Tuesday, July 28, 2009

БУЛШ

Дэл ихт тарган морь зайдагнасан
Дан өмд, бас цамцтай
Гэзгээ сурлан ардаа боосон
Ганц эр уул өгсөж, уруудаж явна

Агссан нум, сумыг нь харвал
Анчин хүн байлтай гэмээр ч
Арагшаа байн байн эргэн харах нь
Айж, зугтаж явааг илтгэхээр ...

Ямартаа ч нэг эр ийнхүү
Яарасхийх мөртөө давхиулалгүй
Зүүнээс барууныг чанх чиглэн
Зогсоож амраалгүй алхуулж явна

Зорьсон газар нь тодорхой ч
Зориуд эргэн харж яваа нь сонин
Бодолд орсон юм уу гэмээр
Байсхийгээд толгой гудайлгана

Унасан морь нь урагш л тэмүүлнэ
Урдуураа гүйлдэх гөрөөсийг үл тооно
Өндөр ургасан өвс ногоог
Өвчүүгээрээ яран унгас алдана

Торлогоор эмжсэн ой руу чиглэв
Тунгалаг булагийн дэргэд очив
Морь, хүн хоёр ингэж л нэг зогсов
Мордож хөдлөхөөр мөн л яарав

Гэтэл тэд амжсангүйдэг ээ
Гэнэтийн ч юм уу гэмээр аюул дайрав
Сүр хийх чимээ бүдэгхэн гарч
Сайх эрийн нуруунд сум зоогдов

Мориныхоо дэлнээс зууран
Мордох гэж хичээсэн ч чадсангүй
Өвдөг нугаран газар унаж
Өвсний дундаас сумны үүсгэр л цухуйв ...

Модон дотроос хөлийн чимээ гармагц
Морь үргэвч эргэн харж зогсов
Нум үүрч, сэлэм барьсан эр
Нөгөө эрийн дэргэд очив

Тойрч харж түрхэн саатсанаа
Толгойг нь тас цавчин авав
Дээр өргөн харж байснаа
Даавуунд ороон мод руу оров

Мөд төдөлгүй тэр хүн
Модноос хөтөлгөө морьтой гарч
Баруунаас зүүнийг чиглэн давхив
Бараа нь тэгээд тасран одов ...

Хэн гээч хүний үрийг
Хэн гээч нь ийнхүү хороов
Мэдэх юмсан гэвч
Морь нь ямар ярих биш дээ

Хил залгаа омогийнхоо
Хар нүдэн бүсгүйд дурлаад
Сарны гэрэлд сэмхэн болзож
Санаснаа хэлж, бас хийдэг байсныг

Омогийн ахлагчийн сүйг үл тоосон
Омголон бүсгүй ч бас дуртай байсныг
Үдэш уулзаад үүрээр салан
Үдшийг дахин хүлээцгээдэг байсныг

Бүсгүйгээ гэр урцандаа ормогц
Баруун зүгтээ тэмцдэг байсныг
Үүрэглэн буцахад амар гэж
Үнэнч азаргаа зайдан унадаг байсныг

Хэн нэгэн нь мэдчихээгүй байгаа
Хэрэг болгож дагаагүй байгаа гэж
Эргэн эргэн харж сэрэмжилж
Эмээн айж нуудаг байсныг ямар хэлэх биш дээ ...

Хоёр залуугийн явдлыг
Хөгшин ахлагч мэдмэгцээ
Буцах замд нь отон тосоод
Бушуухан үгүй хий гэж үүрэгдсэнийг

Харваач харваачийн дотроос
Хамгийн мэргэнийг нь томилж
Алдалгүй харван хороогоод
Аваад ир, толгойг нь гэснийг

Морь нь битгий хэл
Мөнөөх залуу мэдээгүй явсан биз
Хайр сэтгэлийнхээ төлөө
Хорин настайдаа тэнгэрт халив

Ураг төрөл нь хайж ирээд
Улай болсон цогцосыг нь олоод
Таван алдын газар ухаж
Тойруулж чулуугаар хүрээлээд

Азаргатай нь, агссан нумтай нь
Алтан ишт хутгатай нь
Булшилж түүнийг оршуулжээ
Бултаж тэндээс түргэн холджээ

Хүүгийн цусан өшөө авахаар
Хөрш омог руугаа довтолжээ
Алан хядан хүйс тэмтрэвч
Алтан амийг нь яаж эргүүлэх билээ ...

Тэр цагаас хойш мянган жил өнгөрчээ
Тэр тухай хэн ч мэдэхээ больжээ
Цагийн салхинд элэгдсэн булшны чулуу
Цайрч гандаад байгалийн мэт болжээ

Харин би түүнийг нь түшин тарвага сахин сууна ...

2009.07.29

Бүрэн эхээр нь...

Monday, July 27, 2009

БАЙГААСАЙ

Шөнөжин бороо оров
Шүлэг нойрыг сэрээв
Дуу багатай ч ус ихтэй
Дүрсгүй бороо ороод өнгөрөв

Хаа нэгтээ үерлүүлж
Хашаа гэр сүйдлээгүй байгаасай
Байгальдаа өнгө, үнэр нэмээд
Бодол шиг замхарсан байгаасай ...

Улаанбаатар, 2009.07.28 Бүрэн эхээр нь...