Saturday, May 8, 2010

УЙЛАВ, БИ

Ямар зүйл мэдэрснээ санах атлаа
Яг юу гэж бичихээ мэдэхгүй байна
Хорин жилийн өмнө яг л ийм байдалтай
Хоёр нүдэндээ нулимстай алхаж байлаа ...

Юу болов гэж асуух хүн гарах биз
Юу болох вэ дээ, уулзалтад яваад ирлээ
Арван жил цуг төгссөн гурван анги уулзаж
А үсэг, ангийн багш, анги танхим гэж яваад ирлээ

Тэртэй хорин хаврын өмнө
Тал тал тийшээ таран одсон нөхөд
Хүчээр биш хүсэл сэтгэлийн дуудлагаар цуглан
Хүний амьдралын нэгэн хоногийг хамтдаа өнгөрөөв

Төсөөлж байсан би, сайхан болно гэж
Төлөвлөлцсөн юм, урилцсансан юм
Салахдаа харин уйлчихна гэж бодоогүй
Санаснаас минь бүр сайхан болчихлоо, энэ уулзалт

Хүүхэд насанд эргээд очсон мэт болж
Хүн хүнд баяртай гэхдээ уйтгарлаж байх юм
Гэрийн гадаа ирсэн хойноо ч тэр
Гэгэлзээд нэг л юманд хорогдоостой ...

Хорин жилийн өмнө яг л ийм байдалтай
Хоёр нүдэндээ нулимстай алхаж байлаа ...

1990 онд Налайхын 2 дугаар 10 жилийн дунд сургуулийн 10А, 10Б, 10В ангийг төгссөн сурагчдын 20 жилийн дараах "УЧРАЛЫН ХАВАР" уулзалтад оролцсоны дараа бичив.

Улаанбаатар, 2010.05.08

5 comments:

  1. Saikhan sanagdaj bn shuu, Tosoologdoj bn.

    ReplyDelete
  2. arai l dutuu bichjee gej.neg heseg gegelzene dee

    ReplyDelete
  3. neg heseg gegelzene dee

    ReplyDelete
  4. saihan shuleg bn , nadad ch bas ingej bodogdson shuu...

    ReplyDelete