Friday, June 12, 2009

ШҮҮРҮҮЛСЭН ХУРГАНЫ БОДОЛ

Хөөе, хөөе, цаана чинь
Хөх нохой явж байна
Тэр, тэр, харав уу
Тээр мод руу орлоо ...

Нээрээ нэг чоно
Нэвсийчихсэн давхиж явна
Дурандлаа, оллоо
Дун цагаан хурга үүрчихсэн явна

Эрт гарсан бололтой юм
Эмээл шиг том харагдаж байна
Арвалзаад хөдлөөд явна
Амиа бүрэн тавиагүй бололтой

Бэлтрэг гаргасан гичий чоно
Бултан нуугдаж ирээд
Бэлчээрээс хурга шүүрэн
Буруу хараад гялалзаж байгаа нь тэр аж

Амийг нь таслалгүй авч очоод
Амьдаар нь бэлтгэлийн мешок болгон
Хэдэн гөлгөөрөө ноолуулан
Хичээл заах гэж байгаа биз ...

Энэ чоно ч яахав
Эхийнхээ дэргэдээс шүүрүүлэн
Майлах дуу нь ч гарахгүй яваа
Магнай халзан хурга юу бодож яваа бол:

Ээж минь, эх минь
Энэ одоо юу вэ
Эвгүй үнэртэй энэ саарал чинь
Эзний минь нохой биш юм уу

Сэжиг авах нь ч авсан юм
Сэмхэн гэтээд дэндүү ойртчихож
Босоод зугтаж амжсангүй ээ
Багалзуураас зуурчихлаа

Аварч чадахгүй юм уу, ээж ээ
Аймаар өвдөөд байна шүү дээ
Адилхан дөрвөн хөлтэй амьтад байж
Араа шүдгүй юм уу, бид

Яах уу, ээж ээ
Ядаж аав минь хаана байдаг юм
Тэр хуц бас дийлэхгүй юу
Тэнхээ нь энэнийхээс бага юм уу

Эзэн минь хараагүй юм байх даа
Эргээд би зөндөө майлсан шүү дээ
Одоо юун майлах манатай
Орон гаран ухаан балартаж явна

Явна ч гэж дээ, ээж минь
Яах аргагүй үүрүүлээд
Хайрт эх танаасаа улам холдон
Хамар даваад алсалж байх шиг байна

Нүд нээхэд л аманд орсон сүү тань
Нялх мөртлөө шимтэй цэцэг, ногоо
Дахиж надад олдохгүй дээ, тээ
Дөрвөн хөл дээрээ ч зогсохгүй дээ, тээ

Хөлд орон таныгаа нэг баярлуулсансан
Хаврыг даван эзнээ нэг баярлуулсансан
Сүүл ороод сүргээ нэг баярлуулсансан
Сүрхий мөргөлдөөд өөрийгөө нэг баярлуулсансан

Хамт өвөлжиж танд дулаанаа өгөх гэсэн юм
Хонь болж эзнээ баярлуулах гэсэн юм
Хуц болж сүргээ баярлуулах гэсэн юм
Хүсэл минь ингээд худлаа болсон уу, ээж ээ

Тэнгэр ийм сайхан хөх бил үү
Тэнэг би урд нь анзаараагүй байж
Амьсгал боогдоод байна
Аймаар байна аа, ээж ээ, ингээд бүхнээсээ салах ...

Улаанбаатар, 2009.06.12

No comments:

Post a Comment