Wednesday, April 29, 2009

НАДАД ИРҮҮЛСЭН ЗАХИДАЛ

Энэ блог-доо зөвхөн өөрийнхөө бичсэн шүлгүүдийг биш, надад зориулж бусдын бичсэн шүлэг, захидлыг оруулж байя гэж бодлоо.


Сайн байна уу, Чуука.
Сайхан хаваржиж байна уу?

Сураг дуулснаас биш очиж үзээгүй холын хол алсад
Сурахаар одсон эрхэм дүү эх орондоо буцаж ирээд
Сууриа олж бууриа засах гэж 2 сар тарчилсан ч
Сурсан ном, эрдэм чадлаараа арга байхгүй аархан байж
Соёмбон ганжирт номин ордны нэгэн өрөөнд тухлаад
Содон сонин ихтэй цаасан шувуу надад илгээсэнд
Өвгөн буурал ах нь жаахан хүүхэд шиг баярлаж
Өдий хүртэл марталгүй дурсаж яваад чинь талархаж
Өчүүхэн биеийн зүтгэлийг өргөж явсан хамт олноо
Өнөө эргэж дурсаад шүүрс алдан бичиж сууна.
Харийн энэ газар хавар болох нь зун шиг юм.
Хавсрага салхи, шороон шуургагүй нь сайхан юм.
Хов хутгаж, хошного ухагчдаас холхон шиг
Хоног төөрүүлж, хувиа борлуулахад зүгээр л юм.
Гэвч би шуугиж шаагисан сайхан залуус та нарыгаа
Гэгээн дурсгал, хөнгөн гунигтай улирч одсон он цагаа
Гэр хотлоороо бужигнаж явсан элэг бүтэн хамт олноо
Гэнэ гэнэхэн гэнддэг ч зовхи нь өөдөө эрхэм дүүгээ
Ав гөрөө хийхээр зэвсэг агсаж явсан мөчүүдээ
Ангийн хишиг хүртээд ам тосдож явсан өдрүүдээ
Бугын дуу хадсан хөглөгөр ногоон хангайг
Буун дуу тасхийсэн ар шугуйн хормойг
Боохойн зүрхийг чичрүүлсэн Налайхын бор бандийг
Боодогны тосонд бялуурсан амны хишигтэй эрчүүдийг
Эргэн дурсах бүрийд та нар минь нүдэнд харагдаж
Эх орондоо л бид жаргалтай хэмээн өөрийн эрхгүй мэлмэрдэг.
Өдийд манай Монголд энх улирал ханхалж
Өсч төлжихийн билэгдэл цэнхэр яргуй анхалж
Өлөн зөлмөн ардын маань зоо нуруу тэнийж
Өөдрөг явахын заяаг бурхан тэнгэртээ даатгаж
Өөр зуураа найртай амар тайван байхсан гэж
Өглөө үдэшгүй залбиран дээжээ өргөж байгаа биз ээ.
Хаврын салхитай хамт заримынх нь "синдром" хөдлөж
Халуун зуураа хэмхэлдэх үгийн балиус хурцлан
Сульдаж доройтсон засаг руугаа суун тустал нь давшилж
Сувьдаг хомхой заримыг нь нойргүй хонотол шүүмжилж
Сум, аймаг, нийслэлгүй улс төрөөр шуурч
Суулт, жагсаал, цуглаанаар "онгодоо" тахиж байгаа биз ээ.
Хол газар явахад энэ бүхнийг мэдрэхгүй ч
Хор найруулдаг дээдэс, хөлөө жийлцдэг сайдууд,
Хошгируулах мэргэжилтэй улс төрчид, хойноос нь шуурдаг залуус,
Хоёр хуваагдан талцаж биесээ чичилсэн олон түмэн...
Иймэрхүү нэгэн дүр зургийг өдөр хоногийн сэлгээнд
Интернетийн хуудаснаас олж хараад харамсах юм.
Заримдаа бүр хэн нэгнийг газарт ортол нь муулж
Зах дээр суудаг авгай нар шиг интернэтээр хэрэлдэж
Хүний санаанд оромгүй муу үгээр тургилж
Хүүхдийн дэргэд хэлэмгүй хараал зүхэл урсгаж
Уур бухимдлаа тайлдаг ч юм уу, элдвийн юм эрээчиж
Ухаан санаанд багтамгүй "факт баримт" дурдаж
Улаан цайм гүжрээр ч гэмгүй хүнийг лантуудаж
Учрыг нь оломгүй "бохироор" хүний тархи угаах юм.
Харин тэр дунд Бурнак нэртэй нэгэн хүн
Хатуу зөөлөн үгээр бадаг мөр холбож
Болохгүй бүтэхгүйг үйлдсэн төрийн түшмэлүүдийг ичиглэн
Борог энгийн үгээр хорстол ташуурдсаныг ч үзэв, би.
Уншаад байвал таньж мэддэг хүний үг шиг
Ухаарч бодвол хуучны мэргэдийн ёгтлол шиг
Сайтар ажвал айхтар сэхээтний эрэгцүүлэл шиг
Сануулж хэлсэн нь үнэнд ойрхон шүүмжлэл шиг
Авьяас билэгтэй бичиг эрдмийн хүний үзэгнээс
Аргагүй л гарсан мөрүүд байх шиг, чинийх биш биз ?
За тэр ч яахав, би ямар шүүгч биш
Зам мөрөөр нь хайдаг "До яамны" шиншээч биш
Элдвийн хүний үгээр тархиа залдаг мунхаг нь биш
Эрхбиш үнэнийг ойлгох өөрийн толгойтой төрсөн хүн.
Үнэн мөнийг бичсэн бол талархах л хэрэг
Үйлийн үргүй гүжирдсэн бол эгдүүцэх л хэрэг
Үгийн сумаар зэвсэглэсэн ухаантан, мунхаг хоёрын
Үнэн төрхийг ялгахаас цааш алмайрч гайхаад ч яахав...
За хөөрхий, нэг мэдсэн ам халаад хадуурчихаж.
Завхуул яриа хөврүүлж хэрэгтэй хэрэггүйг эрээччихэж.
Захидлын чинь хариуг төсгөж уучлал өршөөл хүсье.
Зав цагийг чинь барсандаа гэмшиж суугаагаа өчье.

Л.У. 2007.03.15

No comments:

Post a Comment