Бөхгүй шахуу ганц ингэ
Бөөрөндөө нэг юм дагуулчихаж
Дөхөж очоод харахнээ
Дөнгөж төрсөн бололтой цагаан ботго байна
Тулаад яваад очмогц
Тэгэг тэгэг гээд зугтаахчаан болно
Эх нь хаашаа ботго тийшээ
Эргэж харахад нь бас л эргэж харна
Заг хэмээх мод голдуу ургасан
Захгүй их говийн эзэн болох амьтан
Хангай газрын ойн захад харагдах нь
Хаанаас нь ч харсан сүр муутай юм шиг
Үүнийг энэ муу ботго юугаа мэдэх вэ
Үе үеэрээ хангайд идээшилсэн тэмээний төл биз
Агь, таанаа үгүйлнэ гэж байхгүй биз
Амтыг нь аав, ээж нь ч мэдэхгүй биз
Тэртээ нэгэн цагийн хэцүүд
Тив дамнан ачаа зөөн жин тээсэн
Тэнгэрт тулсан сайхан атдын удам гэдгээ
Тэнэгхэн энэ амьтан яг мэдэж харагдана даа
Цас хэмээх сонин эд хайлсан энгэрт
Царай муутай ээжээс нь өөр танилгүй хорвоод
Бөгтийсөн ганц цагаан ботго зогсоно
Бүр өрөвдөөд нулимс гоожих янзтай
Тээр доор бэлчих хориод тэмээнд
Тэшиж хүрдэг болтол өдий байна доо
Сүр ихтэй ат болон томроод
Сүргийн манлайд алхлах хол байна доо, хол байна
Төв аймаг, Байндэлгэр сум, Баруун Байдлаг, Нүүрсэн даваа
2010.03.27
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment