Wednesday, April 29, 2009
НАДАД ИРҮҮЛСЭН МЭНДЧИЛГЭЭ
Б.ЧУЛУУНХҮҮД
Сүлдэнд мөнхөрч дуунд алдаршсан
Сүүл дэлээр нь есөн тугаа хийморьлосон
Сүргийн манлай, хүлгийн сор
Сүрлэг хүрэн азаргаа эмээллэж
Саадаг нумаа агсаж
Шадар нөхдөө дагуулан
Бага нуурыг чиглэж
Баруун Байдлагийг арлаж
Малын дайсан чонотой
Мангиагийн тооцоог хийхээр
Үүр шөнийг тоохгүй
Үдшийн бүрийд ч ажрахгүй
Хөвч хангайг самнаж
Хөх чоныг авлахаар
Ав хоморгод мордон
Ангийн хийморио сэргээсэн
Эрхэм дүүгийн хөрөг дүрийг
Электрон шуудангаар хүлээн аваад
Уулзсан мэт хөхин баярлаж
Удвал ах чинь талархан мэндчилэв.
Ирж байгаа ондоо
Их олзтой байгаарай.
Ав хоморгын хишгээсээ
Ахдаа хүртээж яваарай.
Хурдан буу чинь мэргэн байг.
Хурц мэлмий чинь цэцэн байг.
Унасан хүлэг чинь цуцашгүй байг.
Ухаан бодол чинь цэлмэг байг.
Тэрлэх шүлэг чинь яруухан байг.
Тэнгэрлэг заяа чинь өөдрөг байг.
Санасан үйлс чинь бүтэмжтэй байг.
Санаа сэтгэл чинь уужим байг.
Хийморь лүндаа чинь дээшээ байг.
Хийж бүтээсэн чинь арвин байг.
Ажил үйлс чинь бүтэмжтэй байг.
Амьдрал ахуй чинь хангалуун байг гэж
Ахын сургаал, сэтгэлийн ерөөлийг
Алсын Болгараас дэвшүүлэн ёслов.
Л.У.
2009 оны нэгдүгээр сарын 2-ны өдрийн тахиа цаг.
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment