Wednesday, May 13, 2009

ГӨЛӨГ

Гудамжинд нэг гөлөг шогшино
Гутарсан шинжгүй сүүл өргөн шогшино
Нэг бүсгүйг дагаж явснаа гүйцсэнгүй
Нөгөө нэгийг нь дагаад буцаад шогшлоо

Туфлийн өсгийд духдуулж аваад
Тун удалгүй нэг хүүхэд дагаад шогшлоо
Хэнийг дагаад хаашаа явахаа мэдэхгүй ч
Хэн нэгнийг дагах учиртайг мэдсэн мэт

Зайлуул даа, энэ нялх гөлөг
Зам дээр хэр удаан шогших бол
Эм сүвтэй болохоор нь
Эзэн нь түүнийг төөрүүлж дээ, янз нь

Бор хоолонд оронгуут нь
Бондойтол нэг цатгаж өгөөд
Хотын төв, хоолны хаягдал бараадуулж
Хөсөр хаясан нь энэ биз ээ

Хүйсээ олж төрөөгүй гөлөг
Хүний нохой болох худлаа
Эм гөлөг гэдэг гологдсон нэртэй
Энэ хотын амьд хог болж дээ

Эр болж төрсөнсөн бол ядаж
Элдэв хоолны үлдэгдэл, угаадас идээд
Өөрийн гэсэн нэртэй болоод
Өөрт нь ахадсан гинж зүүчихсэн байгаа даа

Эмгүйгээр амьтан төрөхгүй ч
Эрийг нь дээдлэх гэх монгол "ухаан"
Төрөлөө олох гэж нааш цааш шогших
Түмний хөлд дарагдсан монгол гөлөг

Өнөө цатгалан ч үдэш өлсөнө дөө
Өөрийн гэх юм түүнд юу ч байхгүй
Хүйтэн зэвүүн цагт бол
Хөлдөөд тэр дороо үхэх байсан биз

Аз болоход урь орчихож
Амьтан лав хөлдөж үхэхээргүй цаг
Гэхдээ тэр удахгүй байх
Гэнэдээд мөдхөн энэдэх биз ээ

Өлбөрч үхэж мэднэ
Өшиглүүлж бас үхэж мэднэ
Машинд дайруулж мэднэ
Маргааш энэ гөлөгөнд үнэхээр бүрхэг

Гудамжинд нэг гөлөг шогшино
Гутарсан шинжгүй сүүл өргөн шогшино ...

Улаанбаатар, 2009.05.14

No comments:

Post a Comment