Monday, May 11, 2009

БЯРУУ

Манайх угаасаа малчин айл биш
Малчин биш ч бас малтай айл
Хот суурингийн айлд зөвшөөрсөн
Хувийн хэдэн малтай байсан айл

Малынхаа тоогоор биш таргаар
Малынхаа сүүгээр биш сүрээр гайхагдсан
Жил алдалгүй тугалладаг хоёр үнээ
Жин алдалгүй онд ордог хэдэн эр үхэр

Тоо нь цөөн болохоор
Тугалаа гэртээ бойжуулдаг
Бяруу цагаас нь элэхтэн унаж
Булчин шөрмөс, ааш занг нь засдаг

Өвсний сайнаар тэжээн онд оруулж
Өөриймсөг сэтгэлээр адгуулдаг байлаа
Аль хөгшнөөс нь тогоо тосдоод
Аман хүзүүг нь шатааж хүлцэл өчдөг байлаа

Ээж минь бурхан болж
Эцэг минь нас өндөрт гараад
Өнөө хэдийг маллах хүн байдаггүй
Өлөн нүдтэй сүүлгүй боохойнд алдаж эхлэв

Аргаа барахдаа хөдөө гаргаж
Айлын малд тоо нэмэв ээ, гураваар
Нутаг сэлгэнгүүт хөгшин үнээ үхэв
Намар нь нэг охин бяруу боохойд идүүлэв

Охины минь алаг гунж тугаллав
Орчлонд манайх гэх үхэр хоёр үлдэв
Ноднин дахин эр тугал гаргав
Намар, өвөл гээд хавартай золгов

Таргалсан өвчүүгээ газар чирэх мэт
Тааваараа ирдэг байсан эр үхрүүдийн минь удам
Аав, ээжийн малын буян гэж өхөөрдөн
Авд очихдоо харж зогсдог эр бяруу байлаа

Байлаа гэдэг нь байхгүй гэсэн үг шүү
Боохой түүнийг өнөө өглөө нухсан байна
Газар дээр хоёр эм үхэр үлдээгээд
Газарт зэмээ орхиод явсан байна

Ажил тараад би мордлоо
Авчин яваагийн учир юу билээ
Шинэхэн зэмээ эргэхээр чоно гуай ирж л таараа
Шилэнд нь сум зоохгүй бол юуны анчин билээ, би ...

Улаанбаатар, 2009.05.12

No comments:

Post a Comment