Monday, August 30, 2010

АЙ ДАА

Сэрүү унасан намрын өглөө
Сэмхэн хөөрөх хэсэгхэн манан
Хяруунд норсон гутлын хоншоор
Холоос дэргэд мэт дуулдах чимээ ...

Ай даа, нутгаа санаж эхэлж байна уу даа

Вашингтон хот, 2010.08.30 Бүрэн эхээр нь...

ЯЛГАА

Хэрэм гүйж явна
Хэнэг ч үгүй идэж явна
Хотоор дүүрэн хэрэм
Хорлож тэднийг хэн ч оролдохгүй

Хэрэмний арьс авна гэж
Хэн хүнгүй орилон зарлах
Монгол орны хууль
Монгол хэрэмний тавилан энд огт палгүй ...

Хар хүүхэд алхана
Хацар хонхойлгон инээнэ
Гудмаар дүүрэн хар
Голж тэднийг ад үзэхгүй

Хөдөлмөрлөөд хөдөлмөрлөөд
Хөлс нь амьдралд хүрэлцэхгүй
Монгол нийгэм
Монгол хүүхдийн тавилан энд огт ижилгүй

Вашингтон хот, 2010.08.30
Бүрэн эхээр нь...

ИРЖ БАЙГААРАЙ

Хааяа нэг зүүдэнд ирж
Хамт байж байгаад буцах юм, Та
Буруу зөв хийхийг минь хараад
Бодолд шивнэн зэмлэмээр санагддаг биз

Хоног хугацаа өнгөрөх тутам
Хэлсэн үг бүр тань үнэтэй болоод
Эргээд хэзээ ч уулзахгүй гэхээр
Элэг зүрх эмтрээд явчих юм

Эрхийг биш бэрхийг зааж
Эр хүний төрхтэй болгох
Хайрыг биш халыг үзүүлж
Хат суулгах гэж явж дээ, Та

Хэлэх сургааль тань дуусаагүй
Хэлснийг тань бүрэн сураагүй гэвэл
Ижийг дагуулаад, зүүдэнд минь
Ирж байгаарай, аав минь ...

Вашингтон, 2010.08.27
Аав минь бурхан болоод нэг жил өнгөрчээ ...
Бүрэн эхээр нь...