Арваад жилийн өмнө
Айлын гадаа үнээ нь тугаллажээ
Хүүхэд, хөгшидгүй хөөрцөг болж
Хувин саваа бэлдэж харагдана
Хар халзан эр тугал
Хамраараа дуугарсан болно
Эхэсээ унжуулсан эх нь
Энд тэндээс нь долооно
Арайхийн босоод ирэхэд нь
Ардаас нь долоогоод унагана
Тэгэж тэгэж нэг дуусахад нь
Тэр тугал дөрвөн хөллөн босно
Тэнтэр тунтар алхалж байснаа
Тэнд эндгүй үсэрч үзнэ
Эргэлдсэн алаг нүд нь
Энэ орчлонг гайхаж байгаа гэмээр
Сүүнээс өөр ундгүй мэт явснаа
Сүү уухгүйгээр цадаж болдогийг мэднэ
Бяруу болсон цагтаа
Бөөсөг юунаасаа салж, тайган болоод
Ачаа тэргэнд орж дадаад
Арын албанд уйгагүй зүтгэнэ
Тарга хүч сайтай үедээ
Трактортай ч өөрийгөө зүйрлэн бодно
Сүргийн сүүл барин хээвнэг алхаж
Сүр бараа нэмэн захлан хэвтэнэ
Хэвж хэвтэх зуураа урт амьсгаа авах нь
Хаанаас ч сонсдож мэдэхээр дуутай мэт
Цаг явсаар нас нэмсээр
Цалин аваагүй ч тэтгэвэр бодож явтал
Намрын нэгэн өглөө сүргээс нь авч хоцров
Нарийн сураар ногтлон хөтлөж явав ...
Сүүгий нь ч ууна
Сүх ч далайна гэдгийг
Тэрэг чирч явахдаа ч
Тэр үхэр мэдээгүй явсан биз
Амьсгал агаарт царцам тэр өглөө
Айлын гадаа үхэр гаргажээ
Хүүхэд, хөгшидгүй хөөрцөг болж
Хувин саваа бэлдэж харагдана ...
Тэр намраас хойш
Тэр сайхан амьтан үзэгдэхээ байж
Гурван намар өнгөрчээ, зайлуул
Гурван жил шүү дээ
Данагар эвэртэй гавлын яс нь
Дарайтал хатаж цайраад
Хавар хаврын шар усанд
Ханатал нэг норон жалганд хэвтэх аж ...
Төв аймаг, Баяндэлгэр сум, Модон давааны өвөрт,
Үхрийн гавлын яс хараад төрсөн бодол
2010.03.27
Subscribe to:
Post Comments (Atom)
нэг даваа даваад нэг амьтны төл бичээд байхаар нь одоо ч яг унаганы ээлж болсон доо л гэж бодлоо
ReplyDeleteТэнд адуу унагалах цаг арай болоогүй байна лээ. Ганц нэг гарсан байлаа гэхэд сүрэгээ дагаад ууландаа модондоо яваа биз. Энэ жил тэр хавиар адуу онд их сайн орсон байна лээ.
ReplyDelete