Friday, June 12, 2009

ШҮҮРҮҮЛСЭН ХУРГАНЫ БОДОЛ

Хөөе, хөөе, цаана чинь
Хөх нохой явж байна
Тэр, тэр, харав уу
Тээр мод руу орлоо ...

Нээрээ нэг чоно
Нэвсийчихсэн давхиж явна
Дурандлаа, оллоо
Дун цагаан хурга үүрчихсэн явна

Эрт гарсан бололтой юм
Эмээл шиг том харагдаж байна
Арвалзаад хөдлөөд явна
Амиа бүрэн тавиагүй бололтой

Бэлтрэг гаргасан гичий чоно
Бултан нуугдаж ирээд
Бэлчээрээс хурга шүүрэн
Буруу хараад гялалзаж байгаа нь тэр аж

Амийг нь таслалгүй авч очоод
Амьдаар нь бэлтгэлийн мешок болгон
Хэдэн гөлгөөрөө ноолуулан
Хичээл заах гэж байгаа биз ...

Энэ чоно ч яахав
Эхийнхээ дэргэдээс шүүрүүлэн
Майлах дуу нь ч гарахгүй яваа
Магнай халзан хурга юу бодож яваа бол:

Ээж минь, эх минь
Энэ одоо юу вэ
Эвгүй үнэртэй энэ саарал чинь
Эзний минь нохой биш юм уу

Сэжиг авах нь ч авсан юм
Сэмхэн гэтээд дэндүү ойртчихож
Босоод зугтаж амжсангүй ээ
Багалзуураас зуурчихлаа

Аварч чадахгүй юм уу, ээж ээ
Аймаар өвдөөд байна шүү дээ
Адилхан дөрвөн хөлтэй амьтад байж
Араа шүдгүй юм уу, бид

Яах уу, ээж ээ
Ядаж аав минь хаана байдаг юм
Тэр хуц бас дийлэхгүй юу
Тэнхээ нь энэнийхээс бага юм уу

Эзэн минь хараагүй юм байх даа
Эргээд би зөндөө майлсан шүү дээ
Одоо юун майлах манатай
Орон гаран ухаан балартаж явна

Явна ч гэж дээ, ээж минь
Яах аргагүй үүрүүлээд
Хайрт эх танаасаа улам холдон
Хамар даваад алсалж байх шиг байна

Нүд нээхэд л аманд орсон сүү тань
Нялх мөртлөө шимтэй цэцэг, ногоо
Дахиж надад олдохгүй дээ, тээ
Дөрвөн хөл дээрээ ч зогсохгүй дээ, тээ

Хөлд орон таныгаа нэг баярлуулсансан
Хаврыг даван эзнээ нэг баярлуулсансан
Сүүл ороод сүргээ нэг баярлуулсансан
Сүрхий мөргөлдөөд өөрийгөө нэг баярлуулсансан

Хамт өвөлжиж танд дулаанаа өгөх гэсэн юм
Хонь болж эзнээ баярлуулах гэсэн юм
Хуц болж сүргээ баярлуулах гэсэн юм
Хүсэл минь ингээд худлаа болсон уу, ээж ээ

Тэнгэр ийм сайхан хөх бил үү
Тэнэг би урд нь анзаараагүй байж
Амьсгал боогдоод байна
Аймаар байна аа, ээж ээ, ингээд бүхнээсээ салах ...

Улаанбаатар, 2009.06.12
Бүрэн эхээр нь...

ОЛОНТОЙГОО ЯВАХАА ГЭЖ

Орчлонгийн энэ амьдралд
Олонтойгоо л яваарай гэсэн
Буурал ээжийн минь захиас
Бодлоос ердөө гардаггүй юм

Олонтойгоо явах
Олны дунд явахаас ялгаатайг
Хүүхэд байхдаа анзаарсан биш
Хожмоо л ухаарч явна даа

Ухаарч байгаа нь энэ гээд
Ул долоочих гэж явсангүй
Үгэнд нь орж байна гээд
Үнсэж тэвэрч нялуурсангүй

Эрх мэдэлтнийг дагалдан
Эрх чөлөөгөө худалдан далбаасангүй
Бийлэгжүү нэгнийг даган
Бэрдийн зан гаргасангүй

Өөгүй сайн хүн байна гээд
Өөрөөсөө урван будилсангүй
Сайхан хүн хараад
Сэтгэл зүрхнээсээ урвасангүй

Хуучны танил гээд
Хулгасангүй, сэтгэлээ хөдөлгөсөнгүй
Шинэ танил гээд
Шүлс гоожуулсангүй, дайжсангүй ...

Олонтойгоо явна гэдгийг
Олон аашийг мэдрэх, хүндлэх
Таарсангүй, тохирсонгүй гээд
Тээршаахгүй, уйдахгүй байж

Хүн бүрийн дотоод ертөнцийг танин
Хүн бүрт өөрийгөө нуулгүй дэлгэн
Саараас нь илүү сайхан талыг нь олж
Саараа нууж, сайхнаараа харьцаж

Өөрийнхөөрөө байхад нь
Өөртөө хэрэгтэйг нь өмчилж
Өөрөө ч гэсэн бусдад уншигдахын тулд
Өөрийнхөөрөө байсны эцэст

Надад тоогдсон, хайрлагдсан
Намайг тойрсон, үгүйлсэн
Тоотойхон ч гэлээ хэдэн хүнтэй
Тоост хорвоод амьдарч явахыг хэлнэ ээ, би лав

Улаанбаатар, 2009.06.12
Бүрэн эхээр нь...

Thursday, June 11, 2009

ЦОХИО БИД ХОЁР

Би уулын тагт
Бэл рүү унжсан цохион дээр
Алсын бараа ширтэн
Амьсгал дүүрэн зогсож байна

Тэр хавьдаа л өндөрлөг
Тэнгэрт илүү ойрхон газар
Хавийн газрыг ажиглан
Хараа гүйлгэн зогсож байна

Ай даа,
Алтан дэлхий алган дээр мэт
Гуу, нугачаа бүр нь тэнийн
Газрын зураг мэт тодхон харагдана

Хөдлөх бүр нь мэдэгдэхээр
Хөх ой нь нэгжигдэхээр
Тэнгэрийн хаяа цаашлаад
Тэртээх уулс наашлаад ...

Ийм л сайхан газарт
Инээмсэглэн зогсож байна
Эрт, хойчийг бодон
Энэ шүлгийг төрүүлж байна

Цаг, цагийн салхинд элэгдэн
Царай, хэлбэрээ багахан өөрчилсөн ч
Энд байж бай гэж үүрэгдүүлсэн мэт
Энгэртээ бат зогсох энэ цохио

Хэлтэй бол олон зүйл хүүрнэж
Хэдэн боть түүх өгүүлэх биз
Өдийг хүртэл юу үзсэнээ
Өнгө будагтай нь ярих биз

Галав яаж юүлснийг
Газраас хэзээ цухуйснаа
Байгал дэлхий яаж өөрчлөгдөн ирснийг
Баттай тэр үнэн хэлнэ дээ

Хүннү-гийн анчин эндээс
Хүн гөрөөсөнд гэтсэн үү
Нүүдэлчин аймгуудын тулаан
Нүдэн дээр чинь болсон уу

Чингис хаан өөрөө биш гэхэд
Чин итгэлт нөхөд нь ирсэн үү
Алалцан тулалдахын өмнө
Алсаас тандан энд жагссан уу

Хөх саарал чоно
Хөлөө амраан зогссон уу
Салаа эвэртэй буга
Салхилж энд үүрэглэсэн үү

Халхын сайн эр
Хаяанд чинь цайгаа чанасан уу
Ардын хувьсгалын цэрэг
Амарч бас тухалсан уу

Оргодол босуул нөхөд
Орчноо эндээс ажсан уу
Малаа хайсан эрэлчин
Малгай тавин дурандсан уу

Надаас өмнө хэдэн хүн
Над шиг ингээд зогссон бэ
Надаас өмнө хэдэн амьтан
Нарлаж энд саатсан бэ

Хэлээд өг гэж
Хэл юуг чинь сугалах шахах биз
Сонсох бүртээ санаа алдан
Сормуус норгон бишрэх биз

Намайг нэгэнтээ энд зогссоныг
Надаас хойтоход нь хэлээрэй
Олон юм бодон
Орчинг чинь ширтсэн гээрэй

Орчлонг яг энэ цэгээс харах
Олон аавын хүүхэд ирэх болтугай
Тэнэг л биш бол тэдний
Тэнгэрлэг хийморь сэргэн буцах болно

Төв аймаг, Баяндэлгэр сум
2009.05.30

Бүрэн эхээр нь...

Wednesday, June 10, 2009

ХЭРЭВ БИ ШИДТЭН БОЛ

Хэрэв би шидтэн бол
Хөлгүй, гаргүй бүхнийг бүтэн болгоно
Хөл, гараар ч зогсохгүй дутуу бүхнийг гүйцээнэ
Харах, сонсох, ярих чадваргүй хүмүүсийг мөн адил баярлуулна

Хэрэв би шидтэн бол
Үнэн гээчийг үргэлж ялж байдаг болгоно
Үүрдийн бус ч жаргалтай амьдралыг хүмүүст бэлэглэнэ
Үүнийг хийж чадвал өөрийгөө тэгээд шидгүй болгоно

Илүү юм хүсэж гай тарихын нэмэр ...

Улаанбаатар, 2009.06.10 Бүрэн эхээр нь...

Tuesday, June 9, 2009

ГУР

Хашир сайн анчид өдийд
Хамаг зэвсгээ арчин далдлаад
"Шар тос"-ыг чангартал
Шагайж буугаараа оролдохгүй биз

Амьтад үржин төллөх цагаар
Алж хядан үймүүлдэггүй
Өвөг дээдсийн уламжлал
Өдийд бага ч гэсэн үлдсэн

Гэтэл би тэссэнгүй
Гур бууддаг баатар болов
Мал таргалахаас өмнө
Мундаг шөл уудаг болов

Төллөх амьтан биш учир
Тоо толгойнд одоо нөлөөлөхгүй
Эврээр нь гурыг нь таньж буудна
Эвэргүй зүрийг нь өнгөрөөнө гээд

Явлаа, суулаа
Яахын зуургүй үргээлээ
Чимээ гарлаа
Чихээ тавиад харлаа

Соотойсон гурван зүр гараад ирлээ
Сүнхийгээд өнгөрлөө, өнгөрөөлөө
Чанх урдаас дахиад хоёр зүр
Чадлаараа харайгаад ирлээ

Баясан харж суутал
Бараг ирээд дайрах нь
Босоод бараагаа харуултал
Булт үсрээд дайжлаа

Баруун талд дахиад
Бут, бургас дуугарлаа
Гурван зүр гарлаа
Гуу дагаад хойш далд орлоо

Сүрхий чимээтэй үргээлэг дууслаа
Сууринаасаа би бослоо
Гурнууд нь хаачив гэж гайхавч
Гутарсангүй, харин баярлалаа

Нас хүрсэн зүр бүр
Найдвартай хоёр шалтгаа* тээдэг гэхээр
Нэг сууринд найман зүр өнгөрөөж
Нийлүүлбэл хорин дөрвөн амь хэлтрүүллээ

Анд дахиж явахгүй биш
Алтадсан намраар эргэж ирэхэд
Баян хангай минь улам баяжаад
Бага ч гэсэн нэг гур өгөх биз ...

Төв аймаг, Баяндэлгэр, Баруун Байдлаг, Гурвалжин
2009.05.30

*шалтгаа гэдэг нь хүн, амьтны хэвлийд буй урагийг хэлдэг
Бүрэн эхээр нь...

УЛС ТӨР

Улс төрөөр оролдохгүй бол
Улс төр чамаар оролдоно гэхэд
Итгэж өгөхгүй явлаа
Инээд алдан бардам алхаж явлаа

Улс төр биш харин
Улс төрч чамаар оролддог юм байна
Улс төрчийг дагасан увайгүй нөхөд
Урдах хоолыг чинь булаадаг юм байна

Улаанбаатар, 2009.06.10 Бүрэн эхээр нь...

ҮГС

Худлаа хэлүүлэх хэцүү ч гэлээ
Худалд хууртан хүүхдэдээ худлаа хэлэх бүр хэцүү юм байна

Шударга дүр эсгэгчийг харах зэвүүн ч
Шударга дүрд нь итгэн хүлээх бүр зэвүүн юм байна

Улаанбаатар, 2009.06.10 Бүрэн эхээр нь...

Monday, June 8, 2009

ХАНЬДАА

Нүдэнд чинь дурлаж суусан юм
Нүдэнд чинь харагдаж явмаар байна ...

Улаанбаатар,
2009.06.07 Бүрэн эхээр нь...