Thursday, April 23, 2009

САЙРЫН ХУДАГ


Сайрын худаг гэж
Сайхан нутаг байж билээ
Хаврын адаг сар гэхэд л
Хаяа нийлээд олон айл буудагсан

Налайхаас холгүй ч
Намар болтол хөдөөг орлоод
Мал ахуйтай нөхөрлүүлж
Маргаашид бэлэн хүн болгосонсон

Өглөө эртлэн босоход
Өтгөн манан хөөрч байдагсан
Саалиа хураасан ээж нар
Сайн бүхний цацал өргөж байдагсан

Нураагаа үүрсэн зарим аав
Нэгнийдээ цуглан даалуугаа дэлгээд
"Майхан, гэр барьлаа" гэж байдагсан
Мань нь ямар ойлгох биш

Гялаан толгойдоо нар ойлгосон
Гуч гаруй банди гэр гэрээсээ гарч ирдэгсэн
Үнээ, тугалаа салгаж туучихаад
Үлийний анд гардагсан

Тэрэгний морьтой хэд нь
Тэгсгээд услах ажилтай
Хурдны морьтой гэж төсөөлөөд
Хар хурдаар нь давхиулдагсан

Мод раамаас зомгол түүх нь
Моньд бид нарын ганц ажил байдагсан
Хураалгатай мод нурааж
Халтар хэмээх манаач авгайн үйлийг үздэгсэн

Үхэр хулгана, туулайн бүжинг
Үй олноор нь тэгэхэд хорлосон
Өөр бидэнд ямар
Өнөөдрийн хүүхдийнх шиг тоглоом байсан биш

Уурхайд усанд орохоор яваад
Уурхайг үндсэнд нь нураачихаад ирдэгсэн
Хэд хэдэн цонх хагалан
Хэдэн бор шувуу намначихдагсан

Аадар бороо орохоор
Аль бүхнээ тайлаад нүцгэн гүйлддэгсэн
Шар сүүнд цээжээ угаачихаад
Шийдний дэргэд өнждөгсөн

Хөх нь чинэрсэн үнээнүүд
Хөл нь богино мэт тарган эр үхрүүд
Мянган ялаа дагуулсаар
Мөөрсөөр гэртээ ирдэгсэн

Сайрын худаг гэж
Сайхан нутаг байж билээ
Санаанаас ердөө гардаггүй
Саруулхан хөндий нь одоо хов хоосон ...

Үргэлжлэл бий ...

No comments:

Post a Comment