Friday, June 26, 2009

НЭГ МУУ МУУР

Хөхө,
Хажуугийн модны болжмор боож үхэх нь
Зогсоо зайгүй шулганан дуугарна
За, энэ чинь одоо юу болов ...

Зовиуртай хүүхдийнх шиг
Золигийн дуу цаана нь гарна
Юу билээ гэж бодлоо
Юу байхав, муурны л дуу байна

Цонхоор шагайлаа
Цочиж болжмор үргэхгүй шулганасаар
Тонгойгоод харлаа
Томоос том шар муур

Хоёр байшингийн завсарт буй
Хөөрхий болжморын үүр рүү өнгийнө
Өдөржин шир шир гэсэн ангаахайнууд
Өнөө мууранд мэдэгдчихэж янз нь

Зайл, чи муу муур
Зайтай бай, эндээс гээд орилов
Хялам хялам гээд холдов
Хөгийн гар вэ, яадаг

Болжмор араас нь шулганасаар
Болж өгвөл надаар алуулчих санаатай
Эргэж ирвэл чинь
Энэ хүнээр хөлийг чинь хугалуулна гэж буй биз ...

Улаанбаатар, 2009.06.26

Бүрэн эхээр нь...

Thursday, June 25, 2009

БОЛЖМОР

Цонхны цаадах модод
Цовоо болжмороор дүүрээ юу даа
Завсар зайгүй жиргэх нь
Зун цагийн аялгуу юу даа

Улаанбаатар, 2009.06.26 Бүрэн эхээр нь...

ЗҮҮН СЭЛБЭ

Зүүн Сэлбэ минь баяртай
Зүрхэндээ чамайг урсаж буйгаар төсөөлж явъя
Урсгалыг нь хааж хог дүүрсэн байсан
Ундарга дээр нь барилга барьсан байна гэв үү

Баруун Сэлбийг оросууд булж
Барилга барьж гийгүүлсэн гэдэг
Бороо ус ихтэй үед амь орж
Баахан үймээн тарьдаг даа

Зүүн Сэлбэ минь хааяа бас
Зүрхтэй гэдгээ сануулан үерлэж
Мунхаг хүмүүст хариу барингаа
Мань мэтийгээ баярлуулж байгаарай ...

P.S. Доорхийг уншаад бичив:
http://www.mongolnews.mn/unuudur.php?n=38971#comment_write

Улаанбаатар, 2009.06.25
Бүрэн эхээр нь...

Wednesday, June 24, 2009

ГЯЛГАР УУТАН ТОР

Юм гэдэг ховор дээрээ
Юм юмнаас онцгой байдаг аж
Хэт олон болоод ирэхээрээ
Хог болж ад үзэгддэг аж

Даавуун тор хармаалаад
Дэлгүүр хэсдэг байхад
Элдэв зурагтай гялгар уутан тор
Ээ дээ, мөн ч моод болж байлаа

Ховор гэж жигтэйхэн
Хойноос ирсэн хүн л авчирна
Нэг бариад хаяна гэж үгүй
Нямбайлж эвхээд цүнхэлнэ

Барьсан хүнийх нь дэргэд
Бараандуухан даавуун тор
Гаргаж ирнэ гэдэг ичмээр
Гартаа хүнсээ тэврээд гарна

Нүүр, гарын савантай нийлбэл
Нэг цагаан сарын мундаг бэлэг
Авсан хүн нь ч голохгүй
Алгаа тосоод мишээнэ

Хотын хүний шинж болж
Хааяа цүнхийг нь орлож
Гоёл болж явжээ, зайлуул
Ганган байжээ, хотынхон ...

Тэгсэн байдаггүй шүү
Тэр сайхан эд одоо
Хорвоод ижилгүй гай болж
Хог хогны доор орчихжээ

Хотын гудамжаар нэг
Хөдөөгийн жалгаар нэг
Далд ордоггүй
Дарагддаггүй дайсан болжээ

Юм гэдэг ховор дээрээ
Юм юмнаас онцгой байдаг аж
Хэт олон болоод ирэхээрээ
Хог болж ад үзэгддэг аж ...

Хальт хиртэй мэт
Хар бараан даавуун тор
Өврөөсөө гаргахад ичихээргүй болж
Өөрийнхөөрөө бяцхан эх оронч явъя

Улаанбаатар, 2009.06.25
Бүрэн эхээр нь...

Tuesday, June 23, 2009

БОРОО

Бороо гэхээр
Бодол санаанд минь юу буух билээ
Нэр нь хүртэл цаанаа ариун
Нэг л их арвин зүйл буудаг

Мэдээж дээ
Миний мэдэх арвин, ариуны нэг
Байгалийн бахархмаар үзэгдэл
Бурханы тунгалаг цацал шүү дээ ...

Яагаад ийм нэр өгсөн юм бол гэж
Ямагт би өөрөөсөө асуудаг
Нилээд янзаар тайлбарлаж болох ч
Нэг л хариултандаа би дуртай

Торгон ногоон газрыг минь шүршин
Тоонот гэр дээр унах дусалны чимээг
Монгол чихээр сонсож чадвал
Монголоор бороо гэхгүй хаачих юм гэж ...

Намайг анх онож туссан бороон дуслыг
Нялх байсан би яаж санах билээ
Ухаан орсноос хойших бороо бүхэн харин
Угаасаар ирснийг сайн мэдэж байна

Бороо оруулж орос маамуу ирүүлэх гэсэн
Балчирхан нас минь нүдэнд үзэгдэнэ
Учрыг нь сайн мэдэхгүй ч гэлээ
Ум мани-гаас илүү хэлдэгсэн

Хурын зах дуслаад эхлэнгүүт
Хувцсаа тайлаад бэлддэгсэн
Гарч гүйх гэж байгаа нь тэр
Ганган болтлоо угаагдах гэж тэр

Зуны бороонд шалдан гүйвэл
Зуу насалтлаа даардаггүй гэж
Хэн нэгэн нь хэлээгүй ч гэлээ
Хэр барагтай бээрдэггүй юм, одоо

Цээнд хүрч том болсон хойноо ч
Цээжээ гарган угаагдах дуртай хэвээр
Намайг тоож дуссан дусал бүрт
Наминчлан би залбирч явдаг ...

Бие хаа, үс толгой гэхээсээ илүү
Бодол сэтгэлийг угаан ариусгадаг
Энэ бороо гэдэг үнэхээр агуу
Элэг зүрхээр дамжих ертөнцийн хэл ...

Аадар, шиврээ, нартай гээд
Амьдралыг өнцөг өнцөгөөс нь бодогдуулах
Бороо бүрт би дуртай
Борооны түрүүнд татах солонгод бүр дуртай

Газар газрын бороо адилгүй ч
Гайхмаар нэг л юмаар ижил
Босго давж, хаалга нүдэлгүй
Бор зүрхэнд бүгд асгардаг юм

Улаанбаатар, 2009.06.24

Бүрэн эхээр нь...

Monday, June 22, 2009

ХАЛХЫН ГОЛ

Далан жилийн тэртээ Монгол нутагт
Дайн шиг дайн болсон гэдэг
Нар халхалсан олон онгоц
Нэгэн зэрэг байлдаж байсан гэдэг

Морьтой, мотортой, буутай, сэлэмтэй
Монгол, орос, япон цэргүүд тэмцэлдэж
Халхын голын тулаан хэмээгдэн
Хожмын бидэнд түүх болон үлджээ

Эзэн хааныхаа хүсэл, тушаалаар
Эзлэн дайлах гэсэн самуурайнууд
Туурга тусгаар улсаа хамгаалах
Тушаалаасаа илүү зоригтой монгол эрс

Хөрш "дүү" орноо өмөөрөхийн хамт
Хэтдээ дэлхийд нөлөөгөө алдахгүй гэсэн
Улаан цэргийн шилдэг дайчид
Ура, банзай хашгиралдан цавчилдсан гэдэг

Нутгаасаа алс, бусдын хилийн заагт
Нуувчинд суух япон эр юу бодсон бол
Чингисийн нутгийг амархан эзэгнэж
Чангаар орилон сакедах гэсэн болов уу

Энэ ер нь худлаа юм байна
Энд би амьд үлдэх болов уу
Мэдэлд нь байсан Харбиниар дамжин
Мэнд эргээд харих минь гэсэн болов уу

Ямартаа ч тэд эцсээ хүртэл үзэж
Янз бүрийн тавилантай тулсан гэдэг
Нэр төр гэдгийг ясандаа мэдэрсэн улс
Нэг хөлтэй буцсанаас чандарлуулахыг эрхэмлэж

Дандар баатар нарт цавчуулах нь цавчуулж
Далайсан чигээрээ буудуулан үрэгдэж
Орос генерал, монгол жанжны ухаанд бүдэрч
Олзлогдон туугдаж, зарим нь амьтан болсон гэдэг ...

Ард нь эх орон байгаа гэхээр
Алхам ч ухрах эрхгүй монгол цэрэг
Дайсны довтолгооныг тосох агшинд
Дотроо юу бодон хэвтсэн бол

Зүгээр байхад зүгээр л байгаарай
Зүггүйтвэл үзүүлсэн шиг үзүүлнэ шүү гэж
Шүд зуун сумаа тоолсон болов уу
Шөнө нь тэд унтаж чадсан болов уу

Алтан амиа үл хайрлан тулах зуураа
Аав, ээж, амраг ханиа санаж амжсан болов уу
Юуны төлөө юу хийж буйгаа мэдэж буй үед
Юун тэр бодол манатай байсан юм болов уу

Ямартаа ч тэд хийхээ хийж
Ялалын амтыг мэдэрсэн байдаг
Хүний хүүхэд олноор нь олзолж ирээд
Хэдэн сайхан барилга бариулсан байдаг ...

Аль нь манайх, аль нь дайсан нь үл танигдах
Ази царайтнуудын дунд орон "төөрсөн" ч
Тун удалгүй ялгаж буугаа онилсон
Таван хошуут орос цэрэг юу бодсон бол

Сайхан төрсөн орос охидоо хүсэн
Сибирийнхээ зүг санаа алдсан болов уу
Монгол эрсийн хатуужлыг үнэлэн
Мохоор тамхи хувааж татсан болов уу

Энд үрэгдэлгүй баатар болсон ч
Эргээд удахгүй баруун хилээ зорин
Эх орныхоо төлөө жинхэнэ дайнд оролцохоо
Ээ дээ, мэдээгүй л байсан байх даа ...

Байлдан тулалдах гэж төрөөгүй ч
Байлдан тулалдахаас аргагүй болсон
Монгол, орос, япон хичнээн эрс
Монголын төлөө амиа тавьсан бол

Үр удмаа үлдээж чадалгүй
Үрэгдэн хорвоог орхисон бол
Эргэж очиж чадалгүй
Эхнэр бүсгүйгээ зовлонд унаган одсон бол ...

Далан жилийн тэртээ Монгол нутагт
Дайн шиг дайн болсон гэдэг
Нар халхалсан олон онгоц
Нэгэн зэрэг байлдаж байсан гэдэг

Улаанбаатар, 2009.06.23
Бүрэн эхээр нь...

Sunday, June 21, 2009

АРХИНААС ГАРЛАА

Нанчид хүртэлгүй нилээд явсан юмсан
Найз гадаадаас түр ирлээ гээд
Нам унатлаа гурван өдөр уув
Найз явж, нанчид бид хоёр л үлдэх шив

Гэхдээ шилтэй, савтайгаа биш
Гэдэс дотор, элэг цөсөнд үлдчихэж
Амьдралаас уйдсан мэт хор долоож
Амь тавихын наагуур босож ирэв

Зүрх муудсан байна
Зүс дутахгүй гундсан байна
Сэтгэл унасан байна
Сэргэх гэж үнэндээ шаналж явна

Галзуу энэ шингэнээс болж
Гал халуун насныхан ч үхээд буй
Гашуун туршлага байсаар байтал
Гай дуудаж би юунд түүнд дурлана вэ

Хөрөг зурагаа л үлдээн одоод
Хоёр хүүхдээ эрт өнчрүүлэн
Хань ижлээ ганцаардуулан зовоох
Хэрэг үнэхээр байгаа гэж үү

Архинаас гарлаа, найзууд аа
Амссангүй, тоосонгүй гэж битгий хэлээрэй
Арван мянга гаранхан өдөр амьд явах гэсэн юм
Андыгаа архиар бүү дайлаарай

Улаанбаатар, 2009.06.22
Бүрэн эхээр нь...