Monday, March 18, 2013

НЭГ САЙН ӨВТГӨЛӨӨ

Оюу толгойд зочлоод ирлээ
Олз омог ихтэй явлаа
Зуу зуун бодолд автлаа
Зүрхээ нэг сайн өвтгөлөө

Улаанбаатар,
2013.03.17 Бүрэн эхээр нь...

Friday, March 8, 2013

БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ

Хүний хорвоогийн гэрэл гэгээ
Хүсэл мөрөөдлийн нэгэн утга
Эр хүний бурхан түшээ
Эмэгтэй хүн Танд баярын мэнд хүргэе!

Улаанбаатар,
2013.03.08 Бүрэн эхээр нь...

Wednesday, February 13, 2013

ОДОО МЭДНЭ

Хүүхэд насанд хүргэж өгдөг
Галт тэрэг хэрвээ байдаг бол
Хүн бүхэн сууна даа гэж
Хааяа би боддог юм ...

Хэрвээ байвал би ч бас сууна
Харин тэнд үлдэхгүй ээ
Хайрлаж чадалгүй гээсэн бүхнээ
Хамж аваад буцаад сууна

Уут дүүрэн шагайгаа
Ур сайтай монгол шатраа
Дөрвөн төгрөгний үзгээ
Дүүртэл тоо бодсон дэвтрээ

Баатарчуудын тэмдгээ
Булигаран сурагч цүнхээ
Чихрийн цаасны цуглуулгаа
Чиг сайтай чавхаа аваад гарна

Ээжийн гарын боорцогноос
Эрүү шалгасан хатуу ааруулнаас хармаалаад
Баавгай нэртэй нохойныхоо зургийг дараад
Буурал болоогүй аав, ээждээ үнсүүлээд ирнэ

Миний юм гээд харамлах биз
Миний бага нас
Уйлуулж, орилуулж байгаад ч
Учирлаж, ухааруулж байгаад ч гэсэн авна

Ямар үнэтэй эдийг мэдэлгүй
Явдал дундаа чи нэг, нэгээр нь гээнэ
Алив өгөөд аль
Арчиж, арчилж, хадгалж явъя би

Үр хүүхдэдээ үзүүлээд
Үлгэр домог шиг дурсамж яриад
Гэр дүүрэн шагай дэлгээд жишээ нь
Ганц нэгээр нь няслаж сууя би гэнэ

Өрөвч болохоор тэр Чука
Өгөх байх аа, надад
Хаяж би тэднийг гээхгүй
Харамсах үе ирдгийг одоо мэднэ

Улаанбаатар
2013.02.14  Бүрэн эхээр нь...

Tuesday, February 12, 2013

БҮТЭЭЛ

Ямар сайхан ном болоо вэ
Яаж Тан шиг бүтээл гаргах вэ гэж
Танил бүсгүй ярьж байна
Тэрүүхэндээ цагаахан атаархаж байна гэнэ ...

Үгүй дээ, бүсгүй минь
Үсэг, үг холбосон миний номхоны дэргэд
Эрүүл саруул хүүхэд төрүүлээд
Эр нөхрөө баярлуулж яваа чинь том бүтээл юм шүү

Тайлбарлаж чамд хэлэх гээд
Таван үг холбочихлоо
Үүнийг шүлэг гэж тоовол
Үндсэндээ чи бас бүтээчихлээ

Улаанбаатар
2013.02.13

Бүрэн эхээр нь...

УУЦ БА ӨВЧҮҮ

Ууц л гэнэ, өвчүү л гэнэ
Ууцлуулж, өвчлүүлтэл мал малласан мэт
Айлын хотноос мал худалдаж тавьчихаад
Ай, тарган сайхан онд орлоо гээд сууж байх юм

Өвөл, зунгүй арчилж мал болгочихоод
Өөх махыг нь тогтоочихоод
Хаврын эхний өдөртэй уралдан төхөөрөөд
Харж байна уу, тарган байна уу гээд сууж баймаарсан ...

Улаанбаатар
2013.02.13
Шинийн гурван

Бүрэн эхээр нь...

АГНАЖ ЯВАХААС

Амьтны амь тасалж болохгүй жил гэж
Айлдсан байна гэнэ, зурхайн номонд
Аймаар сонсогдож байна шүү
Айнгаа залбирангаа агнаж явахаас ...

Улаанбаатар
2013.02.13

Бүрэн эхээр нь...

Saturday, February 9, 2013

МЭНДЧИЛГЭЭ

Намайг мэдэх хүн бүрт зориулав

Гэрлийн хурдаар эргэх цагийн хүрд
Гэнэдэж ямар зогсох биш дээ
Хүссэн хүсээгүй нас нэмсээр
Хүрээд ирлээ дээ, дахиад нэгэн хавар ...

Насны ялгааг үл тоон нөхөрлөж
Нэгэн цаг үед амьдарч яваа Та бүхэндээ
Сар шинийн мэндийг хүргэн мэндчилж
Сайн, сайхан бүхнийг хүсэн ерөөе !


Улаанбаатар
2013.02.10 Битүүний өдөр



Бүрэн эхээр нь...

Wednesday, January 30, 2013

МИНИЙ БУРУУ














Живой или неживой нь мэдэгдэхгүй
Жил шахам алга болчихжээ, миний буруу
Бодол юугаа хурцланхан
Блогоо үргэлжлүүлээгүй байна, миний буруу

Дэвэн дэлхийгээр тэнэж яваад
Дөч хүрчихэж, миний буруу
Андынхаа үгэнд ороод
Анхныхаа номыг хэвлүүлчихлээ, миний буруу

Улаанбаатар
2013.01.24 


Бүрэн эхээр нь...

Monday, March 19, 2012

ШИЙДВЭР

Бодоод бодоод
Бодын шийр дөрөв гэдэг шиг
Сайтар эргэцүүлэн бодсоны эцэст
Сонин гэж хүн хэлэхээр шийдвэр гаргав, би

"Хугацаат" албаа дуусгалгүй
Хүний биш өөрийн хүслээр
Эл албаа хүлээлгэн өгөөд
Эх нутагтаа буцахаар шийдэв

Хийх ажлаасаа халширсангүй
Хамт олноосоо зугтсангүй
Эхнэрээ дэмжин хамт байх гэсэн юм
Энгийн мөртөө ийм л ганц шалтгааныг хэлье

Олоод хэл гэвэл
Олон шалтгаан байна
Тэр бүгдийг энд тоочиж
Тэнэгээрээ дуудуулаад юу гэхэв

Ямартаа ч харихаар шийдэв
Яаранхан, өдөр хоногийг тоолонхон сууна ...


Вашингтон хот
2012.03.19 Бүрэн эхээр нь...

Wednesday, March 7, 2012

ХАНЬДАА

Алаг зүрхний минь хайрын эзэн
Амьдралын минь ухаант түшиг
Айл гэрийн минь халамжит ээж
Алаг нүдэн сайхан бүсгүй минь ээ

Хүсэл тачаалын минь тансаг орон
Хөврөх насны минь утга учир
Хувь тавилангийн минь амин холбоо
Хүний төрхт амьд бурхан минь ээ

Төрсөн өдрөөр чинь хамт байж чадаагүй ч баярын мэндийг зүрхнийхээ угаас дэвшүүлж,
бүх газарт чинь дахин дахин үнссэн гэж тооцоорой.


Вашингтон хот
2012.02.14
Гэгээн хайрын өдөр Бүрэн эхээр нь...

Tuesday, January 24, 2012

ТӨРСӨН ӨДӨР

Үхэх, төрөхийн завсар
Үнэн, худлын дунд
Гуниг, жаргалын солионд
Гучин ес насалжээ

Ээж минь амьд байсан бол нэг цэцэг бариад очихсон доо ...

Вашингтон хот, 2012.01.24 Бүрэн эхээр нь...

Friday, January 6, 2012

НЭГЭН ШИНЭ ОН

Нэгэн он солигдож
Нас нэгээр нэмэгдэв
Нөхөддөө ч мэнд дэвшүүлэлгүй
Нэгийг бодогдуулан өдийг хүрэв

Намайг мэдэх хүн бүрт шинэ оны мэндийг хоцроод ч атугай дэвшүүлье. Хүлээн авна уу.

Вашингтон хот, 2012.01.06 Бүрэн эхээр нь...

Monday, August 22, 2011

СОНГО

Тэвч, тэмц, амьдар
Тэгэж үл чадваас үх
Үр хүүхэд, үргэлжлэлээ бод
Үлгэн салган бүү алх

Вашингтон, 2011.08.22 Бүрэн эхээр нь...

Friday, July 29, 2011

НЭГЭН ЖИЛ

Нэрийг нь сонссон ч хөл тавьж байгаагүй
Нэгдсэн Улсад ирсээр нэгэн жил өнгөрчээ
Төрсөн нутгаа санан бэтгэрсэн хэдий ч
Төрдөө өргөсөн тангарагаа бодон тэвчжээ

Үүрээс үдэш хүрэхийн адил хурдан өнгөрсөн ч
Үзсэн харсан, сурсан бүтээсэн зүйл арвин байжээ
Эрүүл саруул, ухаантай, ухамсартай байж
Энэ албаа нэр төртэй залгуулж байгаад буцна даа ...

Вашингтон хот
2011.07.29 Бүрэн эхээр нь...

Wednesday, July 27, 2011

ГАЛУУ БИД ХОЁР

Гүүрэн дээр алхаж явна
Голоор нь биш захаар нь, мэдээж
Тэр голоор нь машин унаа явах учир
Тэнд алхвал хэрэг тарих биз ...

Хар галуу нисэж явна
Баруунаас зүүн тал руу
Хаашаа явахаа мэдэж байх шиг
Булхиагүй, нэгэн зүгт нисэж байна

Энэ нөхөр юунд зорин
Эрчтэйхэн нисэж явна вэ
Ингэхэд би ч гэсэн хаашаагаа
Ингэтлээ хөлрөн алхана вэ ...

Бодоод байх юу байх вэ
Бор ходоодоо тэжээх гэсэн хоёр л байна
Нэг нь загас, жараахай руу дэвэж
Нөгөө нь ажил руугаа тэмүүлж яваа нь энэ ...


Вашингтон хот, Арлингтон хотыг холбосон Key Bridge
2011.07.27
Бүрэн эхээр нь...