Tuesday, February 16, 2010

ААВЫН ҮГҮЙД

Аавын таяг ганцаардсан харагдаад
Аавын суудал эзнээ үгүйлээд
Аавын нохой золбоогүй хэвтэсхийгээд
Аавын гэр зочингүй хоосон оргиод

Аавын үгүйд угтсан
Анхны Цагаан сар утгагүй санагдаад ...

Налайх, 2010.02.15 Бүрэн эхээр нь...

Thursday, February 4, 2010

ПАМЯТИ ВИКТОРА ЦОЯ

Виктор Цойгийн дурсгалд зориулсан Игорь Тальковын дууг чадан ядан орчуулав. Хоёулаа л миний оюутан цагийн шүтээн байлаа. Хоёулаа одоо хорвоод байхгүй. Гэхдээ тэд мартагдахгүй ...

Найрагчид тохиолдлоор төрдөггүй юм
Нарт ертөнцөд алсаас нисэн ирдэг юм
Тойрог төөрөг нь нууцлаг хэдий ч
Тэд үнэндээ нээлттэй бас энгийн

Бурхадын тийм элчдийн нүд
Бусдаас уйтгартай, мөрөөдөлдөө үнэнч
Харанхуйд төөрсөн бүхнийг гэрэлтүүлж
Хамаг асуудлыг мартуулж явдаг

Даалгавраа гүйцэтгээд тэд буцдаг
Дээд Тэнгэрүүд нь дуудчихдаг
Ойлгож бид мэдэх биш дээ
Огторгуйн тоглоомын дүрмийг

Жүжигчин, хөгжимчин, найрагчид
Жирийн биднийг сэтгэлийг сэргээгчид ...
Бадагаа гүйцээлгүй тэд буцдаг
Бараг хөгжим нь эгшиглэж байхад шүү

Ойд шувууд тэдний дууг үргэлжлүүлдэг
Орчлонд тэднийг дурсан цэцэгс найгадаг
Алсын алсад одсон ч, тэд
Амьдарсаар байдаг юм, дуу, шүлэгэндээ

Магадгүй, өнөөдөр ч, маргааш ч
Миний бие ч нууцлагхан яваад өгнө
Найрагч, хөгжмийн зохиолч Виктор Цойгийн араас
Нисээд гэнэтхэн яваад өгнө

Улаанбаатар, 2010.02.05
Бүрэн эхээр нь...

Wednesday, February 3, 2010

САНАСАН БАЙНА

Үүр цайж наран гарав
Үүрэг эхэлж ажилдаа ирэв
Шинэ долоо хоног эхлэв
Ширээ сандлаа санасан байна

Улаанбаатар, 2010.02.08 Бүрэн эхээр нь...

Tuesday, January 26, 2010

ЯАМААР Ч ЮМ БЭ ДЭЭ

Монголд цас оров
Мөн их гай яа
"Үзэгдээгүй юм" үзэгдэж
Үнэндээ балрав гэнэ ээ

Өрөм гэхээр сүү
Өвөл гэхээр цас бодогддог баймаар
Гайгүй биз дээ гээд
Гараа хумхиад сууж байж дээ, янз нь

Тэгээд одоо яахав дээ
Тэвдээд сүйд болж байна
Хандив, өргөл хайсан
Хачин хөдөлгөөн моодонд оров

Уриалга нэртэй юм гаргаад
Улс амьтныг шахаж байна
Өнгө өнгийн юм ярьж байгаад
Өдрийн цалин салгах янзтай

Яамаар ч юм бэ дээ ...

Дэмжихгүй барихгүй гэхээр
Дээлтэй монгол малгүй хоцорч
Дэлхийд шившиг болцгоож
Дэлдэн чих олшрох вий дээ

Дэмжинэ ээ, хөө
Дэлгэр зунаар харин
Захын малчин айлд очоод
Зааж байгаад ганц ямаа авна гэчихвэл

Дээрэм, хулгайд сэрдэгдээд
Дэмий юм болох юм болов уу
Яая даа байз
Яамаар ч юм бэ дээ

Төрийн хамгаалалттай
Түмэн ардын баялаг гэж бодохоор
Өмссөн хүрмээрээ нэмнээ хийгээд
Өвс, будаанд нь ч бас нэмэр болчихмоор

Зун намартаа айраг, наадам хэсээд
Зусаг, борлонгоо үнэ хүргээд
Миний мал миний өмч гэдгийг нь санахаар
Малчид аа, горьд гээд гэдийчихмээр

Эвгүй шалаанд орлоо шүү
Эвтэйхэн гарах арга байна уу, таминь ээ
Яая даа байз
Яамаар ч юм бэ дээ

Өвгөндөө нэг хонь өгчих
Өвөл мөнгийг нь аваарай гээд
Намар нэг багийн даргад хандсан бол
Нармайгаа нээлгэх байсан биз

Өвөл гэж өвлийг хэлдгийг мартсан
Өнөө цагийн зарим малчдыг яая даа байз
Айл бүхнийг хариуцаад явах учиртай
Аймаг, сум, багийн дарга нарыг яая даа байз

Хандивласан мөнгө эзэддээ
Хивэг, өвс болоод очдог бол өөр хэрэг
Шат шат дамжин цөөрөөд
Шахааны бараа болоод хотонд очих биз

Төрийн албан хаагч гэхээрээ
Түмнээсээ ямар тасарсан байх биш
Хөдөөд ах дүү, хамаатангүй хэн байх билээ
Хүн хүн л дотроо шаналж яваа шүү дээ

Цалингаас хэдэн юм илүүчлээд
Цай, хивэгхэн болгоод
Хөдөө байдаг найздаа өгөх гэсэн юмсан
Хотод суугаа хэдийн тархины зуданд өгөх нь дээ

Яамаар ч юм бэ дээ ...

Улаанбаатар, 2010.01.26
Бүрэн эхээр нь...

Monday, January 25, 2010

СЭГСГЭРЭЭС

Миний төрсөн өдөрт зориулж Сэгсгэр андаас бичсэн шүлэг. Эхний үсэгнүүдээс нь миний нэр бүтэх юм байна. Гэхдээ Ччууллууууннххүүүү гээд жаахан уучихсан маягтай л сонсогдох байх.

Чухам ийм л өдөр, өвлийг гийгүүлэгч нар өлчиржихөд
Чулуун дээгүүр хүмүүс дааран, халууцан алхахад
Урдах зам хаа хүргэхийг хэн нь ч эс төсөөлөн зөнгөөрөө туулахад
Уй хүсэлт цаг хугацаа халааснаас гээгдэн нөгчихөд

Лааны царцмаг лаврин үдшээр дурсгал болон үлдэхэд
Лавтайяа би энэ орчлонд зуур хоносноо санахад
Учрал баяр, ирэх өдрүүд бийрийн үзүүрээс мэндлэхэд
Учраа олохгүй өөрийгөө танихгүй ч харцаа өргөж угтахад

Угаагдсан хүслээ намрын салхинд зоргоор хийсгэн өндийхөд
Унтаа нойрмог цээжний аглагт хүмүүс дуу алдан зөрөхөд
Нас зүсээ огоорон танил ахуйд уусан шингээд гэмэрхэхэд
Намайг танихгүй ертөнц дээр өрөөсөн хөл дээрээ зогсоход

Хүмүүн бусын аялгуут мэдрэмж хаанаас ч юм бэ дуурсахад
Хүч чадал сэм хуралдаад ирсэн зүг рүүгээ буцмаар санагдахад
Үүрийн шөнөөр ээжээ дуудаж өөртөө ирлээ гэж зүүдлэгдэхэд
Үрийнхээ хайрыг элгэндээ бөмбөрүүлж алгандаа атгаад босоход

Үйл заяаны нүцгэн харгуйд нүдээ мартан зоримог шуударахад
Үдийн наран тэнгэрт зүүгдчихээд тэндэхийн баяраар сэтгэл илбэлээ

Сэгсгэр, Улаанбаатар, 2010.01.25
Бүрэн эхээр нь...

Sunday, January 24, 2010

ТӨРСӨН ӨДӨР

Газар дэлхийн хэвлийд
Гучин долоон жил жирийлгэжээ, би

Улаанбаатар
2010.01.24 Бүрэн эхээр нь...

Thursday, January 21, 2010

ЯЛГАА ЮУ БАЙНА

Жинстэй ноёд
Жийптэй дарга хоёрын ялгаа юу байна
Жин тээсэн ард
Жижиг ганзагачин хоёрын ялгаа юу байна

Хүрээний гамин
Хүрз барьсан хужаа хоёрын ялгаа юу байна
Луухааны гуанз
"Лянь Хэ" ресторан хоёрын ялгаа юу байна

Ямар ч ялгаагүй
Яг л адил шив дээ
Зуун жил өнгөрсөн ч
Зурсан зураг шиг хэвээрээ шив дээ ...

Улаанбаатар, 2010.01.22
Бүрэн эхээр нь...

Wednesday, January 20, 2010

ЁР

Зуун грамм, ширхэг янжуур ч
Зул, зураг ёрлоно ...

Улаанбаатар, 2010.01.21 Бүрэн эхээр нь...

Tuesday, January 12, 2010

ЭЛЭГ ЭМТРЭХ АЖ

Ургаа мод нь цөөрсөөр
Урсгал гол нь татарсаар
Ногоон нуга нь цөлжсөөр
Нуур цөөрөм нь ширгэсээр

Ан амьтан нь үгүйрсээр
Агаар мандал нь бохирдсоор
Эрдэс баялаг нь цөмлөгдсөөр
Эргэх тэнхлэг нь хазайсаар

Онгон байгаль нь сүйдсээр
Онгичуулсан нүх нь нэмэгдсээр
Мөсөн уул нь хайлсаар
Мөнх мэт давтамж нь алдагдсаар

Ай, зайлуул
Алаг дэлхий нүдэн дээр өөрчлөгдөж байна
Эргээд хэзээ ч хуучиндаа орохгүй гэхээр
Элэг эмтрэх аж

Улаанбаатар, 2010.01.13
Бүрэн эхээр нь...

НАР ЦАГ ЗӨРӨХҮЙ

Ой дундуур алхав
Ойр хавьд амьтан үгүй мэт
Өчигдөрхөн шуурсан цасанд харин
Өчнөөн мөр үлдсэн үзэгдэнэ

Хэвтээд боссон гөрөөс
Холхиж эргэлдсэн үнэг
Яарамгүй шогшсон чоно гээд
Янз бүрийн амьтны мөр дурайна

Амьтан хайх миний бие
Арилаад өгсөн тэд нар
Нар цаг зөрөхүй дор
Нэг газар л яваад байх юм даа

Тэрэлж, Туул-Тэрэлжийн бэлчир
2010.01.01
Бүрэн эхээр нь...

Thursday, January 7, 2010

ШИД

Эмэгтэй хүн айхтар
Эр хүнийг гаргаахгүй
Зөв ч юм хийлгэнэ
Золигийн ч юм хийлгэнэ

Улаанбаатар, 2010.01.08 Бүрэн эхээр нь...

Wednesday, January 6, 2010

ӨВЛИЙН БОРОО

Бодолд бороо оров
Бодол тэнэгэрдээд явчив
Хөхөө өвлийн улиралд
Хөшигөн бороо асгарав

Сэтгэл нэг л амгалан
Сэлэнгийн урсгал шиг намуухан
Ай даа, сайхан бороо
Амьдралд дурлуулсан мэдрэмж ...

Улаанбаатар, 2010.01.07 Бүрэн эхээр нь...

Monday, January 4, 2010

ГЭНЭН БАЙНА ДАА

Нэг сарын нэгэнд
Нар голлох үдэд
Зам хөндлөн чоно гүйв
Зайлуул даа, бага амьтан байна

Ижил хийморь гэхээсээ
Ижлээсээ шөнө салаад
Гүйдэг цагаасаа хоцорсон
Гөлөгөн чоныг би өрөвдөв

Эх нь эрс дагуулж шогшуулаад
Энэ жилийн бэлтрэг төлөвлөж яваа биз
Бие даах амьдралаа
Болчимгүй эхэлж байна даа, тэр чонохон

Буутай машин таарвал яана
Буу пад, тэр пүд шүү дээ
Гэнэн байна, тэнэг байна
Гөрөөнд шөнө явж байгаасай билээ

Улаанбаатараас Налайх орох замд
2010.01.01 12.30
Бүрэн эхээр нь...

ЗҮРХ МИНЬ ДЭЭ

Гадаах хасах дөчийн жаварт
Гарт нэмэх гучин долоотой цус гүйлгэх гэж
Цээжний гүнд зүрх хичээнгүйлэн цохилно
Цэвэр агаар хүсэмжлэн уушиг түүнийг дэмжинэ ...

Улаанбаатар, 2010.01.05 Бүрэн эхээр нь...

ХӨӨРХИЙ

Монголын төр байгуулагдсаны 803 гэх
Монгол Улс тусгаар тогтносны 85 гэх
Манжаас чөлөөлөгдсөний 98 гэх
Миний толгой бүр эргэж дууслаа, хөөрхий

Ямар ч байсан 2010 он гарчихлаа
Ядаж байхад удахгүй хуучнаар жил солигдоно
Хэзээ баярлахаа сайн мэдэхгүйгээс
Хэнд ч баяр хүргэж чадалгүй өнгөрөв өө, хөөрхий

Улаанбаатар, 2010.01.05 Бүрэн эхээр нь...