Tuesday, July 14, 2009

МАЗААХАЙ

Хүдэрт найзындаа очлоо
Хаанаас ч олсон нь мэдэгдэхгүй
Нэг бамбарууш байх юм
Нэр мэртэй бас, Мазаахай гээд

Өөрийгөө нохой гээд бодчихсон
Өхөөрдөм амьтан байх юм
Ноход даган гүйх мөртөө
Нэг мэдэхнээ л модонд гарчихна

Холтос дуугарган бууж ирээд
Хүн дагаад майга майга алхана
Эхийгээ санадаг юм уу даа
Эрхий хуруугаа хөхөөд архирна

Сарвууных нь хумсны уртыг яана
Сав л хийвэл хүнээс зуурч зогсоно
Хоёр хөл дээрээ босоод ирэхээр
Хөвчийн хүрэн мөнөөс мөн дөө

Сүүн шүд нь унаад дууссан болохоор
Сүрхий чанга хазаж чадахгүй
Байсгээд л хазаж ноолох гэнэ
Барилдаж бүр тонгорч унагаах гэнэ

Хүүхэд шиг эрхлүүлэн тоглох гэвч
Хурц хумс нь айдас төрүүлнэ
Хүний идэж байгааг иднэ
Хүнээс илүү цэцэг ногоо зулгаана

Томрох тусмаа аюул дагуулах
Томоогүй бамбарууш өссөөр байна
Манайхан дотносон дуудахдаа
Мазаахай биш Батсайхан болгоод ирсэнсэн

Ийм нэг амьтан тэнд үлдлээ
Ирээдүй нь харин дэндүү бүрхэг
Хүн ч биш, баавгай ч биш хүмүүжиж
Хөвчийн амьдралаасаа тасарсаар байна

Хүн гээд итгэчихвэл нэг өдөр аашлаад
Хүн амины хэрэгт орох нь тодорхой
Баавгай гээд хөөгөөд явуулбал
Буу барьсан нэгэн рүү гүйж очно доо

Хөвчийнхээ эзэн болоод
Хөндлөн алхах заяа байхгүй биз
Аса циркт авчирч өгөөд
Ах нар шиг нь Батсайханыгаа эргэхсэн

Сэлэнгэ, Хүдэр сум, 2009.07.13

No comments:

Post a Comment