Далан жилийн тэртээ Монгол нутагт
Дайн шиг дайн болсон гэдэг
Нар халхалсан олон онгоц
Нэгэн зэрэг байлдаж байсан гэдэг
Морьтой, мотортой, буутай, сэлэмтэй
Монгол, орос, япон цэргүүд тэмцэлдэж
Халхын голын тулаан хэмээгдэн
Хожмын бидэнд түүх болон үлджээ
Эзэн хааныхаа хүсэл, тушаалаар
Эзлэн дайлах гэсэн самуурайнууд
Туурга тусгаар улсаа хамгаалах
Тушаалаасаа илүү зоригтой монгол эрс
Хөрш "дүү" орноо өмөөрөхийн хамт
Хэтдээ дэлхийд нөлөөгөө алдахгүй гэсэн
Улаан цэргийн шилдэг дайчид
Ура, банзай хашгиралдан цавчилдсан гэдэг
Нутгаасаа алс, бусдын хилийн заагт
Нуувчинд суух япон эр юу бодсон бол
Чингисийн нутгийг амархан эзэгнэж
Чангаар орилон сакедах гэсэн болов уу
Энэ ер нь худлаа юм байна
Энд би амьд үлдэх болов уу
Мэдэлд нь байсан Харбиниар дамжин
Мэнд эргээд харих минь гэсэн болов уу
Ямартаа ч тэд эцсээ хүртэл үзэж
Янз бүрийн тавилантай тулсан гэдэг
Нэр төр гэдгийг ясандаа мэдэрсэн улс
Нэг хөлтэй буцсанаас чандарлуулахыг эрхэмлэж
Дандар баатар нарт цавчуулах нь цавчуулж
Далайсан чигээрээ буудуулан үрэгдэж
Орос генерал, монгол жанжны ухаанд бүдэрч
Олзлогдон туугдаж, зарим нь амьтан болсон гэдэг ...
Ард нь эх орон байгаа гэхээр
Алхам ч ухрах эрхгүй монгол цэрэг
Дайсны довтолгооныг тосох агшинд
Дотроо юу бодон хэвтсэн бол
Зүгээр байхад зүгээр л байгаарай
Зүггүйтвэл үзүүлсэн шиг үзүүлнэ шүү гэж
Шүд зуун сумаа тоолсон болов уу
Шөнө нь тэд унтаж чадсан болов уу
Алтан амиа үл хайрлан тулах зуураа
Аав, ээж, амраг ханиа санаж амжсан болов уу
Юуны төлөө юу хийж буйгаа мэдэж буй үед
Юун тэр бодол манатай байсан юм болов уу
Ямартаа ч тэд хийхээ хийж
Ялалын амтыг мэдэрсэн байдаг
Хүний хүүхэд олноор нь олзолж ирээд
Хэдэн сайхан барилга бариулсан байдаг ...
Аль нь манайх, аль нь дайсан нь үл танигдах
Ази царайтнуудын дунд орон "төөрсөн" ч
Тун удалгүй ялгаж буугаа онилсон
Таван хошуут орос цэрэг юу бодсон бол
Сайхан төрсөн орос охидоо хүсэн
Сибирийнхээ зүг санаа алдсан болов уу
Монгол эрсийн хатуужлыг үнэлэн
Мохоор тамхи хувааж татсан болов уу
Энд үрэгдэлгүй баатар болсон ч
Эргээд удахгүй баруун хилээ зорин
Эх орныхоо төлөө жинхэнэ дайнд оролцохоо
Ээ дээ, мэдээгүй л байсан байх даа ...
Байлдан тулалдах гэж төрөөгүй ч
Байлдан тулалдахаас аргагүй болсон
Монгол, орос, япон хичнээн эрс
Монголын төлөө амиа тавьсан бол
Үр удмаа үлдээж чадалгүй
Үрэгдэн хорвоог орхисон бол
Эргэж очиж чадалгүй
Эхнэр бүсгүйгээ зовлонд унаган одсон бол ...
Далан жилийн тэртээ Монгол нутагт
Дайн шиг дайн болсон гэдэг
Нар халхалсан олон онгоц
Нэгэн зэрэг байлдаж байсан гэдэг
Улаанбаатар, 2009.06.23
Monday, June 22, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
Сайхан шүлэг болжээ. Та ер нь дууны шүлэг зохиож байсан уу. Зохиох хүсэл байдаг уу
ReplyDelete