Tuesday, April 28, 2009

АНГИЙН ПАЯН

Надад Үнсээ Ганбаа, Унтаа Ганбаа гэж хоёр найз байх. Ан гөрөөнд байнга шахуу хамт явна. Анд мордсон улс бөөн паянтай ирдэг хойно бид ч бас нэг удаа хөгжилтэй л яваад ирж байсан юм. Одоо эргээд уншихад нүдэнд харагдаад сайхан байна аа.


Буурал аавын өргөсөн чулуутай
Баяндавааныхаа овоонд саатан
Эдээний дээжээ өргөн цацлаад
Эрийн хийморио сэргээн баясав ...

Дэлдэн туулай таарав
Дэрсэн дундаа бултаастай
Ангийн дээж гэдэг учир
“Амьд” зүрхийг нь залгив

Бөөвийсөн үнэг таарав
Бөөстэй түүгээр яахав гэвч
Ангийн үүд хаадаг гэх учир
Айлгаж буу тавин домнов

Хаанаас гараад ирэв гэмээр
Халтар мануул гүйж явна
Нүдээ аниад “нуугдаад” байх юм
Нүдээ аниагүй бид харин хараад өнгөрөв

Буудах нь буудсан юм
Буруу харсан байж Унтаа нөхөр
Арван алдын цаадах чулууг
Алдалгүй писхийлгэсэн юм

Биднээс залхсан бололтой
Биндэг биндэг гүйгээд
Тарвага гуайнд зочилчихлоо
Таарсан анчин бид цааш хөдлөв

Гэрлийн үзүүрт нүд
“Гэтээд” очтол хос гур
Яргуйндаа согтоод нам
Яахаа мэдэхгүй зогсох аж

Шагайж шагайж буудах аж
Шал хөндлөн тусах юм
Буун дуунаас үргээд
Буцаж нэг, нааш нэг үсчинэ

Дахиад л буун дуу
Давхиа гөрөөсний хөл доор шороо
Араас нь нэг сум явууллаа
Арилаад өглөө тэр амьтад

Бутны захад дөхөхөд
Баахан ятуу гүйлдэнэ
Үнсээ нөхөр сум тооллоо
Үргэтэл нь буудаад нэг ч байхгүй

Өгсөөд явж байхад гөрөөс таарав
Өрсөж буудах гээд булаацалдав
Унтаа, Үнсээ нөхөд
Урд нь яваа туулайг галлаад унав

Гөрөөсөө харалгүй
Гөрөөлж байгаа нь тэр
Туулай яах вэ дээ
Тэгсгээд гөрөөсөө “дагуулаад” мод руу марш

Таг дээр гараад иртэл
Тарвага шиг амьтан гүйж явна
Шөнө юун тарвага билээ гэтэл
Шөл тос сайтай дорго аж

Туршлагатай л анчид баймаарсан
Тулаад ирэхээр ноль амьтад аж бид
Унтаа-д сумгүй дробинк баригдаж
Надад буугүй калибрийн сум л олдсон

Шархдуулж лав болохгүй гэх Мангиа
Шап шап гээд Лүгэрээрээ шүрших Үнсээ
Байдаггүй ээ, нөгөөх чинь
Бандаганаад мод руу жилийлээ

Дальтын эхээд гарлаа
Дахиад хоёр гөрөөс
Янзтай дошгин байна
Язганаад алга болов

Унтаа хүүхэд унтаад л
Урагшгүй хурхираад л явна
Өгсөөд байлаа, цаашаа
Өвсөн дотор хоёр гөрөөс хэвтэнэ

Буугаад бууд гэхээр нь буулаа
Босоод цааш зугтлаа
Даваагаа давтал дагалаа
Даан ч нэг буудуулахгүй гэнэ

Баруун энгэрээ бариад буцлаа
Буттай газраас нүд өгөх аж
Үнсээ нэг шагайснаа
Үүрэгдэж намайг бууд гэнэ

Байж бай, наашлаад байна
Баараггүй нам буудна шүү гэнэ, Мангиа
Шагайлаа, сайхан нүд ирж явна
Шууд дарах гэснээ түр харлаа

Хүн байна, боль гэнэ
Хүн энд юу хийж явдаг билээ
Оргодол босуул байх
Ойртолгүй холуур яв гэв

Чиглээд ирсэн хүнээс дайжив
Чихэнд танил дуу гарав
Хүлээгээд зогслоо, нүдэндээ итгэсэнгүй
Хурхираад унтаж байсан нөхөр тэнд байна

Хамт яваа хүнээ хаядаг
Хаяснаа мэддэггүй анчин гэж юу байдаг юм
Өөдгүй хулгайч нар
Өөдөөс буу шагайсан юм уу гээд бөөн уур

Чамайг ер нь хэн хэзээ буу гэсэн юм
Чамтай биш гөрөөстэй хөөцөлдөөд харсангүй
Яг буудуулж үхэх гэж байна
Ялд биднийг унагах гэж байна гээд хэрэлдэв

Унтаж байсан нөхөр
Ухасгээд буусныг бид анзаараагүй аж
Унтдаг хүн ажлаа хийж байгаа биз гээд
Урдах гөрөөсөө хараад нилээн явжээ

Найзыгаа намначихаагүйдээ баярлав
Нар ч гарах дөхөөд тэнгэрийн хаяа цайрав
Найдвар тээсэн нэг л ар үлдэв
Намбатайхан буугаад очив

Дөрвөн нүд гэрэлтэнэ
Дөхөөд очсон ч явсангүй
Хэвтрээсээ ч босох янзгүй
Хээвнэг харцгаах аж

Би буудна, би буудна гэнэ
Бүгд буугаа гаргав
Дурандаа харж амжтал
Дүлийртэл хажууд буудлаа

Нэг биш дөрөв буудлаа
Нөгөө хэд чинь нааш цааш гүйлдэнэ
Унтаа нөхрийн буу худлаа аж
Үнсээ харин калибриар нэгийг нь тогтоов

Мань гүйгээд очлоо
Мундаг сайхан эвэртэй гур зогсоно
Баруун урд хөлийг нь оночихжээ
Баашлаад тэр зугтаагүй аж

Хөөж бариад эвэрдээд авлаа
Хөтлөөд аваад ирлээ
Хонь шиг өрлөөд
Хойтохыг нь уншив

Аяга аягаар цус гарах аж
Архитай холиод нөхөд нааж байна
Ийм л маягтай анд явав
Илүү дутууг нь хасахад л ийм байна

Нисдэгээс онгоц буудсангүй
Нийлээд дөрвөн янзын шувуу агнав
Гүйдэгээс чоно харсангүй
Гүвээ давуулаад үнэг ч хөөж давхив

Төв аймаг, Баяндэлгэр, Баруун Байдлаг, 2007.05.01

No comments:

Post a Comment