Зүүд ээ гэж
Зэрэглээрхүү хоосон ч юм шиг
Зөв совингийн эхлэл ч юм шиг
Зүгээр нэг бодол ч юм шиг
Тэр энэ гэсэн онол явдаг ч
Тэгсгээд мухардсан байдаг
Яг энэнээс болдог гэсэн
Яс тайлбар би олж уншаагүй ээ
Шувуу мэт дэвэн нисэж
Шуламтай тааран зугтааж
Атаат дайсантай гардан байлдаж
Араатантай тулан тэмцэлдэж
Хүүхэд насандаа эргэн очиж
Хүйтэнд дааран чичирч
Адуу мал эргүүлэн тэнэж
Ам цанган халуу шатаж
Охид бүсгүй эргүүлж
Ойд төөрөн будилж
Тансаг оронд тэнүүчилж
Талийгчтай уулзан ярилцаж
Алсын замд тэрэг барьж
Аадар бороонд норон гүйж
Сүрэг гахай алдан буудаж
Саарал гайхлыг хөөн унагаж
Бөх барилдан цэвэр дарж
Бүтэлгүйтэн хүнд зэмлүүлж
Гол мөрөнд загасчлан зугаалж
Ганга эрэгнээс зүүгдэн бачимдаж
Хайрлаж, хайрлуулж
Халамжилж, халамжлуулж
Айж ичин ганцаардаж
Алж талан зовоож зүүдэлсээр иржээ, би ...
Унтаж байхдаа "амьдарсан"
Уран сайхны олон кино
Урд, хойд настай минь
Учир зүйн холбоотой болов уу, үгүй юм болов уу
Зүүд ээ гэж
Зэрэглээрхүү хоосон ч юм шиг
Зөв совингийн эхлэл ч юм шиг
Зүгээр нэг бодол ч юм шиг ...
Улаанбаатар, 2009.07.07
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment