Орчлонгийн энэ амьдралд
Олонтойгоо л яваарай гэсэн
Буурал ээжийн минь захиас
Бодлоос ердөө гардаггүй юм
Олонтойгоо явах
Олны дунд явахаас ялгаатайг
Хүүхэд байхдаа анзаарсан биш
Хожмоо л ухаарч явна даа
Ухаарч байгаа нь энэ гээд
Ул долоочих гэж явсангүй
Үгэнд нь орж байна гээд
Үнсэж тэвэрч нялуурсангүй
Эрх мэдэлтнийг дагалдан
Эрх чөлөөгөө худалдан далбаасангүй
Бийлэгжүү нэгнийг даган
Бэрдийн зан гаргасангүй
Өөгүй сайн хүн байна гээд
Өөрөөсөө урван будилсангүй
Сайхан хүн хараад
Сэтгэл зүрхнээсээ урвасангүй
Хуучны танил гээд
Хулгасангүй, сэтгэлээ хөдөлгөсөнгүй
Шинэ танил гээд
Шүлс гоожуулсангүй, дайжсангүй ...
Олонтойгоо явна гэдгийг
Олон аашийг мэдрэх, хүндлэх
Таарсангүй, тохирсонгүй гээд
Тээршаахгүй, уйдахгүй байж
Хүн бүрийн дотоод ертөнцийг танин
Хүн бүрт өөрийгөө нуулгүй дэлгэн
Саараас нь илүү сайхан талыг нь олж
Саараа нууж, сайхнаараа харьцаж
Өөрийнхөөрөө байхад нь
Өөртөө хэрэгтэйг нь өмчилж
Өөрөө ч гэсэн бусдад уншигдахын тулд
Өөрийнхөөрөө байсны эцэст
Надад тоогдсон, хайрлагдсан
Намайг тойрсон, үгүйлсэн
Тоотойхон ч гэлээ хэдэн хүнтэй
Тоост хорвоод амьдарч явахыг хэлнэ ээ, би лав
Улаанбаатар, 2009.06.12
Friday, June 12, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
Та яг олж бичих юмаа. Миний бусдад мэдүүлэхийг хүсдэг бас миний мэддэггүй мөртлөө мждүүлэхийг хүсдэг бүхий л юмыг биччихэж. Таныг хүндэтгэн биширсэн нэгэн.
ReplyDelete