Monday, May 25, 2009

ЗУСЛАН

Зун цаг ирж байна
Зуслан санаанд орж байна ...

Одоо надад ямар зуслан байх вэ дээ
Олдох ч үгүй биз, газар энэ тэр нь
Дураараа буудаг зуслантай байснаа л
Дурсаж өөрийгөө баясгах юм даа

Үүр цайж, үхэр босох үед
Үглүүлсээр аав, ээжээрээ сэрээлэгдэгсэн
Босож нүүрээ угаасан болчихоод
Боорцог дэвтээнхэн цайгаа уудагсан

Хэвтэж хоносон манан
Хээв нэг өндийж байдагсан
Нар хэдий мандаж буй ч
Наана нь битүү манан

Яг хаана байгааг нь
Ялгаж харах амар биш
Манангийн чийг бүрт ойсон туяа нь
Мандсан нарны чигийг будилуулдагсан

Чөдөрлөж хоносон морьдоо авахаар
Чөрийсөн банди нар цугладагсан
Авахын тулд эхлээд олох хэрэгтэй
Алс, эсвэл ойрд хайх хэрэгтэй

Худалч хүний яриагаар бол
Хамт яваа хүн харагдахгүй мананд
Орой энд харагдсан
Ойрдоо тэнд байгаад буй гэж таамагладагсан

Хазаараа хяруунд норгохгүй гэж дээр барьсан мөртлөө
Ханзарсан, ханзраагүй гутлаа харин үл тоон алхдагсан
Зарим нь хөл нүцгэн гүйж
Зальтай, ухаантайгаа гайхуулдагсан

Таамагаар баахан алхаж байснаа
Таг чимээгүй болоод чих тавьдагсан
Хөөрөх манангийн доогуур шагайн
Хөглөж зарим нь инээд авдагсан

Хулгайд алдчихгүй гэсэндээ
Хөлд нь зүүсэн төмөр тушааны чимээ
Ширдэг мэт ургасан өвс ногоог
Шир шир хазлан тургих морьдын анир ...

Ай даа, мөн ч сайхан байдагсан даа ...

Зун цаг ирж байна
Зуслантай байсан нас минь дурсагдаж байна ...

Улаанбаатар, 2009.05.26

No comments:

Post a Comment