Thursday, May 14, 2009

АЖИЛ ТАРААД ОЧИХСОН

Миний том хүргэн ах, хүний хайлан, эрийн жудаг, Сумын заан, ховорхон тээвэрчин Авирмэдийн Довчинсэнгээгийн гэгээн дурсгалд зориулав:


Ажил тараад очихсон
Архины үнэтэйг бариад
Тамхины сайныг хармаалаад
Таныг зориод очихсон

Үүдээр тань оронгуутаа
Үнсүүлж золгон дагаад
Том өрөөнд тань тухалж
Том том яриа дэлгээд

Ажил төрөл сайн
Авгай хүүхэд дажгүй
Ан гөрөөндөө явсаар гэж
Ам бардам тайлагнаад

Бие биендээ хундагалаад
Байс байсхийж тулгаад
Нэг юмны ард гарч
Нэг юманд дүү нараас явуулаад

Тамхийг муулангаа
Татаж утаа суунаглуулаад
Мах ихтэй хоол идэж
Магтаж биесээ хөөргөөд

Сайн машинтайгаа гайхуулаад
Сайхан унасангүй гэж зэмлүүлээд
Хүүхэд насны онигоогоо дэлгүүлээд
Хүн болсноо магтуулаад

Бага насыг нь дурсуулаад
Бөх болсныг нь яриулаад
Гэнэт босч хав золгоод
Гэр дүүрэн ноцолдоод

Нараа эгчид зэмлүүлээд
Нам дороо сууцгаагаад
Ирсэн архийг задлаад
Илүү дутуу чалчаад

Сумог тойрон ярилцаад
Сумын наадмыг нь хуучлуулаад
Ама-г магтан шүүмжлээд
Аса-г шүүмжлэн магтаад

Мөнгөн арсланг яаж хутгасныг
Мотор хэзээ боож сурсныг
Сар яаж уургалах гэснийг тань
Сайхан нэг яриулаад

Шөнө болтол суухсан
Шүлэгнээсээ уншиж халуурахсан
Машин болохоо байсан
Маргааш засаад өг гэхсэн

Авд хамт мордоё
Ах Та жолооч хийх үү
Дүүгээ жолооч болсныг хараад
Даргын суудалд суух уу

Ямартаа ч ойрхон хөдөө явъя
Яргуйнд гөрөөс цадсан байна
Танай говьд байхгүй
Тураг гөрөөс харуулъя

Хорин хэдэн аймгаар хэссэн
Хал, туршлагаа заа л даа
Ховд хамт явна гэсэн яалаа
Худлаа яриагүй биз дээ

Зуны эхэн сард явъя
Зам заагаад аль
Гэрэлээ ахыг авъя
Ганзага заавал нийлнэ

Одоо хүүхдүүд тань том болжээ
Олон юманд санаа зоволгүй
Ерөөсөө энэ зун явъя
Ертөнцийн сайхныг хамтдаа мэдэрье

Энхээ яг Тан шиг болжээ
Энхбаяр сайхан гар яачихав
Улаанаа удахгүй төгслөө
Ууган охин тань ажилдаа сайн гэнэ

Цэлмэг нээрээ хүнд гар
Цэлмүүн том болж байна
Гэх мэтээр ярилцахсан
Гэмгүй тэгээд согтохсон

За, харьлаа гэхсэн
За, чи хоноод яв гэгүүлэхсэн
Би зүгээр ээ гээд
Баахан гуйлгаж байгаад хонохсон

Ажил тараад очихсон
Архины үнэтэйг бариад
Тамхины сайныг хармаалаад
Таныг зориод очихсон ...

Улаанбаатар, 2009.05.15

2 comments:

  1. Унших бүртээ уйлах юм даа. Уйлж бичсэн шүлэг гэдэг ...

    ReplyDelete