Monday, November 1, 2010

УУЧЛААРАЙ

Зуу татах уу гэнэ
За яшиг доо гэчихлээ
Тамхи татах уу гэнэ
Татчихсоон гэчихлээ

Одоо тэгээд яах вэ гэнэ
Одоо юу, яваад л байна даа
Очих газар хол байна
Овоондоо л нэг зогсоно шүү гэв

Яасан муухай ааштай
Ямар хөгийн болоо вэ гэж байна
Би юу, би яасан юм
Бодлоо л хэлж байна гэчихлээ

Гомдож байна аа
Гомдоод бүр дуугүй болчихлоо
Эргэж хараад аргадах юм боллоо
Эргэж харж чадаагүй байтал сэрчихлээ ...

Нэг сайн найз маань
Намайг санахдаа зүүдэнд минь ирэхэд
Тоолгүй өнгөрөөчихлөө дөө, янз нь
Тоогүй юм боллоо доо, боллоо

Хэн байсныг нь ч анзааралгүй
Хэнхэглээд явсан байна, би
Зуу, янжуур надад санал болгоод
Загнуулж зүүдэлсэн хүн байна уу

Уучлаарай, найз аа гэх гэсийм ...

Вашингтон хот, 2010.11.01
Бүрэн эхээр нь...

БОДЛЫН ҮЗҮҮРТ

Бодлын үзүүрт нэгэн зүйл байна
Бодох тусам улам цаашлах мэт
Тоохгүй байхын аргагүй мөртөө
Тогтож надад баригдахгүй янзтай

Бодлын үзүүрт нэгэн зүйл байна
Бодох замд түмэн зүйл байна

Вашингтон хот, 2010.11.01 Бүрэн эхээр нь...

Friday, October 22, 2010

БОДОЛ

Зүрхний угт
Зүүдний эхэнд
Инээмсэглэсээр явах
Ижилгүй хүн байх

Амьд явах жаргал гэж
Аргагүй үнэн юм даа
Хүний хүсэл барагдах биш
Хүссээр л дуусна даа

Хар залуугаас эхэлтэй
Хайр чамайг би эс хүндэлбэл
Хорвоогийн шороо хөдөлгөсөн
Хувь тавилан минь гундах биз ээ

Вашингтон хот, 2010.10.22
Бүрэн эхээр нь...

Wednesday, October 20, 2010

ХҮСЭЛ

Газар хөлдөсхийгээд
Гахай өөхлөсхийгээд
Сайхан болж байгаа даа
Сэрүүн намраа эргэхийнсэн дээ

Олны хөлөөс дайжисхийгээд
Ойн гүн рүү оросхийгээд
Агаарын цэвэрт согтосхийгээд
Амьтны хөдөлгөөн анзаарсхийхсэн дээ

Санаа нийлсэн нөхөдтэйгээ
Сархад хундагалан тухласхийгээд
Янжуур нэгийг зуусхийгээд
Янз бүрийн юм хуучлахсан даа ...

Вашингтон хот, 2010.10.20 Бүрэн эхээр нь...

Sunday, October 10, 2010

АРД ТҮМЭН

Ард түмэн гэх
Агуу хийгээд энгийн юм
Хамтад нь нэрлэвэл хоёр үгэнд багтах ч
Хүн хүнээр нь салгавал учраа алдах мэт ...

Нялх ба настан
Намхан ба өндөр
Эм ба эр
Эргүү ба ухаантай

Тусч ба усч
Томоотой ба сахилгагүй
Бүтэн ба тахир
Бүдүүн ба туранхай

Худалч ба үнэнч
Хулгайч ба манаач
Баян ба ядуу
Буянтан ба нүгэлтэн

Сахилгүй ба ламтан
Сургагч ба сурагч
Мэргэн ба мунхаг
Малчин ба махчин

Бүтээгч ба сүйтгэгч
Буцалж буй ба бүрэлж буй
Баруун ба солгой
Босоо ба суугаа

Хилчин ба "нинжа"
Хүнлэг ба араатан
Цайлган ба хорчин
Цайчин ба архичин ...

Гэх мэтээр задласнаас
Ганц ард түмэн гэчихсэн нь
Амар ч юм уу, товч ч юм уу
Аль альдаа цэвэрхэн юм уу

Бид хэн бэ гэхээр
Бид үү, ард түмээн гэчихээд
Толгой өвдөх юмгүй
Тохой нийлүүлэн алхаж явах уу даа ...

Ногоон малгайтай яргачин явсан нэгэн
Нэг их мядаль зүүчихсэн алхаж л яваа даа
Зоригийг захиалсан хийгээд алсан нөхөд
Зангиа зүүчихсэн пээдэлзэж л яваа даа

Төрийн нэрээр түмнийг хоосолсон нэгэн
Тэр үйлдээ амтшаад зүтгэж л яваа даа
Авилга гээчийг бойжуулчихсан нэгэн
Албан тушаалд өсөж л яваа даа

Хүний юмыг булааж авсан нэгэн
Хуурамчхан гэмшчихээд жаргаж л яваа даа
Бусдын амийг егүүтгэсэн нэгэн
Бултан дайжиж амьдарч л яваа даа ...

Ном дагасан эрдэмтэн нэгэн
Орох оронгүй гундуухан явахад
Нам дагасан эрдэмгүй нэгэн
Орд харшид тухлаж яваа даа

Олонд үнэлэгдсэн дуучин нэгэн
Орц гудамжинд дуулж явахад
Оронд үнэлэгдсэн өөр нэгэн
Одон тэмдэгэнд дарагдаж яваа даа

Ядуу айлын хүү нэгэн
Эх орноо манаж явахад
Янчаантай айлын хүү нэгэн
Эмс охидыг сольж яваа даа ...

За ингээд зогсоё доо
Заавал бүгдийг нь тоочих ёсгүй
Бүгдээрээ нийлээд ард түмэн болохоор
Би энд уймраад яах вэ

Сайн нь муугаасаа их гэдэгт
Саруул ухаанаар итгээд явж байя
Тиймгүйсэн бол энэ нийгэм
Тэр энэ гэлтгүй сүйрэх байсан биз

Вашингтон хот, 2010.10.10
Бүрэн эхээр нь...

ГЭХ ҮҮ

Цагаан цаас шиг
Цайлган явлаа гэх үү
Хүний болон өөрийн эрхээр
Хар эрээн болж байна гэх үү ...

Арлингтон хот, 2010.10.10 Бүрэн эхээр нь...

Friday, October 1, 2010

АЙМААР

Тэнгэр баганадсан барилгууд
Тээршаамаар олон хүн
Тоолж барамгүй шар такси
Толгой эргэм чимээ шуугиан

Аймаар
Айж зугтаамаар
Аймаар
Ахин ирж үзмээр ...

Нью Йорк хот, 2010.09.19-24 Бүрэн эхээр нь...

Monday, September 13, 2010

ХОРЛОНО

Нүдний өмнө жирэлзэх
Өвөрмөц орчинд дасах гэвч
Нүүдэлчин ахуйгаа "өмөөрч"
Өөрийгөө би хорлоно ...

Вашингтон хот, 2010.09.13 Бүрэн эхээр нь...

ЯАХ ВЭ

Босож суухад бодогдох юм
Бодол чамайг би яах вэ
Аниж нээхэд харагдах юм
Алаг нүдээ би яах вэ ...

Вашингтон хот, 2010.09.13 Бүрэн эхээр нь...

Monday, August 30, 2010

АЙ ДАА

Сэрүү унасан намрын өглөө
Сэмхэн хөөрөх хэсэгхэн манан
Хяруунд норсон гутлын хоншоор
Холоос дэргэд мэт дуулдах чимээ ...

Ай даа, нутгаа санаж эхэлж байна уу даа

Вашингтон хот, 2010.08.30 Бүрэн эхээр нь...

ЯЛГАА

Хэрэм гүйж явна
Хэнэг ч үгүй идэж явна
Хотоор дүүрэн хэрэм
Хорлож тэднийг хэн ч оролдохгүй

Хэрэмний арьс авна гэж
Хэн хүнгүй орилон зарлах
Монгол орны хууль
Монгол хэрэмний тавилан энд огт палгүй ...

Хар хүүхэд алхана
Хацар хонхойлгон инээнэ
Гудмаар дүүрэн хар
Голж тэднийг ад үзэхгүй

Хөдөлмөрлөөд хөдөлмөрлөөд
Хөлс нь амьдралд хүрэлцэхгүй
Монгол нийгэм
Монгол хүүхдийн тавилан энд огт ижилгүй

Вашингтон хот, 2010.08.30
Бүрэн эхээр нь...

ИРЖ БАЙГААРАЙ

Хааяа нэг зүүдэнд ирж
Хамт байж байгаад буцах юм, Та
Буруу зөв хийхийг минь хараад
Бодолд шивнэн зэмлэмээр санагддаг биз

Хоног хугацаа өнгөрөх тутам
Хэлсэн үг бүр тань үнэтэй болоод
Эргээд хэзээ ч уулзахгүй гэхээр
Элэг зүрх эмтрээд явчих юм

Эрхийг биш бэрхийг зааж
Эр хүний төрхтэй болгох
Хайрыг биш халыг үзүүлж
Хат суулгах гэж явж дээ, Та

Хэлэх сургааль тань дуусаагүй
Хэлснийг тань бүрэн сураагүй гэвэл
Ижийг дагуулаад, зүүдэнд минь
Ирж байгаарай, аав минь ...

Вашингтон, 2010.08.27
Аав минь бурхан болоод нэг жил өнгөрчээ ...
Бүрэн эхээр нь...

Thursday, August 26, 2010

ТЭМДЭГЛЭЛ

Халуу шатсан зун
Хөл татарсан үдэш
Дотно улсын төлөөлөл
Дотор нуугдсан нулимс

Аяллын VIP заал
Аялгууны Pepsi-plane*
Улаанбаатарын гэрэл
Урт нислэгийн эхлэл ...

Сөүлийн онгоцны буудал
Сандал мэт ор
Таван цагийн хүлээлт
Танхимаар тэнэсэн өглөө

Өнөө л Pepsi-plane
Өрнөдийг чиглэсэн нислэг
Арван хоёр цаг
Амралгүй үзсэн кинонууд

Америкийн төрийн далбаа
Амьсгал бүгчимдэм агаар
Хар арьст хүмүүс
Хилийн шалган нэвтрүүлэх ...

Одоо ч нүдэнд үзэгдэх шиг
Орчлонд нэг л өдөр өнгөрсөн мэт
Нэг мэдэхнээ сар болох гэж байна
Нэг тэмдэглэж үлдээе дээ, энд

Цагийн зөрүүнд дэмийрээд
Цагаан ордонд ангайгаад
Гудамж замд нь төөрөөд
Гул Аранжин болжээ, уучлаарай

Анх ирсэн болоод тэр үү
Америк кинонд орсон мэт санагдаж
Нарнаас бусад нь анги харагдах
Нэгдсэн улсад дасах гэж явна

Тоосгон барилга ихтэй
Түм түжигнэж, бум бужигнасан гудамжинд
Төрийн далбаандаа залбиран
Тэрүүхэндээ бас тохижих гэж явна

Өнгө өнгийн арьстай хүмүүсийг
Өөрийн мэдэлгүй эргэж харчихна
Олон газраар явсан ч гэлээ
Онцгой зүйл энд олныг анзаарав

Тэр бүгдийг нэг нэгээр нь
Тэрлэж би шүлэг бичнэ ээ
Энэ тэмдэглэлд багтаана гэвэл
Ээ дээ, худлаа юм шиг байна

Вашингтон хот, 2010.08.26

* Миний бага охин Аялгуун Korean Air-ын онгоцыг
Pepsi-plane гээд байхаар нь харсан чинь нээрээ
эмблем нь төстэй байсан байна лээ.
Бүрэн эхээр нь...

Monday, August 2, 2010

I AM BACK

Хэд хэдэн шалтгаанаар
Хоёр сар сураг алдрав, би
Адал явдал тасралгүй үргэлжилсээр
АНУ-д ирээд нэг амьсгаа аван сууна

Вашингтон хот, 2010.08.02 Бүрэн эхээр нь...

Wednesday, June 2, 2010

ХҮҮХДИЙН БАЯР

Хүүхдийн баяраар
Хүүхдийн парк үгүйлэгдэнэ
Хөх боржин талбайд шавсан хүүхдүүд
Хогон дунд баярлах гэж хичээнэ

Улаанбаатар, 2010.06.01 Бүрэн эхээр нь...