Юм гэдэг ховор дээрээ
Юм юмнаас онцгой байдаг аж
Хэт олон болоод ирэхээрээ
Хог болж ад үзэгддэг аж
Даавуун тор хармаалаад
Дэлгүүр хэсдэг байхад
Элдэв зурагтай гялгар уутан тор
Ээ дээ, мөн ч моод болж байлаа
Ховор гэж жигтэйхэн
Хойноос ирсэн хүн л авчирна
Нэг бариад хаяна гэж үгүй
Нямбайлж эвхээд цүнхэлнэ
Барьсан хүнийх нь дэргэд
Бараандуухан даавуун тор
Гаргаж ирнэ гэдэг ичмээр
Гартаа хүнсээ тэврээд гарна
Нүүр, гарын савантай нийлбэл
Нэг цагаан сарын мундаг бэлэг
Авсан хүн нь ч голохгүй
Алгаа тосоод мишээнэ
Хотын хүний шинж болж
Хааяа цүнхийг нь орлож
Гоёл болж явжээ, зайлуул
Ганган байжээ, хотынхон ...
Тэгсэн байдаггүй шүү
Тэр сайхан эд одоо
Хорвоод ижилгүй гай болж
Хог хогны доор орчихжээ
Хотын гудамжаар нэг
Хөдөөгийн жалгаар нэг
Далд ордоггүй
Дарагддаггүй дайсан болжээ
Юм гэдэг ховор дээрээ
Юм юмнаас онцгой байдаг аж
Хэт олон болоод ирэхээрээ
Хог болж ад үзэгддэг аж ...
Хальт хиртэй мэт
Хар бараан даавуун тор
Өврөөсөө гаргахад ичихээргүй болж
Өөрийнхөөрөө бяцхан эх оронч явъя
Улаанбаатар, 2009.06.25
Wednesday, June 24, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
unen helsen ban shuu
ReplyDelete