Monday, October 26, 2009

ЗЭМ















Зам дээр
Зэм хэвтэнэ
Түүн дээр
Тас овоорно ...

Дөхөөд очлоо
Дөрвөн шийр, шир л үлдсэн байна
Сайхан зүстэй нэг унага
Сарваа болж чадалгүй үхсэн байна

Үхсэн ч гэж дээ
Үмхүүлсэн биз
Тасанд ямар буруу байхав
Танхай муу саарал л эхлээ биз ...

Хаврын тэр нэгэн өдөр
Хөл дээрээ босоо мэндэлсэн биз
Зэлэнд уягдан унтахдаа
Зэгсэн хүлэг боллоо гэж зүүдэлсэн биз

Эхийн сүүнд бүрэн цадаагүй
Эл хорвоог таниагүй цагтаа
Сүргийн захад үүрмэглээд
Сүүлтэй боохойд нүдлэгдээ биз

Цочоо биз зайлуул
Цовхчин зугтах аядаа биз
Багалзуурдуулан унаж тийчлээд
Бурханы адуу болоо биз ... бодвол ...

Зам дээр
Зэм хэвтэнэ
Түүн дээр
Тас овоорно ...

Төв аймаг, Баянцогт сум, 2008 оны өвөл

3 comments:

  1. philosoplog uhaarluud huurnel helberees iluu shulgen helbereer amarhan bichigddeg yum genlei gej sonsjiisiim bna.

    ReplyDelete
  2. Энэ дөрвөн хөлтэй хоёр хөлтэй саарлууд ер нь их эвгүй

    ReplyDelete