Wednesday, April 22, 2009

МАРГАХ НЬ

Нэг хэсэг Монгол Улсын сүлдийг өөрчлөх юм яригдаж байсан. Могой зуусан Ханьгардаар сүлдээ хийх ухааны юм яриад л. Баахан сум нум оруулчихсан. Санаж байгаа хүн байгаа байх. Тэр үед буюу 2006 оны эхээр бичсэн нэг сэтгэгдлээ оруулав.

Эхний хувилбартай ярих юм алга, зүгээр л хог болж. Одоо байгаа сүлдний морийг нь малын хулгайч нь нядлаад хаячихаар нь "хашаанд" нь нэгээ сүлдээ хийгээд хорьчихсон байх шив дээ. Нар, сар, галтай сүлдийг минь хонины хот шиг юманд хийгээд битүүлчихэж. Хас тэмдэг гэдэг нэг утгаараа Нарыг илэрхийлдэг гэж сонссон юм байна, Монголд нэг л нар байхад болмоор юм. Тойроод нуль нар гарахаар тэгээд улам л цөлжинө дөө. За, за, тэр эхний хувилбарыг сонгож л балрав даа.

Хоёрдугаар хувилбарын хувьд бас л авах юм алга, гэхдээ инээд хүрээд байна, жаахан юм бичихээс.

"Шар шувуу" хочит Хангарьд гээч яриж байна гэнэ:

За, монголчууд аа, сайн уу
Заяа төөрөгөөр дахиад бид "учирлаа" даа
Зүгээр нэг зам дээр биш
Зүрх сэтгэл болсон сүлдэнд чинь уулзлаа даа

Улаанбаатарын чинь “бэлэг эрхтэн” болж
УБ хүүхнүүдийн сандал болж хэсэг байлаа
Хотын дарга засгийн дарга болсон
Хогийн би тэрийн сүлдэнд заларлаа даа

Сүлд ч гэж дээ, зайлуул
Сүр ихтэй л болохоос миний л барьмал байна
Хорвоод намайг хэн ч хараагүй болохоор
Хамаг чадлаараа фантаазлаад хаяжээ дээ

Зарим нь бүр шар шувуу энэ тэр гэх нь
За даа, юу гэж л доромжлох нь та нарын хэрэг
"Загастай" соёмбыг чинь талийгаачийн чулуу шиг "өшиглөөд"
Залгаагүй сайхан могойн "хадаг" бариад ирлээ дээ, би

Түмэн утгатай төгөлдөр соёмбоо
"Тугалны хашаанд" хийх нэг хувилбар байгаа гэл үү
Тэрнээс чинь би уралдаад харин
Төрөл арилжуулаад "шарил" дээр нь мордоод зогсчихлоо доо

Гэрт нь могой ороод ирэхээр сүү дусаагаад гаргадаг
Гайгүй сайхан заншилтай байсан гэл үү, монголчууд
Сүлдэнд чинь “уригдсан” могойг би лав
Сүнснээс нь салгаад “зуучихлаа” даа

Хар, цагаан тугнаас чинь өнгөтөйг нь л сонголоо
Хар тугандаа сэргээд хангарьд намайг жийчихэж магад
Тайван цаг ирсэн шүү, цагаан тугаа л шүт
Таван сумаа санаад эвтэй найртай байцгаа

Лууг дийлдэг ганц шувуу гэж хөөргөх нэг нь байна
Луу бид хоёр хэзээ ч таарч байгаагүй юм, уг нь
Үндэсний бөхөд чинь ганц нэг жижиг гарьд байгаа
Үнэндээ "хан" гарьд надтай яаж харьцуулах вэ дээ, гэвч

За даа, тэгээд би
Будаа тоншдог шувуу биш
Булааж иддэг махчин "амитан" болж
Үхэшгvй манхийн "кашэй" шиг царайлаад
Үлгэрийн орноос сүлдэнд чинь ирлээ дээ

Морио унаад сэлмээ эргүүлсэн монголчууд
Москваг хүртэл шатааж байсан гэл үүу
Мотортой жийп байхад мориор одоо яах вэ
Морьдоо хуушууранд, намайг сүлдэндээ зориул даа

Ахиулаад ингээд яриад байвал их л юм байна
Албан ёсоор заларсан хойноо бүлтрэе дээ
Хэлэлцүүлэх нэрээр тулгаж байгаа хоёроос
Хамаагүй дээр хувилбар нь би, ялж л таарна

Цагаан тугны галыг
Таван ширхэг багц сумыг
Соёмбонд л аль хэдийнээс байсан гал, сумтай арсалдуулан
Салхинд нь намайг эргэмжилсэн Цэгмид ахдаа баярлалаа

Бадамлянхуа тойрон ургасан
Бурхан болооч “соёмбо”-ын шарилыг
Могойн цусаар будаж
Мөнхөд би алцайн зогсоё доо

Сүлднээс хөөгдсөн морь дараах цөөхөн хэдэн үгийг хэлчихээд алга болов:
Газраа хувьчлаад харийнханд өгөөд дууссан гэсэн. Морь мал ч бэлчихэд хэцүү болсон гэсэн. Тэгэхээр тэнгэрийн амьтан үлгэрээс ч гэсэн олж ирээд сүлдэндээ залаад тэнгэрт амьдрах гэсэн юм байх даа, зайлуул. Баяртай, монголчууд аа.

Соёмбо ч гэсэн олон юм хэлэхгүй байна. "Могойтой "зодолдоод" дийлсэн энэ хачин амьтанд "аваргын бус" болгоод зүүлгэчихлээ дээ, намайг" гээд баан гуниг байна даа. Талийгаачийн хөшөөний чулуу мулуу гэдгээс хангарьдын "өмдний бүс" болсондоо их гутарч байна гэнэ.

Цагаан туг ийн өгүүлэв:

Хар туг сэргэж байж цагаан туг би тайван намирдаг байсан юм. Атаат дайсан мөнхөд байдаг юм шүү дээ, ах дүү шиг биднийг салгаж ингэж өнчрvvлж яахнав. Хар туг орохгуй бол би ч бас орохгүй. Төгөлдөр соёмбо заларсан байхад тэнд би илүү л дээ, угаасаа.

Таван сум бас дуугарч байна гэнэ:

Алангуа хатанд "атгуулж" алингаа алдах шахаж байсан. Эвтэй байхдаа хучтэй гэж номчирхох мөртөө сармагчин шиг амьтанд биднийг базгуулаан мушгиулж, төрийн "юмаар" дээрээс нь дарахаар яаж бид тэсэх вэ дээ. Хугарна даа, удахгүй.

http://www.munkhtenger.com/index.php?ff=newsmore&more=30

No comments:

Post a Comment