Wednesday, April 29, 2009

ЭР ХҮНИЙ НҮД

Анкарад суугаа ЭСЯ-нд ажиллаж байхдаа нөхөрлөж байсан Дашзэвэгийн Мөнхтөр хэмээх өвөрмөц бөгөөд намайг шүлэглэн ярихад багагүй нөлөө үзүүлсэн хүнтэй саяхан таарав. Урд нь Хэд хэдэн шүлэгийн түүвэр бичсэн хүн. Саяхан "Хамаг залуу нас" нэртэй бас нэгэн түүврээ хэвлүүлснээ надад бэлэглэсэн юм. Тэгсэн чинь тэр дотор, 51-52 дугаар хуудсанд нь надад зориулсан шүлэг явж байх юм. Өөрийнх нь зөвшөөрлийг авч блог-доо тавьлаа.



Б.ЧУЛУУНХҮҮ–д

Дов сондуул, ан гөрөө
Олзонд унадаг
Эр хүний нүд

Дэнд орж амилах
Эрвээхэй мэт
Дэндүү салхитай
Эр хүний нүд

Энэ нүд
Худал хэлж чаддаггүй
Худлаа хэлдэг

Энэ нүд
Томоождоггүй
Томоотой явдаг

Толинд тусах
Лааны гэрэл шиг
Энгэрт унах
Эр хүний нүд ээ

Энэ нүд
Сайхан хүүхнийг уужгүй харж
Дурантай буу шиг онилж явдаг
Сайн морийг уналгүй таниж
Хазаар гүйлгэн исгэрч явдаг
Эр хүний нүд

Энэ нүд
Шүүрс алдам бүсгүйн
Сүүдэрт цохиулах төдий
Шүдэнзний хуурай зомгол шиг
Сүрхийн асдаг

Галын хөх дөл мэт
Ганцхан хормын олзонд
Өөрийгөө
Үрэх дуртай
Үхэх дуртай
Дундаршгүй хүслэнт
Эр хүний нүд

Энэ нүд
Цэнгэл зоогийн газруудад
Дарсны охинд халж явдаг ч
Цэргийн зутруу нуувчинд
Дарийн утаанд хорсож явдаг
Эр хүний нүд ээ

ЭПИЛОГ

“Хүүе цаадахаа харав уу найз минь
Хүүхэн хүний шилбэнд
Тогосын өд шиг хоёр нүд
Тогтсон байх чинь
Томоотой царайлаад
Дүрлийж явах чинь...”

Магтаж дуусаагүй байтал
Манийгаа баллаж орхив
Энэ нүд...

Хүүхэн хонгор зөрөхүй
Хүзүү заамаар нь нил
Эргэж харахын төдий
Ар нуруу дүүрэн

Эр хүний нүд
Энэ нүд !

10.09.2002
25.10.2002 Анкара

1 comment:

  1. hahaha Ene Nud...
    Энэ нүд
    Шүүрс алдам бүсгүйн
    Сүүдэрт цохиулах төдий
    Шүдэнзний хуурай зомгол шиг
    Сүрхийн асдаг

    Unen shu Chukcha.
    MT

    ReplyDelete