Thursday, July 7, 2011

АМЬД Л БАЙНА

Амьд уу гэвэл
Амьд л байна
Алив хэлээ гарга гэвэл
Айхгүй гаргаад үзүүлнэ

Надаас шүлэг нэхэх хүн
Нартад байна гэхээр сайхан ч
Бичээд сууя гэхээр
Бийр минь гологдох биз ээ, одоо

Огт бичихгүй байна уу гэж үү
Овоо их юм бичсээн
Хаана вэ гэж үү
Халуун зүрхэндээ ...

Вашингтон хот
2011.07.07

2 comments:

  1. "Бичээд сууя гэхээр
    Бийр минь гологдох биз ээ, одоо" гэнэ ээ?

    Эрхэм залуу найрагчийн
    Эргэлзээ төрүүлэм энэ үг
    Бийрээ голсон бичээчийн
    Бэргэж хулгасан үг биш
    Биеэ голсон хүмүүний
    Бичихээ залхуурсан тайлбар байна.

    Тэнгэрт тэтгэгдсэн Монголын
    Чонон хийморьтой найрагч
    Тэгтлээ шалчийж орхисны
    Цаад учир нь юу юм бол?

    Насны залуудаа Пушкин хүртэл
    Найргийн Хандра тусан гунихарч
    Нанчид хүүхэн хоёрт толгойгоо мэдүүлээгүй ч
    Нартаас зүрхэндээ сумтай буцах хүртлээ

    Орос найргийн тэнгэрт заларч
    Оргилж буцалж, бүр дэвэрч
    Охид, найраг хоёроор халуурч
    Онгодтой явсаар дууссан юм шүү,

    Тэр хэзээ ч найргаасаа урваагүй
    Тэрлэж туурвидаг бийрээ голоогүй
    Тэрслүү шүлэгчийн бардам зангаар харин
    Тэргүүн гудайхгүй явсаар од шиг харвасан юм.

    Гэтэл эрхэм залуу найрагч Та
    Гэнэтхэн хий нь гарчихсан бөмбөлөг шиг шалчийж
    Гэмгүй үнэнч бийр үзгээ голоод
    Гэрэл цацраан ундрах найргаасаа урваж

    Амаа ангайж, хэлээ харуулахдаа тулж
    Амьд яваагаа нотлох маягийн юм бичиглэж
    Авьяас билгээ хуучин гутал шиг тайлаад орхивол
    Аз чинь гомдож авьяас чинь гундах нигууртай шүү!

    Бодох юмгүй ээ, наад бийрээ аваад бич!!!
    Босоо хиймортой монгол эр хүн л юм бол
    Халуун зүрхэндээ хадгалж яваа найргийнхаа хураар
    Хайртай дотно бүгдийнхээ сэтгэлийн цангааг тайл!

    Эргэн тойрон уйтгар, цөхрөл шүглэж
    Энэ хорвоо дэндүү хүйтэн санагдлаа ч
    Эмнэг хангал шиг омголон зүрхээ эрхшээж
    Эр хүн шиг бай, тэргүүнээ бүү гудай!!!

    Улаанбаатар, 2011.07.27

    ReplyDelete
  2. Үнэн үг
    Үнэн гээчээсээ хүчтэй аж
    Онож хэлсэн үг
    Оногдох байнаасаа учиртай аж ...

    Буруугаа би хүлээж байна
    Бултаж зугтаад ч хаачих билээ
    Залхуурсан нь үнэн үнэн
    Залруулж харин хэдэн үг хэлье:

    Бийр намайг голохоос
    Би түүнийг голохгүй
    Биеэ өмөөрөхдөө тэгэж
    Бийр рүү чихэж байгаа ч юм биш

    Бийр гэдгээр өөрийгөө төлөөлүүлж
    Би гэдэг хүнийг голох биз ээ гэх гэсэн юм
    Гол нь зэвэрсэн буу шиг явахаар
    Голохоос яахав дээ ...

    Энэ нутагт ирсээр яг нэг жил болжээ
    Эргээд мөрөө харлаа
    Ердөө нэг л хоносон мэт боловч
    Ертөнцөө би өөрөө манантуулж амжжээ

    Яагаад гэж бүү асуугаарай
    Яагаадийг нь би өөрөө олоод харчихсан
    Цаашид яаж явахыг минь л хараарай
    Цаг гаргаж блог руу минь орж байгаарай

    Вашингтон хот
    2011.07.27

    ReplyDelete