Sunday, October 10, 2010

АРД ТҮМЭН

Ард түмэн гэх
Агуу хийгээд энгийн юм
Хамтад нь нэрлэвэл хоёр үгэнд багтах ч
Хүн хүнээр нь салгавал учраа алдах мэт ...

Нялх ба настан
Намхан ба өндөр
Эм ба эр
Эргүү ба ухаантай

Тусч ба усч
Томоотой ба сахилгагүй
Бүтэн ба тахир
Бүдүүн ба туранхай

Худалч ба үнэнч
Хулгайч ба манаач
Баян ба ядуу
Буянтан ба нүгэлтэн

Сахилгүй ба ламтан
Сургагч ба сурагч
Мэргэн ба мунхаг
Малчин ба махчин

Бүтээгч ба сүйтгэгч
Буцалж буй ба бүрэлж буй
Баруун ба солгой
Босоо ба суугаа

Хилчин ба "нинжа"
Хүнлэг ба араатан
Цайлган ба хорчин
Цайчин ба архичин ...

Гэх мэтээр задласнаас
Ганц ард түмэн гэчихсэн нь
Амар ч юм уу, товч ч юм уу
Аль альдаа цэвэрхэн юм уу

Бид хэн бэ гэхээр
Бид үү, ард түмээн гэчихээд
Толгой өвдөх юмгүй
Тохой нийлүүлэн алхаж явах уу даа ...

Ногоон малгайтай яргачин явсан нэгэн
Нэг их мядаль зүүчихсэн алхаж л яваа даа
Зоригийг захиалсан хийгээд алсан нөхөд
Зангиа зүүчихсэн пээдэлзэж л яваа даа

Төрийн нэрээр түмнийг хоосолсон нэгэн
Тэр үйлдээ амтшаад зүтгэж л яваа даа
Авилга гээчийг бойжуулчихсан нэгэн
Албан тушаалд өсөж л яваа даа

Хүний юмыг булааж авсан нэгэн
Хуурамчхан гэмшчихээд жаргаж л яваа даа
Бусдын амийг егүүтгэсэн нэгэн
Бултан дайжиж амьдарч л яваа даа ...

Ном дагасан эрдэмтэн нэгэн
Орох оронгүй гундуухан явахад
Нам дагасан эрдэмгүй нэгэн
Орд харшид тухлаж яваа даа

Олонд үнэлэгдсэн дуучин нэгэн
Орц гудамжинд дуулж явахад
Оронд үнэлэгдсэн өөр нэгэн
Одон тэмдэгэнд дарагдаж яваа даа

Ядуу айлын хүү нэгэн
Эх орноо манаж явахад
Янчаантай айлын хүү нэгэн
Эмс охидыг сольж яваа даа ...

За ингээд зогсоё доо
Заавал бүгдийг нь тоочих ёсгүй
Бүгдээрээ нийлээд ард түмэн болохоор
Би энд уймраад яах вэ

Сайн нь муугаасаа их гэдэгт
Саруул ухаанаар итгээд явж байя
Тиймгүйсэн бол энэ нийгэм
Тэр энэ гэлтгүй сүйрэх байсан биз

Вашингтон хот, 2010.10.10
Бүрэн эхээр нь...

ГЭХ ҮҮ

Цагаан цаас шиг
Цайлган явлаа гэх үү
Хүний болон өөрийн эрхээр
Хар эрээн болж байна гэх үү ...

Арлингтон хот, 2010.10.10 Бүрэн эхээр нь...