
Нэгмөсөн таньсан байна

Хорин нэгэн цагт
Хүч тэнхээ орж
Аарц, чацарганад намдаж
Адууны маханд үхдэгийг нь

Эмзэг бүлгийнхэнд эрэлхэж
Эмэгтэйн жирэмснийг андалгүй
Хот хооронд автобусаар биш
Хурдан микрогоор аялдагийг нь

Дэлгүүр биш ТҮЦ
Дээдсийг биш доодсыг эргүүлж
Аспирин мэтийг тоолгүй
Алж өгдөг этгээд байна гэж

Таньсан байна, мэдсэн байна
ТВ энэ тэрээр цацсан байна
Агуу Монголоос суралцаасай
Адуу, мадуу экспортлохсон ...

Улаанбаатар, 2009.11.13

Бүрэн эхээр нь...

Wednesday, November 11, 2009

ТАМ БА ДИВААЖИН

Там л гэнэ, диваажин л гэнэ
Та бид ямар ялгаж харсан биш
Ерөөсөө тэгээд мэдрээд байх нь ээ
Ертөнцийн амьдрал гэдэг тэр хоёрын нийлбэр юм шиг ээ ...

Улаанбаатар, 2009.11.12 Бүрэн эхээр нь...

ӨВӨЛ

Өвөл өө гэж
Өнгө олныг хослуулалгүй
Цасны аясаар орчноо бийрдэн
Цав цагаан бүхний билэгдэл болох ажээ

Өвөл төрсөн болоод тэр үү
Өөрөө би энэ улиралд дуртай
Хацар хайрсан жаварт нь
Халууцаж буй мэт алхах дуртай

Цэвэр цаснаас нь үмхлээд
Цээж дүүрэн амьсгалах дуртай
Холын дууг ойртуулан сонсгодог
Хосгүй шидэнд нь бүр дуртай

Улаанбаатар, 2009.11.11
Бүрэн эхээр нь...

Tuesday, November 10, 2009

ТОРГУУД БААТАР

Миний адил торгууд цустай хүн бүхэнд зориулав













Торгууд аймаг эргэн нүүв
Түмэн дайсан нэхэн ирэв
Бултах арга эс байв
Баатар эрс нь угтан тулав













Торгууд баатар ганцаар үлдэв
Толгой дараалан дайснаа цавчив
Хөндий тал үхдлээр дүүрэв
Хатгалдсан дайсан бүгээр хорогдов













Гэвч тэр баатар эр
Гэр, гэргийгээ гүйцэж очсонгүй
Босох тэнхээ үлдээгүй ч
Бусдын адил унасангүй, харин ...

Торгууд аймаг нүүсээр
Таван Богддоо мэнд ирэв
Эрэлхэг баатрууд төрүүлсээр
Энэ зуунтай олноор золгов ...

Улаанбаатар, 2009.11.10
Бүрэн эхээр нь...

ГҮЙЖ Л ЯВАА ШҮҮ

Томуу, ханиад ярьж
Том том гахай харуулж байгаад
Таг чигтээ алга болчихоор
Томуу тусчихаж гэж бодоогүй биз

Янз янзын юм бодоод
Явж л байгаа шүү, би
Зээр мээр агнадаг баатар болоод
Зүггүй амьтан гүйж л яваа шүү

Улаанбаатар, 2009.11.10 Бүрэн эхээр нь...

Monday, November 2, 2009

НЭГ

Нэг бие нэг цус
Нэг гэр нэг амь
Нэг улс нэг тэмцэл
Нэг дэлхий нэг мөрөөдөл ...

Нэг дэлхий нэг томуу гэж сүүлийн мөрийг нь өөрчлөх үү дээ, болих уу даа ...

Улаанбаатар, 2009.11.03 Бүрэн эхээр нь...

Tuesday, October 27, 2009

ГАХАЙ ГЭЖ















"Гахай их балиар
Гадуур их тэнэдэг" гэдэг бил үү
Жинхэнэдээ гахай гоё, за
Жирээ нь тасархай, за

Улаанбаатар, 2009.10.28 Бүрэн эхээр нь...

Monday, October 26, 2009

ЗЭМ















Зам дээр
Зэм хэвтэнэ
Түүн дээр
Тас овоорно ...

Дөхөөд очлоо
Дөрвөн шийр, шир л үлдсэн байна
Сайхан зүстэй нэг унага
Сарваа болж чадалгүй үхсэн байна

Үхсэн ч гэж дээ
Үмхүүлсэн биз
Тасанд ямар буруу байхав
Танхай муу саарал л эхлээ биз ...

Хаврын тэр нэгэн өдөр
Хөл дээрээ босоо мэндэлсэн биз
Зэлэнд уягдан унтахдаа
Зэгсэн хүлэг боллоо гэж зүүдэлсэн биз

Эхийн сүүнд бүрэн цадаагүй
Эл хорвоог таниагүй цагтаа
Сүргийн захад үүрмэглээд
Сүүлтэй боохойд нүдлэгдээ биз

Цочоо биз зайлуул
Цовхчин зугтах аядаа биз
Багалзуурдуулан унаж тийчлээд
Бурханы адуу болоо биз ... бодвол ...

Зам дээр
Зэм хэвтэнэ
Түүн дээр
Тас овоорно ...

Төв аймаг, Баянцогт сум, 2008 оны өвөл

Бүрэн эхээр нь...

ЯАВАЛ ДЭЭР Ч ЮМ БЭ ДЭЭ















Даруухан томоотой явахаар
Дарга болох юм гэнэ лээ гэж цуураад
Балгачихаад халамцуу үзэгдэхээр
Бараагүй юм гэнэ лээ гэж муулаад

Мөрөөрөө явж ч болдоггүй
Мөнгөөрөө ууж ч болдоггүй
Яасан хэцүү хүмүүс вэ
Яавал дээр ч юм бэ дээ ...

Улаанбаатар, 2009.10.27 Бүрэн эхээр нь...

ХҮН ШИГ Л ХҮН БАЙХЫГ БИ ХҮСНЭ














Дурсах хүүхэд настай
Дурлалын сонин түүхтэй
Хайрлах үр хүүхэдтэй
Халамжлах хань ижилтэй

Үерхэх найз нөхөдтэй
Үржүүлэх мал хөрөнгөтэй
Унах сайн тэрэгтэй
Уулзах төрөл, төрөгсөдтэй

Үүрэх цэцэн буутай
Үнэлэгдэх төр, засагтай
Хэлэлцэх өндөр боловсролтой
Хэтийн түмэн мөрөөдөлтэй явсаар

Дурсагдах нэр төртэй
Даруухан шарилын хөшөөтэй
Хорвоогоос буцан оддог
Хүн шиг л хүн байхыг би хүснэ

Улаанбаатар, 2009.10.27
Бүрэн эхээр нь...

Wednesday, October 21, 2009

ЭРГЭЛЗЭЭ















Эрийн хийморь сэргээсэн
Энэ үйлийг тэвчих үү, дэврээх үү
Эртнээс улбаатай хүн, чонын өсийг мартах уу, санах уу
Эргэж ирэхгүйгээр тонилгохоо зогсоох уу, яах уу
Энэ мэт зүйлээр сэтгэлээ зовоох уу, болих уу

Улаанбаатар, 2004.03.11 Бүрэн эхээр нь...

Tuesday, October 20, 2009

ШАТСАН ШАРИЛЖ

Гудамжинд хог шатаачихаж
Голдуу шарилж бололтой юм
Хоолой хорсгом гашуун аж
Хориотой ургамал татаж буй мэт болов

Улаанбаатар, 2009.10.21 Бүрэн эхээр нь...

ХҮСЭЖ ЯВАХ УУ














Намар ирлээ л гэнэ
Намар буцлаа л гэнэ
Сонин биш болжээ бидэнд
Сонин ч бас биш дээ

Хэхэ
Хэлхээтэй яс болтол
Хэдэн намар ирэх юм бол доо
Хэн ч мэдэхгүй шүү дээ

Хүсэж явах уу
Ховорхон намруудаа
Хайрлаж явах уу
Хүний энэхэн амьдралаа ...

Улаанбаатар, 2009.10.20
Бүрэн эхээр нь...

ҮХЭХГҮЙ ГЭЖ ҮҮ















Гараараа
Газарт хүрлээ гэж
Байс байсхийгээд
Баруун гараараа мод тогшлоо гэж

Найз нар
Намайг шүүх юм
Хачин үйлдлээ зогсоо гэх шиг
Хацар улаатал хэлэх юм

Бөө мөргөл, Будда, Христос, Мухаммед гээд
Бурхан бурхныг шүтэгсэд
Янз бүрээр залбирахад
Яагаад ч юм дассан мөртөө

Амьдралыг тэтгэгч
Алтан дэлхийдээ
Ганц хуруугаа шүргүүлэн
Гавалдаа адислахад юунд гоочлонов

Амьд, үхсэн бүгдээр
Алаглагдалгүй энэ хөрстэй
Үй зайгүй холбоотой биш үү
Үхэхгүй мэт хөндий явах хэрэгтэй гэж үү ...

Улаанбаатар, 2009.10.20
Бүрэн эхээр нь...

Monday, October 19, 2009

ХИЙМОРИО СЭРГЭЭНЭ ДЭЭ















Анд явах бүртээ
Алах гэж улайрдаг байлаа
Одоо харин тийм биш
Орхимжгүй лам болжээ

Гэлээ гэхдээ зүгээр суухгүй
Гэрээ мартан хээрээр хэсэх юм даа
Дуртай юм гэдэг өөр юм
Дурласаар дуусах юм шиг ээ

Гур алсан газартаа
Гурав эргэж очдог гэдэг
Суудаг суудалдаа сууж
Сүр сар гэх чимээг хүлээнэ дээ

Зогссон цаг хоногтоо
Заавал хоёр удаа зөв заадаг гэдэг
Хорьсон ухамсраа аргадан байж
Хийморь юугаа сэргээнэ дээ

Улаанбаатар, 2009.10.20
Бүрэн эхээр нь...

Sunday, October 18, 2009

МАНУУЛ

Мануул аа гэж
Маанагдуу амьтан шүү
Пагдаагаад хэвтэж байснаа
Пөөцөг пөөцөг алхана

Нүүрэндээ аргал барьчихаар
Тэр чигээрээ нуугдчихлаа гэж санана
Нүдээ аниад суухаар
Тэр хавьд харанхуй болчихлоо гэж бодно

Дөхөөд очихоор сууж л байна
Дүрлийгээд харж л байна
Нүх рүү орж амжихгүй бол
Нэг л хувь заяа түүнд үлдэнэ

Ганган дулаан арьстай
Газар дагасан явдалтай
Хулгана голдуу идэштэй
Хотонд хоргүй амьдралтай

Мануул аа гэж
Маанагдуу амьтан шүү
Зэвүүн жартгар нүдтэй
Зэрлэг өссөн муур шүү

Баруун Байдлаг, Модон даваа, 2009.10.17
Бүрэн эхээр нь...

ЧИМЭЖ ЯВАХ БОЛТУГАЙ















Авд мордлоо, мордлоо
Ан амьтан таарлаа, таарлаа
Буга согоотойгоо явахтай
Бөөстэй хярс жирийлгэхтэй

Чоно зэм эргэхтэй
Чандага атаман харайлгахтай
Зальт үнэг шогшихтой
Залхуу мануул гэтэхтэй таарлаа, таарлаа

Өмхий хүрэн булталзахыг
Өчнөөн гөрөөс цахилахыг ч харлаа
Амьтан элбэг байлаа
Амьтны хүрээлэн л гэсэн үг

Гахай намнах гэсэн болохоос
Газарт яваа болгоныг буудах гэсэн биш дээ
Дэхтий хийюү гэж боохойг нь
Дэмий ч юм уу гэсэн мөртөө чандагыг нь буудлаа

Бууз хийюү гэж ганц гөрөөс авлаа
Бусдыг нь тэр нутагт нь үлдээлээ
Санаа муутын нүдэнд үл харагдаж
Сайхан байгалиа чимэж явах болтугай

Төв аймаг, Баяндэлгэр, Баруун Байдлаг
2009.10.17

Бүрэн эхээр нь...

Thursday, October 15, 2009

ЦАС БА ГАХАЙ















Анхны их цас ч орчихлоо доо
Алтан намар өндөрлөлөө дөө
Газар хөлдөж амжаагүй байсан
Ганган мөстөлт үүснэ дээ

Хот газар хэд хэдэн машин мөргөлдөж
Хөдөө нутагт бага мал халтирна даа
Энэ жилийн тооройнууд ч хөгөө чирч
Элгээрээ баахан унана даа

Цас хүлээж гахайн мөр хөөх гэсэн анчид
Цаанаа л нэг инээд нь хүрч суугаа даа
Сууж ч чадахгүй, газраас хөндийрч яваа даа
Санаагаа дагаад би ч бас гараад шидэхээс дээ

Улаанбаатар, 2009.10.16
Бүрэн эхээр нь...

ЧИМЭЭГҮЙ ХОТ

Цаг, цагтаа амьдарч явсан
Цэнгэн жаргаж, уйлж, инээж явсан
Төрсөн бол үхдэг гэдгийг нотлосон
Түмэн хүний булш бүхий чимээгүй хот

Төрсөн, буцсан он, овог нэрээ
Төвд, монголоор сийлүүлэн үлдээсэн хийгээд
Хөшөө нь хугарсан, хагарсан, алга болсон
Хөндийрч цөмөрсөн, нэр нь баларсан булшнууд

Хэдхэн хоногтой, хэдэн арав насалсан,
Хар залуугаараа буцсан талийгчдын хөшөө
Нарны туяа, сарны гэрэлд цайран
Намайг, намайг дурсаж яваарай гэх шиг бүртийнэ

Налайх, 2009.10.15
Бүрэн эхээр нь...

ЭХИЙН ГАЗАР

Эхийн сэтгэл сүү шигээ цагаан
Эхийн газар өвөр шигээ зөөлөн гэхээр нь
Арван жилийн тэртээ нутаглуулсан
Ачит ээжийнхээ газрыг эргэж очив

Бороо, салхинд элэгдээд
Боржин чулуун дээрх нэр нь бүдгэрчээ
Зургаан жил эргэж очоогүй миний буруу
Зул өргөн хүлцэл өчье, ээж ээ

Үнэхээр зөөлөн байдаг нь үнэн гэвээс
Үргэлж шахуу очиж байя аа, ээж ээ
Буруу зөрүү үйлдэл хийвээс
Бушуухан очиж шивнээд засаж явъя

Налайх, 2009.10.15
Бүрэн эхээр нь...

ДӨЧИН ЕС

"Такиа, туулай нийлээд дөчин ес
Тэдгээрийн көл нийлээд зуу
Хэдэн такиа, хэдэн туулай байсан бэ" гэж
Хар багад аав минь намайг сонждог байлаа ...

Нэг туулай, дөчин найман тахиа байсан гэж
Нэг их удалгүй хариулчихаар
Яаж оловч чи, кэн кэлэв гэж эргэлзэх зуураа
Ямар мундаг юм гэж толгой элж байдагсан

Тэр цагаас хойш хэдэн ч намар ирж, буцав даа
Тэр янзаараа дахин олон намар үзэх нь гэтэл үгүй байж
"Дөчин есөн тахиа, туулайтай" аав минь яваад
Дөчин есөн хоног өнгөрсөн байна

Аяга сүү, таваг боорцог бариад
Аавдаа би олон очдог байсан бил үү дээ
Уурлаж, үглэхээс нь залхасхийгээд
Урдуур, хойгуур нь давхидаг байсан минь үнэн

Ирсэнгүй, тоосонгүй гэж гомдоллох мөртөө
Ирлээ, тоолоо гэж магтаж сүйд болохгүй
Цай, хоол идэж дуусангуут л
Цаг чинь болохоо байлаа, одоо харьцгаа гэдэгсэн

"Ажлаа сайн кийтэнжүү
Арки бага уутанжуу" гэж захиад
Хоёр охиныг минь ээлжилж үнсээд
Хашааны үүдэнд суугаад үлддэгсэн

Ай даа, амьдралын эргэлт ээ гэж
Аавыг минь буцааж өгөхгүй л дээ
Сахалд нь хатгууланхан үнсүүлээд
Салам загнуулаад ч гэсэн нэг гарахсан даа ...

Налайх, 2009.10.15
Бүрэн эхээр нь...

Monday, October 12, 2009

ЦЭЦЭГ

Гараар барьвал үйрчих янзтай
Гандсан цэцэг хэвтэж байна
Салбааж, салж бутраад
Салхинд удахгүй хийснэ дээ

Нэгэн зунд өнгө нэмээд
Нар буцахад хагдрах тавиланд
Эрвээхийнд тоогдсон золбоо нь
Эргэж ирэхгүйгээр бүдгэрчээ

Үндэс нь үлдсэн хойно
Үр хүүхэд нь ургаж л таараа
Тэдэнтэйгээ зэрэгцэн ургаж
Тэр хавьдаа гангарах эрхгүй нь гунигтай

Ирэх зуны дунд сард
Ихэр мэт цэцэг тэнд ургасан байх биз
Түмний нүд татсан цэцэг явсныг чинь
Түүнд би заавал шивнэж хэлнэ ээ

Тэрэлж, Зүүн Баян, 2009.10.13
Бүрэн эхээр нь...

БҮРХЭГ

Зайдан морь унах төвөгтэй болжээ
Засаа төмсөг хавчуулаад
Сайхан чиг ажил биш болжээ
Салтаа цавь холгуулаад

Хад, хөвдөнд бүдчиж нураад
Хэн нь хэнийгээ унаад байгаа нь бүрхэг
Морь унаж үргээдэг баатар болсон чинь
Морио хөтлөөд гарч ирлээ дээ

Тэрэлж, Зүүн Баян, 2009.10.13
Бүрэн эхээр нь...

ХАЙРАН ГАЗАР

Намрын тариа хураалтад зориулж
Нэг өдрийн цалингаа хандивла гэнэ
Хяруунд даруулсан буудайг
Хадаж авахад нь туслах юм гэнэ

Тээр тэнд хэдэн хүн тариа тарьж
Тэн хагасаар нь спирт эсгэхэд
Энд суугаа бидний хүүхдийн
Элсэн чихэр, масло хэрэгтэй гэнэ

Угаасаа манай буудайн чанар
Усанд чанаж, охь нэрэхээс биш
Гурил тээрэмдэж, талх барихад
Гавих сайн эд биш юм гэсэн биз дээ

Хоёр зуун га-д буудай тарь гэж
Хоёр зуун саяыг улс өгсөөр байхад
Буудайгаа бүрэн хураа гэж
Багагүй үнэтэй техник зээлдүүлсээр байхад

Мөрөөрөө бидний хармаа хот тэмтрээд
Мөнгө цаас шуух гээд
Хэцүү ч юм аа даа, тариа тарих
Хайран газар, хайран нерв байгаа даа

Улаанбаатар, 2009.10.13
Бүрэн эхээр нь...

ЗАЙЛУУЛ

Өрөөнд ганц ялаа нисээд байсан
"Өгзөгөө" өргөж ирээд үхээд өгчээ
Хошуугаа хананд "зоогоод"
Хачин эрээн болоод мажийжээ, зайлуул

Улаанбаатар, 2009.10.13 Бүрэн эхээр нь...

СЭРҮҮ ОРОО ЮУ ДАА

Утаа үнэртээд эхэллээ
Улаанбаатарт сэрүү ороо юу даа

Улаанбаатар, 2009.10.13 Бүрэн эхээр нь...

АМЬДРАЛ АА ГЭЖ ...














Нас ахих тусам хайрлан
Намайг тоосонд нь баярлах юм
Алдаж, онож явааг минь
Алдуулж, онуулж сануулах юм

Хүнээс дутуугүй явуулахдаа
Хүн шиг бай гэж сануулах юм
Өдөр ирэх тутам амт нэмэн
Өтлөх цаг, хүслийг минь холд аваачих юм ...

Амьдрал аа гэж ...

Улаанбаатар, 2009.10.12 Бүрэн эхээр нь...

Sunday, October 11, 2009

ШИГТГЭЭ

Зулзаган хуш аа гэж
Зуны өнгийг санагдуулам ногооноороо
Шилмүүсээ гөвсөн хар моддын дунд
Шигтгээ мэт номинтон харагдах ажээ

Тэрэлж, Зүүн Баян
2009.10.10 Бүрэн эхээр нь...

Tuesday, October 6, 2009

ЗЭВЭРСЭН БАЙНА

Юм бичилгүй удсан байна
Юм бичигдэхгүй байна
Толгой тархи амарсан байна
Толгойлох үгс зэвэрсэн байна

Улаанбаатар, 2009.10.07 Бүрэн эхээр нь...

АМЬД БА АМЬД БУСЫН ЯЛГАА

Үргээлэг хийлгэн суурь эзлээд
Үүрэглэх маягтай сууж байлаа
Намрын нар нозоортол ээж
Навшаа салхи үе үе модод шуугиулна

Ажаад хэвтэж байхад
Алтан навчистай амьд модод нь
Хатсан, үхсэн мододоосоо
Хамаагүй илүү найгадаг юм байна

Голдоо чийггүй үхсэн модод
Ганхаж, налж чаддаггүй аж
Хугарч, булгарч унах аюул
Хөөрхий тэдэнд байдаг бололтой

Газартайгаа амин холбоотой
Ганган амьд модод оройгоороо
Салхи даган бас сөрөн шуугиулж
Содон чимээ гарган бүжиж байдаг юм байна ...

Амьд мөртөө үхсэн мэт сэтгэдэг хүмүүсийн дэргэд
Амьд, бас залуу ухаанаар сэтгэн шуугиулж
Намба, буурийн цаана нуугдан хөгзрөлгүй
Найман наст шиг бужигнуулж, бүжиж яваад дуусъя даа ...

Тэрэлж, Баруун Баян, Гүнжийн сүм
2009.10.03
Бүрэн эхээр нь...

ГҮНЖИЙН СҮМ

"Алтан навчит" өргөмжлөлт
Амарлингуй гүнжийн сүм гэж
Сонсож байснаас очиж үзээгүй
Сонин газар зочлоод ирлээ

Гахайтай хөөцөлдөж явтал
Гараад ирлээ дээ, нэг балгас
Олон жилийн түүхтэй ч
Орвонгоороо сүйтгүүлсэн байна

Буугаа үүрэн тойрон алхахдаа
Бүтэн байснаар нь төсөөлөх гэж оролдлоо
Газар, усны нууцлаг эхэнд
Ганган сүм диваажин мэт оршин байжээ, янз нь ...

Тэрэлж, Баруун Баян
2009.10.03
Бүрэн эхээр нь...

Wednesday, September 16, 2009

БИ ХААНА ЯВНА



















Амраад ч байгаа юм шиг
Ажиллаад ч байгаа юм шиг
Зугаалаад ч байгаа юм шиг
Зун, намрыг хэлхээд ч байгаа юм шиг явна даа ...

Улаанбаатар, 2009.09.17 Бүрэн эхээр нь...

Tuesday, September 1, 2009

ААВ МИНЬ

Загнаж хүмүүжүүлсээр
Зааж сургасаар байгаад явлаа, аав минь
Хэний хүү гэдгийг
Хэрхэн амьдрахыг ойлгуулаад буцлаа, аав минь

Улаанбаатар, 2009.09.02 Бүрэн эхээр нь...

Monday, August 31, 2009

САЙХАН АМЬДАРЛАА, ТА

Туулын хөвөөнд үндэс тэлсэн
Булган голын бургас
Түмний голомтод илч нэмсэн
Байтаг Богдын торгууд

Баруун хязгаарын харуул
Баатарлаг торгуудын удам
Хохь тайж Жигмидийн хүү
Хөх толбот монгол

Ажилчин хүний алдрын оргил
Алтан Соёмбын эзэн
Аав хүний жаргалын дээд
Ач, зээ, зээнцэрийн өвөө ...

Сайхан амьдарлаа
Сайхан насаллаа, Та
Төрлийн сайныг хурдан олоод
Төрж бидэндээ ирээрэй, аав аа ...

Улаанбаатар, 2009.09.01
Бүрэн эхээр нь...

ААВЫН ХӨШӨӨ

Миний аав, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар уурхайчин Жигмидийн Батлай 2009 оны 8 дугаар сарын 27-нд 85-ныхаа жил дээр ертөнцийн мөнх бусыг үзүүлэв. Дурсгалын хөшөө болон бунхных нь бичээс:


МОНГОЛ УЛСЫН
ХӨДӨЛМӨРИЙН БААТАР УУРХАЙЧИН

ЖИГМИДИЙН БАТЛАЙ

1925-2009


Туулын хөвөөнд үндэс тэлсэн
Булган голын бургас
Түмний голомтод илч нэмсэн
Байтаг Богдын торгууд


Хайрт аав Таныгаа үеийн үед дурсана ...

Улаанбаатар, Алтан Өлгий, 2009.08.31
Бүрэн эхээр нь...

Thursday, August 27, 2009

ААВ МИНЬ БУРХАН БОЛОВ

Баатар аавын минь зураг
Бадамлан асах зулын дөл ...

2009.08.27 Бүрэн эхээр нь...

Monday, August 24, 2009

ГАЙХМААР

Ажил ажил гэж яваад
Алтан намартай золгох шив
Ганц тарваганы ч нүх сахилгүй
Гайхмаар байдлаар зуныг үдэх шив

Гайхмаар гэдэг нь цаанаа бас
Гарцгүй гэсэн үг биш шүү
Өнгөрч буй сайхан зуныг би
Өөрийнхөөрөө үзэж, бас баярлаж чадсан шүү

Улаанбаатар, 2009.08.25 Бүрэн эхээр нь...

ГЭРЭЛТЭХ ЮМ

Гэрэлтэх юм
Гэрэл гэрлээс тод

Хүсэгдэх юм
Хүсэл хүслээс онцгой

Санагдах юм
Санаа санаанаас гүн

Үзэгдэх юм
Үйл үйлээс ариун

Улаанбаатар, 2009.08.25 Бүрэн эхээр нь...

Monday, August 10, 2009

ДУРСАМЖ МӨРҮҮД

Ойрхон ч юм шиг хол ч юм шиг
Оройгүй ч юм шиг оройтой ч юм шиг уулс

***

Онон гол нь урсаад ч буй юм шиг үгүй ч юм шиг
Оросын тосгод харагдаад ч буй юм шиг үгүй ч юм шиг

***

Машинтай ч юм шиг машингүй ч юм шиг
Манаргаж манаргаж, будилж будилж
Чирэгдээд ч буй юм шиг
Чирээд ч буй юм шиг Баян-Уулдаа буцаж ирэв

Дорнод аймаг, Баян-Уул сум, 2009.07.31-08.05 Бүрэн эхээр нь...

АЯЛАЛ

Дорнодын Баян-Уул сумаар аялаад ирэв
Домогт Өүлэн эхийн тоонотод мөргөөд ирэв
Санаа алдаж, сэтгэл хорогдмоор нутгийн
Сүү шиг сэтгэлтэй буриад зон олноор дайлуулаад ирэв

Улаанбаатар, 2009.08.11 Бүрэн эхээр нь...

Tuesday, July 28, 2009

БУЛШ

Дэл ихт тарган морь зайдагнасан
Дан өмд, бас цамцтай
Гэзгээ сурлан ардаа боосон
Ганц эр уул өгсөж, уруудаж явна

Агссан нум, сумыг нь харвал
Анчин хүн байлтай гэмээр ч
Арагшаа байн байн эргэн харах нь
Айж, зугтаж явааг илтгэхээр ...

Ямартаа ч нэг эр ийнхүү
Яарасхийх мөртөө давхиулалгүй
Зүүнээс барууныг чанх чиглэн
Зогсоож амраалгүй алхуулж явна

Зорьсон газар нь тодорхой ч
Зориуд эргэн харж яваа нь сонин
Бодолд орсон юм уу гэмээр
Байсхийгээд толгой гудайлгана

Унасан морь нь урагш л тэмүүлнэ
Урдуураа гүйлдэх гөрөөсийг үл тооно
Өндөр ургасан өвс ногоог
Өвчүүгээрээ яран унгас алдана

Торлогоор эмжсэн ой руу чиглэв
Тунгалаг булагийн дэргэд очив
Морь, хүн хоёр ингэж л нэг зогсов
Мордож хөдлөхөөр мөн л яарав

Гэтэл тэд амжсангүйдэг ээ
Гэнэтийн ч юм уу гэмээр аюул дайрав
Сүр хийх чимээ бүдэгхэн гарч
Сайх эрийн нуруунд сум зоогдов

Мориныхоо дэлнээс зууран
Мордох гэж хичээсэн ч чадсангүй
Өвдөг нугаран газар унаж
Өвсний дундаас сумны үүсгэр л цухуйв ...

Модон дотроос хөлийн чимээ гармагц
Морь үргэвч эргэн харж зогсов
Нум үүрч, сэлэм барьсан эр
Нөгөө эрийн дэргэд очив

Тойрч харж түрхэн саатсанаа
Толгойг нь тас цавчин авав
Дээр өргөн харж байснаа
Даавуунд ороон мод руу оров

Мөд төдөлгүй тэр хүн
Модноос хөтөлгөө морьтой гарч
Баруунаас зүүнийг чиглэн давхив
Бараа нь тэгээд тасран одов ...

Хэн гээч хүний үрийг
Хэн гээч нь ийнхүү хороов
Мэдэх юмсан гэвч
Морь нь ямар ярих биш дээ

Хил залгаа омогийнхоо
Хар нүдэн бүсгүйд дурлаад
Сарны гэрэлд сэмхэн болзож
Санаснаа хэлж, бас хийдэг байсныг

Омогийн ахлагчийн сүйг үл тоосон
Омголон бүсгүй ч бас дуртай байсныг
Үдэш уулзаад үүрээр салан
Үдшийг дахин хүлээцгээдэг байсныг

Бүсгүйгээ гэр урцандаа ормогц
Баруун зүгтээ тэмцдэг байсныг
Үүрэглэн буцахад амар гэж
Үнэнч азаргаа зайдан унадаг байсныг

Хэн нэгэн нь мэдчихээгүй байгаа
Хэрэг болгож дагаагүй байгаа гэж
Эргэн эргэн харж сэрэмжилж
Эмээн айж нуудаг байсныг ямар хэлэх биш дээ ...

Хоёр залуугийн явдлыг
Хөгшин ахлагч мэдмэгцээ
Буцах замд нь отон тосоод
Бушуухан үгүй хий гэж үүрэгдсэнийг

Харваач харваачийн дотроос
Хамгийн мэргэнийг нь томилж
Алдалгүй харван хороогоод
Аваад ир, толгойг нь гэснийг

Морь нь битгий хэл
Мөнөөх залуу мэдээгүй явсан биз
Хайр сэтгэлийнхээ төлөө
Хорин настайдаа тэнгэрт халив

Ураг төрөл нь хайж ирээд
Улай болсон цогцосыг нь олоод
Таван алдын газар ухаж
Тойруулж чулуугаар хүрээлээд

Азаргатай нь, агссан нумтай нь
Алтан ишт хутгатай нь
Булшилж түүнийг оршуулжээ
Бултаж тэндээс түргэн холджээ

Хүүгийн цусан өшөө авахаар
Хөрш омог руугаа довтолжээ
Алан хядан хүйс тэмтрэвч
Алтан амийг нь яаж эргүүлэх билээ ...

Тэр цагаас хойш мянган жил өнгөрчээ
Тэр тухай хэн ч мэдэхээ больжээ
Цагийн салхинд элэгдсэн булшны чулуу
Цайрч гандаад байгалийн мэт болжээ

Харин би түүнийг нь түшин тарвага сахин сууна ...

2009.07.29

Бүрэн эхээр нь...

Monday, July 27, 2009

БАЙГААСАЙ

Шөнөжин бороо оров
Шүлэг нойрыг сэрээв
Дуу багатай ч ус ихтэй
Дүрсгүй бороо ороод өнгөрөв

Хаа нэгтээ үерлүүлж
Хашаа гэр сүйдлээгүй байгаасай
Байгальдаа өнгө, үнэр нэмээд
Бодол шиг замхарсан байгаасай ...

Улаанбаатар, 2009.07.28 Бүрэн эхээр нь...

Wednesday, July 22, 2009

ЗУРАГ

Айлчлал хариуцаж явав
Австралиуд ирсэн байгаа юм
Музей үзэхээр нь дагалдлаа
Мундаг тайлбарлахыг хичээлээ

Нэг газар очоод гацлаа даа
Нэгхэн зурагны өмнө шүү дээ
Аав минь дүүтэйгээ байна
Ах, дүү хоёр баатар гээд

Энэ миний аав гэж хэлбэл
Элэглээд намайг шоолох биз
Тоосыг нь хуруудан арчаад
Толгой мэхийн ёслоод өнгөрөв

Сайхан инээлдсэн зураг байна
Сайхан явсан улс, угаасаа
Ах минь одоо байхгүй ээ
Аав минь ч удахааргүй болсон

Дуурайж би ажиллаж үзээгүй
Дурсаж харин бахархаж явна
Миний бие алга болсон ч
Музейд тэр зураг байсаар байна ...

Улаанбаатар, 2009.07.23
Бүрэн эхээр нь...

Friday, July 17, 2009

ААДАР

Аадар бороо орж байна
Аянга цахилж, тэнгэр дуугараад
Мөндөр зөндөр хаялаад
Мөн чиг сүртэй байна

Ойрд үзээгүй азарган бороо
Орж байна даа, Улаанбаатарт
Модод найгаад байшин доргиод
Машин замаар гол урсаад

Үер ч буулаа даа янз нь
Үймүүлж баахан сүйдлэнэ дээ
Буруу газар буусан айлууд
Бөөнөөрөө урсаж балрана даа

Улаанбаатар, 2009.07.17 16.00
Бүрэн эхээр нь...

Thursday, July 16, 2009

ХҮН

Хүн хэзээ үүссэнийг мэдэхгүй
Хэзээ устахыг бүр мэдэхгүй
Хүн гэдгээрээ урт түүх, удаан настай
Хүний амьдрал харин өөрөө богино

Амьдрал, амьдралын үргэлжлэл
Агуу хийгээд тасрашгүй
Хүсэл, хүслийн нийлбэр
Хүний хөгжлийн түлхүүр

Улаанбаатар, 2009.07.17 Бүрэн эхээр нь...

ЮУ БА ЮМ

Юу вэ гэхээр
Юм гэж хариулж болох
Аль аль нь бүрхэг үг ч
Асуулт, хариулт байж чадаад байх ...

Улаанбаатар, 2009.07.17 Бүрэн эхээр нь...

МЭДЭХГҮЙ ЭЭ

Нэг хүн ярьж байна
Намайг уг нь сайн мэддэг юм
Чиний учрыг олохгүй юм гэнэ
Чи битгий хэл би олдоггүй юм гэв

Нээрээ би өөрийгөө мэддэггүй
Нэрнээс цаашгүй, оньсого байдаг
Хаанаас, яах гэж ирснээ
Хаашаа, юу хийх гэж буцахаа би мэдэхгүй ээ ...

Улаанбаатар, 2009.07.17 Бүрэн эхээр нь...

ГЭХ ЮМ

Гэмгүй аашинд нь дасах гэх юм
Гоо үзэсгэлэнд нь шунах гэх юм
Хайр сэтгэлийг нь эзэмдэх гэх юм
Хар хүн бүхнээс харамлах гэх юм ...

Улаанбаатар, ... Бүрэн эхээр нь...

Wednesday, July 15, 2009

ХҮДЭР НУТАГ

Өтгөн ногоон ой
Өвдөг хүрсэн өвс
Өнгө өнгийн цэцэгс
Өвөөлж, хөхөөн дуу

Гурын хахир чимээ
Голын эргийн намаг
Уулын тунгалаг булаг
Усны шувуудын ганганаа

Энгэрт хивсэлсэн гүзээлзгэнэ
Эрэг дагасан булга
Солонготой орсон бороо
Сонин содон уулс

Буутай хилийн харуул
Бууж, хөөрөх манан
Эхгүй өсөх бамбарууш
Элбэг баян хангай

Үерлэн урсах Хүдэр гол
Үзэсгэлэнт Сүхээ гол
Бужигнан үргэх жараахай
Бултаж зугтаасан чоно

Ай даа, сэтгэлээс гарахгүй нь дээ
Алаг дэлхийн нэгэн диваажин
Хүдэрийн сайхан нутагт
Хүрээд дахин очихсон доо

Улаанбаатар, 2009.07.16
Бүрэн эхээр нь...

Tuesday, July 14, 2009

МАЗААХАЙ

Хүдэрт найзындаа очлоо
Хаанаас ч олсон нь мэдэгдэхгүй
Нэг бамбарууш байх юм
Нэр мэртэй бас, Мазаахай гээд

Өөрийгөө нохой гээд бодчихсон
Өхөөрдөм амьтан байх юм
Ноход даган гүйх мөртөө
Нэг мэдэхнээ л модонд гарчихна

Холтос дуугарган бууж ирээд
Хүн дагаад майга майга алхана
Эхийгээ санадаг юм уу даа
Эрхий хуруугаа хөхөөд архирна

Сарвууных нь хумсны уртыг яана
Сав л хийвэл хүнээс зуурч зогсоно
Хоёр хөл дээрээ босоод ирэхээр
Хөвчийн хүрэн мөнөөс мөн дөө

Сүүн шүд нь унаад дууссан болохоор
Сүрхий чанга хазаж чадахгүй
Байсгээд л хазаж ноолох гэнэ
Барилдаж бүр тонгорч унагаах гэнэ

Хүүхэд шиг эрхлүүлэн тоглох гэвч
Хурц хумс нь айдас төрүүлнэ
Хүний идэж байгааг иднэ
Хүнээс илүү цэцэг ногоо зулгаана

Томрох тусмаа аюул дагуулах
Томоогүй бамбарууш өссөөр байна
Манайхан дотносон дуудахдаа
Мазаахай биш Батсайхан болгоод ирсэнсэн

Ийм нэг амьтан тэнд үлдлээ
Ирээдүй нь харин дэндүү бүрхэг
Хүн ч биш, баавгай ч биш хүмүүжиж
Хөвчийн амьдралаасаа тасарсаар байна

Хүн гээд итгэчихвэл нэг өдөр аашлаад
Хүн амины хэрэгт орох нь тодорхой
Баавгай гээд хөөгөөд явуулбал
Буу барьсан нэгэн рүү гүйж очно доо

Хөвчийнхээ эзэн болоод
Хөндлөн алхах заяа байхгүй биз
Аса циркт авчирч өгөөд
Ах нар шиг нь Батсайханыгаа эргэхсэн

Сэлэнгэ, Хүдэр сум, 2009.07.13
Бүрэн эхээр нь...

Monday, July 13, 2009

ЗАЛУУ НАС

Барилдлаа, дуртай юм болохоор
Барилдах нь барилдаад байна
Гурван сайхан эртэй амралгүй
Гурав гурав цувруулаад ноцолдлоо

Сурсан юм хойно даваад байна
"Сайдын ам"-ны аварга болчихлоо
Удалгүй дахин босгож ирээд
"Уячдын наадмаа" хийлээ

Босоо үлдээд байх юм
Бодолд харин гуниг нэмэгдээд
Амьсгаа ихтэй болсныгоо анзаарлаа
Атгалт сулраад ирэхийг мэдэрлээ

Маргааш нь бие булрахыг үзлээ
Миний барилдах одоо худлаа болж дээ
Сум, аймагт ч ноцолдож яваагүй ч
Сугаа ханзалж, өмдөө урж явах дуртайсан

Ай хөөрхий, залуу нас минь
Ард үлдэн хоцорч эхэлжээ дээ
Хамт цаашаа удаан явахгүй гэдгээ
Хэлж сая ойлгуулах шиг боллоо

Сэлэнгэ, Хүдэр сум, Сайдын ам, 2009.07.13
Бүрэн эхээр нь...

Tuesday, July 7, 2009

ХӨХ ГАРИГ

Google Earth-өөр оролдож сууна
Гишгэж яваа газар дэлхийгээ
Гарын аясаар буруу зөв эргүүлэн
Гэнэт зогсоон нэгжиж, судалж сууна

Австрали, Шинэ Зеландын хотууд
Анкара, Гаагийн гудамжууд
Сингапур, Көөлний барилгууд
Сөүл, Москвагийн замууд

Сэлэнгэ, Сүхээ голууд
Сүүж, Хайртхаан амралтууд
Баяндэлгэр, Хустайн зурайнууд
Батширээт, Хүдэрийн хөвчүүд

Алган дээр мэт харагдах аж
Аялж, амьдарч явсан мөчүүд
Сэтгэлд тодхон дурсагдаж
Сормуус норгох гэх юм ...

Буруу зөв эргүүлэхээ болье
Бурханыхаар нь зөөлөн эргүүлье
Хүндлэн хайрлахаас аргагүй
Хөх гаригийн минь хөрөг юм даа

Улаанбаатар, 2009.07.07
Бүрэн эхээр нь...

Monday, July 6, 2009

НААДАМ

Наадам аа гэж
Надад сонирхолтой байдаггүй
Цэнгэлдэхэд нэг л орсон
Цэхлэж дахиад зүглээгүй

Найраа хийсэн хэдэн бөх
Нэвт гэрэлтэх халтар хуушуур
Мориноос хямдхан хүүхэд
Мөрий багатай сур харваа

Цэнгэлдэх тойрсон хэрүүл
Цэцэгтэй барьцсан хаягдал цаас
Зам тавьдаггүй жолооч нар
Заяагүй баахан хармааны хулгайч

Малгайгаар уралдсан дарга нар
Машинаар уралдсан баячууд
Хожоотой нь цээж дүүрэн хэнхэг
Хулхидуулсан нь ам дүүрэн хараал

Хорвоод ховорхон наадам гэх
Хотлоороо тэгээд цэнгэсэн гэх
Биенээ барьж идээгүй салвал
Бусад нь хамаа байж уу гэмээр цуглаан ...

Хүний хөлөөс дайжин
Холхон явж амрая байз
Байгалийн сайханд зугаалж
Бахаа хангаад ирье байз

Улаанбаатар, 2009.07.08
Бүрэн эхээр нь...

ЗҮҮД

Зүүд ээ гэж
Зэрэглээрхүү хоосон ч юм шиг
Зөв совингийн эхлэл ч юм шиг
Зүгээр нэг бодол ч юм шиг

Тэр энэ гэсэн онол явдаг ч
Тэгсгээд мухардсан байдаг
Яг энэнээс болдог гэсэн
Яс тайлбар би олж уншаагүй ээ

Шувуу мэт дэвэн нисэж
Шуламтай тааран зугтааж
Атаат дайсантай гардан байлдаж
Араатантай тулан тэмцэлдэж

Хүүхэд насандаа эргэн очиж
Хүйтэнд дааран чичирч
Адуу мал эргүүлэн тэнэж
Ам цанган халуу шатаж

Охид бүсгүй эргүүлж
Ойд төөрөн будилж
Тансаг оронд тэнүүчилж
Талийгчтай уулзан ярилцаж

Алсын замд тэрэг барьж
Аадар бороонд норон гүйж
Сүрэг гахай алдан буудаж
Саарал гайхлыг хөөн унагаж

Бөх барилдан цэвэр дарж
Бүтэлгүйтэн хүнд зэмлүүлж
Гол мөрөнд загасчлан зугаалж
Ганга эрэгнээс зүүгдэн бачимдаж

Хайрлаж, хайрлуулж
Халамжилж, халамжлуулж
Айж ичин ганцаардаж
Алж талан зовоож зүүдэлсээр иржээ, би ...

Унтаж байхдаа "амьдарсан"
Уран сайхны олон кино
Урд, хойд настай минь
Учир зүйн холбоотой болов уу, үгүй юм болов уу

Зүүд ээ гэж
Зэрэглээрхүү хоосон ч юм шиг
Зөв совингийн эхлэл ч юм шиг
Зүгээр нэг бодол ч юм шиг ...

Улаанбаатар, 2009.07.07




Бүрэн эхээр нь...

Wednesday, July 1, 2009

ЗҮРХ МИНЬ

Атгасан гарын дайтай
Алаг улаан зүрх минь
Царцалгүй, хөшилгүй, зогсолгүй
Цохилоод байдаг юм шүү

Дэмждэггүй юм гэхэд
Дордуулж чамайг хорлохоо больё
Ажиллах тоолонд чинь
Амьдрал минь яваа юм шүү ...

Улаанбаатар, 2009.07.02 Бүрэн эхээр нь...

ХАЛЖ БАЙНА

Аая яа яа,
Айхтар халж байх чинь вэ
Гол мөрөн ширгэмээр
Ган гачиг дагуулмаар халж байх чинь вэ

Улаанбаатар, 2009.07.02 Бүрэн эхээр нь...

БАЯРЛАЛАА

Нэгэн цаг үед
Нэгэн нарны доор
Хүн болон төрсөнд чинь
Хүсэн мөрөөдөж яваад чинь баярлалаа ...

Үнэн, худлыг хамт мэдэрч
Үлгэр, түүхийг хамт сонсож
Итгэл, үнэмшил адилхан
Ирээдүйгээ харж яваад чинь

Хайр булаасан харцанд чинь
Хайлган цайлган сэтгэлд чинь
Эрүүл энх яваад чинь
Энэ хүртэл байгаад чинь

Бодолд хааяа ордогт чинь
Бусдын төлөө яваад чинь
Баярлалаа, хүн минь
Баярлалаа, бүсгүй минь ...

Улаанбаатар, 2009.07.01


Бүрэн эхээр нь...

Tuesday, June 30, 2009

СЭТГЭЛИЙН МУХАРТ

Сэтгэлийн мухарт нэг юм байна
Сэргээж баярлуулах ч юм шиг
Сэнсрүүлж дордуулах ч юм шиг
Сэмхэн тэндээ байгаад байна

Яг юу юм болоо
Ямартаа ч нэг юм байх нь байна
Хүнээс битгий хэл надаас нуугдан
Хүсэл, хяслыг уралдуулах гээд байна

Сэтгэлийн мухарт нэг юм байна ...

Улаанбаатар, 2009.07.01 Бүрэн эхээр нь...

ААВ МИНЬ

Аав минь өвдсөн байна
Аав минь ядарсан байна
Аав минь хэвтсэн байна
Аав минь муудсан байна

Аавыгаа
Алхаж явахыг нь
Алиалж суухыг нь дахин харахгүй юм шиг ээ ...

Улаанбаатар, 2009.07.01 Бүрэн эхээр нь...

Monday, June 29, 2009

ХҮСЭЛ

Хүн амьтнаас зайдуухан
Хөвч хангайн гүнд
Багахан булагийн дэргэд
Буудаллан амарч хонохсон

Хөхөөн уян донгодоог
Хөнжлөөсөө тоолон сэрэхсэн
Зуны сайхан өглөөг
Зурж сэтгэлдээ үлдээхсэн ...

Улаанбаатар, 2009.06.30 Бүрэн эхээр нь...

Friday, June 26, 2009

НЭГ МУУ МУУР

Хөхө,
Хажуугийн модны болжмор боож үхэх нь
Зогсоо зайгүй шулганан дуугарна
За, энэ чинь одоо юу болов ...

Зовиуртай хүүхдийнх шиг
Золигийн дуу цаана нь гарна
Юу билээ гэж бодлоо
Юу байхав, муурны л дуу байна

Цонхоор шагайлаа
Цочиж болжмор үргэхгүй шулганасаар
Тонгойгоод харлаа
Томоос том шар муур

Хоёр байшингийн завсарт буй
Хөөрхий болжморын үүр рүү өнгийнө
Өдөржин шир шир гэсэн ангаахайнууд
Өнөө мууранд мэдэгдчихэж янз нь

Зайл, чи муу муур
Зайтай бай, эндээс гээд орилов
Хялам хялам гээд холдов
Хөгийн гар вэ, яадаг

Болжмор араас нь шулганасаар
Болж өгвөл надаар алуулчих санаатай
Эргэж ирвэл чинь
Энэ хүнээр хөлийг чинь хугалуулна гэж буй биз ...

Улаанбаатар, 2009.06.26

Бүрэн эхээр нь...

Thursday, June 25, 2009

БОЛЖМОР

Цонхны цаадах модод
Цовоо болжмороор дүүрээ юу даа
Завсар зайгүй жиргэх нь
Зун цагийн аялгуу юу даа

Улаанбаатар, 2009.06.26 Бүрэн эхээр нь...

ЗҮҮН СЭЛБЭ

Зүүн Сэлбэ минь баяртай
Зүрхэндээ чамайг урсаж буйгаар төсөөлж явъя
Урсгалыг нь хааж хог дүүрсэн байсан
Ундарга дээр нь барилга барьсан байна гэв үү

Баруун Сэлбийг оросууд булж
Барилга барьж гийгүүлсэн гэдэг
Бороо ус ихтэй үед амь орж
Баахан үймээн тарьдаг даа

Зүүн Сэлбэ минь хааяа бас
Зүрхтэй гэдгээ сануулан үерлэж
Мунхаг хүмүүст хариу барингаа
Мань мэтийгээ баярлуулж байгаарай ...

P.S. Доорхийг уншаад бичив:
http://www.mongolnews.mn/unuudur.php?n=38971#comment_write

Улаанбаатар, 2009.06.25
Бүрэн эхээр нь...

Wednesday, June 24, 2009

ГЯЛГАР УУТАН ТОР

Юм гэдэг ховор дээрээ
Юм юмнаас онцгой байдаг аж
Хэт олон болоод ирэхээрээ
Хог болж ад үзэгддэг аж

Даавуун тор хармаалаад
Дэлгүүр хэсдэг байхад
Элдэв зурагтай гялгар уутан тор
Ээ дээ, мөн ч моод болж байлаа

Ховор гэж жигтэйхэн
Хойноос ирсэн хүн л авчирна
Нэг бариад хаяна гэж үгүй
Нямбайлж эвхээд цүнхэлнэ

Барьсан хүнийх нь дэргэд
Бараандуухан даавуун тор
Гаргаж ирнэ гэдэг ичмээр
Гартаа хүнсээ тэврээд гарна

Нүүр, гарын савантай нийлбэл
Нэг цагаан сарын мундаг бэлэг
Авсан хүн нь ч голохгүй
Алгаа тосоод мишээнэ

Хотын хүний шинж болж
Хааяа цүнхийг нь орлож
Гоёл болж явжээ, зайлуул
Ганган байжээ, хотынхон ...

Тэгсэн байдаггүй шүү
Тэр сайхан эд одоо
Хорвоод ижилгүй гай болж
Хог хогны доор орчихжээ

Хотын гудамжаар нэг
Хөдөөгийн жалгаар нэг
Далд ордоггүй
Дарагддаггүй дайсан болжээ

Юм гэдэг ховор дээрээ
Юм юмнаас онцгой байдаг аж
Хэт олон болоод ирэхээрээ
Хог болж ад үзэгддэг аж ...

Хальт хиртэй мэт
Хар бараан даавуун тор
Өврөөсөө гаргахад ичихээргүй болж
Өөрийнхөөрөө бяцхан эх оронч явъя

Улаанбаатар, 2009.06.25
Бүрэн эхээр нь...

Tuesday, June 23, 2009

БОРОО

Бороо гэхээр
Бодол санаанд минь юу буух билээ
Нэр нь хүртэл цаанаа ариун
Нэг л их арвин зүйл буудаг

Мэдээж дээ
Миний мэдэх арвин, ариуны нэг
Байгалийн бахархмаар үзэгдэл
Бурханы тунгалаг цацал шүү дээ ...

Яагаад ийм нэр өгсөн юм бол гэж
Ямагт би өөрөөсөө асуудаг
Нилээд янзаар тайлбарлаж болох ч
Нэг л хариултандаа би дуртай

Торгон ногоон газрыг минь шүршин
Тоонот гэр дээр унах дусалны чимээг
Монгол чихээр сонсож чадвал
Монголоор бороо гэхгүй хаачих юм гэж ...

Намайг анх онож туссан бороон дуслыг
Нялх байсан би яаж санах билээ
Ухаан орсноос хойших бороо бүхэн харин
Угаасаар ирснийг сайн мэдэж байна

Бороо оруулж орос маамуу ирүүлэх гэсэн
Балчирхан нас минь нүдэнд үзэгдэнэ
Учрыг нь сайн мэдэхгүй ч гэлээ
Ум мани-гаас илүү хэлдэгсэн

Хурын зах дуслаад эхлэнгүүт
Хувцсаа тайлаад бэлддэгсэн
Гарч гүйх гэж байгаа нь тэр
Ганган болтлоо угаагдах гэж тэр

Зуны бороонд шалдан гүйвэл
Зуу насалтлаа даардаггүй гэж
Хэн нэгэн нь хэлээгүй ч гэлээ
Хэр барагтай бээрдэггүй юм, одоо

Цээнд хүрч том болсон хойноо ч
Цээжээ гарган угаагдах дуртай хэвээр
Намайг тоож дуссан дусал бүрт
Наминчлан би залбирч явдаг ...

Бие хаа, үс толгой гэхээсээ илүү
Бодол сэтгэлийг угаан ариусгадаг
Энэ бороо гэдэг үнэхээр агуу
Элэг зүрхээр дамжих ертөнцийн хэл ...

Аадар, шиврээ, нартай гээд
Амьдралыг өнцөг өнцөгөөс нь бодогдуулах
Бороо бүрт би дуртай
Борооны түрүүнд татах солонгод бүр дуртай

Газар газрын бороо адилгүй ч
Гайхмаар нэг л юмаар ижил
Босго давж, хаалга нүдэлгүй
Бор зүрхэнд бүгд асгардаг юм

Улаанбаатар, 2009.06.24

Бүрэн эхээр нь...

Monday, June 22, 2009

ХАЛХЫН ГОЛ

Далан жилийн тэртээ Монгол нутагт
Дайн шиг дайн болсон гэдэг
Нар халхалсан олон онгоц
Нэгэн зэрэг байлдаж байсан гэдэг

Морьтой, мотортой, буутай, сэлэмтэй
Монгол, орос, япон цэргүүд тэмцэлдэж
Халхын голын тулаан хэмээгдэн
Хожмын бидэнд түүх болон үлджээ

Эзэн хааныхаа хүсэл, тушаалаар
Эзлэн дайлах гэсэн самуурайнууд
Туурга тусгаар улсаа хамгаалах
Тушаалаасаа илүү зоригтой монгол эрс

Хөрш "дүү" орноо өмөөрөхийн хамт
Хэтдээ дэлхийд нөлөөгөө алдахгүй гэсэн
Улаан цэргийн шилдэг дайчид
Ура, банзай хашгиралдан цавчилдсан гэдэг

Нутгаасаа алс, бусдын хилийн заагт
Нуувчинд суух япон эр юу бодсон бол
Чингисийн нутгийг амархан эзэгнэж
Чангаар орилон сакедах гэсэн болов уу

Энэ ер нь худлаа юм байна
Энд би амьд үлдэх болов уу
Мэдэлд нь байсан Харбиниар дамжин
Мэнд эргээд харих минь гэсэн болов уу

Ямартаа ч тэд эцсээ хүртэл үзэж
Янз бүрийн тавилантай тулсан гэдэг
Нэр төр гэдгийг ясандаа мэдэрсэн улс
Нэг хөлтэй буцсанаас чандарлуулахыг эрхэмлэж

Дандар баатар нарт цавчуулах нь цавчуулж
Далайсан чигээрээ буудуулан үрэгдэж
Орос генерал, монгол жанжны ухаанд бүдэрч
Олзлогдон туугдаж, зарим нь амьтан болсон гэдэг ...

Ард нь эх орон байгаа гэхээр
Алхам ч ухрах эрхгүй монгол цэрэг
Дайсны довтолгооныг тосох агшинд
Дотроо юу бодон хэвтсэн бол

Зүгээр байхад зүгээр л байгаарай
Зүггүйтвэл үзүүлсэн шиг үзүүлнэ шүү гэж
Шүд зуун сумаа тоолсон болов уу
Шөнө нь тэд унтаж чадсан болов уу

Алтан амиа үл хайрлан тулах зуураа
Аав, ээж, амраг ханиа санаж амжсан болов уу
Юуны төлөө юу хийж буйгаа мэдэж буй үед
Юун тэр бодол манатай байсан юм болов уу

Ямартаа ч тэд хийхээ хийж
Ялалын амтыг мэдэрсэн байдаг
Хүний хүүхэд олноор нь олзолж ирээд
Хэдэн сайхан барилга бариулсан байдаг ...

Аль нь манайх, аль нь дайсан нь үл танигдах
Ази царайтнуудын дунд орон "төөрсөн" ч
Тун удалгүй ялгаж буугаа онилсон
Таван хошуут орос цэрэг юу бодсон бол

Сайхан төрсөн орос охидоо хүсэн
Сибирийнхээ зүг санаа алдсан болов уу
Монгол эрсийн хатуужлыг үнэлэн
Мохоор тамхи хувааж татсан болов уу

Энд үрэгдэлгүй баатар болсон ч
Эргээд удахгүй баруун хилээ зорин
Эх орныхоо төлөө жинхэнэ дайнд оролцохоо
Ээ дээ, мэдээгүй л байсан байх даа ...

Байлдан тулалдах гэж төрөөгүй ч
Байлдан тулалдахаас аргагүй болсон
Монгол, орос, япон хичнээн эрс
Монголын төлөө амиа тавьсан бол

Үр удмаа үлдээж чадалгүй
Үрэгдэн хорвоог орхисон бол
Эргэж очиж чадалгүй
Эхнэр бүсгүйгээ зовлонд унаган одсон бол ...

Далан жилийн тэртээ Монгол нутагт
Дайн шиг дайн болсон гэдэг
Нар халхалсан олон онгоц
Нэгэн зэрэг байлдаж байсан гэдэг

Улаанбаатар, 2009.06.23
Бүрэн эхээр нь...

Sunday, June 21, 2009

АРХИНААС ГАРЛАА

Нанчид хүртэлгүй нилээд явсан юмсан
Найз гадаадаас түр ирлээ гээд
Нам унатлаа гурван өдөр уув
Найз явж, нанчид бид хоёр л үлдэх шив

Гэхдээ шилтэй, савтайгаа биш
Гэдэс дотор, элэг цөсөнд үлдчихэж
Амьдралаас уйдсан мэт хор долоож
Амь тавихын наагуур босож ирэв

Зүрх муудсан байна
Зүс дутахгүй гундсан байна
Сэтгэл унасан байна
Сэргэх гэж үнэндээ шаналж явна

Галзуу энэ шингэнээс болж
Гал халуун насныхан ч үхээд буй
Гашуун туршлага байсаар байтал
Гай дуудаж би юунд түүнд дурлана вэ

Хөрөг зурагаа л үлдээн одоод
Хоёр хүүхдээ эрт өнчрүүлэн
Хань ижлээ ганцаардуулан зовоох
Хэрэг үнэхээр байгаа гэж үү

Архинаас гарлаа, найзууд аа
Амссангүй, тоосонгүй гэж битгий хэлээрэй
Арван мянга гаранхан өдөр амьд явах гэсэн юм
Андыгаа архиар бүү дайлаарай

Улаанбаатар, 2009.06.22
Бүрэн эхээр нь...

Monday, June 15, 2009

ХӨӨРХӨН

Хөөрхөн за, чи
Хүний өмнө байгаагаараа
Хүнээрээ байж чадсан
Хөөрхөн за, чи

Хөөрхөн гэдэг ганц
Хүнд харагдах царайгаар биш
Хорвоог харсан ухаанаар мэдэгддэг
Харагдаж, бас танигддаг юм

Айхгүй нь энэ гэж арзаагаагүй
Айлгүй нь дэндэж нялуураагүй
Бодсоноо нүүрэндээ наагаад
Бор зүрхээрээ явах хөөрхөн

Буруу, зөв нь сонин биш
Бусдыг дагаж хошуураагүй
Хэлэх юмаа эгц, бас шулуун хэлэх
Хөөрхөнөөс хөөрхөн

Алдъя гэж алдаагүй алдаанаасаа
Амьдралд суралцах мөртөө
Алдаагаа давтахаас бас айхгүй нь
Аргагүй хөөрхөн зан

Хүний хорвоод амьдрахдаа
Хүний төлөө л явж
Өөрийнхөө хүслийг биелүүлэх гэж яараагүй
Өрөвч сэтгэл бас хөөрхөн

Хэзээ үхэхээ мэдэхгүй ч
Хайр, дурлалд шатаж
Хэд хоногоор ч хүлээдэг
Хөөрхөн зан бас бий

Загнуулахдаа нүд цавчихгүй ч
Загас наадуулахдаа нүдээ аньж
Хайр, халамжийг мэдэрдэг
Хөөрхөн, чи хөөрхөн

Хэцүү бүхний өмнө
Хад мэт зогсох мөртөө
Ханийн дэргэд өвдөг чичрэх
Хөөрхөн, чи хөөрхөн ...

Улаанбаатар, 2009.06.15
Бүрэн эхээр нь...

Friday, June 12, 2009

ШҮҮРҮҮЛСЭН ХУРГАНЫ БОДОЛ

Хөөе, хөөе, цаана чинь
Хөх нохой явж байна
Тэр, тэр, харав уу
Тээр мод руу орлоо ...

Нээрээ нэг чоно
Нэвсийчихсэн давхиж явна
Дурандлаа, оллоо
Дун цагаан хурга үүрчихсэн явна

Эрт гарсан бололтой юм
Эмээл шиг том харагдаж байна
Арвалзаад хөдлөөд явна
Амиа бүрэн тавиагүй бололтой

Бэлтрэг гаргасан гичий чоно
Бултан нуугдаж ирээд
Бэлчээрээс хурга шүүрэн
Буруу хараад гялалзаж байгаа нь тэр аж

Амийг нь таслалгүй авч очоод
Амьдаар нь бэлтгэлийн мешок болгон
Хэдэн гөлгөөрөө ноолуулан
Хичээл заах гэж байгаа биз ...

Энэ чоно ч яахав
Эхийнхээ дэргэдээс шүүрүүлэн
Майлах дуу нь ч гарахгүй яваа
Магнай халзан хурга юу бодож яваа бол:

Ээж минь, эх минь
Энэ одоо юу вэ
Эвгүй үнэртэй энэ саарал чинь
Эзний минь нохой биш юм уу

Сэжиг авах нь ч авсан юм
Сэмхэн гэтээд дэндүү ойртчихож
Босоод зугтаж амжсангүй ээ
Багалзуураас зуурчихлаа

Аварч чадахгүй юм уу, ээж ээ
Аймаар өвдөөд байна шүү дээ
Адилхан дөрвөн хөлтэй амьтад байж
Араа шүдгүй юм уу, бид

Яах уу, ээж ээ
Ядаж аав минь хаана байдаг юм
Тэр хуц бас дийлэхгүй юу
Тэнхээ нь энэнийхээс бага юм уу

Эзэн минь хараагүй юм байх даа
Эргээд би зөндөө майлсан шүү дээ
Одоо юун майлах манатай
Орон гаран ухаан балартаж явна

Явна ч гэж дээ, ээж минь
Яах аргагүй үүрүүлээд
Хайрт эх танаасаа улам холдон
Хамар даваад алсалж байх шиг байна

Нүд нээхэд л аманд орсон сүү тань
Нялх мөртлөө шимтэй цэцэг, ногоо
Дахиж надад олдохгүй дээ, тээ
Дөрвөн хөл дээрээ ч зогсохгүй дээ, тээ

Хөлд орон таныгаа нэг баярлуулсансан
Хаврыг даван эзнээ нэг баярлуулсансан
Сүүл ороод сүргээ нэг баярлуулсансан
Сүрхий мөргөлдөөд өөрийгөө нэг баярлуулсансан

Хамт өвөлжиж танд дулаанаа өгөх гэсэн юм
Хонь болж эзнээ баярлуулах гэсэн юм
Хуц болж сүргээ баярлуулах гэсэн юм
Хүсэл минь ингээд худлаа болсон уу, ээж ээ

Тэнгэр ийм сайхан хөх бил үү
Тэнэг би урд нь анзаараагүй байж
Амьсгал боогдоод байна
Аймаар байна аа, ээж ээ, ингээд бүхнээсээ салах ...

Улаанбаатар, 2009.06.12
Бүрэн эхээр нь...

ОЛОНТОЙГОО ЯВАХАА ГЭЖ

Орчлонгийн энэ амьдралд
Олонтойгоо л яваарай гэсэн
Буурал ээжийн минь захиас
Бодлоос ердөө гардаггүй юм

Олонтойгоо явах
Олны дунд явахаас ялгаатайг
Хүүхэд байхдаа анзаарсан биш
Хожмоо л ухаарч явна даа

Ухаарч байгаа нь энэ гээд
Ул долоочих гэж явсангүй
Үгэнд нь орж байна гээд
Үнсэж тэвэрч нялуурсангүй

Эрх мэдэлтнийг дагалдан
Эрх чөлөөгөө худалдан далбаасангүй
Бийлэгжүү нэгнийг даган
Бэрдийн зан гаргасангүй

Өөгүй сайн хүн байна гээд
Өөрөөсөө урван будилсангүй
Сайхан хүн хараад
Сэтгэл зүрхнээсээ урвасангүй

Хуучны танил гээд
Хулгасангүй, сэтгэлээ хөдөлгөсөнгүй
Шинэ танил гээд
Шүлс гоожуулсангүй, дайжсангүй ...

Олонтойгоо явна гэдгийг
Олон аашийг мэдрэх, хүндлэх
Таарсангүй, тохирсонгүй гээд
Тээршаахгүй, уйдахгүй байж

Хүн бүрийн дотоод ертөнцийг танин
Хүн бүрт өөрийгөө нуулгүй дэлгэн
Саараас нь илүү сайхан талыг нь олж
Саараа нууж, сайхнаараа харьцаж

Өөрийнхөөрөө байхад нь
Өөртөө хэрэгтэйг нь өмчилж
Өөрөө ч гэсэн бусдад уншигдахын тулд
Өөрийнхөөрөө байсны эцэст

Надад тоогдсон, хайрлагдсан
Намайг тойрсон, үгүйлсэн
Тоотойхон ч гэлээ хэдэн хүнтэй
Тоост хорвоод амьдарч явахыг хэлнэ ээ, би лав

Улаанбаатар, 2009.06.12
Бүрэн эхээр нь...

Thursday, June 11, 2009

ЦОХИО БИД ХОЁР

Би уулын тагт
Бэл рүү унжсан цохион дээр
Алсын бараа ширтэн
Амьсгал дүүрэн зогсож байна

Тэр хавьдаа л өндөрлөг
Тэнгэрт илүү ойрхон газар
Хавийн газрыг ажиглан
Хараа гүйлгэн зогсож байна

Ай даа,
Алтан дэлхий алган дээр мэт
Гуу, нугачаа бүр нь тэнийн
Газрын зураг мэт тодхон харагдана

Хөдлөх бүр нь мэдэгдэхээр
Хөх ой нь нэгжигдэхээр
Тэнгэрийн хаяа цаашлаад
Тэртээх уулс наашлаад ...

Ийм л сайхан газарт
Инээмсэглэн зогсож байна
Эрт, хойчийг бодон
Энэ шүлгийг төрүүлж байна

Цаг, цагийн салхинд элэгдэн
Царай, хэлбэрээ багахан өөрчилсөн ч
Энд байж бай гэж үүрэгдүүлсэн мэт
Энгэртээ бат зогсох энэ цохио

Хэлтэй бол олон зүйл хүүрнэж
Хэдэн боть түүх өгүүлэх биз
Өдийг хүртэл юу үзсэнээ
Өнгө будагтай нь ярих биз

Галав яаж юүлснийг
Газраас хэзээ цухуйснаа
Байгал дэлхий яаж өөрчлөгдөн ирснийг
Баттай тэр үнэн хэлнэ дээ

Хүннү-гийн анчин эндээс
Хүн гөрөөсөнд гэтсэн үү
Нүүдэлчин аймгуудын тулаан
Нүдэн дээр чинь болсон уу

Чингис хаан өөрөө биш гэхэд
Чин итгэлт нөхөд нь ирсэн үү
Алалцан тулалдахын өмнө
Алсаас тандан энд жагссан уу

Хөх саарал чоно
Хөлөө амраан зогссон уу
Салаа эвэртэй буга
Салхилж энд үүрэглэсэн үү

Халхын сайн эр
Хаяанд чинь цайгаа чанасан уу
Ардын хувьсгалын цэрэг
Амарч бас тухалсан уу

Оргодол босуул нөхөд
Орчноо эндээс ажсан уу
Малаа хайсан эрэлчин
Малгай тавин дурандсан уу

Надаас өмнө хэдэн хүн
Над шиг ингээд зогссон бэ
Надаас өмнө хэдэн амьтан
Нарлаж энд саатсан бэ

Хэлээд өг гэж
Хэл юуг чинь сугалах шахах биз
Сонсох бүртээ санаа алдан
Сормуус норгон бишрэх биз

Намайг нэгэнтээ энд зогссоныг
Надаас хойтоход нь хэлээрэй
Олон юм бодон
Орчинг чинь ширтсэн гээрэй

Орчлонг яг энэ цэгээс харах
Олон аавын хүүхэд ирэх болтугай
Тэнэг л биш бол тэдний
Тэнгэрлэг хийморь сэргэн буцах болно

Төв аймаг, Баяндэлгэр сум
2009.05.30

Бүрэн эхээр нь...

Wednesday, June 10, 2009

ХЭРЭВ БИ ШИДТЭН БОЛ

Хэрэв би шидтэн бол
Хөлгүй, гаргүй бүхнийг бүтэн болгоно
Хөл, гараар ч зогсохгүй дутуу бүхнийг гүйцээнэ
Харах, сонсох, ярих чадваргүй хүмүүсийг мөн адил баярлуулна

Хэрэв би шидтэн бол
Үнэн гээчийг үргэлж ялж байдаг болгоно
Үүрдийн бус ч жаргалтай амьдралыг хүмүүст бэлэглэнэ
Үүнийг хийж чадвал өөрийгөө тэгээд шидгүй болгоно

Илүү юм хүсэж гай тарихын нэмэр ...

Улаанбаатар, 2009.06.10 Бүрэн эхээр нь...

Tuesday, June 9, 2009

ГУР

Хашир сайн анчид өдийд
Хамаг зэвсгээ арчин далдлаад
"Шар тос"-ыг чангартал
Шагайж буугаараа оролдохгүй биз

Амьтад үржин төллөх цагаар
Алж хядан үймүүлдэггүй
Өвөг дээдсийн уламжлал
Өдийд бага ч гэсэн үлдсэн

Гэтэл би тэссэнгүй
Гур бууддаг баатар болов
Мал таргалахаас өмнө
Мундаг шөл уудаг болов

Төллөх амьтан биш учир
Тоо толгойнд одоо нөлөөлөхгүй
Эврээр нь гурыг нь таньж буудна
Эвэргүй зүрийг нь өнгөрөөнө гээд

Явлаа, суулаа
Яахын зуургүй үргээлээ
Чимээ гарлаа
Чихээ тавиад харлаа

Соотойсон гурван зүр гараад ирлээ
Сүнхийгээд өнгөрлөө, өнгөрөөлөө
Чанх урдаас дахиад хоёр зүр
Чадлаараа харайгаад ирлээ

Баясан харж суутал
Бараг ирээд дайрах нь
Босоод бараагаа харуултал
Булт үсрээд дайжлаа

Баруун талд дахиад
Бут, бургас дуугарлаа
Гурван зүр гарлаа
Гуу дагаад хойш далд орлоо

Сүрхий чимээтэй үргээлэг дууслаа
Сууринаасаа би бослоо
Гурнууд нь хаачив гэж гайхавч
Гутарсангүй, харин баярлалаа

Нас хүрсэн зүр бүр
Найдвартай хоёр шалтгаа* тээдэг гэхээр
Нэг сууринд найман зүр өнгөрөөж
Нийлүүлбэл хорин дөрвөн амь хэлтрүүллээ

Анд дахиж явахгүй биш
Алтадсан намраар эргэж ирэхэд
Баян хангай минь улам баяжаад
Бага ч гэсэн нэг гур өгөх биз ...

Төв аймаг, Баяндэлгэр, Баруун Байдлаг, Гурвалжин
2009.05.30

*шалтгаа гэдэг нь хүн, амьтны хэвлийд буй урагийг хэлдэг
Бүрэн эхээр нь...

УЛС ТӨР

Улс төрөөр оролдохгүй бол
Улс төр чамаар оролдоно гэхэд
Итгэж өгөхгүй явлаа
Инээд алдан бардам алхаж явлаа

Улс төр биш харин
Улс төрч чамаар оролддог юм байна
Улс төрчийг дагасан увайгүй нөхөд
Урдах хоолыг чинь булаадаг юм байна

Улаанбаатар, 2009.06.10 Бүрэн эхээр нь...

ҮГС

Худлаа хэлүүлэх хэцүү ч гэлээ
Худалд хууртан хүүхдэдээ худлаа хэлэх бүр хэцүү юм байна

Шударга дүр эсгэгчийг харах зэвүүн ч
Шударга дүрд нь итгэн хүлээх бүр зэвүүн юм байна

Улаанбаатар, 2009.06.10 Бүрэн эхээр нь...

Monday, June 8, 2009

ХАНЬДАА

Нүдэнд чинь дурлаж суусан юм
Нүдэнд чинь харагдаж явмаар байна ...

Улаанбаатар,
2009.06.07 Бүрэн эхээр нь...

Monday, May 25, 2009

ЗУСЛАН

Зун цаг ирж байна
Зуслан санаанд орж байна ...

Одоо надад ямар зуслан байх вэ дээ
Олдох ч үгүй биз, газар энэ тэр нь
Дураараа буудаг зуслантай байснаа л
Дурсаж өөрийгөө баясгах юм даа

Үүр цайж, үхэр босох үед
Үглүүлсээр аав, ээжээрээ сэрээлэгдэгсэн
Босож нүүрээ угаасан болчихоод
Боорцог дэвтээнхэн цайгаа уудагсан

Хэвтэж хоносон манан
Хээв нэг өндийж байдагсан
Нар хэдий мандаж буй ч
Наана нь битүү манан

Яг хаана байгааг нь
Ялгаж харах амар биш
Манангийн чийг бүрт ойсон туяа нь
Мандсан нарны чигийг будилуулдагсан

Чөдөрлөж хоносон морьдоо авахаар
Чөрийсөн банди нар цугладагсан
Авахын тулд эхлээд олох хэрэгтэй
Алс, эсвэл ойрд хайх хэрэгтэй

Худалч хүний яриагаар бол
Хамт яваа хүн харагдахгүй мананд
Орой энд харагдсан
Ойрдоо тэнд байгаад буй гэж таамагладагсан

Хазаараа хяруунд норгохгүй гэж дээр барьсан мөртлөө
Ханзарсан, ханзраагүй гутлаа харин үл тоон алхдагсан
Зарим нь хөл нүцгэн гүйж
Зальтай, ухаантайгаа гайхуулдагсан

Таамагаар баахан алхаж байснаа
Таг чимээгүй болоод чих тавьдагсан
Хөөрөх манангийн доогуур шагайн
Хөглөж зарим нь инээд авдагсан

Хулгайд алдчихгүй гэсэндээ
Хөлд нь зүүсэн төмөр тушааны чимээ
Ширдэг мэт ургасан өвс ногоог
Шир шир хазлан тургих морьдын анир ...

Ай даа, мөн ч сайхан байдагсан даа ...

Зун цаг ирж байна
Зуслантай байсан нас минь дурсагдаж байна ...

Улаанбаатар, 2009.05.26
Бүрэн эхээр нь...

ЯЛАЛТЫН ЧИМЭЭ

Бөөн чимээ дуулдана
Бөмбөр нүдээд байна уу
Дуу дуулаад байна уу
Дуут дохио хадаад байна уу

Аан,
Ард олон цугласан байна
Ардчилсан Ерөнхийлөгчөө тойрсон байна
Ам мэдэн уухайлсан байна ...

Улаанбаатар, 2009.05.25 Бүрэн эхээр нь...

Sunday, May 24, 2009

АНТИРЕКОРД

Амьдралдаа нэг ч сонгууль өгөөгүй
Антирекорд нэмэгдсээр байна даа ...

Ерөн хоёр онд Москвад оюутан
Ерөн зургаан онд амжиж төгсөөгүй
Ерөн долоон онд гол дээр загасчин байлаа

Хоёр мянган онд Hague-д оюутан
Хоёр мянга нэг онд Түркт консул
Хоёр мянга дөрвөн онд хөдөө согтуу байлаа

Хоёр мянга таван онд Australia-д оюутан
Хоёр мянга найман онд үнэмлэхгүй салан
Харин энэ жил илүүдээд хасагдсан байлаа

Хачин идэвхгүй иргэн байна уу, би ...

Улаанбаатар, 2009.05.25
Бүрэн эхээр нь...

ИЛҮҮДСЭН ИДЭВХ

Сонгууль ч товлосноороо боллоо
Санал өгч үздэг баатар боллоо
Зориод тэнд нь очлоо доо
Зогсож дугаарлаад орлоо доо

Орлоо доо ч гэж дээ
Оруулсангүй дээ, намайг
Хорооны бүртгэл дээр бол байна
Харин сонгогчийнх дээр алга гэнэ

Хүн явж хаалгыг чинь нүдсэн
Хүнгүй байж таарсан биз
Тэгэхээр хасдаг юм
Тэнэг юм уу хаашаа юм гэж загнуулав

Улсын бүртгэлд нэр нь хаягтайгаа байвч
Урьдчилаад шалгахад нь олдоогүй гэнэ, бид
Эхнэр бид хоёр ингээд буцав
Эрх мэрхээ ч эдэлж чадсангүй

Амьдралдаа сонгууль өгч үзээгүй
Антирекорд бүр нэмэгдээд явчихлаа
Ингэж хасагдсанаа мэдсэн бол
Илүүдсэн идэвх гаргадаггүй байж дээ

Улаанбаатар, 2009.05.24
Бүрэн эхээр нь...

Monday, May 18, 2009

ИЛҮҮ ХӨДӨЛГӨӨН














Дэнгийн гэрэлд харсан чинь
Дэгжин маягийн хүүхэн байна
Дэргэд нь очоод харсан чинь
Дээрээ ч шүдгүй, доороо ч шүдгүй чавганц байна гэдэг шиг


Урд нэг бүсгүй алхана
Улаан даашинз намируулан
Тааз юугаа ганхуулаад
Так так хийн алхана

Үс гэзэг нь буржийгаад
Үнэртэй ус ханхлуулаад
Бодол санаа замхруулаад
Бүсгүй хүн ихэмсэг алхана

Урд нь ороод эргэж хармаар
Уруул хөмсөгийг нь ажмаар
Царай зүсийг нь сонирхмоор
Цагаахан сонирхол төрлөө дөө

Гүйцлээ дээ
Гүйлгээд нэг харлаа даа
Шал дэмий урд нь гарчихжээ
Шавар арслан алхаж байжээ

Зөрсөн хүмүүс нь
Зөнгөөрөө эргэж харахгүй байсан
Ийм л учиртай байж
Илүү хөдлөлгүй ард нь л явдаг байж ...

Улаанбаатар, 2009.05.19
Бүрэн эхээр нь...

НУЛИМС

Нулимс чи
Нуугдаж нуугдаж гарч ирэв үү
Сэтгэл зүрхийг тандаж байгаад
Сэмхэн гараад ирэв үү, чи

Яасан байна, би
Ярвайгаад гутарсан байна уу
Ярзайгаад инээсэн байна уу
Яагаад чи гараад ирэв

Баярлахаар л гараад ирдэг
Бухимдахаар л гараад ирдэг
Хамтдаа цэнгэх гээ юу
Хань болж халамжлах гээ юу, чи

Эр хүн уйлдаггүй гэдэг юм
Эм болгож ичээх гээ юу, чи
Алаг нүд бүрэлзүүлээд
Арчуулж шараа болгох гээ юу, чи ...

За, за, тоглосон юм
Завтай бол гараад ир ээ, хөө
Дотрыг минь салхилуулж
Доголон ч хамаагүй гараад ир

Ээжийнхээ хайрыг санасан
Энхрий үрсээ харан баяссан
Элэг зүрхтэй төрсөн
Эр хүн ч бас уйлах эрхтэй

Нулимстай байна гэдэг
Нинжин сэтгэлтэйн илрэл
Хайр, баяр, гунигийг
Хамтдаа туулж байя, нулимс аа ...

Улаанбаатар, 2009.05.19
Бүрэн эхээр нь...

БИ БОЛ ...

Миний том охин Ч.Эгшиглэн надаас "миний тухай шүлэг бичиж өг" гэхээр нь бичсэн шүлэг.

БИ БОЛ

Тоонот ахуйн эзэн
Торгууд омогийн үргэлжлэл

Айлын ууган охин
Алтай нутгийн ач, бас зээ

Хөгжим дууны эгшиг
Хөх толботой хүмүүн

Амьдралын нэгэн хэлхээ
Аав, ээжийн хайртай эрдэнэ

Улаанбаатар, 2009.01.05
Бүрэн эхээр нь...

ХАРИЙН БЭР

http://www.mglclub.com/forum8/1527236
http://www.mglclub.com/?document_srl=690664&mid=forum7&sort_index=readed_count&order_type=desc
http://www.unuudur.mn/niigem/2287-gadniihantai-gerlegsediin-95-huviig-emegteichuud-ezlej-baina.pdf
http://www.orloo.info/readfull/life/4584-corecontentnewsactionviewviewviewid43483-
http://www.cekc.mn/family/22558

Энэ мэт мэдээллийг уншин суухад шоолмоор ч юм шиг, шүүмжилмээр ч юм шиг, өрөвдмөөр ч юм шиг, өмөөрмөөр ч юм шиг болох юм.


ХАРИЙН БЭР

Харьд бэрээр одсон бүсгүй
Халх нутгаа санан дуулж байна гэнэ
Суугаа орноосоо уйдаагүй ч
Сайхан эх орноо мартаагүй гэнэ

Мөнх хөх тэнгэрийн доорх
Монгол хэмээх ахуйгаа
Дөрвөн улирал ээлжлэх
Дэлхийн энэхэн хавтгайгаа

Санаж байна
Санаа алдан дурсаж байна
Дурсахдаа дуулж байна
Дуулахдаа уйлж байна гэнэ

Идэх, өмсөх элбэг дэлбэг ч
Ижий нь үгүйлэгдээд
Алт, зүүлт гар хөлд орооцолдовч
Аав нь бодогдоод байна гэнэ ...

Бага насны дурсамж
Баяр, хүсэл, мөрөөдөл
Арван жилийн сургууль
Анхны хайр, үнсэлт

Бүтээгүй дурлал
Бүсгүйн тавилан
Хүсээгүй согтолт
Хүний жаргал

Алдаагүй алдаа
Алдсан оноо
Эргэж ирэхгүй нас
Эргэх хүний хорвоо

Сайхан амьдрах хүсэл
Согтож уулзах эрс
Зугтаж холдмоор нийгэм
Зөв замын эрэл

Гоо үзэсгэлэн
Гадаад хар хүн
Олзолсон шөнө
Олзлогдсон ирээдүй ...

Энэ бүхнээ
Эргэн дурсаж байна гэнэ
Энгэр норгон уйлавч
Эрдээ үзүүлэхгүй байна гэнэ

Хацар гоо явахад
Хатан болгоод авах
Хасар мэт эр хүн
Халх Монголд таараагүй

Санаа нийлэх нэгэн байвч
Сарын цалин нь бага
Хамтарч зүтгээд ч
Хармаа өрөөнд эргэлдэнэ

Улс төр байвч
Урсгал хөгжил үгүй
Баялаг эрдэс байвч
Баячуудад хүрээд дуусна

Сургууль ном байвч
Сурах бололцоо үгүй
Аав, ээжийг холгох хэцүү
Алд биеэ үнэлэх бүр хэцүү

Биеийн амрыг биш
Бодлын амрыг хайж
Хүний зоргоор мөртөө
Хүслийн дуудлагаар

Харьд бэр буусан
Хань минь монгол биш
Хүсэл минь өөр болсон
Хүүхэд минь хөх толбогүй

Сүүдэр ший шиг амьдрал
Сүндэрлэсэн сайхан барилгууд
МакДоналдс, метро, машин зам
Монголд байхгүй тансаглал

Яах гээд байгаа нь мэдэгдэхгүй
Ямар ч байсан мөнгөтэй хадмууд
Харамладаг, харддаг, хандардаг
Хань болсон харь залуу ...

Дутах юмгүй мэт
Диваажин энэ байна
Мөрөөдөл минь энэ харин
Мөн гэж үү ... биш

Ар гэртээ илүүчлэн явуулах хэдэн ногоон
Арван жилийн мөрөөдөл минь биш
Харь хүнийг жаргаан явах энэ тавилан
Хайр дурлалын биелэл минь бас биш

Дабл шүүгартай цай, кофе нь
Давстай, сүүтэй дугуй булант минь биш
Тэсти мэсти бииф мииф нь
Талын монголын тарган мах минь биш

Идэж буй бургер, сэндвич нь
Илүү дутуугүй талх, масло минь биш
Ууж буй ус, ундаа нь
Урсгал голын рашаан минь биш

Оройд зугаалах парк, цэцэрлэг нь
Онгон зэлүүд ой мод минь биш
Торонд хийсэн ганган тоть нь
Тоостой ч сэргэлэн болжмор минь биш

Бүрэн дүүрэн мэт энэ амьдрал
Бүлээн дулаан уур амьсгал биш
Намайг өнөөдөр эзэмдэх энэ залуу
Насны эцэст цай хуваах өвгөн минь биш ...

Эргээд ингээд бодохоор
Эл амьдрал минь хуурамч аж
Үзсэн зовлонгийн жаргал байвч
Үзээгүй жаргалын зовлон байна

Цагаан зээр, бүсгүй хоёр нутаггүй гэдэг ч
Цагаан зээр Монголдоо л байна
Хөх толбогүй ч монгол эхтэй үрээ тэврээд
Хоосон ч гэлээ эх нутгаа тэмцэе

Аав, ээж, ах дүү минь уучил
Анхны хайр, араас минь явсан эр хүн бүхэн уучил
Түүх, баатарлаг өвөг дээдэс минь уучил
Төөрч явсан бүсгүй намайгаа хүлээн аваач ...

Улаанбаатар, 2009.05.19

Бүрэн эхээр нь...

Sunday, May 17, 2009

ХҮСЭЛ

Гар утас юугаа нам унтраагаад
Гараад энэ хотоос явах юмсан
Шатахуун юугаа дүүргэж аваад
Шарвууланхан хааз нэмэхсэн

Нармайгаа дүүртэл амьсгалаад
Нялх ногооны үнэрт согтохсон
Голын урсгал ширтээд
Ганц биеэр бодолд автан зогсохсон

Уул хадаар хэсэн тэнэж
Ургамал модыг бишрэхсэн
Тунгалаг горхиноос цангаа тайлан
Тухлаад тэндээ хэсэг зүйрмэглэхсэн ...

Улаанбаатар, 2009.05.18 Бүрэн эхээр нь...