Нимгэн ч гэлээ нэмнээтэй
Нялх тугал хэвтэнэ
Хоншоор амаа еэтэгнүүлэн
Хальт бас зүйрмэглэнэ
Эх нь бэлчээрт явсан хойгуур
Энэ тугал өөр юу ч хийх билээ
Өнгийж нэг боссон болоод
Өвс үнэрлээд долоох аядана
Ойрын жилүүдэд болоогүй
Онцгой хүйтэн өвлийн эцэст
Түм түмээрээ мал хорогдсон
Там шиг хахир зудын дараа
Алдсан малыг нь нөхөх гэж
Айдсыг нь мартуулах гэж
Хотыг нь дүүргэх гэж
Хар цайг нь сүүлэх гэж төрснөө
Энэ тугал зайлуул
Эргэцүүлж ухаарах биш ямар
Хаана юу болоод төрснөө ч анзаарахгүй
Хамраа үрчийлгэн эхээ хүлээн хэвтэнэ
Нэг л мэдэхэд өвс, усанд орж
Ногоо гарахаар бэлчээрт гарч
Бяруу, бух болоод ирэхийг цагтаа
Баруун Байдлагаа дүүргэн алхлах биз ээ
Төв аймаг, Баяндэлгэр сум, Цагаан давааны өвөрт
2010.03.27
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment