Wednesday, April 29, 2009

БОРОО

Борооны дусал намайг онож "унав"
Бодолд орсон намайг цочтол "мөргөв"
Сая сая хүнээс намайг олон "угаав"
Санамсаргүй "үйлдэл" болсон байх аа, тээ ...

Улааханбаатар, Утааханбаатар, 2009.04.30 Бүрэн эхээр нь...

АСГАРАНХАН ОРООРОЙ

...
Бороо бороо асгаранхан ороорой
Бодол санааг уяраанхан асгаранхан ороорой ...

2009 оны хаврын анхны бороо орж байна, гадаа ...

Улаанбаатар, 2009.04.30 Бүрэн эхээр нь...

БОДОЛ

Онох, онохгүй нь хамаагүй
Олон буудах нь сайхан байдаг юм
Алах, алахгүй нь хамаагүй
Агаар нь хаашаа ч зугтаадаггүй юм, мэд үү, хэхэ,

Улаанбаатар, өөр хаана байх вэ, одоо, 2009.04.30 Бүрэн эхээр нь...

БАЯРЛАЛООО


Ондог ондоггүй ч
Анд дуртай
“Мэргэн” бууч

Авгайдаа хайртай ч
Хүүхэнд дуртай
“Босдог” хуй

Хортойг мэдсэн ч
Сархадад дуртай
“Далай” жүнз

Өдрийн тэмдэглэл нь хүртэл “Бурнак” нэртэй
Үгсийн сан нь дундардаггүй “Бурнак”
Амьгүйг амилуулах чадалтай “Иесүс Христ”

Онгод орсон эсэхийг мэдэхгүй
Ингээд л гурван бадаг биччихлээ
Сонирхогч төдийхнийг
Хатуу шүүх хэрэггүй шүү.


Б.Х.
2009 оны 4 дүгээр сар 29
Бүрэн эхээр нь...

ҮХЭХ ДӨХЛӨӨ

Зүв зүгээр
Зүлгэн дээр гэрээ бариад
Зөрөөд өнгөрөх хэнийг ч тоохгүй
Зөнгөөрөө амьдрахсан гэдэг бил үү

Худлаа юм байна, наадах чинь
Хуруугаа гозойлгоод такси барьж
Таван зуун метр явах гээд
Таван зуун төгрөг атгуулаад хөдлөж амжаагүй байхад

Зүүн талаас тас
Зүрх, тархитайгаа пад
Үхэх дөхлөө, бараг
Үүрүүлж, тэврүүлээд машинаас буулаа ...

Улаанбаатар, 2009.04.30 Бүрэн эхээр нь...

ЯАДГИЙН

Гэгээн өглөөөөөөөөөө,
Гэгэээээээээээээээээээээээн өглөөөөөөөөөөөөөөөөөөөөөөөөөөөөөөөөөөөөөөөөөө, Бүрэн эхээр нь...

ЭР ХҮНИЙ НҮД

Анкарад суугаа ЭСЯ-нд ажиллаж байхдаа нөхөрлөж байсан Дашзэвэгийн Мөнхтөр хэмээх өвөрмөц бөгөөд намайг шүлэглэн ярихад багагүй нөлөө үзүүлсэн хүнтэй саяхан таарав. Урд нь Хэд хэдэн шүлэгийн түүвэр бичсэн хүн. Саяхан "Хамаг залуу нас" нэртэй бас нэгэн түүврээ хэвлүүлснээ надад бэлэглэсэн юм. Тэгсэн чинь тэр дотор, 51-52 дугаар хуудсанд нь надад зориулсан шүлэг явж байх юм. Өөрийнх нь зөвшөөрлийг авч блог-доо тавьлаа.



Б.ЧУЛУУНХҮҮ–д

Дов сондуул, ан гөрөө
Олзонд унадаг
Эр хүний нүд

Дэнд орж амилах
Эрвээхэй мэт
Дэндүү салхитай
Эр хүний нүд

Энэ нүд
Худал хэлж чаддаггүй
Худлаа хэлдэг

Энэ нүд
Томоождоггүй
Томоотой явдаг

Толинд тусах
Лааны гэрэл шиг
Энгэрт унах
Эр хүний нүд ээ

Энэ нүд
Сайхан хүүхнийг уужгүй харж
Дурантай буу шиг онилж явдаг
Сайн морийг уналгүй таниж
Хазаар гүйлгэн исгэрч явдаг
Эр хүний нүд

Энэ нүд
Шүүрс алдам бүсгүйн
Сүүдэрт цохиулах төдий
Шүдэнзний хуурай зомгол шиг
Сүрхийн асдаг

Галын хөх дөл мэт
Ганцхан хормын олзонд
Өөрийгөө
Үрэх дуртай
Үхэх дуртай
Дундаршгүй хүслэнт
Эр хүний нүд

Энэ нүд
Цэнгэл зоогийн газруудад
Дарсны охинд халж явдаг ч
Цэргийн зутруу нуувчинд
Дарийн утаанд хорсож явдаг
Эр хүний нүд ээ

ЭПИЛОГ

“Хүүе цаадахаа харав уу найз минь
Хүүхэн хүний шилбэнд
Тогосын өд шиг хоёр нүд
Тогтсон байх чинь
Томоотой царайлаад
Дүрлийж явах чинь...”

Магтаж дуусаагүй байтал
Манийгаа баллаж орхив
Энэ нүд...

Хүүхэн хонгор зөрөхүй
Хүзүү заамаар нь нил
Эргэж харахын төдий
Ар нуруу дүүрэн

Эр хүний нүд
Энэ нүд !

10.09.2002
25.10.2002 Анкара
Бүрэн эхээр нь...

ХАРИУ ШҮЛЭГ

Хэхэ, өглөөхөн яамныхаа залууст зориулаад шүлэг бичээд тавьчихсан чинь нөгөөдүүл чинь нийлж аваад надад 4 бадаг юм зохиосон байна. Нөхөрсөг шогт би дуртай. Заавал үнэнийг биш давсалж бичих нь чухал байдаг. Энэ шүлэг ч таалагдчихлаа. Блог-доо тавина аа, хөө.

Азийн газарт данстай ч
Ан хийдэг ажилтай
Яамны залуу зохиолч л гэнэ
Ялимгүй давсалдаг гэмтэй гэнэ

Шоглоом хийх дуртай гэнэ
Шоглуулсан хүн олон гэнэ
Ширээн дээр бөмбөг хөөдөг
Шилээ зүүгээд хүүхэн хөөдөг

Дөрвөн нүдтэй дорнын банхар
Дөрвөн мөрттэй яамны садар
Сонгдо эмнэлэгийн оргодол
Эхогийн эмчийн хоригдол гэнэ

Имжийн арьсан малгайгаар
Имиж бүрдүүлсэн нь сүртэй
Жаахан балгах дуртай гэнэ
Жаахан хүүхэд шиг ааштай гэнэ

Д.Бямбадорж ба түүний нөхөд
Улаанбаатар, 2009.04.29

Бүрэн эхээр нь...

НАДАД ИРҮҮЛСЭН ЗАХИДАЛ

Энэ блог-доо зөвхөн өөрийнхөө бичсэн шүлгүүдийг биш, надад зориулж бусдын бичсэн шүлэг, захидлыг оруулж байя гэж бодлоо.


Сайн байна уу, Чуука.
Сайхан хаваржиж байна уу?

Сураг дуулснаас биш очиж үзээгүй холын хол алсад
Сурахаар одсон эрхэм дүү эх орондоо буцаж ирээд
Сууриа олж бууриа засах гэж 2 сар тарчилсан ч
Сурсан ном, эрдэм чадлаараа арга байхгүй аархан байж
Соёмбон ганжирт номин ордны нэгэн өрөөнд тухлаад
Содон сонин ихтэй цаасан шувуу надад илгээсэнд
Өвгөн буурал ах нь жаахан хүүхэд шиг баярлаж
Өдий хүртэл марталгүй дурсаж яваад чинь талархаж
Өчүүхэн биеийн зүтгэлийг өргөж явсан хамт олноо
Өнөө эргэж дурсаад шүүрс алдан бичиж сууна.
Харийн энэ газар хавар болох нь зун шиг юм.
Хавсрага салхи, шороон шуургагүй нь сайхан юм.
Хов хутгаж, хошного ухагчдаас холхон шиг
Хоног төөрүүлж, хувиа борлуулахад зүгээр л юм.
Гэвч би шуугиж шаагисан сайхан залуус та нарыгаа
Гэгээн дурсгал, хөнгөн гунигтай улирч одсон он цагаа
Гэр хотлоороо бужигнаж явсан элэг бүтэн хамт олноо
Гэнэ гэнэхэн гэнддэг ч зовхи нь өөдөө эрхэм дүүгээ
Ав гөрөө хийхээр зэвсэг агсаж явсан мөчүүдээ
Ангийн хишиг хүртээд ам тосдож явсан өдрүүдээ
Бугын дуу хадсан хөглөгөр ногоон хангайг
Буун дуу тасхийсэн ар шугуйн хормойг
Боохойн зүрхийг чичрүүлсэн Налайхын бор бандийг
Боодогны тосонд бялуурсан амны хишигтэй эрчүүдийг
Эргэн дурсах бүрийд та нар минь нүдэнд харагдаж
Эх орондоо л бид жаргалтай хэмээн өөрийн эрхгүй мэлмэрдэг.
Өдийд манай Монголд энх улирал ханхалж
Өсч төлжихийн билэгдэл цэнхэр яргуй анхалж
Өлөн зөлмөн ардын маань зоо нуруу тэнийж
Өөдрөг явахын заяаг бурхан тэнгэртээ даатгаж
Өөр зуураа найртай амар тайван байхсан гэж
Өглөө үдэшгүй залбиран дээжээ өргөж байгаа биз ээ.
Хаврын салхитай хамт заримынх нь "синдром" хөдлөж
Халуун зуураа хэмхэлдэх үгийн балиус хурцлан
Сульдаж доройтсон засаг руугаа суун тустал нь давшилж
Сувьдаг хомхой заримыг нь нойргүй хонотол шүүмжилж
Сум, аймаг, нийслэлгүй улс төрөөр шуурч
Суулт, жагсаал, цуглаанаар "онгодоо" тахиж байгаа биз ээ.
Хол газар явахад энэ бүхнийг мэдрэхгүй ч
Хор найруулдаг дээдэс, хөлөө жийлцдэг сайдууд,
Хошгируулах мэргэжилтэй улс төрчид, хойноос нь шуурдаг залуус,
Хоёр хуваагдан талцаж биесээ чичилсэн олон түмэн...
Иймэрхүү нэгэн дүр зургийг өдөр хоногийн сэлгээнд
Интернетийн хуудаснаас олж хараад харамсах юм.
Заримдаа бүр хэн нэгнийг газарт ортол нь муулж
Зах дээр суудаг авгай нар шиг интернэтээр хэрэлдэж
Хүний санаанд оромгүй муу үгээр тургилж
Хүүхдийн дэргэд хэлэмгүй хараал зүхэл урсгаж
Уур бухимдлаа тайлдаг ч юм уу, элдвийн юм эрээчиж
Ухаан санаанд багтамгүй "факт баримт" дурдаж
Улаан цайм гүжрээр ч гэмгүй хүнийг лантуудаж
Учрыг нь оломгүй "бохироор" хүний тархи угаах юм.
Харин тэр дунд Бурнак нэртэй нэгэн хүн
Хатуу зөөлөн үгээр бадаг мөр холбож
Болохгүй бүтэхгүйг үйлдсэн төрийн түшмэлүүдийг ичиглэн
Борог энгийн үгээр хорстол ташуурдсаныг ч үзэв, би.
Уншаад байвал таньж мэддэг хүний үг шиг
Ухаарч бодвол хуучны мэргэдийн ёгтлол шиг
Сайтар ажвал айхтар сэхээтний эрэгцүүлэл шиг
Сануулж хэлсэн нь үнэнд ойрхон шүүмжлэл шиг
Авьяас билэгтэй бичиг эрдмийн хүний үзэгнээс
Аргагүй л гарсан мөрүүд байх шиг, чинийх биш биз ?
За тэр ч яахав, би ямар шүүгч биш
Зам мөрөөр нь хайдаг "До яамны" шиншээч биш
Элдвийн хүний үгээр тархиа залдаг мунхаг нь биш
Эрхбиш үнэнийг ойлгох өөрийн толгойтой төрсөн хүн.
Үнэн мөнийг бичсэн бол талархах л хэрэг
Үйлийн үргүй гүжирдсэн бол эгдүүцэх л хэрэг
Үгийн сумаар зэвсэглэсэн ухаантан, мунхаг хоёрын
Үнэн төрхийг ялгахаас цааш алмайрч гайхаад ч яахав...
За хөөрхий, нэг мэдсэн ам халаад хадуурчихаж.
Завхуул яриа хөврүүлж хэрэгтэй хэрэггүйг эрээччихэж.
Захидлын чинь хариуг төсгөж уучлал өршөөл хүсье.
Зав цагийг чинь барсандаа гэмшиж суугаагаа өчье.

Л.У. 2007.03.15
Бүрэн эхээр нь...

НАДАД ИРҮҮЛСЭН МЭНДЧИЛГЭЭ


Б.ЧУЛУУНХҮҮД

Сүлдэнд мөнхөрч дуунд алдаршсан
Сүүл дэлээр нь есөн тугаа хийморьлосон
Сүргийн манлай, хүлгийн сор
Сүрлэг хүрэн азаргаа эмээллэж
Саадаг нумаа агсаж
Шадар нөхдөө дагуулан
Бага нуурыг чиглэж
Баруун Байдлагийг арлаж
Малын дайсан чонотой
Мангиагийн тооцоог хийхээр
Үүр шөнийг тоохгүй
Үдшийн бүрийд ч ажрахгүй
Хөвч хангайг самнаж
Хөх чоныг авлахаар
Ав хоморгод мордон
Ангийн хийморио сэргээсэн
Эрхэм дүүгийн хөрөг дүрийг
Электрон шуудангаар хүлээн аваад
Уулзсан мэт хөхин баярлаж
Удвал ах чинь талархан мэндчилэв.
Ирж байгаа ондоо
Их олзтой байгаарай.
Ав хоморгын хишгээсээ
Ахдаа хүртээж яваарай.


Хурдан буу чинь мэргэн байг.
Хурц мэлмий чинь цэцэн байг.
Унасан хүлэг чинь цуцашгүй байг.
Ухаан бодол чинь цэлмэг байг.
Тэрлэх шүлэг чинь яруухан байг.
Тэнгэрлэг заяа чинь өөдрөг байг.
Санасан үйлс чинь бүтэмжтэй байг.
Санаа сэтгэл чинь уужим байг.
Хийморь лүндаа чинь дээшээ байг.
Хийж бүтээсэн чинь арвин байг.
Ажил үйлс чинь бүтэмжтэй байг.
Амьдрал ахуй чинь хангалуун байг гэж
Ахын сургаал, сэтгэлийн ерөөлийг
Алсын Болгараас дэвшүүлэн ёслов.

Л.У.
2009 оны нэгдүгээр сарын 2-ны өдрийн тахиа цаг.
Бүрэн эхээр нь...

Tuesday, April 28, 2009

АНХ АРХИ НЭРСЭН ХҮНИЙГ ...


Аяа,
Анх архи нэрсэн хүнд гомдол мэдүүлмээр байна
Авдар хайрцагнаас нь босгон суулгаж байгаад
Архинаас нь балгаж халаад агсан тавьмаар байна

Хөөе, хөгшөөн, хийх юмаа мөн олжээ, чи
Хөрст энэ орчлонд уух шингэн дутсан мэт
Яаж яваад ийм юм сэдэн хүртээгээд
Ямар гээчийн үйл лай үлдээн одов оо

Амсаж үзээгүй яваа нэгэнд гай болохгүй
Архи уусан хүн л түүнийг зовоохгүй бол шүү дээ
Амсаад уугаад үзсэн нэгэнд баяр, гуниг хослоод ирнэ
Архиа хэтрүүлж, олон өдөр даврахгүй бол шүү дээ

Гэхдээ чиний тэр шингэн дуугүй царайлчихаад осолтой
Гэнэтхэн биш, аажим аажмаар өөртөө татан дурлуулаад
Нэг л мэдэхэд гуниг нь баярыг хөөж, харамслыг дагуулна
Нэрээ мартаагүй ч амьдралаа мартсан гөлөн болгоно ...

Аяа,
Анх архи нэрсэн хүнд гомдол мэдүүлмээр байна
Авдар хайрцагнаас нь босгон суулгаж байгаад
Архинаас нь балгаж байгаад агсан тавьмаар байна

Улаанбаатар, 2009.04.29
Бүрэн эхээр нь...

НӨХӨРСӨГ ШОГ 3

ГА ЯАМНЫ ЗАЛУУСТАА


"Сайн байна уу, ГХЯ" шүлэгт багтаагүй
Сайхан залуустай танилцаж амжив
Ээлжлээд ийш тийшээ явчих учир
Энд нэг шүлэгэнд тэднийг багтааж үлдээе:

Олон гага-тай Бямбадорж
Олон үггүй Гочоодорж
Пээдгэр маягийн Батзориг
Пионер төрхтэй Бямбасүрэн

Ширээний өргөн С.Энхбат
Ширээний урт Батбилэг
Томоо зохихгүй Болор-Эрдэнэ
Тоглоом даадаг Д.Уянга

Хүүхэд шиг инээмсэглэлтэй Мөнхтүшиг
Хүүхэд шиг царайтай Ангар
Ганган хувцасладаг Баттунгалаг
Ганжаргалыг дагадаг Эрдэмбилэг

Хээ хуагүй Ариун
Хэнзхэн туслах яг Наран
Шилдэг тоглогч Баяр
Ширүүхэн PC, бас DJ Бишрэлт

Араамдуулсан Ананд
Амжиж эргээгүй Асралт
Тамхиар дайлдаг Баярхүү
Торгууд удамтай Чинзориг

Үсээ "буруу засуулсан" Болд
Үг, бас бөмбөг унагахгүй М.Батсайхан
"Азын" газрын мисс Хулан
Айлаас ирсэн wow Алтаншагай

Хуулиа барьдаг Б.Булган
Хурдаа барьдаг Тайван
Сэргэлэн байрын Г.Уянга
Сэргэлэн биш байрын Цэнгэг

Өнөөдөртөө ингээд тогтоё доо
Өмнөх ажлаа бодъё доо
Буруу ярьж хүн гомдоочих вий
Бултаж, бас тандаж баахан гүйе дээ

Тавь татчихсан бол
Тааваараа цааш нь бичихээр байна
Хүсэл байвч онгод ороогүй байхад
Хүчиндэж худлаа бичээд яах вэ

Улаанбаатар, 2009.04.29
Бүрэн эхээр нь...

АНГИЙН ПАЯН

Надад Үнсээ Ганбаа, Унтаа Ганбаа гэж хоёр найз байх. Ан гөрөөнд байнга шахуу хамт явна. Анд мордсон улс бөөн паянтай ирдэг хойно бид ч бас нэг удаа хөгжилтэй л яваад ирж байсан юм. Одоо эргээд уншихад нүдэнд харагдаад сайхан байна аа.


Буурал аавын өргөсөн чулуутай
Баяндавааныхаа овоонд саатан
Эдээний дээжээ өргөн цацлаад
Эрийн хийморио сэргээн баясав ...

Дэлдэн туулай таарав
Дэрсэн дундаа бултаастай
Ангийн дээж гэдэг учир
“Амьд” зүрхийг нь залгив

Бөөвийсөн үнэг таарав
Бөөстэй түүгээр яахав гэвч
Ангийн үүд хаадаг гэх учир
Айлгаж буу тавин домнов

Хаанаас гараад ирэв гэмээр
Халтар мануул гүйж явна
Нүдээ аниад “нуугдаад” байх юм
Нүдээ аниагүй бид харин хараад өнгөрөв

Буудах нь буудсан юм
Буруу харсан байж Унтаа нөхөр
Арван алдын цаадах чулууг
Алдалгүй писхийлгэсэн юм

Биднээс залхсан бололтой
Биндэг биндэг гүйгээд
Тарвага гуайнд зочилчихлоо
Таарсан анчин бид цааш хөдлөв

Гэрлийн үзүүрт нүд
“Гэтээд” очтол хос гур
Яргуйндаа согтоод нам
Яахаа мэдэхгүй зогсох аж

Шагайж шагайж буудах аж
Шал хөндлөн тусах юм
Буун дуунаас үргээд
Буцаж нэг, нааш нэг үсчинэ

Дахиад л буун дуу
Давхиа гөрөөсний хөл доор шороо
Араас нь нэг сум явууллаа
Арилаад өглөө тэр амьтад

Бутны захад дөхөхөд
Баахан ятуу гүйлдэнэ
Үнсээ нөхөр сум тооллоо
Үргэтэл нь буудаад нэг ч байхгүй

Өгсөөд явж байхад гөрөөс таарав
Өрсөж буудах гээд булаацалдав
Унтаа, Үнсээ нөхөд
Урд нь яваа туулайг галлаад унав

Гөрөөсөө харалгүй
Гөрөөлж байгаа нь тэр
Туулай яах вэ дээ
Тэгсгээд гөрөөсөө “дагуулаад” мод руу марш

Таг дээр гараад иртэл
Тарвага шиг амьтан гүйж явна
Шөнө юун тарвага билээ гэтэл
Шөл тос сайтай дорго аж

Туршлагатай л анчид баймаарсан
Тулаад ирэхээр ноль амьтад аж бид
Унтаа-д сумгүй дробинк баригдаж
Надад буугүй калибрийн сум л олдсон

Шархдуулж лав болохгүй гэх Мангиа
Шап шап гээд Лүгэрээрээ шүрших Үнсээ
Байдаггүй ээ, нөгөөх чинь
Бандаганаад мод руу жилийлээ

Дальтын эхээд гарлаа
Дахиад хоёр гөрөөс
Янзтай дошгин байна
Язганаад алга болов

Унтаа хүүхэд унтаад л
Урагшгүй хурхираад л явна
Өгсөөд байлаа, цаашаа
Өвсөн дотор хоёр гөрөөс хэвтэнэ

Буугаад бууд гэхээр нь буулаа
Босоод цааш зугтлаа
Даваагаа давтал дагалаа
Даан ч нэг буудуулахгүй гэнэ

Баруун энгэрээ бариад буцлаа
Буттай газраас нүд өгөх аж
Үнсээ нэг шагайснаа
Үүрэгдэж намайг бууд гэнэ

Байж бай, наашлаад байна
Баараггүй нам буудна шүү гэнэ, Мангиа
Шагайлаа, сайхан нүд ирж явна
Шууд дарах гэснээ түр харлаа

Хүн байна, боль гэнэ
Хүн энд юу хийж явдаг билээ
Оргодол босуул байх
Ойртолгүй холуур яв гэв

Чиглээд ирсэн хүнээс дайжив
Чихэнд танил дуу гарав
Хүлээгээд зогслоо, нүдэндээ итгэсэнгүй
Хурхираад унтаж байсан нөхөр тэнд байна

Хамт яваа хүнээ хаядаг
Хаяснаа мэддэггүй анчин гэж юу байдаг юм
Өөдгүй хулгайч нар
Өөдөөс буу шагайсан юм уу гээд бөөн уур

Чамайг ер нь хэн хэзээ буу гэсэн юм
Чамтай биш гөрөөстэй хөөцөлдөөд харсангүй
Яг буудуулж үхэх гэж байна
Ялд биднийг унагах гэж байна гээд хэрэлдэв

Унтаж байсан нөхөр
Ухасгээд буусныг бид анзаараагүй аж
Унтдаг хүн ажлаа хийж байгаа биз гээд
Урдах гөрөөсөө хараад нилээн явжээ

Найзыгаа намначихаагүйдээ баярлав
Нар ч гарах дөхөөд тэнгэрийн хаяа цайрав
Найдвар тээсэн нэг л ар үлдэв
Намбатайхан буугаад очив

Дөрвөн нүд гэрэлтэнэ
Дөхөөд очсон ч явсангүй
Хэвтрээсээ ч босох янзгүй
Хээвнэг харцгаах аж

Би буудна, би буудна гэнэ
Бүгд буугаа гаргав
Дурандаа харж амжтал
Дүлийртэл хажууд буудлаа

Нэг биш дөрөв буудлаа
Нөгөө хэд чинь нааш цааш гүйлдэнэ
Унтаа нөхрийн буу худлаа аж
Үнсээ харин калибриар нэгийг нь тогтоов

Мань гүйгээд очлоо
Мундаг сайхан эвэртэй гур зогсоно
Баруун урд хөлийг нь оночихжээ
Баашлаад тэр зугтаагүй аж

Хөөж бариад эвэрдээд авлаа
Хөтлөөд аваад ирлээ
Хонь шиг өрлөөд
Хойтохыг нь уншив

Аяга аягаар цус гарах аж
Архитай холиод нөхөд нааж байна
Ийм л маягтай анд явав
Илүү дутууг нь хасахад л ийм байна

Нисдэгээс онгоц буудсангүй
Нийлээд дөрвөн янзын шувуу агнав
Гүйдэгээс чоно харсангүй
Гүвээ давуулаад үнэг ч хөөж давхив

Төв аймаг, Баяндэлгэр, Баруун Байдлаг, 2007.05.01
Бүрэн эхээр нь...